Зөнөх өвчний эрсдэл ба боловсролын түвшин

Удамшил зэрэг өөрчилж болохгүй хүчин зүйлс зөнөх өвчинд нөлөөлдөг боловч 3 тохиолдол тутмын 1 нь боловсролын түвшин зэрэг өөрчилж болох хүчин зүйлстэй холбоотой байдаг ажээ.
Зөнөх өвчний эрсдэл ба боловсролын түвшин

Судлаачид 2050 он гэхэд дэлхийн хүн амын 16% нь 65-аас дээш насныхан болно гэж тооцоолсон байдаг бөгөөд энэ нь 2010 оныхоос 2 дахин нэмэгдэнэ гэсэн үг юм. Хүн ам хөгшрөх тусам танин мэдэхүйн алдагдал, зөнөх өвчтэй хүмүүсийн тоо тэр хэмжээгээр нэмэгдэнэ гэж үздэг. Хүн амын хөгшрөлийг урьдчилан таамаглах нь ахмад настнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, бодлого боловсруулахад чухал ач холбогдолтой байдаг аж.

Жишээ нь, Япон бол дэлхийн хамгийн олон өндөр настантай улс юм. 2021 онд тус улсын нийт хүн амын 29.2 орчим хувь нь буюу 36 сая хүн 65 болон түүнээс дээш настай байжээ. Тэдний 10% буюу 3.5 саяд нь танин мэдэхүйн алдагдал буюу зөнөх өвчний ямар нэг шинж тэмдэг илэрдэг. Иймээс тус улсын судлаачид 2043 он гэхэд Японд танин мэдэхүйн алдагдал, зөнөх өвчтэй хүмүүсийн тоо болон дундаж наслалт хэрхэн өөрчлөгдөхийг таамаглах загварчлал гаргасан байна.

Тэдний боловсруулсан энэхүү загварчлалын үр дүнгээр хүмүүсийн боловсролын түвшин танин мэдэхүйн алдагдал, зөнөх өвчний эрсдэлд хамгийн хүчтэй нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тухайлбал, 2043 он гэхэд бүрэн дунд боловсролгүй, 75-аас дээш насны эмэгтэйчүүдийн 28.7% нь танин мэдэхүйн алдагдалтай болох магадлалтай байгаа тул тэдэнд зориулсан эмнэлгийн болон нийгмийн халамжийн тусламж үйлчилгээний төлөвлөгөөг одоо гаргах шаардлагатай.

Токиогийн их сургуулийн Эрүүл мэнд, нийгмийн зан үйлийн тэнхимийн профессор Хашимото хэлэхдээ “боловсролын түвшинг дээшлүүлэх нь зөнөх өвчний эрсдэлийг бууруулах чухал хүчин зүйл байх магадлалтай байна. Учир нь, дээд боловсролтой хүмүүсийн зөнөх магадлал бага байгаа бол боловсролын түвшин буурах тусам энэ өвчний эрсдэл нэмэгдэж байна. Одоогоор Япон улсад 55-64 насны эрэгтэйчүүдийн дөнгөж 43% нь дээд боловсрол эзэмшсэн байгаа. Хэрэв 2035 он гэхэд эрэгтэйчүүдийн 60 гаруй хувийг дээд боловсролтой болговол тэр хэмжээгээр зөнөх өвчтэй хүмүүсийн тоо цөөрөх болно” гэжээ.

Хэдийгээр зөнөх өвчинд удамшил зэрэг өөрчилж болохгүй хүчин зүйлс нөлөөлдөг боловч мэргэжилтнүүдийн тооцоолсноор 3 тохиолдол тутмын 1 нь боловсролын түвшин, цусны даралт ихсэх өвчин, сонсголын бэрхшээл, тамхи таталт, таргалалт, сэтгэл гутрал, хөдөлгөөний дутагдал, чихрийн шижин, нийгмийн тусгаарлалт, архины хэт их хэрэглээ, толгойн гэмтэл, агаарын бохирдол зэрэг өөрчилж болох хүчин зүйлстэй холбоотой байдаг.

Иймээс судлаачид ирээдүйн хүн амын хөгшрөлтөд бэлтгэх хамгийн чухал хүчин зүйл нь хүн амын боловсролыг нэмэгдүүлэх зорилготой нийгмийн эрүүл мэндийн бодлого байх болно гэж дүгнэжээ.

Эх сурвалж: The Lancet

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn