
Дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн Ковид-19 халдварын тохиолдлын тоо 500 сая давсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) мэдэгдлээ.
ДЭМБ-аас гаргасан мэдээлэлд дурдсанаар пүрэв гарагийн оройн 8 цагийн байдлаар дэлхийн хэмжээнд коронавирусний халдварын 500,186,525 тохиолдол бүртгэгдэж, уг өвчний хүндрэлээр 6,190,349 хүн нас барсан нь тогтоогдоод байна.
Халдварын 79.71 сая гаруй тохиолдлоос 979,321 нас баралт бүртгэгдсэнээр АНУ халдварын тохиолдол болон нас баралтаар дэлхийд “толгой цохиж” байна.
АНУ-ын араас Энэтхэг болон Бразил бичигдэж байгаа юм. Энэтхэгт халдварын 43 сая тохиолдол, 521,737 нас баралт бүртгэгдээд буй бол Бразилд халдварын 30 сая тохиолдол, 661,493 нас баралт бүртгэгдээд байна.
Бүс нутгаар авч үзвэл, Европт халдварын 209 сая гаруй тохиолдол, 1,964,786 нас баралт, Америкт халдварын 151 сая гаруй тохиолдол, 2,711,779 нас баралт бүртгэгдээд байна. Ингэснээр тус хоёр бүс нутагт дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын 72 гаруй хувь, нас баралтын 75 гаруй хувийг эзэлж байна.
Долоо хоног тутмын статистик мэдээнээс үзэхэд Ковид-19-ийн халдварын шинэ тохиолдол болон нас баралт буурч байгаа боловч энэ цар тахал нь олон улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр буй тул үүний эсрэг тэмцэх хариу арга хэмжээгээ өргөжүүлэхэд бэлтгэлтэй байхыг ДЭМБ улс орнуудад зөвлөж байна.
Эх сурвалж: Xinhua