Сексийн үеийн гэнэтийн үхлийн шалтгаан

Сексийн харилцаа нь бие махбод болон сэтгэлзүйн олон эерэг нөлөөтэй боловч ганц л сөрөг тал бий. Энэ бол сексийн үеийн гэнэтийн үхэл юм. Маш ховор тохиолддог энэ үзэгдэл ахимаг насны эрэгтэйчүүдэд тохиолддог боловч зүрх судасны эмгэгтэй залуу насны эмэгтэйчүүдэд ч тохиолдож болохыг тогтоосон байна.
Сексийн үеийн гэнэтийн үхлийн шалтгаан

Секс нь цусны даралтыг бууруулж, дархлааг дэмжиж, нойрны чанарыг сайжруулах гэх мэт бие махбод болон сэтгэлзүйн олон эерэг нөлөөтэй. Секс ба дур тавилт нь хүмүүсийн хоорондын итгэлцэл бий болоход чухал үүрэг гүйцэтгэдэг хайрын гормон буюу окситоцины ялгаралтыг нэмэгдүүлдэг.

Гэхдээ маш ховор тохиолддог ганц эрсдэл бий. Маш цөөн тохиолдолд сексийн үеэр эсвэл сексийн дараа гэнэтийн үхэл тохиолддог. Сексийн үеийн гэнэтийн үхэл гэж нэрлэгддэг энэ үзэгдэл нь нийт гэнэтийн нас баралтын 0.6%-ийг эзэлдэг.

Сексийн үед гэнэт нас барахад нөлөөлдөг олон хүчин зүйл байж болох боловч зонхилох шалтгаан нь бэлгийн үйл ажиллагааны үеийн бие махбодын хэт их ачаалал юм. Бусад нь бэлгийн сулралыг эмчлэх эм, кокайн болон бусад төрлийн мансууруулах, согтууруулах нөлөөтэй бодисын хэрэглээтэй холбоотой. Зарим тохиолдолд энэ хоёр хүчин зүйл нь нэгэн зэрэг нөлөөлсөн ч байж болно. Жишээ нь, бэлгийн сулралыг эмчлэх эмийн тунг хэтрүүлснээс бие махбод ачааллыг дийлэхгүй байх гэх мэт.

Ялангуяа нас ахих тусам эрчүүдийн зүрхний эмгэгийн шалтгаанаар гэнэт нас барах эрсдэл нэмэгддэг бөгөөд энэ нь сексийн үеийн гэнэтийн нас баралтын нэг шалтгаан болдог. Германы эрдэмтдийн шүүх эмнэлгийн судалгаагаар сүүлийн 33 жилийн хугацаанд бүртгэгдсэн 32,000 гэнэтийн нас баралтын тохиолдолд анализ хийхэд үүний 0.2% нь бэлгийн харьцааны үед тохиолдсон байв. Энэ нь ихэвчлэн эрэгтэйчүүдэд (дунджаар 59 нас) тохиолдсон бөгөөд хамгийн түгээмэл шалтгаан нь зүрхний шигдээс байв. АНУ, Франц болон Өмнөд Солонгост хийгдсэн ижил судалгаагаар сексийн үеийн гэнэтийн үхэл эдгээр орнуудад ч ойролцоо байдгийг тогтоосон байна.

Тэгвэл Лондоны Их сургуулийн судлаачид энэ үзэгдэл зөвхөн дунд насны эрчүүдэд тохиолддоггүй болохыг тогтоожээ. Тэд 1994 оны 1 дүгээр сараас 2020 оны 8 дугаар сарын хооронд Гэгээн Жоржийн зүрхний эмгэг судлалын төвд хандсан 6,847 тохиолдлын зүрхний эмгэгийн шалтгаантай гэнэтийн үхлийн тохиолдлуудыг судалсан байна. Үүнээс 17 (0.2%) нь бэлгийн харьцааны үед болон бэлгийн харьцаанд орсноос нэг цагийн дотор тохиолдсон байна. Эдгээр хүмүүсийн дунджаар 38 настай байсан бөгөөд 35% нь эмэгтэйчүүдэд тохиолдсон нь өмнөх судалгаанаас эрс ялгаатай үр дүн юм.

Мөн нас баралтын шалтгаан нь ихэвчлэн ахмад настнуудад тохиолддог зүрхний шигдээс биш байв. Тохиолдлын тэн хагаст (53%) зүрх нь бүтцийн хувьд хэвийн боловч үйл ажиллагааны хувьд хямарч, зүрхний гэнэтийн хэм алдагдал тохиолдсон нь үхлийн шалтгаан болсон байна. Дараагийн шалтгаан нь гол судасны урагдал (12%) байв. Гол судасны урагдал гэдэг нь зүрхнээс биеийн бусад эрхтэн рүү цусыг шахдаг хамгийн том судас задарч урагдах үзэгдэл бөгөөд энэ нь зүрхний хэт их ачааллын үр нөлөө юм.

Үлдсэн тохиолдлууд нь зүрхний бүтцийн өөрчлөлттэй холбоотой зүрхний булчингийн эмгэгүүд (кардиомиопати) болон ховор тохиолддог зүрхний төрөлхийн шалтгаантай эмгэгүүд байв.

Энэхүү судалгааны үр дүнгээс нь 50-аас доош насны хүмүүсийн сексийн үеийн нас баралт нь гэнэтийн хэм алдагдал болон кардиомиопатитай холбоотой байдаг болохыг харж болно. Хэдийгээр эрсдэл маш их түвшинд байгаа боловч эдгээр эмгэгүүд оношлогдсон, 50-аас доош насны хүмүүст бэлгийн үйл ажиллагаатай холбоотой энэхүү эрсдэлийн талаар зүрх судасны эмч нар зайлшгүй зөвлөгөө өгч байх хэрэгтэй. Мөн эмэгтэйчүүдэд ч ийм эрсдэл байгаа гэдгийг анхаарах ёстой болж байна.

Эх сурвалж: JAMA Cardiology

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn