Цаг уурын өөрчлөлт ба дараагийн цар тахал

Дэлхийн цаг агаар улам бүр дулаарсаар байгаа тул зэрлэг амьтад амьдрах орчноо өөрчлөх, нүүн шилжихээс өөр аргагүй байдалд хүрч байна. Мөн хотжилт, хүмүүсийн төвлөрөлт дараагийн цар тахлыг дэгдээж болзошгүй шинэ вирус бий болох эрсдэлийг эрс нэмэгдүүлнэ гэж судлаачид таамаглаж байгаа ажээ.
Цаг уурын өөрчлөлт ба дараагийн цар тахал

Уур амьсгалын өөрчлөлт ба вирусийн халдварын холбоо хамаарлын асуудал байгаль орчин, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээхэн татаж байна.

Эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлт хөхтөн амьтдын биед агуулагдах вирусийн бүтцийг өөрчлөх замаар шинэ вирус үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тун удахгүй дараагийн цар тахал дэгдэж ч магадгүй. Үүний шалтгааныг дараах байдлаар тайлбарлаж байна.

Дэлхийн цаг уур өөрчлөгдөхөд амьтад яг Мөстлөгийн үе кинонд гардаг шиг амьдрах таатай орчин олохын тулд нүүн шилжих болно. Тэдний энэхүү аялал дэлхийн өөр өөр бүс нутагт суурьшин амьдарч байсан өөр өөр хөхтөн амьтад хоорондоо өөрсдийн биед агуулагдаж байсан вирусийг солилцох шалтгаан болох аж.

Бидний мэдэж байгаагаар тоолж барамгүй олон төрлийн вирус ус, агаар, хөрс, мөс болон амьтдын биед агуулагддаг. Вирус өөр өөр амьд биетийг дамжин халдварлах үедээ генетикийн хувьд өөрчлөгдөж, халдварлах чадвар өндөртэй шинэ вирус болон хувирна. Тэгвэл цаг уурын өөрчлөлтөөс хамаарсан хөхтөн амьдын нүүдэл шинэ вирус үүсэх эрсдэлийг нэмэгдүүлэх өндөр магадлалтай байгаа юм.

Цаг уур өөрчлөгдөх тусам амьтад тасралтгүй нүүн шилжсээр байх бөгөөд энэ нь шинээр үүссэн вирус бусад газар оронд дамжих боломжийг бүрдүүлнэ. Хэрэв вирус тээсэн амьтан, түүнийг биеийн аль нэг хэсэг эсвэл вирус агуулсан ялгадас хүн ам ихээр суурьшсан хотод хүрвэл шинэ цар тахал бий болох болно. Сүүлийн жилүүдэд дэгдсэн Эбола, Ковид-19 өвчнүүд ийм зарчмаар тахал, цар тахал болж тарсан гэж үздэг.

Эндээс гадаад орчноос болон амьтнаас хүний биед вирус халдварлах боломжтой юу гэдэг асуудал урган гарна. Хүн болон сүүн тэжээлт амьтдын биеийн эсүүд тун төстэй байдаг нь амьтны вирус хүнд халдварлах боломжийг олгодог. Жишээ нь, Ковид-19 өвчнийг үүсгэгч SARS-CoV-2 вирус нь бүх сүүн тэжээлтэн амьтад болон хүнд байдаг ангиотензин-2 рецептортой холбогдон хүний биед халдварладгийг бид бүхэн мэднэ.

Зэрлэг амьтдаас хот суурин газарт шинэ вирусийн халдвар тархах хамгийн том эрсдэл нь хууль бус ан, зэрлэг амьтдаас гаралтай төрөл бүрийн бүтээгдэхүүний худалдаатай холбоотой. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтөөс хамааран амьтан нүүн шилжиж байгаа үед хүн амьдардаг орчинд зэрлэг амьтад өөрсдөө орж ирэх, хүний гар хүрдэг эд зүйлс, гудамж талбай тэдгээр амьтдын ялгадсаар бохирдох магадлал нэмэгдэнэ. Энэ тохиолдолд зэрлэг ан амьтдын хууль бус ан, агнуурыг хориглож чадсан ч шинэ вирус тархах эрсдэл буурахгүй байх магадлалтай юм.

Амьтад хүн ам суурьшсан газар нутаг руу нүүх үзэгдэл нь аль хэдийнээ 1.2 хэмээр дулаарчихаад байгаа дэлхийд аль хэдийнээ эхэлсэн гэдгийг зарим бүс нутгийн амьтны аймгийн өөрчлөлтөөс харж болно.

Эдгээрээс хамгийн гол анхаарал татаж буй сүүн тэжээлтэн бол сарьсан багваахай юм. Шинэ вирусийн тархалтын дийлэнх хувь нь сарьсан багваахайтай холбоотой бөгөөд тэдний амьдралын мөчлөг, нүүн шилжилтэд температурын өсөлт хамгийн хүчтэйгээр нөлөөлдөг. Тэдний нисэх, хол зайд аялах чадвар нь өөр өөр бүс нутгуудын хооронд вирус дамжих нөхцөлийг бүрдүүлдэг бол шувуу, хөхтөн амьтдын дундах биологийн өвөрмөц шинж чанар нь өөр өөр амьтдын хооронд вирус дамжин халдварлах боломжийг олгоно.

Энэ таамаглалыг судлаачид олон жилийн өмнөөс дэвшүүлж, өөр өөр өгөгдөл дээр симуляци хийж, таамаглалаа давхар давхар шалгахад бүх загварууд ижилхэн “уур амьсгалын өөрчлөлт нэмэгдэх тусам шинэ вирус гаргах эрсдэл нэмэгдэнэ” гэсэн ижил дүгнэлтэд хүрч байжээ. Үүний нотолгоо нь одоо ч бидний бүрэн гүйцэд давж гарч чадаагүй байгаа Ковид-19 юм.

Дэлхий дахинд амьсгалын замын шинэ вирусийн халдвар тархсан түүхийг авч үзвэл 1918 оны Испанийн томуу, 1956 оны Азийн ханиадны томуу хамгийн их хохирол учруулсан бол 2002 оны SARS, 2015 оны MERS, Ковид-19 вирусүүд хоорондоо маш богино хугацаатайгаар гарч ирснийг тухайн цаг үеийн дэлхийн дундаж температуртай харьцуулбал уур амьсгалын өөрчлөлт нэмэгдэх тусам шинэ вирус гарч ирдэг гэх дүгнэлттэй нийцэж байгаа юм.

Вирус тасралтгүйгээр маш хурдан хувьсан өөрчлөгдөж байгаа бөгөөд энэхүү хувьслын үр дүнд үүссэн шинэ вирус хэр их хор хөнөөл учруулж чадахыг өмнөх SARS, Эбола, Зика болон Ковид-19-ийн олон тооны хувилбарууд бидэнд харуулсан. Гэтэл бид цаг уурын өөрчлөлтийг богино хугацаанд зогсоож чадахгүй нь нэгэнт тодорхой байгаа тул цаашид дэгдэж болох шинэ вирусээс сэргийлэхийн тулд урьдчилан таамаглах арга замыг олох ёстой.

Үүний тулд амьтдын биед байх вирус хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгааг тогтмол хянах нь хамгийн боломжит хувилбар гэж үзэх боллоо. Энэ нь бидэнд дараагийн цар тахлыг урьдчилан таамаглах боломж олгох юм.

Урт хугацаандаа Ковид-19 шиг шинэ вирус бий болох, дэлхий дахинд хурдан хугацаанд тархах, олон хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулахаас сэргийлэхийн тулд цаг уурын өөрчлөлттэй дэлхий нийтээрээ тэмцэх, тогтвортой хөгжлийн зорилтуудад багтсан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn