Эрэгтэйчүүдийн үргүйдлийг эмчлэх шинэ төхөөрөмж 5 ам.долларын үнэтэй

Флорида мужийн Атлантагийн их сургуулийн судлаачид эр бэлгийн эсийг гэмтээхгүйгээр тусгаарладаг шинэ төхөөрөмжийг бүтээжээ. Уг төхөөрөмжийг үйлдвэрлэхэд тус бүрийнх нь зардал ердөө 5 ам.доллар болно гэж тооцоолсон байна.
Эрэгтэйчүүдийн үргүйдлийг эмчлэх шинэ төхөөрөмж 5 ам.долларын үнэтэй

Нийт эрэгтэйчүүдийн 10 орчим хувьд үргүйдэл тохиолддог бөгөөд гол шалтгаан нь эр бэлгийн эсийн тоо цөөн, бүтэц үйл ажиллагаа нь хэвийн бус байхтай холбоотой байдаг.

Үр шилжүүлэн суулгах технологийн ачаар эрчүүдийн үргүйдлийн асуудлыг бараг бүрэн шийдсэн боловч энэхүү технологийг хэрэглэхийн тулд эрүүл эр бэлгийн эсийг согогтой эсүүдээс тусгаарлах шаардлагатай болдог юм. Харамсалтай нь эрүүл эр бэлгийн эсийг үрийн шингэнээс ялгаж авах үед цөөнгүй эс гэмтдэг нь эмчилгээний үр нөлөөг бууруулдаг.

Эр бэлгийн эсийг центрифуг буюу хүчтэй эргүүлэг төхөөрөмж ашиглан төвөөс зугтаах хүчний нөлөөгөөр эсийг ялган авах уламжлалт арга ашигладаг бөгөөд энэ үед эрүүл эсүүд ч ихээр гэмтдэг аж. Харин энэхүү шинэ арга нь өндгөн эс рүү хүрэхийн тулд эр бэлгийн эсүүд умайн салст шүүрлийн урсгалыг сөрөн сэлэх байгалийн үзэгдлийг ашигласан байна. Үүний тулд нэг минутад 0.5 мкл (микролитр) хурдтайгаар урсдаг шингэн бүхий хоолойг бэлтгэсэн бөгөөд урсгалын эх хэсгийг эр бэлгийн эсийг цуглуулах тасалгаатай холбожээ.

Үүний үр дүнд сэлэх чадвар сайтай, бүтэц үйл ажиллагааны хувьд бүрэн бүтэн эрүүл эсүүд урсгалыг сөрөн сэлж, тусгаарлах тасалгаанд орж хуримтлагддаг бол гажигтай эсүүд нь сэлж чадахгүй тул байрандаа үлддэг байна.

Хиймлээр үр тогтоохын тулд яг ийм эрүүл эсүүд шаардлагатай. Уламжлалт аргаар ялган авсан эр бэлгийн эсийг ашиглах үед үр тогтох магадлал 46% байдаг бол тус төхөөрөмжийг ашиглан ялгаж авсан "шилмэл" эр бэлгийн эсийг ашиглах нь үр тогтох магадлалыг 97% хүртэл нэмэгдүүлдэг болохыг туршилтаар тогтоожээ. Иймээс энэхүү энгийн төхөөрөмж нь үр шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Эх сурвалж: Analyst

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn