Уйдах ашигтай

Ухаалаг утас, шинэ технологийн ачаар бид аливааг хүлээх мөчөө зугаатай байлгаж, уйтгарлах завгүй амьдрах болсон. Гэтэл Ренсселер политехникийн хүрээлэнгийн танин мэдэхүйн шинжлэх ухааны тэнхимийн ахлах багш, мэдрэл судлаач Алисиа Вальф (Alicia Walf) үе үе уйтгартай байх нь тархины эрүүл мэндэд маш чухал гэжээ.
Уйдах ашигтай
iStock

Уйтгартай байдал нь тархинд өдөөлт дутагдсан үед тохиолддог зүйл юм. Энэ үед цаг хугацаа удааширч буй мэт санагдаж, аз жаргалгүй, утгагүй, тайван бус мэдрэмжтэй холбогдох учир бид уйтгарлахаас аль болох зугтаадаг. Үнэн хэрэгтээ уйдах нь тархины үйл ажиллагаа, бүтээлч байдал, төсөөлөн бодох чадвар, ажлын бүтээмж, тэвчээр, уян хатан чанар, бусадтай харилцах харилцаанд ч тун хэрэгтэй зүйл ажээ.

Уйдах нь тархины үйл ажиллагааг сайжруулдаг

Хүний тархи асар их хүчин чадалтай, зогсолтгүй ажиллаж байдаг хүчирхэг хэрэгсэл хэдий ч хязгаартай. Хэрэв та шинэ санаа олох, бичих, бодох, судалгаа тооцоолол хийх зэргээр анхаарлаа гүн төвлөрүүлж ажилладаг бол тархиндаа алдагдсан энергиэ нөхөх, амрах боломжийг заавал олгох хэрэгтэй гэж "Deep work" номд дурджээ. Үүний тулд амрах үедээ ажлынхаа тухай огт бодохгүйгээр таг мартах ёстой төдийгүй чөлөөт цаг гарангуут утсаа "ухах" зуршилтай болохоос сэрэмжлээрэй.

Та амарч байхдаа инстаграм, фэйсбүүкээ шалгаж байна гэж бодож болох ч үнэндээ энэ үед тархины чинь өдөр тутмын үйл хэргийг зохицуулдаг хэсэг идэвхтэй ажилласаар л байдаг. Харин хийцгүйрэх үед бид тархиныхаа бусад хэсгүүдээр зугаалах боломжтой болдог юм. Шөнө унтахаар хэвтэхдээ эсвэл уйдсан үедээ хэзээ ч өмнө нь бодож үзээгүй зүйлсийн тухай гэнэт эргэцүүлдэг нь үүнтэй холбоотой.

"Bored and Brilliant" номд тайлбарласнаар тархи "амарч байгаа" буюу бид гаднын, зорилгод чиглэсэн ажилд анхаарлаа төвлөрүүлээгүй үедээ үндсэн горим (default mode) руу шилждэг байна. Мэдрэл судлаачид үндсэн горим нь тархины үйл ажиллагаанд чухал гэж үздэг. Энэ үед хүн ямар нэг хүчин зүйлээс шалтгаалахгүйгээр яг өөрийнхөөрөө бодож сэтгэн, асуудлыг шийдвэрлэх чадвартай байна. Мөн тархи өмнө нь хүлээж авсан шинэ мэдээллийг илүү сайн боловсруулах боломжтой болдог.

Хэрэв та өөрийн тархийг амраахаар шийдсэн бол байгальд гарахыг зөвлөе. Энэ нь олон судалгаагаар батлагдсан үнэн бөгөөд байгаль биднийг сэргээн тайвшруулах ид шидтэй билээ.

Уйдах нь бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг

Уйтгар, бүтээлч байдал хоёрын уялдаа холбоог харуулсан олон судалгаа бий. Жишээлбэл, шинэлэг санаанд ойртох нь нэртэй нэгэн судалгааны хүрээнд хүмүүст тайвшруулах, баярлуулах, уйтгарлуулах мэдрэмж төрүүлэхүйц өөр өөр бичлэг үзүүлсний дараа бодох чадварыг нь туршиж үзсэн байна. Оролцогчдоос тээврийн хэрэгсэл гэхэд юу бодогдож байгааг нь асуухад тайвширсан, баярласан хүмүүс ихэвчлэн "машин" гэж хариулсан бол уйдсан хүмүүс "тэмээ" гэх мэтийн бүтээлч хариултыг өгчээ.

Гаднын өдөөлт байхгүй үед бид өөрсдийн төсөөллийг ашиглаж эхэлдэг бөгөөд оюун ухаан тэнүүчилж, мөрөөдөх боломжтой болсноор бүтээлч байдал нэмэгддэг байна.

Английн зохиолч Нил Гэйман зохиолч болох хүсэлтэй хүмүүст "Чи өөрийгөө маш ихээр уйдаах хэрэгтэй, учир нь тэр үед оюун ухаанд чинь өөртөө түүх ярихаас өөр хийх зүйл байхгүй" гэж зөвлөсөн байдаг.

Түүнчлэн уйдах нь бүтээмжийг нэмэгдүүлдэг болохыг өөр нэгэн судалгаанаас харах боломжтой. Уйтгартай байх нь муу зүйл биш байж магадгүй гэсэн судалгаагаар хүмүүс уйтгартай ажил хийж дуусгасны дараа илүү бүтээмжтэй болдгийг тогтоожээ.

Уйтгартай байдал бол үйлдэл хийх уриалга, үйл ажиллагаа явуулах, хүрээлэн буй орчноо судлах түлхэц юм.
Ватерлоогийн их сургуулийн профессор Жеймс Данкерт

Уйдах нь өөрчлөлтийг дагуулдаг

Уйтгар нь ихэвчлэн сөрөг мэдрэмжтэй холбогддог учраас үүний эсрэг натурал хариу урвалаар бид нөхөрлөл, тэврэлтийг хайж, дотнын хүмүүстэйгээ холбогдохыг эрэлхийлнэ гэсэн үг. Тиймээс таны уйтгар бусадтай харилцах харилцааг чинь шинэ түвшинд аваачиж магадгүй.

Түүнчлэн уйдах нь эмпатиг дэмжиж, нийгэмд эерэг хандлага бий болгодог гэсэн Ирландын Лимерикийн их сургуулийн доктор Вижнанд ван Тилбургийн судалгааны ажлыг олон мэдрэл судлаачид хүлээн зөвшөөрдөг. Хүмүүс уйтгартай үедээ хийсэн үйлдэл нь ямар ч утгагүй мэт санагддаг бөгөөд энэ нь тэднийг зан төлөвөө өөрчлөхөд түлхэц болдог байна.

Уйтгартай байх нь ямар нэг зүйлийг өөрчлөх шаардлагатай байгаагийн илрэл бөгөөд шинэ, сэтгэл хөдөлгөм зорилгод хүрэх хэрэгтэй. Жишээ нь, хэрэв одоо байгаа ажил чинь танд уйтгартай санагдаж, түүнд сэтгэл догдлохоо больсон бол карьераа эргэн харах цаг болжээ. Амьдралдаа томоохон өөрчлөлт хийхийг хүсвэл уйтгарлах зав гарга.

Завсарлага ав, уйд

Уйтгарлаж суух нь цагийг дэмий үрж байгаа хэрэг огтхон ч биш. Тиймээс дараагийн удаа уйтгартай санагдах үедээ утсаа шүүрэн авахаа түр азнаарай. Бүтээлч байхын тулд, амьдралдаа өөрчлөлт авчрахын төлөө эсвэл шинэ санаа олох, чухал шийдвэр гаргахдаа "уйтгарлах" аргыг туршиж яагаад болохгүй гэж?

  • Гэр орны "залхуутай" ажлыг хийхдээ дуртай дуугаа битгий сонс. Блог хөтөлдөг нэг найз минь хог шүүрдэж байхдаа бичих сэдвийнхээ санааг олдог гэсэн.

  • Ном, зугаацуулах хэрэгсэлгүйгээр аял. Харри Поттерын зохиолч Ж.К.Роулинг ямар ч ном, техник хэрэгсэлгүйгээр Манчестерээс Лондон хүртэл дөрвөн цаг галт тэргээр явахдаа гайхалтай номын санаагаа олсон тухайгаа ярьсан байдаг. Магадгүй Роулинг гар утастай байсан бол Харри Поттерын тухай бодохгүй байсан ч юм билүү, хэн мэдлээ.

  • Эргэн тойрноо ажигла. Худалдааны төв, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт олон нийтийн газар очиж хүмүүсийг, шувуудыг, өөр юуг ч юм анхааран хар. (Мэдээж хүнийг эвгүйцтэл нь ширтэж болохгүй.) Заримдаа хүүхэд шиг сониуч байж, юмсыг нарийн ажиглах нь гүн гүнзгий бодолд автуулж чаддаг.

Эдгээрийг хийхдээ танд ямар нэгэн бүтээлч санаа төрвөл бичиж авах тэмдэглэлийн дэвтрээ ойрхон байлгахаа мартуузай.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn