Архидалт Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хүрсэн

ДЭМБ-аас жилд 1 хүнд ногдох спиртийн дундаж хэрэглээ 7 литрээс давбал үндэсний аюулгүй байдалд аюул учирна гэж үздэг. Монгол Улсад нэг хүнд жилд дунджаар 12 литр спирт ногдож байна.
Архидалт Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хүрсэн

Судалгаагаар бие махбодын архийг задлах чадварт их хэмжээний ачаалал үүсдэг. Уусан архийг задалж чадахгүй буюу дутуу задалсан үед архинаас 60-70 дахин хоруу чанар өндөртэй, дэгдэмхий чанартай ацетилальдегид гэх хорт бодис үүсэж улмаар уураг тархинд нөлөөлж, сэтгэцийн эмгэг, донтох хамаарлыг үүсгэдэг. Монгол хүмүүсийн 30 гаруй хувьд архи задалдаг ферментийн ген байхгүй, ферментийн хэмжээ Европ хүмүүсээс 3.5 дахин бага байдаг байна.

Архины зохисгүй хэрэглээний талаар олон жил ярьсан ч өнгөрсөн хугацаанд архидалтыг бодитоор багасгах арга хэмжээ авч чадсан эсэх, бодитоор судалсан эсэх, судалгаанд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлсэн эсэхийг юун түрүүнд авч үзэх нь чухал юм.

Архидалт өсвөр нас ба эмэгтэйчүүд

14 настай хүүхэд архи хэтрүүлэн хэрэглэснээс эмнэлгийн тусламж авчээ

Сүүлийн гурван жилийн судалгаагаар өсвөр үеийнхэн, эмэгтэйчүүдийн дунд архидалт 2-3 дахин нэмэгдсэн нь нийгмийн стресс, гэр бүлийн таагүй харилцаа, орчин нөхцөлөөс үүдэлтэй нь судалгаагаар тогтоогджээ.

ГССҮТ-д сүүлийн 3 жилийн хугацаанд 48,960 хүн согтууруулах ундааны улмаас ханджээ

Баримт дурдахад Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2020 онд 14 настай хүүхэд архи хэтрүүлэн хэрэглэснээс бэртэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн байна. Тухайн хүүхэд өөрийгөө хянах чадваргүй, согтолтын зэрэг гуравдугаар шатлалд хамаарч байжээ. Энэ бол зөвхөн нэг эмнэлгийн жишээ. ГССҮТ-д согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн бэртэж гэмтсэн, архины хордлогын шинжтэй ирж байгаа хүмүүсийн дийлэнх хувийг залуус эзэлдэг гэж байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 48,960 хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ГССҮТ-д хандан эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.

Эмэгтэйчүүдийн дунд архидалт 3 дахин нэмэгджээ

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Толгойтын арван буудалд байрлах Наркологийн эмнэлэгт жилд 2,000-2,500 хүн хэвтэн эмчлүүлэгдэг. Сүүлийн үед хэвтэн эмчлүүлэх эмэгтэйчүүдийн тоо өссөн байна. Тухайн эмнэлэгт өмнө нь архины хамааралтай 3-5 эмэгтэй л хэвтэн эмчлүүлдэг байсан бол энэ тоо 20 хүрчээ. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд тус эмнэлэгт архины хамаарлаас үүдэн давтан эмчилгээ хийлгэж байгаа гэлээ.

Нийт хүн амын согтууруулах ундааны хэрэглээг ажиглахад, эмэгтэйчүүд 53.5%, эрчүүд 46.5%-ийг эзэлж байна. Мөн судалгаанд дурдсанаар архидалтаас үүдэлтэйгээр, гэр бүлийн уур амьсгал хүйтэн хөндий болж, маргаан дэгддэг. Гэр бүлийн аль нэг гишүүн согтууруулах ундаа хэрэглэснээр хүүхдийн хүмүүжил, боловсрол, үзэл хандлагад сөргөөр нөлөөлдөг гэсэн дүн гарчээ. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт архины хордлоготой ирэх хүмүүсийн тоо ч өссөн байна.

Судалгаагаар эмэгтэйчүүдийн дунд яагаад архины хэрэглээ өссөн шалтгааныг тодруулахад гэр бүлийн таагүй байдал, хүчирхийллээс үүдэн сэтгэл санаагаа засах нэрийдлээр уудаг гэж таван эмэгтэй тутмын хоёр нь хариулжээ. Тиймээс нийгэмд архины хор уршгийг таниулахад анхаарах шаардлагатай байгааг эмч хэлж байна.

Эх сурвалж: ГССҮТ, Наркологийн эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn