
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах талаар зарлиг гаргажээ.
Энэ талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан өнөөдөр танилцуулав.
Тэрбээр "Манай улсад 21-ээс дээш насны нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэрэглээ жилд 55 литр байна. Энэ дотроос спиртийн ногдох хэмжээ нь 12 литр байгаа. ДЭМБ-аас тогтоосон дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Мөн архины шалтгаант нас баралтаараа манай улс дэлхийд тэргүүлж байна.
Жил ирэх тусам согтууруулах ундааны хэмжээ нэмэгдсээр, зохисгүй хэрэглээ давамгайлах боллоо.
Архинд донтсон хүмүүсийн хувийг харвал 21-ээс дээш насны иргэдийн дунд 6.2%-ийн тархалттай байна. Үүн дээр нэмээд согтууруулах ундаатай холбоотой гэмт хэрэг, зөрчил гарах нь ихэссээр байна" гэлээ.
Улс орнуудын хэрэгжүүлсэн туршлагаас харахад архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулахад үр дүнтэй 10 арга байдаг аж. Үүнээс Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан татварын бодлогыг онцоллоо.
Т.Мөнхсайхан "Архины зохисгүй хэрэглээг бууруулахад хамгийн үр дүнтэй аргын нэг бол татварын бодлого.
Манай улс 38-40 градусын согтууруулах ундаанд ногдуулж буй онцгой албан татвар нь 26 градусын согтууруулах ундаанд ногдож байгаатай ижил байна. Энэ нь жилд 200-300 төгрөгөөр нэмэгддэг.
Тодруулбал, 26-40 градусын согтууруулах ундаанд ногдох татвар нь 6960 төгрөг. Харин 40 градусаас дээших нь энэ дүнгээс 2.4 дахин их байна. Иймд татварын бодлогоо шинэчлэх хэрэгтэй" гэлээ.
Иргэдийн түгээмэл хэрэглэж буй 38-40 градусын архи нь богино хугацаанд согтоож, тархи мэдрэлийн эсийг үхүүлж, биеэ хянах чадваргүй болгодог хэмээн тэрбээр хэлэв.
Иргэдийн түгээмэл хэрэглэж буй 38-40 градусын архи нь богино хугацаанд согтоож, тархи мэдрэлийн эсийг үхүүлж, биеэ хянах чадваргүй болгодог
Т.Мөнхсайхан
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар