Ковидоор өвдсөн хүмүүсийн дунд антибиотикт тэсвэртэй нянгийн халдвар нэмэгджээ

Цар тахлын өмнө эмнэлэгт хэвтсэн 100 хүн тутамд 3.54 антибиотикт тэсвэртэй нянгийн халдвар бүртгэгдэж байсан бол Ковид-19 өвчний халдвар авсан өвчтөнүүдийн дунд энэ үзүүлэлт 4.92 хүрч нэмэгджээ.
Ковидоор өвдсөн хүмүүсийн дунд антибиотикт тэсвэртэй нянгийн халдвар нэмэгджээ

Тодорхой хүчин зүйлсийн нөлөөгөөр өвчин үүсгэгч бактериуд антибиотик буюу "нян устгагч эмүүдийн нөлөөг тэсвэрлэх" чадвартай болдог. Ийм бактерийг антибиотикт тэсвэртэй нян гэнэ. Антибиотикт тэсвэртэй нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд маш төвөгтэй ба зарим тохиолдолд үхэлд ч хүргэх аюултай юм.

2019 онд дэлхий даяар 1.2 сая хүн антибиотикт тэсвэртэй нянгийн (AMR) халдварын улмаас нас барсан бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) 2050 он гэхэд ийм шалтгаантай нас баралтын тоо 10 дахин нэмэгдэнэ гэж тооцоолсон байдаг. Антибиотикийг хэтрүүлэн, зохисгүйгээр хэрэглэх, халдварын хяналт муу байх, хүнсний үйлдвэрлэл ялангуяа мал аж ахуйд антибиотикийг хэт ихээр хэрэглэж байгаа нь антибиотикт тэсвэртэй нянгийн халдварын тоо нэмэгдэх шалтгаан болж байна гэж үздэг.

Ковид-19 өвчнөөр өвдөж, улмаар уушгины хатгалгаагаар хүндэрсэн хүмүүст их хэмжээний антибиотикийг эмчилгээнд хэрэглэж байсан нь антибиотикт тэсвэртэй нянг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэсэн санааг судлаачид дэвшүүлж байв. Гэвч саяхныг хүртэл үүнийг шууд нотлох баримт байхгүй байсан юм.

Португалийн Лиссабон хотод 4 дүгээр сарын 23-нд зохион байгуулагдсан Клиникийн микробиологи ба халдварт өвчин судлалын Европын конгресст (ECCMID) танилцуулагдсан нэгэн судалгааны илтгэлд тахлын өмнөх үетэй харьцуулахад эмнэлгээс шалтгаалсан антибиотикт тэсвэртэй нянгийн халдварын түвшин нэмэгдсэн байна гэж мэдээлжээ.

Тус судалгаагаар цар тахлын өмнө эмнэлэгт хэвтсэн 100 хүн тутамд 3.54 антибиотикт тэсвэртэй нянгийн халдвар бүртгэгддэг байсан бол Ковид-19 өвчний халдвар авсан өвчтөнүүдийн дунд энэ үзүүлэлт 4.92 хүртэл нэмэгдсэн байна.

Энэхүү үр дүн нь дээр дурдсанчлан Ковид-19 өвчнөөр өвдөж, улмаар уушгины хатгалгаагаар хүндэрч, хүчтэй антибиотик эмчилгээ хийлгэсэн хүмүүст нянгийн тэсвэр нэмэгдэнэ гэсэн таамаглалыг нотолж байгаа юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn