Харшил ба сэтгэцийн эрүүл мэнд

Харшил нь хүний өдөр тутмын хэвийн амьдралд саад учруулж, шинж тэмдгүүд нь нийгмийн харилцаанаас зайлсхийхэд хүргэдэг. Энэхүү нөхцөл байдал нь сэтгэцийн эрүүл мэндэд хүртэл нөлөөлдөг ч ихэнх тохиолдолд эмч нар энэ өвчнийг цогцоор нь эмчилдэг эсэх нь эргэлзээтэй байна.
Харшил ба сэтгэцийн эрүүл мэнд

Америкийн Харшил, астма, дархлал судлалын академийн мэдээлснээр дэлхий даяар харшлын ринит нь хүн амын 10-30% -д ямар нэг байдлаар нөлөөлдөг бол дэлхийн нийт хүн амын 40%-нх нь дархлааны систем хүрээлэн буй орчны нэг ямар зүйлд мэдрэмтгий болсон (IgE эсрэгбие их хэмжээгээр үүссэн) байдаг. Улмаар жил бүр 50 сая гаруй хүнд харшлын шинж тэмдгүүд илэрдэг.

Харшилтай хүмүүс сэтгэл түгшилт, сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгт өртөх магадлал өндөртэй байдаг боловч сэтгэцийн эрүүл мэнд ба харшлын хоорондох хамаарал нь зарим талаар маргаантай хэвээр байна.

Харшил гэдэг нь дархлааны систем харшил үүсгэгч (аллерги) гэж нэрлэгддэг, хоол хүнс гэх мэт хүний биед ямар нэг аюулгүй бодисыг өвчин үүсгэгч гэж үзээд түүнд хариу хариу үйлдэл үзүүлэх явдал юм. Дархлааны систем нь эдгээр харшил үүсгэгчээс биеийг хамгаалахын тулд эсрэгбиетүүдийг ялгаруулдаг бөгөөд үүний үр дүнд харшлын шинж тэмдгүүд илэрдэг.

IgE эсрэгбие цусны цагаан эсүүдтэй холбогдсоноор гистамин хэмээх бодис цагаан эсээс их хэмжээгээр ялгардаг бөгөөд гистамины нөлөөгөөр нүд загатнах, найтаах, ханиалгах, арьсны тууралт, амьсгалахад хүнд болох, давчдах, толгой өвдөх зэрэг нийтлэг шинж тэмдгүүд илрэхээс гадна чих өвдөх, хамраас цус гарах, ходоод гэдэсний замын хямрал зэрэг шинж илэрч болно.

Гистаминыг саармагжуулах нөлөөтэй антигистамины төрлийн эмийн бодисуудын дээр дурдсан шинж тэмдгийг арилгах зорилготой боловч нойрмоглох зэрэг шинж тэмдгүүд нь өдөр тутмын хэвийн амьдралд саад учруулдаг.

Зарим судлаачид бие махбодод харшлын урвал үүсгэдэг гистамин гэх мэт үрэвслийн медиаторууд нь тархинд нөлөөлж, сэтгэл гутрал, түгшилтийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Үүний нэгэн адил сэтгэцийн эмгэгтэй хүмүүст харшлын урвал нь стрессийн гормон болох кортизолын түвшнийг нэмэгдүүлдэг.

Израилын Тель-Авивын их сургуулийн Саклер Анагаах Ухааны Факультет болон Лондоны их сургуулийн Анагаах ухааны сургуулийн хамтарсан судалгаагаар харшлын гаралтай арьсны өвчин болох атопик экземийг эмчлэхгүй орхисноор сэтгэл гутралд орох эрсдэлийг 14-аар, сэтгэл түгшилттэй болох эрсдэлийг 17% тус тус нэмэгдүүлдэг гэж үзжээ.

Байнгын ханиаж найтаах, арьсан дээр тууралт гарах, арьсаа маажих, бусад хүмүүсийн иддэг хоол, хүнсийг идэж чадахгүй байх зэрэг харшилтай хүмүүст тохиолддог бэрхшээлүүд нийт харшилтай насанд хүрэгчдийн 53 хүртэлх хувь нь гэр бүл, найз нөхөд, ажил олгогчдын дургүйцэл, шүүмжлэлээс айх, өөрийгөө тусгаарлах, нийгмийн харилцаанаас зайлсхийх шалтгаан болдог байна.

Энэ нь цаашлаад тухайн хүний бие даасан байдал, амьдралын чанар буурахад хүргэдэг тухай Их Британийн Allergy сэтгүүлийн сүүлийн дугаарт хэвлэгдсэн судалгааны өгүүлэлд дурджээ. Түүнчлэн эдгээр шинж тэмдгүүд нойрны мөчлөгт саад учруулж, ядарч сульдах шалтгаан болдог нь сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг улам ч дордуулдаг.

Мөн тус өгүүлэлд дурдсанаар харшилтай хүүхдүүдийн эцэг эхчүүд ч сэтгэцийн дарамтад өртдөг байна. Тэдний 54% нь хүүхдээ гэрээсээ гадуур хооллож байх үед гэнэт харшлын шокт орж магадгүй гэдэгт санаа зовдгоо илэрхийлжээ. Хүнд хэлбэрийн харшлын шинж тэмдгүүд нь хүүхдүүдийг гадаа бусад хүүхдүүд шиг хэвийн тоглож наадахад саад болдог бол хүнсний харшил нь сургуулийн орчинд үе тэнгийнхэндээ гадуурхагдах, нийгмийн харилцааг хязгаарлах шалтгаан болдог.

Харшлын өвчтэй хүүхдүүдийн зан үйлийн өөрчлөлтийг судалсан нэгэн судалгаагаар харшилтай хүүхдүүдэд 7 наснаас эхлэн зан зүйлийн өөрчлөл илэрдэг. Энэ нь ирээдүйд буюу насанд хүрсний дараа сэтгэл гутрал, сэтгэл түгшилттэй болох эрсдэлийг нэмэгдүүлэх магадлалтай гэж үзжээ.

2018 онд АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуулийн судлаачид улирлын чанартай харшил болон сэтгэл гутралын хооронд хүчтэй хамаарал байгааг илрүүлсэн бөгөөд тус судлаачид харшилтай хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчдийг сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэхийн тулд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байна гэж дүгнэжээ.

Харшил судлалын мэргэжилтнүүд харшилтай хүүхдүүд болон насанд хүрэгчдийг сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудаас урьдчилан сэргийлэхийн тулд юуны түрүүнд хооллолтдоо онцгой анхаарахыг санал болгож байна.

Харшлын цаана маш хүчтэй үрэвсэл, үрэвслийн урвал явагдаж байдаг тул эслэг, омега-3, пробиотик зэргийг ихээр агуулсан, үрэвслийн эсрэг үйлдэлтэй хоолны дэглэм баримтлахыг эмч нар зөвлөж байна. Түүнчлэн антиоксидантаар баялаг шинэ жимс, хүнсний ногоо нь дархлааг сайжруулж, үрэвслийг дарангуйлдаг.

Үнэртэй ус, үнэртэй лаа зэрэг анхилуун үнэртнүүдээс аль болох зайлсхийх нь харшил сэдрэхээс сэргийлэхэд тустай. Хамгийн гол нь бие махбодын болоод сэтгэцийн эрүүл мэндэд тустай, идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг баримтлахыг зөвлөж байна.

Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлийг бууруулахын тулд хүүхдүүдийн дундах ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлох үзэгдлийг арилгах нь маш чухал. Нөгөө талаас харшилтай үйлчлүүлэгчтэй ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд сэтгэл гутрал, айдас түгшүүрийн ямар нэг шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг хянаж, энэ тал дээр илүү нээлттэй байх нь ч чухал байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn