Чичиргээт тавцан дээр зогсох нь хөдөлгөөн хийх боломжгүй хүмүүст дасгал хийсэнтэй ижил үр дүнтэй

Судалгаанаас харахад бүх биеийн чичиргээт дасгал нь булчингийн агшилт болон ясны чанарыг сайжруулж, ясны эрдэс нягтралыг нэмэгдүүлж, булчин болон мэдрэлийн систем хоорондын харилцаа холбоог сайжруулдаг байна.
Чичиргээт тавцан дээр зогсох нь хөдөлгөөн хийх боломжгүй хүмүүст дасгал хийсэнтэй ижил үр дүнтэй

Нас ахих тусам ихэнх хүмүүс өмнөх шигээ алхаж, хөдөлж чадахгүй болдог. Зарим талаараа энэ нь хөгшрөлтийн улмаас үүсдэг зайлшгүй өөрчлөлт гэж тайлбарлаж болох ба Паркинсоны өвчин, саркопени, ясны сийрэгжилт, үе мөчний өвчин зэрэг олон төрлийн өвчнүүд ахмад хүмүүсийн хөдөлгөөнийг хүндрүүлдэг. Үүн дээр нэмээд хөдөлгөөний дутагдлаас болж таргалалт, түүнээс үүдэлтэй олон төрлийн халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй тулгардаг ажээ.

Тиймээс судлаачид илүү уламжлалт бус шийдэлд анхаарал хандуулдаг болсон. Тэд чичиргээт тавцан дээр зогсох нь хөдөлгөөний хүндрэлтэй хүмүүст хөдөлгөөний дутагдлаа нөхөхөд үр дүнтэй байж болно гэж үзсэн байна. Бүх биеийн чичиргээт платформ бүхий машин дээр зогсож, сууж, тэр байтугай хэвтэж ч болно. Төхөөрөмжийн чичиргээний үед булчингийн ширхгүүд өдөөгдсөнөөр агших, сулрах хөдөлгөөн хийгддэг бөгөөд энэхүү хөдөлгөөн зарим тохиолдолд нэг секундэд 60 хүртэл удаа үүсдэг байна.

Судалгаанаас харахад бүх биеийн чичиргээт дасгал булчингийн агшилт болон ясны чанарыг сайжруулж, ясны эрдэс нягтралыг нэмэгдүүлж, булчин болон мэдрэлийн систем хоорондын харилцаа холбоог сайжруулдаг аж.

Тогтмол дасгал хийдэггүй хүмүүс долоо хоногт гурван удаа 15 минутын хугацаатай бүх биеийн чичиргээний дасгал хийснээр дасгал хийдэггүй хүмүүстэй харьцуулахад биеийн байдал эрч сайжирч байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Ялангуяа бүх биеийн чичиргээний дасгал нь Паркинсоны өвчин, олон склероз, цус харвалт, нугасны гэмтэл зэрэг хөдөлгөөн хийх чадваргүй болсон хүмүүст илүү тустай байгаа юм. Бүх биеийн чичиргээний дасгал нь мэдрэл-булчингийн эдийн харилцан идэвхжлийг нэмэгдүүлдэг учраас булчин болон тархины хоорондын холбоог бэхжүүлснээр хөдөлгөөн хийх чадварыг сайжруулдаг гэж судлаачид үзэж байна.

Ерөнхийд нь нэгтгэн үзвэл бүх биеийн чичиргээний дасгал таныг том булчинлаг бодибилдингийн тамирчин болгохгүй ч гэсэн дасгал хөдөлгөөнтэй дүйцэх олон тооны эерэг үр нөлөөг үзүүлэх боломжтой ажээ.

Хэдийгээр бүх биеийн чичиргээний дасгал дээр дурдсанчлан эерэг нөлөө үзүүлдэг боловч зүрхний пейсмекер аппараттай, жирэмсэн эсвэл яс хугарсан, түнх болон өвдөгний үе солиулсан хүмүүс хийхгүй байхыг зөвлөсөн байна.

Дасгал хөдөлгөөнийг илүү их хийх тусам илүү их үр нөлөө мэдэрч болно. Харин бүх биеийн чичиргээний дасгалыг илүү өндөр давтамжтайгаар, удаан хугацаагаар хийх нь илүү үр дүнтэй гэсэн үг биш гэдгийг анхаарах ёстой.

Мөн бүх биеийн чичиргээний дасгал эрүүл хүмүүсийн хувьд уламжлалт дасгал хөдөлгөөнийг орлуулах арга биш гэдгийг санах хэрэгтэй. Харин дасгал хийхэд хүндрэлтэй, ялангуяа хөдөлгөөн хязгаарлагдсан хүмүүст хөдөлгөөний дутагдлыг нөхөх зорилгоор ашиглах нь илүү зохистой юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn