Согтууруулах ундааны хэрэглээ ба арьсны эрүүл мэнд

Архи, согтууруулах ундааг зохистой түвшинд хэрэглэхэд эрүүл мэндийн асуудал үүсгэдэггүй боловч байнга, хэтрүүлэн уух нь олон өвчний шалтгаан болдог. Энэхүү нийтлэлд согтууруулах ундааны хэрэглээ арьсны эрүүл мэнд, гоо сайханд хэрхэн нөлөөлдөг талаар авч үзэх болно.
Согтууруулах ундааны хэрэглээ ба арьсны эрүүл мэнд

Эрэгтэйчүүд согтууруулах ундааг стандарт хэмжээгээр өдөрт 2 удаа, эмэгтэйчүүдэд 1 удаа уухыг зохистой хэрэглээ гэж мэргэжилтнүүд үздэг. Нэг стандарт хэмжээтэй согтууруулах ундаа гэдэг нь 10 грамм цэвэр спиртийн агууламжийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, согтууруулах ундааны төрөл зүйл, спиртийн агуулгаас хамааран өөр өөр хэмжээтэй байж болох юм.

АНУ-ын Архидан согтуурахтай тэмцэх үндэсний хүрээлэнгээс гаргасан тодорхойлолтын дагуу эмэгтэйчүүд өдөрт 3-аас дээш, долоо хоногт 7-оос дээш удаа, эрэгтэйчүүд өдөрт 4-өөс дээш эсвэл долоо хоногт 14-өөс олон удаа стандарт хэмжээнээс хэтрүүлэн уудаг бол архины хэт их хэрэглээтэй гэж үздэг.

Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх үед арьсанд урт болон богино хугацаанд сөргөөр нөлөөлнө.

Богино хугацааны нөлөө
Эдгээр шинж тэмдгүүд нь түр зуурын, богино хугацааны шинж чанартай бөгөөд тухай хүн архинд донтох эмгэг, архины хамааралтай эсэхээс үл хамааран хэтрүүлэн уусны дараах өдөрт илэрдэг.

Усгүйжилт: Архи нь шээс хөөх нөлөөтэй бөгөөд үүний нөлөөгөөр бие махбод маш их хэмжээний шингэнийг шээс болгон ялгаруулдаг. Устай хамт ердийнхөөсөө илүү их эрдсээ алдана гэсэн үг юм. Бие махбод усгүйжсэнээс арьс хуурайшиж, уян хатан чанар нь алдагдаж, уруул ам хатдаг. Согтууруулах ундаатай хамт их хэмжээний ус уух нь бие махбод усгүйжих эрсдэлийг бууруулна.

Арьс улайх: Улайх нь согтууруулах ундаа хэрэглэсний дараа илэрдэг нийтлэг шинж тэмдгийн нэг. Спирт нь гистамины ялгаралтыг өдөөдөг ба энэ нь арьсны судсыг өргөсгөснөөр арьс улайж, зарим хүмүүсийн арьс үрэвссэн мэт харагддаг. Монгол хүмүүсийн хувьд архинаас болж арьс, нүүр улайх магадлал илүү өндөр байдаг нь спиртийг задалж боловсруулахад оролцдог ферментийн дутагдалтай холбоотой.

Нойрны хямрал: Хэдийгээр согтууруулах ундаа хэрэглэх нь нойр хүргэдэг мэт санагдах боловч үнэндээ шөнийн цагаар илүү олон удаа сэрэх шалтгаан болдог. Энэ мэтээр 1-2 шөнө нойр хямрах нь арьсны хөгшрөлтийг түргэсгэдэг.

Урт хугацааны нөлөөХурдан хөгшрөх: Хэрэв хүн согтууруулах ундааг байнга хэтрүүлэн хэрэглэдэг бол арьсны өөрчлөлт илүү ноцтой бөгөөд удаан үргэлжлэх болно. Дээр дурдсан арьс хуурайших, улайх зэрэг богино хугацааны үр дагавар байнгын асуудал болж хувирдаг. Байнгын архи хэтрүүлэн уудаг хүний арьсыг чийгшилгүй болж, шим тэжээлээ алддаг тул маш хурдан хөгширдөг. Арьсны халдварт илүү өртөмтгий болдог. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс нянгийн болон мөөгөнцрийн халдварт өртөх магадлал өндөр байдаг. Учир нь архи дархлааны системийг сулруулж, бие махбодод шим тэжээлийг шингээх чадварыг бууруулдаг. Түүнчлэн хүмүүс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэртэж гэмтэх магадлал илүү байх бөгөөд дархлаа суларсан үед арьс гэмтвэл халдварт өртөх эрсдэл ч нэмэгддэг. Арьсны хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг. Энэ нь согтууруулах ундааны дархлааг сулруулж, өвчний эсрэг бие махбодын тэмцэх чадварыг бууруулдагтай холбоотой юм. Зарим судалгаанаас үзэхэд архи уух нь хүний ​​арьсанд үзүүлэх хэт ягаан туяаны нөлөөг улам нэмэгдүүлж, ердийнхөөс илүү их хор хөнөөл учруулах нэг хүчин зүйл болдог байна. Элэгний эмгэгээс үүдэлтэй арьсны өөрчлөлт: Согтууруулах ундааны байнгын их хэрэглээ элэгний үрэвсэл, элэгний хатуурал зэрэг элэгний өвчний гол шалтгаан болдог ажээ. Элэгний эд эс гэмтэх нь арьс шарлах эсвэл шаргал өнгөтэй болох, нүдний эргэн тойронд бараан толбонууд бий болох, нүүр, хүзүү, цээжинд өргөссөн судаснууд харагдах, загатнах зэрэг арьсны шинж тэмдгүүдээр илэрдэг. Арьсны үрэвсэлт өвчний эрсдэл нэмэгддэг: Архи, согтууруулах ундааны хэт их хэрэглээ нь янз бүрийн арьсны өвчний шалтгаан эсвэл түүнийг хүндрүүлэх хүчин зүйл болдог. Жишээ нь хацрын эмгэг улайлт (Rosacea) буюу ​​нүүрний ялангуяа хацрын судас өргөсөж улайх, цочрох, батга гарах архаг арьсны өвчний шинж тэмдгийг архи улам дордуулдаг. Ихэнх хүмүүсийн энэ өвчний үндсэн шалтгаан архи биш хэдий ч архи ууснаар хацрын эмгэг улайлттай болох эрсдэлийг нэмэгдүүлдэг талаар Америкийн Арьс судлалын нийгэмлэгээс мэдээлсэн байдаг.

Хайрст үлд (Psoriasis )буюу арьсан дээр зузаан, хайрст үлд товруу үүсдэг аутоиммун (дархлааны эсүүд өөрийн эд, эсийг гэмтээх) шалтгаантай архаг үрэвсэлт өвчний үед их хэмжээний архи уух нь өвчний сэдрэлтийг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь архи дархлааг сулруулдагтай шууд холбоотой гэж үздэг. Мөн эмчилгээний үр дүнг ч бууруулдаг юм. Согтууруулах ундааны нөлөөллөөс арьсаа хэрхэн хамгаалах вэ?Согтууруулах ундааны арьсанд үзүүлэх богино хугацааны нөлөөллийг бууруулж, урт хугацааны сөрөг нөлөөг сааруулах хамгийн гол арга бол бие махбодыг усгүйжихээс сэргийлэх буюу илүү их ус уух явдал юм. Мөн 2020 онд хийгдсэн нэгэн судалгаагаар согтууруулах ундаа хэрэглэхээс өмнө арьсанд бримонидин хэмээх арьс улайх, загатнах үед хэрэглэдэг тосыг түрхэх нь улайлтыг багасгахад үр дүнтэй гэж мэдээлжээ. Гэхдээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхтэй холбоотой арьсны эмгэг өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол согтууруулах ундааны хэрэглээг багасгах, улмаар бүрэн татгалзах явдал юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn