Сумын наадам – Зүлэгтийн наадам

Намайг бараг 10 настай байхад аав минь сүүлийн удаа морь уясан санагддаг юм. Тэр жил манайх зусланд гараагүй, аав уяа руугаа сумын төвөөс машинаараа очдог байлаа. Сүхбаатар аймгаас сайхан залуухан халтар азарга авчраад, надад зүсэлж өгсөн жил л дээ.
Сумын наадам – Зүлэгтийн наадам
Зүлэгт

Манайх зундаа сумын төвөөс хойш 3 км орчимд жижиг дөрвөн ханатай гэр бариад, Рашаант хэмээх газар байдаг малчин хөгшнийхөөсөө хэд таван үнээ тасалж аваад гол бараадан зусдаг байлаа. Ээж минь өглөө босож үнээгээ саагаад ажилдаа явахад тугал хариулах ажил надад үлдэнэ. Хөдөө зусланд гарсан эхний өдрүүдэд аав, ээж хоёрын ээлжийн амралт эхлээгүй байдаг тул адуугаа авчирдаггүй байсан юм.

Хажууханд хатсан сайртай ч бороо орвол дээхэн байх булгийн эхээс ус урсаж ирээд үерлэдэг голтой тул түүнийг бараадан 5, 6 айл саахалт болоод зусландаа гардаг нь тэр л дээ.

Зургаадугаар сарын дундаас аав, ээж хоёр ээлжийн амралтаа аваад өнөөх малчин хөгшнөөсөө нэг азарга адуу тууж ирээд гүү барьж, аав сумын наадамд хурдан хүлгээ сойх нүсэр ажлаа эхэлнэ дээ. Өглөө эртлэн босож гүүгээ саах, үнээгээ саах нь саахалт айлуудын хамтын ажил байдаг байлаа. Манайх жижиг гэртэй тул хажууханд их найман ханатай гэр бариад зусландаа гардаг залуухан хосууд болох садны ах, эгч хоёрынхоо гэрт хөхүүрээ оруулж тавиад саамаа юүлж, бүлнэ. Миний санахаар манайх Дундговиос, Төв аймгаас айргийн эхээ авдаг байлаа.

Ер нь ямар ч өдөр бай тугал хариулах ажил надаас зугтана, би тэр ажлаас чөлөөлөгдөнө гэж байхгүй дээ. Зусланд гарсан эхний хэд хоног үнэхээр сайхан. Аав, ээж хоёрыг ногоон Нивагаа асаагаад урд гүвээ давангуут нь хэдэн тугалаа хашиж аваад, наймын хувингаар ус зөөж, ойр хавиас өвс зулгааж шидэж өгдөг байж билээ. Тугал хариулахаас лав л амар ажил байсан бололтой юм. Хоног өнгөрөх тусам хол явж өвс түүх болохтой зэрэгцээд аав, ээж хоёрын ээлжийн амралт эхэлж, тугалууд маань нэг бэлчээрт гардаг сан.

Манай зусланд тохиолддог нэг сайхан зүйл нь бороо орох. Борооны дараа бор бор мөөгнүүд гишгэх газаргүй шахам л ургачихна. Наймын хувингаа бариад л саахалтын хүүхдүүдтэй мөөг түүж ирээд, хажуу айлын шинэхэн эхнэр эгчээрээ мөөгтэй хуурга хийлгэж идэх л гэж тэр зусланг мөрөөддөг байлаа шүү дээ. Говийн аймгийн хойд сум, тал хээрийн бүсэд амьдардаг биднийг ер нь бол борооны зах дайраад л өнгөрнө. Дайраад өнгөрсөн хэдэн дусал борооны дараах тэр их мөөгийг ээ. Хангай газрын хүүхдүүд гүзээлзгэнэ түүж байгаа юм шиг л эхлээд ганц хоёрыг идчихээд, дараа нь хувин савандаа хийж эхлэх нь тэр.

Зуны бас нэгэн сайхан зүйл бол яахын аргагүй сумын наадам байдаг даа. Намайг тав билүү зургаа настай байхад аав минь хурдны морь унуулна, эхлээд морь унуулж сургана гээд хөгшин буурал азаргатай адуунаасаа заазуур хүрэн гэдэг хашин морь барьж ирээд, өөрөө багадаа унаж байсан эмээлээ гаргаж тохоод намайг морин дээр суулгачих нь тэр. Ямар ч байсан тэр жил намайг морь унуулж сургана гээд аав минь хуучин муу жижигхэн эмээлээ жигтэйхэн сайхан засаж янзлаад, надад жижигхэн орос бакаль худалдаж аваад, бас тохирсон жижигхэн хөлийн ороолт (жийрэг) бэлдээд, за тэгээд ташуур, малгай, бүс гээд бас бус олон зүйл бэлдсэнийг их тод санадаг юм. Гэвч би заазуур хүрэн дээрээ гараад л орилчихсон.

Бараг л хурдан морины унаач хүүхэд шиг өвч бүрэн хувцаслачихаад хэдэн азарга адууныхаа дотроос хамгийн хашин, залхуу моринд мордонгуутаа айж орилсноор миний хурдан морь унаж сумын наадамд уралдах замнал тэр дороо дууссан юм. Тэгсэн мөртлөө аавдаа сундлаад явахаараа айхгүй ээ, мориныхоо дэлнээс тас зуурчихаад “ааваа давхиарай” гээд л бас тэрүүхэндээ онгирно оо.

Аав минь морины ажлаа их л ёс жаягтай хийнэ. Аавын ах ирж зөвлөлдөнө. Ойр тойрны айлын уяач ах нар ирж гаанс нэрээд л өдөржин тэр халуун наранд хойд уяан дээр өнжчихнө.

Саахалтын айлуудад унага татах хөвгүүд ч зөндөө. Ээж, эгч нар хөвгүүдээр унагаа татуулаад гүүгээ саагаад ирэхээр манай үеийнхэн нөгөө хөхүүртэй саамаа бүлэх ажилдаа орно. Наадам дөхөх тусам гүүндээ гарах цагаа ойртуулж саам их авна аа. Цаг гучин минутын зайтай л гүүгээ саадаг байж өдөржин тэр халуун наранд бас цагаан идээ хийгээд л өнжинө. Ер нь бодоод байхад өдөржин цагаан идээгээр хоол хийж байгаад оройд л нэг борцтой гурилтай шөл эсвэл будаатай шөл иддэг байсан санагдаад байгаа юм.

Нэг л өглөө сумын наадам болчихно доо, хүүхэд байхад ... Аав саяхан л адуугаа хурааж ирж байсан санагдана, саяхан л ах нар уяа сойлго тааруулж, урт богинын сунгаа хийж байсан санагдана. Хэдхэн өдөр л тугал хариулж, саам бүлсэн санагдана. Яаж байгаад нэг л өглөө сумын наадам болчихдогийг бас гайхна аа.

Сумын наадмын өглөө гэдэг цагаан сар шиг л. Ээж хаанаас ч юм шинэ дээл хувцас гаргаад ирнэ. Аав үүр цайхтай зэрэгцээд урагшаа сум руу морьдоо хөтлөөд явчихдаг бололтой юм. Шөнөдөө ч явдаг юм уу бүү мэд. Наадмын өглөө аав байдаггүй юм.

Тэр жилийн наадмаар би дүүтэй болоогүй байлаа л даа. Тэгэхээр яалт ч үгүй тав юм уу зургаан настай байсан болж таараад байгаа юм. Саахалтын хүмүүсийн машинд суугаад сумын наадам руу явах гээд л яарчихна. Наадмын талбайг нэг тойрч аваад л, зайрмаг авхуулж идээд морьд барианд орохыг тэсэн ядан хүлээнэ дээ. Зургаан насны морьд ээлж дараагаараа уралдаад барианд орж ирэхэд аавын минь уясан морьд орж ирдэг л байлаа. Наадам дуусахтай зэрэгцээд авга ахын хашаанд очиход бэр эгч том хөнгөн цагаан саваар дүүрэн хуушуур хайрчихсан, одоогийнхоор бол бараг найман айлын газар шиг тийм том хашаагаар дүүрэн морь, машин цуглачихсан, хол ойрын зочид цуглачихсан байж байх нь сумын наадмын дараах тогтсон хэвшил, одоо бодоход бараг тэр сумын соёл байлаа. Улсын том ажилтай хүн ч тэр, холын сонин содон зочин ч тэр авга ахынхыг хайгаад ирнэ. Тэднийх гэдэг айлаар заавал орох ёстой гэнэ лээ гээд зориод ирдэг байсан юм. Авга ах их олонтой нөхөрлөнө. Тэгээд л сумын наадмаар хол ойрын зочдын хөлд дарагдаж, тэрүүхэн тэндээ бичил наадам шиг юм болдог байж билээ.

Намайг бараг 10 настай байхад аав минь сүүлийн удаа морь уясан санагддаг юм. Тэр жил манайх зусланд гараагүй, аав уяа руугаа сумын төвөөс машинаараа очдог байлаа. Сүхбаатар аймгаас сайхан залуухан халтар азарга авчраад, надад зүсэлж өгсөн жил л дээ.

Сумын наадмаас хоёр хоногийн өмнө аав, хоёр дүү бид дөрөв уяан дээрээ очлоо. Аав мориндоо ажил хийгээд, халтар азаргаа багахан идүүлээд биднээс зайдуухан явж байв. Том дүү маань дөрөвтэй, бага нь хоёртой дөнгөж хөлд орсон л явж байсан санагдаж байна. Тэр хоёр байсхийгээд л гүйгээд алга болчихно. Нэг гүйж байснаа хоёулаа доош хараад тонгойгоод зогсчихов. Могой болов уу даа гэж бодоод айгаад гүйгээд очтол тэр хоёр шувууны гурван ширхэг өндөг гишгээд хагалчихсан байх нь тэр. Ямар шувууны өндөг байсныг би одоо ч мэдэхгүй л дээ. Шувууны өндөг хагалж болохгүй гэдгийг л мэддэг байсан юм. Аав харин хэр баргийн юм тоодоггүй зангаараа хүрч ирчихээд нэг их тоосонгүй. Эсвэл дотроо тоосон ч байж мэдэх юм.

Хоёр хоногийн дараа сумын наадам эхэллээ. Наадмын хоёр дахь өдөр өнөөх сайхан залуухан халтар азарга минь уралдахаар барианаасаа гарч, аав минь жаран есөөрөө дагаж хөдлөх нь тэр. Манай халтар азарга айргийн тавд гарцаагүй орно доо гээд л, морьд барианд орж ирэхтэй зэрэгцэн чих тавин сонсоод хүлээгээд л байлаа. Айргийн тавд ч тэр, уралдсан гурав гаруй азарга ч барианд орж ирэхэд манай халтар азарга, аав хоёр л байсангүй. Бид зөндөө удаан хүлээсэн санагдана. Аав минь их л гундуу царайтай доголон азаргаа хөтлөөд алхаж яваа нь тэр холоос харагдаж билээ.

Гарааны зурхайгаас эргээд хол тасархай түрүүлж яваад оготнын үлийд бүдэрсэн гэнэ...

Бодвол аав гэмтсэн хөлийг нь өвчин намдаах эмчилгээ хийлгэсэн л байх. Тэр жилийн наадмаас хойш аав өөрөө ч морь уяагүй, халтар азарга маань ч уралдаагүй юм даг. Харин халтар азарга их л эрх амьтан болж үлдсэн дээ. Адуугаа услах гээд очихоор аавын цагаан жаран есийг шөргөөгөөд явуулахгүй, гараас заавал юм иднэ. Их номхон.

Түүнээс хойш би сумын наадам үзээгүй хорин хоёр жил болжээ. Гэхдээ жил жилийн наадамд манай адуунаас худалдаж авсан халтар азарганы төлүүд сум, аймгийн наадамд айргийн тавд байнга давхиж байгааг сэтгэл бахдам сонсож суудаг болсон юм даа.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn