Аяллын тэмдэглэл №1: 9 еврогийн тасалбар ба прагматик герман хүн

Герман улс "9 еврогийн тасалбар" гаргасан тухай мэдээг сонссон даруйдаа энэ боломжийг ашиглан германы хотуудаар аялахаар сэтгэл шулуудав. Замын зардлын ихэнх хэсгийг 9 еврогийн тасалбараар шийдсэн тул нийт зардал "тун боломжийн" гэсэн тооцоо гаргаад, замдаа гарлаа.
Аяллын тэмдэглэл №1: 9 еврогийн тасалбар ба прагматик герман хүн

Европын орнуудад орос украины дайнаас үүдэлтэй эдийн засгийн хориг, геополитикийн асуудлуудаас болж эрчим хүчний эх үүсвэр, ялангуяа нефть болон хийн асуудал хамгийн том бэрхшээл болоод байгаа. Энэхүү асуудлыг даван гарахын тулд Европын холбоонд багтдаг улс орон бүр тодорхой алхмуудыг хэрэгжүүлж байгаагийн нэг нь германд 4 дүгээр сарын сүүлээр зарлагдаж, 6 дугаар сараас ашиглаж эхэлсэн “9 еврогийн тасалбар” юм.

Энэ тасалбар нь тус улсад амьдарч байгаа эсвэл айлчлан очсон хэн бүхэн 9 евро төлөөд нэг сар нийтийн тээвэрт ашиглах эрх бөгөөд хот доторх автобус, трам, метро гэх мэт бүх төрлийн нийтийн тээвэрт хүчинтэйгээс гадна өндөр хурдны, олон улсын галт тэрэгнээс бусад хот хоорондын галт тэргээр зорчиход ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл та сард 9 евро буюу 30 мянга орчим төгрөг төлөөд 30 хоногийн турш бараг л бүх төрлийн нийтийн тээврээр үнэгүй, хязгааргүй зорчих боломжтой гэсэн үг.

Энэ нь германчуудын хувьд хэр их мөнгө вэ гэвэл Берлинд хамгийн бага үнэлгээгээр 1 цаг ажиллахад авч болох цалингийн хэмжээ юм. Берлин хотын нийтийн тээврийн нэг удаагийн тасалбар 2 еврогийн үнэтэй буюу хотын хаа нэг тийшээ нийтийн тээврээр зорчоод буцаж ирэхэд 4 евро болно гэдгийг бодож үзвэл энэхүү тасалбарыг гаргаснаар засгийн газар, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд маш том эрсдэл хүлээж байгаа хэрэг.

Нийт германчуудын 68% нь ажилдаа явахдаа машин унадаг бол 14% нь нийтийн тээвэр ашигладаг. Иймээс энэхүү тасалбар нь германчуудыг машин унахаас татгалзуулах, нийтийн тээврийг түлхүү ашиглуулах бодлого юм. Гэвч морьтны хишиг явганд гэдэгчлэн үүргэвчтэй аялагч, жуулчдын хувьд энэ бол маш том боломж юм.

Европын холбооны бусад хэд хэдэн улс үүнтэй төстэй арга хэмжээ авахаар судалж байгаа ч тэд германы засгийн газар шиг итгэлтэй биш байна. Европын улс, хот бүрийн нийтийн тээврийн систем бараг л төгс хөгжсөн боловч тэдгээрийн дундаас германых шилдэг нь гэж тооцогддог. Тийм ч учраас тэд ямар ч ачааллыг даван гарч чадна гэдэгтээ итгэлтэй байсан биз.

Энэ мэдээг сонссон даруйдаа л 9 еврогийн тасалбараар германы хотуудыг тойрохоор сэтгэл шулуудав. Бидний амьдарч буй Унгар улсаас германы хил давж 9 еврогийн тасалбарт хүрэх, буцах зардал, хоол болон хоноглох газрын мөнгөө бодож үзвэл 4 хүний 7 хоногийн аялалд тун боломжийн зардал гарах тооцоо гарав. Будапештаас шууд Берлинд буух хямдхан буюу нэг хүний 50,000 мянган төгрөгийн үнэтэй онгоцны тасалбар ч олов. Ингээд 2 том хүн, 2 хүүхэд Будапештаас Берлинд бууж, тэндээсээ галт тэргээр дамжин буцах, буцах замдаа нийслэл Берлин, суут хөгжмийн зохиолч Иоханн Себастиан Бахын амьдралаа өнгөрүүлж, суут бүтээлүүдээ туурвисан Лейпциг, германы саксони соёлын өлгий Дрезден хотуудаар аялах маршрут гаргаад замдаа гарлаа.

Берлинд буув. Нийт 36 евро төлөөд 4 хүний 9 еврогийн тасалбарыг гар утаснаасаа хялбархан худалдаад авчихав. Нийтийн тээвэр төгс хөгжсөн нь Берлин хотын зорчигч тээврийн шугамуудыг үзүүлсэн бүдүүвч дээрээс тодорхой ойлгогдож байв. Дөрвөн сая орчим хүн амтай, хэмжээгээрээ Европт Истанбул, Москва, Лондон, Санкт Петербургийн дараа 5-т ордог их хотын хаанаас ч хүссэн газартаа хамгийн ихдээ гурван нийтийн тээврийн хэрэгсэл солиод хүрч болох ажээ.

Берлин хот бүхэлдээ дэлхийн II дайны амьд музей л гэсэн үг. Бранденбургийн хаалга, Рейхстагийн ордон, Бундестаг, Берлиний хана, Чарлигийн шалгалтын цэг, Гитлерийн бункер, Еврейн их хядлагын дурсгал гэх мэт жуулчдын очдог бүх л газраар айлчлан, Спрей голыг өгсөн уруудан, 9 еврогийн тасалбараараа хотыг хоёр өдөрт бүтэн тойров.

Эдгээр түүхэн газруудын хаана ч очсон дунд сургуулийн багш нар сурагчдаа дагуулан түүхийн хичээлийг түүхэн үйл явдал болсон газарт нь зааж байхтай тааралдах юм. Хэрэв герман хэл мэддэг бол хажууд нь хамт суугаад хичээл сонсож ч болмоор. Сурагчид дэвтэр номоо гартаа барьсан, хэвтсэн, суусан байдалтай багшийн яриаг анхааралтай сонсоно. Нэг багш Бранденбургийн хаалганы дэргэд шохойгоор чулуун шалан дээр түүхэн он саруудыг бичихэд сурагчид өөрт өгөгдсөн зурган дээрх үйл явдлыг ажиглаад, харгалзах цаг хугацааны цэг дээр зургаа аваачиж тавих сонирхолтой тоглоом тоглуулж байгаатай ч таарав.

Берлинд буугаад германчуудыг үнэхээр прагматик хүмүүс болохыг анзаарлаа. Хаалганы бариул, хана, таазнаас эхлээд бүх зүйлийг маш энгийн боловч хамгийн бат бөх, бараг хэзээ ч эвдрэхгүйгээр хийжээ. Тийм ч учраас хотын барилгууд, ерөнхий дүр төрх нь Парис, Праг, Будапешт шиг ганган чамин биш, илүү энгийн ажээ. Хүмүүсийн хувцаслалт ч энгийн бөгөөд чанарлаг. Германчуудад аливаа зүйл ганган хээнцэр, гоё сайхан харагдах нь чухал биш, харин он удаан жилийн хэрэглээг даах чанартай байх нь л чухал болох нь тод харагдаж байв.

Тэр ч утгаараа 9 еврогийн тасалбар зорилгодоо хүрсэн бололтой. Тэдэнд хүссэн газраа, хүссэн цагтаа хүрч чадаж л байвал үнэтэй хувийн машинаараа, ганцаараа явах уу, хүн ихтэй нийтийн тээврээр явах уу гэдэг чухал биш бололтой. Жуулчин багшралдсан хотын төв гудамжаар ч, бидний буудалласан хотын захын гудамжаар ч машины тоо маш цөөхөн байв. Харин эсрэгээрээ нийтийн тээвэрт зарим үеэр хөл гишгэх зайгүй ба метро, трамууд 1-3 минутын зайтайгаар хотын тал бүр тийшээ сүлжилдэн давхилдаж байлаа.

Тэдэнд яг цагтаа явдаг, маш сайн хөгжсөн нийтийн тээврийн систем байна. Тэдэнд тодорхой санхүүгийн алдагдлыг даах хүчирхэг эдийн засаг байна. Энд зуны 3 сар машинаа тавиад, бараг зардалгүйгээр ажилдаа явж, аялахад ямар ч асуудалгүй мэт санагдана. Монголд яг өнөөдөр ийм нөхцөл байсан бол бид ч бас бүгдээрээ нийтийн тээвэртээ суугаад, түгжрэлгүй амьдарч болох л байсан гэх атаархуу бодол төрж байв.

Гэвч Берлинээс гарч дараагийн хот руу чиглэсэн аялал энэ бодлыг бүхлээр нь өөрчилж орхисон юм. Үргэлжлэлийг дараагийн тэмдэглэлээс уншаарай.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn