Аяллын тэмдэглэл №2: 9 еврогийн тасалбар ба прагматик герман хүн

Статистик мэдээллээс үзэхэд германы галт тэрэг хуваариас дунджаар 6-16 минутаар зөрдөг аж. Гэтэл бид цаг барьдгаараа алдартай Герман улсын галт тэргэнд бүхэл бүтэн 2 цагаар хоцорч явсан нь багагүй цухалдуулж байв. Герман улс энэ удаагийн эрчим хүчний хямралыг амжилттайгаар даван гарах нь тухайн хувь хүн зорьсон газраа хүссэн цагтаа хүрэхээс илүү чухал юм.
Аяллын тэмдэглэл №2: 9 еврогийн тасалбар ба прагматик герман хүн
Аяллын тэмдэглэл №2: 9 еврогийн тасалбар ба прагматик герман хүн
Аяллын тэмдэглэл №1: 9 еврогийн тасалбар ба прагматик герман хүн

Берлиний хамгийн том галт тэрэгний буудлаас өнөөх 9 еврогийн тасалбараар Лейпциг хот руу явахаар ирлээ. Битүү хүнээр дүүрсэн аварга том байгууламж биднийг угтаж авлаа. Хайж явсаар Лейпциг руу хөдлөх R7 галт тэрэг явах 14 дүгээр платформ дээр ирсэн боловч бидний суух ёстой галт тэрэг 5 минут хоцорч ирэхийг олж мэдэв. Нийт 5 минут хүлээх хугацаанд зөвхөн энэ зам дээрээс 3 өөр хотыг чиглэсэн 3 галт тэрэг явж одов. Үүнийг харж зогсоход энэ улсын нийтийн тээврийн хөгжлийг гайхан бишрэхээс өөр юу ч хийж чадсангүй.

Галт тэрэг ирж Берлинээс хөдөллөө. Лейпциг хүрэхийн тулд замын голд R7 дугаартай галт тэргээ нэг удаа сольж, R13 дугаарт галт тэргэнд суух ёстой. Нийслэлээс хөдөлсөн галт тэрэг хуваариас 5 минутын хоцрогдолтой явсаар Эбед голын эрэг дээр байрлах Дессау гэдэг жижиг хотод дөхөж ирэв. Энд бид 17 минут хүлээгээд дараагийн галт тэргэнд сольж суух ёстой учир үүргэвчээ бэлдэж хаалганд дөхөн зогслоо.

Гэтэл галт тэрэг зогсоолд хүрэхээс өмнө 2 км орчмын өмнө зогсчихов. Эргэн тойрныг харвал галт тэрэгний зогсоол гэмээр газар огт алга. Юу болж байгааг гайхан зогсож байтал галт тэрэгний жолооч дотоод холбоогоор зорчигчдод хандан Герман хэлээр ямар нэг зүйл хэлэв. Буухаар бэлтгэж байсан хүмүүс буцаад суудалдаа сууцгаав. Юу болсныг ойлгож чадаагүй ч хэсэг харж зогсоод мөн л буцаж суулаа. Хүмүүсийн царай төрхийг харвал ямар нэг ноцтой зүйл болсон шинж огтхон ч ажиглагдсангүй. Утсаа гарган цаг нөхцөөхөөр твиттер гүйлгэж эхлэв.

Хэсэг хугацааны дараа галт тэрэг хөдөлж эхлэхийг анзаарч цонхоор харвал бидний галт тэрэг урагшаа биш хойшоо явж байлаа. Дахиад л хүмүүсийн царайг ажиглав. Мөн л ямар нэг онцгой зүйл болоогүй бололтой, сууцгааж л байна. Цаг явсаар, цаг харвал хуваарийн дагуу 1 минутын дараа бидний сольж суух галт тэрэг Дессауд ирэхээр байв. Хэрэв энэ галт тэрэг ийнхүү ухарсаар байвал бид дараагийн тэр галт тэрэгнээс хоцрох нь гарцаагүй болов. Ухарч явсан галт тэрэг замаа солиод урагшилж, буудал дээрээ ирлээ.

Дессауд ирэх үед өнөөх шилжин суух галт тэрэг аль хэдийнээ явж өнгөрсөн ба дараагийнх нь нэг цагийн дараа ирнэ гэдгийг тэнд өөр галт тэрэг хүлээж суусан герман өвөө англи хэлээр тайлбарлаж өгөв. Ингээд бид нэг цаг хүлээхээр болжээ. Герман хүн цаг барьдаг гэдэг худлаа л юм шив дээ гэсэн адын бодол ч төрж байв. Тэд огтхон ч уурлаж бухимдсан шинжгүйгээр дараагийн галт тэргийг тэвчээртэйгээр хүлээж байна. Харин бидний дөрвөн монгол хүлээж тэвчсэнгүй, ус, дэлгүүр, ариун цэврийн өрөө хайхаар хэрэн тэнүүчилж эхлэх нь тэр.

Энэ хооронд Берлинээс дараагийн галт тэрэг ч ирэв. Тэдний ихэнх нь бас цагийн дараа ирэх галт тэргэнд бидэнтэй хамт шилжин суух юм. Лейпциг орох R13 битүү хүнтэй ирсэн. Өмнөх хоёр галт тэрэгний “шилжин суугчид” нэмэгдсэн тул багшийн дээдийн буудлаас дарь эрхийн автобусанд суухтай ижилхэн зүйл болохоор байв. Хаалга бүр дээр 20-30 хүн дугаарлан зогсов. Гэвч хэн ч уурласангүй, хэн ч хэн нэгнийг түлхсэнгүй, ганцхан минут зогсох хугацаанд эмх цэгцтэйгээр дараалан орсоор бүгд багтлаа.

Галт тэргэн дотор суудал байтугай гишгэх зай ч хомс байсан тул дараагийн 1 цагийн турш өөртөө олдсон зайд багтан зогсоогоороо явахаар болов. Тодорхой яарах шалтгаан байхгүй, бараг үнэгүй шахуу зорчиж байгаа ч монгол хүний адгуу зан хөдөлж, бяцхан цухал төрж эхлэлээ. Гэвч нийт зорчигчдын уур амьсгал тэс өөр байв. Галт тэрэгний жолооч эмэгтэйг герман хэлээр ямар нэг зүйл хэлэхэд бараг бүгд шахуу нэгэн дуугаар хөгжилтэйгөөр инээлдэв. Дараа нь бүгд ямар нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх мэт толгой дохицгоов. Яагаад гэдгийг, юу хэлснийг нь ойлгосонгүй.

Лейпцигийг чиглэсэн R13 галт тэрэг хэсэг яваад зогсоолгүй газарт дахин зогсов. Галт тэрэгний жолооч дахин дотоод холбоогоор тайлбар хийлээ. Германчууд хоорондоо харцаараа товчхон ярилцаад чимээгүй хүлээн суув. Тэвчээр муутай Монгол хүн миний дотор гал асаж эхэллээ. Цаг барьдгаараа алдартай Герман хүмүүс галт тэрэг нь хуваариасаа бараг 2 цагаар хоцорч явахад инээлдээд сууж байх ч гэж дээ... Байн байн цагаа харна.

Эцэст нь галт тэрэг хөдөлж эхлэв. Гэхдээ маш удаанаар. Өмнө нь дунджаар 160 км/цаг хүртэл хурдалж явсан галт тэрэг 40 км/цагийн хурдтайгаар мөлхөж эхлэв. Энэ хурдаар явсаар Лейпциг хүрэх бол хамгийн багадаа 3 цаг болох төлөвтэй. Жолооч байн байн тайлбар хийнэ. Германчууд инээлдэж, толгой дохин явцгаана. Хэн нэг нь ариун цэврийн өрөө явах бол тун найрсгаар зай тавьж өгцгөөнө. Хэдийгээр битүү чихэлдэж яваа ч аль болох бие биедээ хүрэхгүй, хувийн орон зайд халдахгүй, саад болохгүй байхыг хичээж байгаа нь илт мэдрэгдэнэ. Ийм хурдаар удаан явахыг ойлгоцгоосон бололтой, зогсож явсан хүмүүс шалан дээр сууцгаав. Галт тэрэг мөлхсөөр...

Юу болоод байгааг ойлгох гэж янз бүрээр бодож үзлээ. Нэг л дүгнэлтэд хүрэв. Тэр нь “Германд галт тэрэг ингэж хуваариасаа хэдэн цагаар зөрөх нь хэвийн үзэгдэл юм байна. Тийм учраас л хүмүүс ямар нэг хариу үйлдэл гаргахгүй байна”. Дүгнэлтээ батлахаар хурдхан google-ээс хайлаа. Статистик мэдээллээс үзэхэд германы галт тэрэг хуваариас дунджаар 6-16 минутаар зөрдөг байна. Гэтэл бид бүхэл бүтэн 2 цагаар хоцорч явна. Хэдхэн цагийн өмнө Герман улсын нийтийн тээврийг биширч явсан сэтгэгдэл унаж эхлэв.

Удаан явсаар өөр нэг зогсоол дээр хэсэг саатсаны дараа галт тэрэгний жолооч ямар нэг тайлбар хэлэхэд зорчигчид илүү хүчтэйгээр уухайлан инээлдэж, алга ташицгаав. Бодвол ямар нэг сайн зүйл болсон бололтой. Үнэхээр тийм байж, галт тэрэг хөдлөнгүүтээ огцом хурд авч, өмнөхийн адил дээд хурдаараа давхиж эхлэв. Эцэст нь бид төлөвлөсөн цагаасаа 4 цагийн дараа, бидний сууж явсан галт тэрэг маань хуваариасаа 2 цаг гаруй хоцорч Лейпцигийн галт тэрэгний төв зогсоолд хүрлээ.

Лейпцигийн их сургуульд сурдаг турк нөхөр, казак эхнэртэй гэр бүлийн найзынхаа гэрт хонохоор ирэв. Яагаад ингэж оройтож ирснээ, галт тэрэг яаж саатсаныг, хэчнээн удаан явсныг нэг бүрчлэн ярьж, ам уралдан гомдоллоцгоов.

Германчуудын дунд тодорхой хугацаанд амьдарч байгаа тэд өөр бодолтой байна. Тэд 9 еврогийн тасалбар гарснаас нийтийн тээврийн ачаалал эрс нэмэгдсэн, ялангуяа хот хоорондын зорчигч тээвэр тун ачаалалтай байгааг тайлбарлав. Герман шар айраг уунгаа галт тэргэнд бухимдаж явахдаа төрсөн бодлуудаа хуваалцан хэлэлцсэний эцэст тэдний зөв болохыг ойлгож, өөрийнхөө тэвчээргүй зангаас ичих шиг болов.

Оросын түрэмгийллээс үүдэлтэй эрчим хүчний хямрал, оросын түрэмгийллийг эсэргүүцэх хувь хүний үзэл, эх оронч сэтгэлгээ нь германчуудын бензин их "иддэг" үнэтэй, тансаг машинаасаа татгалзаж, маш хямдхан галт тэргээр зорчих шалтгаан болж байгааг ч ярив.

Нийтийн тээврийн ачаалал нэмэгдсэнээр галт тэрэг хуваариасаа хоцрох явдал цөөнгүй гарч байгаа бөгөөд энэ асуудалд зорчигчид маш хүлээцтэй хандаж байгааг ч хэлэв. Бидний зорчсон галт тэргэнд асуудал тулгарах бүрд жолооч нөхцөл байдлыг тухай бүрд нь тайлбарлаж, зорчигчид ч үүнд тэвчээртэй хандаж байсны шалтгаан нь энэ байв. Туркт ч, Казакстанд ч, Монголд ч галт тэрэг ингэж хоцорвол хэн нь ч германчууд шиг хүлээцтэйгээр инээмсэглэж чадахгүйг хүлээн зөвшөөрцгөөв. Монголчуудад тулгардаг асуудлууд хаана ч биш, зөвхөн миний, таны тархинд байдгийг дахин илүү сайн ойлгох шиг боллоо.

Өөрөөр хэлбэл илүү том зургаараа Герман улс энэ удаагийн эрчим хүчний хямралыг амжилттайгаар даван гарах нь тухайн хувь хүн зорьсон газраа хүссэн цагтаа хүрэхээс илүү чухал юм. Иймээс Герман улс машины үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг, иргэд нь жилд 50 мянган еврогийн орлоготой ч илүү ашигтай (прагматик), хямдхан нийтийн тээврээр зорчих сонголтыг хийж байгаа юм.

Харин цаашдын аялал Лейпцигаас Дрезден, Дрезденээс германы хилээр гарах хүртэл дээр дурдсан шиг галт тэрэг саатах асуудал гараагүй бөгөөд аялал Чех улсын Праг хот руу саадгүйгээр үргэлжилсэн юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn