Б.Доржготов: 3 жилийн дараа Монголд ирж буй жуулчдын сэтгэгдэл өндөр байна

Цар тахлын нөлөөгөөр тэг зогсолтод ороод байсан аялал жуулчлалын салбарынхан өнөөдөр анхны гадаад жуулчдаа хүлээн авчээ. Энэ талаар "АМW Саяан Travel" компани, "The Last Frontier" кэмп/лоджын үүсгэн байгуулагч Б.Доржготовоос тодрууллаа.
Б.Доржготов: 3 жилийн дараа Монголд ирж буй жуулчдын сэтгэгдэл өндөр байна

-Цахим орчинд таны гурван жилийн дараах анхны гадаад жуулчдаа хүлээж авсан мэдээлэл тархаад байна л даа. Хаанахын жуулчид манайд ирээд байна вэ?

- Эрхүүгээс өнөөдөр жуулчдаа хүлээж аваад байна. Тэд мөс цоолж загасчлах, амрах аялалдаа гарсан. Бидний хувьд хил нээж, жуулчдаа хүлээж авсандаа сэтгэгдэл өндөр байна. Жуулчдын хэлж буйгаар “Хөвсгөл нуураар аялахыг маш удаан хүлээлээ. Монголын хил дээр биднийг найрсаг угтаж, ПСР нэхэхгүй, тав тухтай нэвтрүүлсэн” гэсэн. Тэдний хувьд маш өндөр сэтгэгдэлтэй байгаа нь илт мэдрэгдсэн шүү.

-Жуулчдын хувьд юуг илүү сонирхож байна. Хэр удаан хугацаатай ирсэн бэ?

-Манайд ирж байгаа жуулчдын 60 орчим хувь нь мөс цоолж, уурганд загас орох мөчийг мэдрэх гэж ирдэг. Мөсөн дээр эргэн тойрныхоо байгалийн сайхныг мэдрэх нь хот газар дөрвөн хананы дунд байдаг иргэдийн хувьд гайхалтай мэдрэмж юм. Жуулчид ер нь гурав хоногийн хугацаатай ирдэг. Дараагийн жуулчдынхаа захиалгыг авсан, хүлээж байна.

-Та Хөвсгөлийн хойд хэсгийн аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлж байгаа гэсэн үү?

-Хөвсгөл нуурын хойд талд аялал жуулчлалын урсгал бий болгох гэж 20 орчим жил ажиллаж байна. Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сум хэмээх сайхан нутгийн нэгэн иргэн болсны хувьд энэ нутгийнхaa хөгжил, цэцэглэлтэд багахан ч гэсэн хувь нэмэр оруулахын тулд ийнхүү зүтгэж байгаа. Анх энэ ажлыг эхлүүлж байхад буюу 2001 онд манай энэ хэсэг рүү бараг л жуулчид ирдэггүй байсан. Харин өнөөдөр Хөвсгөл аймгийн хойд талаас нь ОХУ-ын 15 мянган жуулчин ирдэг. Энэ нь Хөвсгөл аймгийн Хатгалаас буюу урд талаас ирдэг гадаадын жуулчдын тоотой бараг л тэнцэнэ. Сүүлийн үед Хөвсгөлийг дотоодын 60, 70 мянган жуулчин зорьж байна. Ингээд нийтдээ 100 мянга орчим хүн Хөвсгөлийг зорьж ирдэг болжээ. 20 жилийн өмнөхтэй харьцуулахад манай Ханх сумынхны амьдрал аялал жуулчлалын нөлөөгөөр мэдэгдэхүйц дээшилсэн.

-Өвлийн аялал жуулчлалын хөгжил манайд ямар түвшинд явж байна вэ?

-2015 онд манайх Оростой визгүй болсноос хойш жуулчдын тоо 4-5 дахин өссөн. Зун гэлтгүй өвлийн аялал жуулчлалыг бид сүүлийн хэдэн жил хөгжүүлж, Хөвсгөл нуурын мөсөн дээр дугуйтай, машинтай бас явган аялал зохиож байна. Мөн Оросуудын анхаарлыг татах нэг аялал нь мөсний загасчлал юм. Аяллын загасчлалын тэмцээнийг зохион байгуулахад 100 гаруй жуулчин зорьж ирдэг. Миний хувьд Хөвсгөл аймгийн хойд хэсэгт "The Last Frontier" кэмп/лоджын үүсгэн байгуулсан. Энэхүү кэмпийн нэрийг орчуулбал "Ертөнцийн хязгаар" гэсэн үг. Зарим хүний хувьд загасчлалыг загас агнууртай андуурах тохиолдол байдаг. Энэ нь жуулчлалыг хөгжүүлэхэд саад болж буй нэг хүчин зүйл юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn