Миний мэдэх Энэтхэг №2

Энэтхэг Улсын хилээр зургаан удаа алхахдаа жил шахам хугацааг тэнд өнгөрөөжээ. Урт хугацаанд тооцогдохгүй ч бас ахар хугацаа биш юм. Надад Энэтхэгийн голдуу хойд болон зүүн хойд зүгийг харах боломж олдсон байна. Миний мэдэх энэ улс бусдын бодлоос өөр, миний сэтгэлд ойр. Миний мэдэхгүй, мэдэж амжаагүй энэ улсын нөгөө тал ямар бол? Дараа дахин нэг очмоор...
Манали
Манали Хувийн архив

Хил хавиар, хэлцэл тохироо ихтэй

Хэтэвч дэх мөнгө хязгаартай, цаг тулсан учир 32 цаг автобусаар явах амаргүй даваатай тулав. Надаас гадна Бутан залуу, Төвд ахаас өөр гаднын хүн харагдсангүй. Замын хоол гэдсэнд халтай нь гуанзны ариун цэврээс тодорхой харагдана. Тиймээс замд өвдсөнөөс өлссөн нь дээр гээд олигтой хоол идсэнгүй.

Хилийн шалган нэвтрүүлэх цэгт ирээд улс орныг өөд татуулдаггүй, хүн ардаа дээш гаргадаггүй хахуулийн жишээг харин ч нэг “сайхан” харав. Цагдаа цүнх шалгана л гэнэ, ачаагаа харуулаад ойролцоогоор дөрвөн мянган төгрөг өгөх юм гэнэ. Өгөхгүй нэгнийг ээрч, ачаа цүнхийг нь уудлах юм байх. Ядарч яваа хүмүүс хамаг юмаа онгичуулахгүйн тулд 100 рупигээ дуугүй өгөөд нутаг дөхөхийг илүүд үздэг аж. Харин би тоосонгүй, надаас ч тэд асуусангүй ямартай ч Энэтхэгээс гарч Непалийн нутагт хөл тавив.

Шөнө бид Непалийн хилийн шалган дээр ирлээ. Өмнө нь би хоёр удаа хилийн цаана гарчихсан болохоор хэдийг төлөхөө сайн мэднэ. Визний хураамжид 25 ам.доллар төлөх бөгөөд дүйцэх хэмжээний рупи өгөхөд асуудал үүсч байсангүй. Гэтэл энэ удаад хэрэг бишдэв. Сиймхий гарвал хэдэн төгрөг салгаад сурчихсан гаалийн ажилтан намайг ч бас зоосны нүдээр харав бололтой.

Хамгийн эхэнд Бутан залуу хэдэн төгрөг илүү төлөөд төвөггүй визээ авлаа. Харин миний ээлж ирэхэд хэлэлцэх хэрэг нэлээн гарав. Заавал ам.доллароор хураамжаа төл гэж хэцүү байдалд оруулна. Бусдаас аваад сурчихсан шигээ надаас ч бас авна хэмээн горьдсон “хөөрхий” тэр ажилтанд сохор зоос ч өгөхгүй, хахууль ч бас төлөхгүй гэдгээ хатуухан хэлээд авлаа. Хэлсэн үгэндээ бат зогсож “үгүй” гэдэг үгийг улс орноо төлөөлж, увайгүй аашилж байгаатай нь хагас цаг “хэлэлцээд” эцэст нь би “дийллээ”. Тэр хооронд хажууд байсан нөгөө залуу хүлээж намайг тэвчихгүй миний өмнөөс мөнгө төлж, надад “туслах” гэж оролдож бас амжив. Автобус дүүрэн хүн хүлээлгэсэндээ санаа зовж байсан ч нэг хүн ч болтугай буруу зүйлийг эсэргүүцэж, сөрж зогсох хэрэг тэнд байсан юм. Харанхуй шөнө намайг хүлээсэн Бутан залууд мөн автобус дүүрэн Непалчууддаа баярлалаа.

Энэтхэгийн хаа нэгтээ
Энэтхэгийн хаа нэгтээХувийн архив

Ардын амьдралтай ойроос танилцсан нь

50 гаруй цагийн турш чийгтэй халуунд, нийтийн галт тэргэнд явах хэцүү хэдий ч сонирхолтой. Хоёр гурваараа хоршоод цоо ширтэн бидний тухай ярилцах залуус, хаанаас ч юм гарч ирэх “lady boy”-ууд сонор сэрэмж нэмэгдүүлнэ. Тэд эмэгтэй хувцаслан аяглаж хүмүүсийн толгойд хүрч, адис хүртээж амар аргаар мөнгө олно. Тэднийг харин толгойдоо хүргүүлэхгүй гэж байнгын “хамгаалалттай” явахаас өгсүүлээд сонирхолтой зүйл юу эсийг үзэх вэ.

Өртөө бүрт хөгжлийн бэрхшээлтэй нэгэн суудал хооронд хог шүүрдэж харагдана. Харц нэгэнт тулсан тохиолдолд хэдэн рупи заавал салгана. Гадаа цонхоор харвал хэн нэгэн ямар нэгэн үзүүлбэр үзүүлэх аж. Харин би хаашаа ч харахгүйг хичээж хэдэн рупигээ “хэмнэж” суух хэрэг гарна. “Хөдөлбөл хөлс, харвал хураамж” гэдэг дүрэм тэнд үйлчилнэ. Ихэвчлэн ийм төрх нийтийн амьдралд элбэг.

Энэтхэгт бэлэвсэн ээжүүд гуйлга их гуйна. Охид нөхөрт гарахдаа инж өгөх ёстой бөгөөд нөхөргүй байх нь гутамшиг тул гуйлга гуйгаад ч хамаагүй инжний мөнгө олох гэж ээжүүд тэнд зүдэрнэ. Зүдэж, зүтгээд зарим нэг нь надаас илүү “хадгаламж”-тай байсан нь гайхмаар бас хүндэлмээр санагдаж билээ. “Дуслыг хураавал далай” гэж юутай үнэн.

Лех хотын төвөөс харагдах эртний ордон
Лех хотын төвөөс харагдах эртний ордонХувийн архив

Далай ламтай таарч, танихгүй тосгоноор зочилсон нь

Ладак нь дэлхийн хүн ам хамгийн ихээр суурьшсан өндөрлөг газар бөгөөд далайн түвшнээс дунджаар гурван мянга гаруй метрийн өндөрт Гималайн салбар уулсын баруун захад оршдог.

Бид онгоцноос буугаад л ядарч эхлэлээ. Цүнхээ үүрээд огцом шатаар хэд өгсөөд амьсгаа давхцаж, бие сульдав. Хэвтэх хүслэн болсоор байрлах газартаа очоод бүгд нам унтаад өгөв. Сэрсний дараа бие хүндэрч, халуунд толгой дүүрээд хөдөлж ядсан “зомби” царайтай хэдэн хүн хэсэг юм олж идэх гэж хэцүүхэн л юм боллоо. Биднийг байрлуулж буй Бразил гэр бүл “Долоо хоног амарч, биеийн хүчний ажил хийгээд хэрэггүй” гэж нэлээн нухацтай захилаа. Зарим жуулчид даралтаас болж онгоцноос буугаад л эмнэлэгт шууд хүргэгддэг тохиолдол байдаг байна.

Ладакын Лех хот бол буддын шашинтай газар хэдий ч оршин суугчдын ихэнхийг исламын шийт урсгалынхан эзэлнэ. Нэгэн цагт "Их Торгоны зам" үүгээр өнгөрч, буддын мөргөлчид Энэтхэгээс Төвд хүрэх замдаа сүм хийдүүдийг байгуулж байсан түүхтэй аж. Энэ нь тэнд байрлах Буддын том сүмүүд, уулан дээрх хаад, ноёдын ордны үлдэгдлээс илхэн харагдана. Ладакын хийдэд монгол хүн шавилан суудаггүй ч Дарамсала болон бусад хийдэд буддын шашныг сайн судалдаг гэж нутгийн лам нар ам сайтай ярина. Биднийг Лех хотоос холгүй байх том хийдийг сонирхон очиход Далай лам айлчилж, хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

Далай ламын айлчилсан хийдийн уулан дээрээс
Далай ламын айлчилсан хийдийн уулан дээрээсХувийн архив

Бидний хийсэн сонирхолтой, бяцхан аялал маш сайхан дурсамж бий болгосонд би их олзуурхаж явдаг. Лехээс 50-аад км буюу автобусаар цаг гаруй яваад хүрдэг Ликир (Likir) хэмээх тосгоныг зорин хөдөллөө. Хэнийг ч танихгүй, хаана байдгийг нь сайн мэдэхгүй тэнд биднийг юу хүлээж буй нь адал явдал байлаа. Нутгийн иргэдтэй хамт нийтийн тээврээр явах нь биднийг үргэлж хөрсөндөө буухад тусалж “Усыг нь уувал ёсыг нь дагах”-ыг сануулдаг олон зүйлийн нэг. Манай баг зургаан хүнээс бүрдэх ба надаас бусад нь энэтхэгчүүд. Саарал, өндөр уулсаар хүрээлэгдсэн байгалийг ширтэнгээ замд нэг зогсоод зорьсон газар ирэв бололтой автобус биднийг буулгалаа.

Ликир тосгон орохоор алхаж буй нь
Ликир тосгон орохоор алхаж буй ньХувийн архив

Замаас зайдуу тосгоны бараа үзэгдэнэ. Ингээд өдрийн халуунд үүргэвчээ үүрээд бидний хэдэн нөхөд тосгон чиглээд алхлаа. Ойр хавьд хүний бараа харагдсангүй. Орой болохоос өмнө амжиж буудаллах газар олох гэж уул уруудан алхахад голын захад үлгэр дээр гардаг шиг содон бөгөөд сонирхолтой нэгэн байшин харагдана. Хашаагаар нь явж орох нь ээ ногоон алимын мод, хажууд нь урсах бяцхан голын дэргэд жижигхэн хөөрхөн эмээ сууж байлаа. Бид англиар яриад ойлголцсонгүй, хиндигээр ч хэл амаа ололцсонгүй. Гар хуруугаа хөдөлгөн хоноглож болохыг асуутал эмээ ойлгосон бололтой байшин руугаа яваад орчихов. Хэсэг хүлээгээд ирэхгүй болохоор нь дотогш бид яваад орлоо. Дотроо таван өрөөтэй дунд зэргийн хэмжээтэй энэ байшингийн том өрөөнд байрлах арслантай авдар миний анхаарлыг татав. Эмээ харин хүүтэйгээ юу ч болоогүй мэт сууж байлаа. Ингээд бид гурав хоногийг тэнд өнгөрөөв.

Ликир дэхь эмээгийн хашааны алим
Ликир дэхь эмээгийн хашааны алимХувийн архив

80 дөхөж яваа энэ буурай хүү болон бэрийнхээ хамт амьдарна. Хүү нь харин дөчин нас гарч байгаа бололтой. Эмээ гэртээ ганцаараа өдөржин өнжөөд их уйддаг нь тодорхой. Хүү, бэр нь өглөө мотоциклоо унаад хаашаа ч юм давхиад өгнө. Хаана, юу хийдгийг нь хэлний бэрхшээлээс болж мэдээгүй ч оройдоо хоёулаа орж ирнэ. Ах агуулахын гэмээр өрөө рүүгээ үе, үе ороод гарахдаа халамцуу царайлаад гараад ирдгийг будааны исгэсэн шүүс ууснаас болсон гэж бид дүгнэв.

Тэдний хашаанд суух ер бусын сайхан. Ногоон зүлгэн дээр суугаад хажууд ургасан алимыг харангаа урсаж буй голын чимээг сонсох нь бас нэгэн тансаглал байлаа.

Ликир тосгон
Ликир тосгонХувийн архив

Ликир тосгон мянга гаруй хүнтэй, үзэсгэлэнтэй газарт байрладаг нууцлаг жижигхэн газар байв. Айлын хашаанд тоор жимс модоо сагсайлган ургаж, нар жаргах үе нь нам гүм, үзэсгэлэнтэй. Эмээ өглөөдөө гадаа зуухан дээр зузаан гэгч нь давстай гамбир хайрч өгнө. Түүнийгээ давстай хар цайтай өгөх нь өөр улсад байна уу гэлтэй сонин мэдрэмж төрүүлнэ. Хэдхэн хоногийн өмнө Энэтхэгийн өөр нэг газар сүүтэй, чихэртэй цай ууж, нан гэдэг нимгэн гамбир идэж байсан бол одоо энд давстай хар цайгаа, зузаан гамбиртайгаа, арслантай авдрын хажууд суугаад идэх сонин. Манай улсад түгээмэл байдаг арслантай авдар, Ликир тосгон хоёрыг буддын шашны нөлөө ийнхүү “ойртуулжээ” хэмээн бодно. Явахаасаа өмнө дунд сургуулиар нь орж цаасан урлал болон бүжгийн багахан хичээл ороод ирсэн газар руугаа буцах болов.

Ликир
ЛикирХувийн архив

Бидний явахыг эмээ мэдээд сандран босож, хайрсан хэдэн гамбираа хийгээд өгөх уут хайсан ч олсонгүй. Нулимсаа арчиж, таван ширхэг үнс болсон гамбираа гарт бариулах нь өрөвдөлтэй. Хөөрхий тэр эмээтэй гурван өдрийг өнгөрүүлсэн нь гаднын байтугай нутгийн ч хүний бараа тэр бүр хардаггүй эмээгийн сэтгэлд нар гийлгэсэн биз. Дахиад Ликирт очихсон гэж боддог ч эргээд очиход эмээ харин байх болов уу. Эмээгийн сэтгэл шингэсэн тэр гамбир эргээд Энэтхэгт очих бас нэгэн шалтгаан минь болж билээ.

Манали хүрэх нийтийн тээвэр
Манали хүрэх нийтийн тээвэрХувийн архив

Ладакаас Манали хүртэл

Ладакт халуун байлаа. Бид дараагийн очих газартаа хүрэхээр машиндаа суун өөрсдийгөө бэлдэв. Химачал Прадеш “Himachal Pradesh” мужийн төв Маналид (Manali) хүрэхээр дараагийн 11 цаг, 426 км замыг туулахаар сууцгаана. Лехээс Манали хүрэх зам дунджаар далайн түвшнээс дээш дөрвөн мянган гаруй метр буюу манайхаар Алтай Таван Богдын ноён оргил Хүйтний оргилтой тэнцүү шахуу өргөгдсөн байх бөгөөд оргил цэгтээ 5328 метр хүрдэг гээд төсөөлөхөөр хэр өндөрт явж буйг минь гадарлах байх.

Нойрондоо дэн дун хийн орчноо бүдэг гадарлаж, даарснаасаа болж чичирнэ. Машин маань уул тойрон дээш өгсөхөд даарахын хажуугаар тасралтгүй дотор муухайруулж, бөөлжихөд хүргэнэ. Багийн гишүүн маань санаа тавьж хэний ч юм гадуур хувцас өгсөн нь хэсэг ч атугай дулаацуулж тайвшруулав. Халуун газраас гарахдаа ингэж хүйтэрнэ гэж хэн нь ч төсөөлөөгүй суусан бид олигтой зузаан хувцас аваагүйдээ харамсана.

Шөнө биеийн чилээ гаргахаар түр зогсов. Нойрмог дээр нь дотор муухайрсан би нэг нүдээ нээж орчноо харахыг хичээлээ. Харсан зүйлээ бодит эсэхэд ч итгэж ядан нойрмоглон газар явган суув. Өмнө нь хэзээ ч сарыг ийм ойроос харж байсангүй. Дээрээс тод гэгч тусах сар орчныг бүрэн гэрэлтүүлж, цастай уул, сэнгэнэсэн агаартай нийлээд дуу алдам гайхалтай орчныг надад харуулна. Өндөр уулын орой дээр яваа бололтой, бөөлжиж, ядарсандаа тэнхэлгүй болсон би тэнд тэр мөчийг хараад сэтгэл өег машиндаа суув.

Үүр цайлаа. Цонхны цаанаас харагдах манан ямар үзэсгэлэнтэй газар ирснийг минь илтгэнэ. Удалгүй нар мандаж, өндөр уулсын оройгоос урсах хүрхрээ, тээр доор харагдах газар миний мэдэхгүй, үзэж хараагүй энэ улсын өөр нэгэн нууцыг харуулах мэт дэндүү сайхан, сэтгэл сэргээм харагдаж билээ.

Манали
Манали Хувийн архив

Маналид дөхөж ирэхэд алимын мод биднийг угтав. Экспортод гаргадаг тэндхийн амттай улаан алимыг үүргэвч дүүрэн авчраад өдөр өнжилгүй идэж билээ. Модноос алим тастаад авч болохгүй ч унасан алимыг уут дүүрэн авч болно.

Болливудын кино зураг авалт хийгддэг, жуулчдын хөл хөдөлгөөний гол бүс учраас энд нутгийн хүмүүсээс илүү гаднын жуулчид их холхино. 12 дугаар сараас 1 дүгээр сар дуустал эндхийн өндөр уулс цасаар бүрхэгдэн сүрлэг бөгөөд сэтгэл алдам харагддаг байна. Маш хүчтэй урсах цэнгэг гол нь сүртэй бас сүрдмээр.

Шинэхэн найзууд

Тэндхийн амьтад их инээдтэй. ”Икс” хөлтэй хонь, сахилгагүй ишиг, сандарсан царайтай үнээ, тугал миний сэтгэлээс гардаггүй. Бүгд тийм биш ч надтай таарсан нь лав тийм л байдалтай харагдсан. Нэг удаа би айлд зочлоод гарахдаа ариун цэврийн өрөө орох боллоо. Агуулахын өрөөнд нь суултуур байна уу, суултуурын өрөөнд бараа нь байна уу гэж ойлгож ядан байтал гэнэт нэг юм хөдлөх шиг. “Ээж ээ” хэмээн бодохын завдалгүй гэнэт нэг ишиг намайг бас гайхав бололтой год үсрээд гараад ирэв. Айх, гайхахын завсар хоёр биеэ хараад инээд ч хүрэх шиг. Сахилгагүй тэр ишиг, амар заяа үзүүлдэггүй гээд ямар сайндаа л харанхуй ОО-д уягдсан байх вий.

Сахилгагүй ишиг, намайг цочоосны дараа
Сахилгагүй ишиг, намайг цочоосны дарааХувийн архив

Бидний байрласан газар багагүй өндөрлөгт байрлана. Яг тоолоход 106 алхам буюу арван давхар байрны шаттай тэнцүү. Өдөрт тэр шатаар багадаа хоёр ихдээ зургаан удаа өгсөж, уруудах хэрэг гарна.

Манай гал тогоо тусдаа жижиг, шавран байшинд байрлана. Харх, хулгана ихтэй тул хамаг юмаа бүтээж, хад чулуугаар тогоо, шанагаа таглах хэрэг гардаг нь төвөгтэй. Харин нэг удаа хогийн саван дотор хоёр хөөрхөн нүд айж, сандарсан шинжтэй намайг цоо ширтэж билээ. Амьтны нялх үр гээд алах зориг хүрэлгүй, тавиад нэг явуулсан юм. Одоо хөөрхий байдаг ч юм уу, бас нэг гөлчгийтэй болоод өнөөх нь хаа нэг газар айлын тогоо эргүүлсэн шигээ яваа ч юм билүү, хэн мэдлээ.

Сандарсан царайтай жижигхэн "найз" маань
Сандарсан царайтай жижигхэн "найз" мааньХувийн архив

Харин Лех хотод “Шрек” хүүхэлдэйн киноны гол дүрийн илжиг шиг хэдэн илжигтэй, хэрсүү саарал нохойтой “нөхөрлөсөн” маань бодогдов. Хаа газрын амьтад хөөрхөн шүү.

Миний мэдэх Энэтхэг

Манали дахь бидний өгсдөг 106 алхам шат
Манали дахь бидний өгсдөг 106 алхам шатХувийн архив

Энэ улсын онцлогийг өнгөц хараад мэдэшгүй нь гэж олон газраар нь орж гараад ойлгож ухаарсан юм. Энэтхэгийг яг ийм гэж ойлгох нь учир дутагдалтай. Тэд олон хэл, шашны онцлогтой бас их өвөрмөц соёлтой. Манай ангид л гэхэд 18 настай хүү улсынхаа найман хэлээр төвөггүй ярьдаг байж билээ. Албан ёсны 22 хэл нийтдээ 700 гаруй хэлээр энэ улс ярьдаг. Тэгэхээр дор хаяж гурван хэлээр торохгүй ярих нь хэвийн.

Бараан царайтай, урт хөлтэй, тарган эсвэл туранхай гэж Энэтхэг хүнийг дүгнэх аргагүй. Зүүн хойд зүгийн энэтхэгчүүд цайвар, намдуу бас зарим нь Солонгос хүнтэй төстэй царайтай бас хошин шогийн мэдрэмж өндөртэй. Шашин нь хиндү биш голдуу христ.

Халуун цаг агаартай гэж ойлгохын аргагүй хүйтэн салхитай, сэрүүн агаартай, цасаар хучигдсан хэсэг ч бий. Гуйлгачин ихтэй ч, боловсролтой нь ч их. Энэ орныг үзэж, мэдэж, мэдэрч дуусахааргүй баялаг “ертөнц”, гайхалтай сайхан орон болохыг дахин очоод ойлгосон юм. Нэг өнцгөөр ойлгож болохгүй, нэг хэвд цутгаж боломгүй, сонирхолтой, “сонин” орон. Очих бүрд өөр зүйлийг ойлгуулж, шинэ мэдрэмж төрүүлдэг Энэтхэг яах аргагүй зочлох ёстой орны нэг мөн.

Shillong, India
Shillong, IndiaХувийн архив

Энэтхэгийн хилээр зургаан удаа алхахдаа жил шахам хугацааг тэр газар өнгөрөөжээ. Урт хугацаанд тооцогдохгүй ч бас ахар хугацаа биш юм. Надад Энэтхэгийн голдуу хойд болон зүүн хойд зүгийг харах боломж олджээ. Миний мэдэх энэ улс бусдын бодлоос өөр, миний сэтгэлд ойр. Миний мэдэхгүй, мэдэж амжаагүй энэ улсын нөгөө тал ямар бол? Дараа дахин нэг очмоор...

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn