Б.Гантулга: Уулчин хүн алдаа гаргах эрхгүй

Дэлхийд 8,000 метрээс дээш өндөрт байрладаг 14 оргил байдаг. Түүний долоод нь монголчууд гараад байна.
Б.Гантулга: Уулчин хүн алдаа гаргах эрхгүй

Далайн түвшнээс 8,000 метрээс дээш орших дэлхийн 10 дахь уул буюу Аннапурна салбар уулсын тэргүүн оргил Аннапурна-1 уулын оргилд нэмэлт хүчилтөрөгчгүй, хөтөчгүй гарч Монгол Улсынхаа далбааг мандуулсан өндөр уулын авиралтын спортын мастер, “Хайрхан аялагч клуб”-ын гишүүн Б.Гантулгыг “Дугаарын зочин”-гоор урьж ярилцлаа.

-Дэлхийн дээвэр Эверест оргилын Аннапурна-1 буюу 8,091 метр өндөртэй уулын оргилд гарч улсынхаа тугийг мандууллаа. Энэ авиралт таны хувьд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зорилгын нэг байв уу?

-Аннапурна-1 уул руу авиралт хийсэн нь тийм ч амар зүйл биш байлаа. Олон хүний бэлтгэл, зүтгэлээс шалтгаалж амжилттай авиралтаа хийгээд ирлээ. Дэлхийд 8,000 метрээс дээш өндөрт байрладаг 14 оргил байдаг. Түүний долоод нь монголчууд гараад байна. Харин үлдсэн оргилуудад монгол хүн гарахад нь тусалж дэмжин, санаагаа нэгтгэдэг багтай болох үүднээс төсөл эхэлсэн. Тивүүдийн оргилууд дээр гарна гэсэн зорилгынхоо нэгийг биелүүллээ.

-Яагаад заавал ийм өндөр ууланд авирах болсон юм бэ?

-Өөртэйгөө тэмцэж ялан дийлэх хүсэл эрмэлзэл намайг их татсан. Учир нь өндөр уулын спорт үзэгчгүй зөвхөн өөртэйгөө тэмцэлддэг төрөл. Энэ сонирхлоо 2009 оноос хойш хөгжүүлсээр хэт өндөр ууланд авирдаг болсон.

-Өндөр ууланд гарахын тулд бэлтгэлээ хэзээнээс хийж эхэлдэг юм бэ?

-Байнгын бэлтгэлтэй байдаг. Нэг уулнаас буугаад дараагийн авиралтаа бодож төлөвлөж явдаг. Өмнөх уулын авиралт дараагийн уулын бэлтгэл болдог. Тиймээс долоо хоногт 24 цагийн бэлтгэлтэй байдаг гэсэн үг. Жишээлбэл, энэ сарын 20-25-нд бүх уулчин хоёр жилд нэг удаа цуглардаг тэмцээн болно. Саяхан гарсан уулнаасаа буугаад шууд тийшээ явж байгаа нь үүнийг илтгэж байгаа юм. Бэлтгэлийн хувьд нэг уулнаас буугаад дараа өдрөөс нь бэлтгэлдээ ордог.

-Ууланд авирч буй хүмүүст нэг онцлог нь улирал байдаг байх. Ихэвчлэн ямар улиралд ууланд гардаг вэ?

-Өндөр уулс бүхэн өөрийн гэсэн онцлогтой байдаг. Тиймээс түүнд нь тааруулж аль боломжтой улирлыг сонгодог. Монголын 4,000-аас дээш метртэй уулуудад бол зуны улирал илүү тохиромжтой байдаг. Харин гадаадын 8,000 метрээс дээш уулнуудад улирлаасаа шалтгаалаад өөр байдаг. Гэхдээ тамирчдын хувьд улирлаас шалтгаалж авирахаасаа илүүтэйгээр улиралд нь тааруулж бэлтгэл хийх нь илүү зохимжтой байдаг.

-Өндөр ууланд гарахад биеэ дасгаж чадаагүй байдлаас ч юм уу, онцлогоос хамаараад оргилдоо гарч чадахгүй байх тохиолдол байх уу?

-Авирагчдад биеэ дасгах үйл явц олон хоногоор хэрэгждэг. Өндөрт гарах тусам хүчилтөрөгч нь багасдаг. Тиймээс илүү жинтэй, булчин шөрмөстэй хүмүүст хэцүү. Учир нь тухайн хүний биеийн масс нь хүчилтөрөгч хэрэглэдэг болохоор хүчилтөрөгчгүй өндрийн нөлөөнд амархан өртөж гарч чадахгүй болдог. Тиймээс жин барих асуудал ууланд авирдаг хүмүүст маш чухал байдаг.

-Өндөр уул руу авирахад тогтсон зам бий юу?

-Янз бүр. Тухайн авирагч өөрөө замаа тавиад, засуулаад явж болдог. Үүнээс гадна нутгийн иргэд, аяллын хөтөч, зам тавигч нар бэлдчихсэн замаар ч явж болдог. Тухайн үедээ аль замыг нь ашиглаад хамгаалалтын олсоо татаад явах нь чухал.

-Уулын спортын юунд та ингэж дурлав аа?

-2008 оноос энэ спортоор хичээллэж эхэлсэн. Өндөр уулын оргил дээр гарахын тулд өөртэйгөө тэмцэлдэж, их эрч хүч, тэсвэр тэвчээрийг гаргах хэрэгтэй болдог. Энэ бүхнийг гаргаад оргил дээр 5-10 минут зогсох үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай мэдрэмжийг мэдэрсэн хүн буугаад явж байхдаа дараагийнхаа уулыг заавал төсөөлж боддог. Тиймээс сэтгэлийн хөг аялгуу гэж хэлж болно. Миний хувьд уул бүхэн амьтай. Нэг уулнаас бууж байхад дараагийнх нь дуудаж байх шиг санагддаг. Тиймээс шантрахгүйгээр олон ууланд гарсан. Мөн оргил дээр зогсохоос илүү оргил хүртэл явах тэр зам, хугацаа, мэдрэмж хамгийн чухал байдаг.

-Энгийн бид ямар ч хамаагүй нэг уулан дээр гараад зогсоход явсан газар, зэргэлдээх уулс дээрх мод ургамал харагддаг. Гэтэл түүнийг хэд дахин нугалах уулан дээр гараад үүлсийг харах мэдрэмж ямар байдаг вэ?

-Хэт өндөр ууланд гарахад эрсдэлтэй. Гэхдээ тэр уулан дээр гарчихаад доошоо харахад үүлэн дээр байгаагаа мэдрэх гайхалтай байдаг. Хүн ямар өчүүхэн, хорвоо дэлхий ямар уудам болохыг л мэдэрдэг. Оргилд гарсан гэж өөрөөрөө бахархах мэдрэмж хамгийн чухал. Монгол төдийгүй гадаадын ууланд олон хүн дагуулж явж байхад өөрийгөө ялан дийлэх торгон мэдрэмж оргил дээрх хэдхэн минутад ил болдог. Оргил дээр өнгөрөөх таван минутын төлөө их цаг хугацаа, хөлс хүч, мөнгө зарцуулдаг. Тэр мөчийн төлөө амь насаа эрсдэлд оруулан байж авирдаг.

-Таны гарч байсан оргилуудаас хамгийн хэцүү нь юу байв?

-Уул болгонд өөр араншин бий. Аль нэгийг нь хэцүү, амархан гэж хэлэх нь өрөөсгөл. Ууланд гарч буй улирал, цаг агаар, зам, хугацаанаас хамаарч авиралтын хүнд, хэцүүг тодорхойлдог. Тухайн ууланд авирахаасаа өмнө бэлтгэлээ хэр базааснаас болж тэр уулын хэцүү гэсэн зүйлсийг яаж даван туулах вэ гэдгийг мэдэрдэг. Миний хувьд энэ жил 8,000 метр өндөртэй хоёр ууланд гараад ирсэн. Түүний нэг болох Аннапурна хайрхны хувьд хэцүү нь байсан. Цасны нуранги ихтэй учраас дэлхий дээрх хамгийн аюултай уулын нэгдүгээрт бичигддэг.

-Уулс хэнийг хүлээж авах, буцаахаа мэддэг юм шиг. Танд ийм зүйл тохиолдож байв уу?

-Тохиолдож байсан. Уулс бүр өөрийн гэсэн онцлогтой. Хүлээж авна гэсэн хүнээ хүлээж авдаг. Харин хүлээж авахгүй гэсэн хүнээ авдаггүй. Ямар нэгэн байдлаар цаг агаар муудах мэт зүйлс тохиолддог. Миний хувьд 2020 онд Алтай таван богдын Хүйтэн хайрхан руу авиралт хийж байхад цаг агаар муудаж буцаж ирсэн. Би үүнийг намайг энэ удаа хүлээж авах боломжгүй юм байна гэж бодсон. Тиймээс зорьсон хайрхан болгон хүлээж авна гэж хэлж болохгүй. Хүнд хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд. Өнөөдөр хүлээж авахгүй гэсэн ууланд заавал гарна гэж дайрах хэрэггүй. Дараа нь чамайг хүлээж авна.

-Авиралт хийхдээ гарч болох ямар эрсдэлүүдийг тооцоолдог вэ?

-Бүх эрсдэлийг тооцоолсон байх хэрэгтэй. Хөлдөх, унаж эрсдэх, дээрээсээ мөс нурахыг тооцоолж, мэдэрч алхам тутмаа хянаж явах хэрэгтэй.

-Уулчдыг ашиг олдоггүй, үзэгчгүй гэдэг. Гэхдээ та бүхэд оргилд гарах нь эрсдэлтэй хэдий ч сонирхолтой байдаг байх. Яг авирч байхдаа юуг мэдэрч, юуны талаар боддог вэ?

-Хэн нэгний сэтгэлийг татах зүйл оргилд байхгүй. Оройд нь гарах бүх замыг даван туулахдаа хүн өөрийгөө хэн бэ гэдгийг таньдаг. Бид хүсэл сонирхлоосоо амьдрах урам зориг, эрч хүч авдаг. Тийм үедээ аз жаргалыг хамгийн их мэдэрнэ. Уулс яг амьдрал шиг. Шантарч ядарна, бас ганцаардаж уйлна, баярлаж догдолно. Харин уулчин хүний алдаа нь эхний бөгөөд эцсийнх байдаг тул алдаа гаргах эрхгүй. Уулчдад зөв, буруу хамаа байхгүй. Харин ч хамгийн сайхан дурсамжийг амьдралдаа үлдээдэг. Дурсамждаа хөтлөгдөж, урагшилдаг хүмүүс бол уулчид. Аялал бол мартагдашгүй дурсамж. Бид байгалийн сайхныг харан мэдэрч, эх дэлхийгээ хайрлаж, хамгаалахын төлөө нэгддэг. Би Монголынхоо үе үеийн уулчдаар бахархдаг. Тэдний туулсан амьдрал тэр чигээрээ уншиж барамгүй судар шиг санагддаг. Би ганцаараа биш баг хамт олонтойгоо явж байгаа. Тэднийгээ дагуулж яваа учраас итгэлийг нь алдахгүйг хичээдэг.

Д.Дарамбазар

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn