"Хараач, тэр их цагаан нуурыг"

Энхэл донхол замын хэмнэлд бүүвэйлэгдэн явахуй дор гэнэт их усан мэлсхийгээд гараад ирэхээр “Хараач, тэр их цагаан нуурыг” хэмээн дуу алдмаар болдог юм билээ.
"Хараач, тэр их цагаан нуурыг"

Замын бартаа нэмэгдэх тусмаа байгалийн үзэсгэлэн улам төгс болдог доо. Архангайн Тариат сум ийм л нутаг юм. Энэ жил хур арвинтайг ч хэлэх үү, Тариат сум гол усан элбэгтэйг яах вэ, ёстой хаашаа л харна, эрэгтээ багтахгүй их усан мэлтэлзээд байх нь тэр. Арын сайхан хангай хотоос 480-аад км, цаашаа Тариат сум 200-аад км, зорьж очсон Тэрхийн цагаан нуурын эхэн хүртэл 50-аад км зайтай.

Ажлынхаа хажуугаар 700 гаруй км “шилрээд” ирсэн сониноосоо ийнхүү дуулгая.

-Уралдах уу

-Уралдъя гээд “Морьтой ч болоосой” кинонд гардаг даа. Тэгвэл Тариатын нутагт бас нэг иймэрхүү яриа өрнүүлж явав. Нутгийн голууд угаасаа урсац арвинтайн дээр хурын ус нэмэрлээд хэр баргийн төмөр хүлгийг нөгөө эрэг дээрээ гаргахгүй болжээ. Сумын төвөөс портер машин хөлсөлж гарсан бидний хэдэн хүний хувьд гол таарвал

-Буух уу

-Бууя гэдэг яриатай болов. Тэрхийн цагаан нуурын араар урсах гурван гол уг нь жийптэй хүмүүст бол шалбааг л юм. Харин портертой бидэнд бол гол оо гол. Эхлээд бид бууж, усны гүн, гүний бартааг нь гаталж шалгана. Дараа нь портероо “гулсуулна”. Гол гарах болгондоо жолооч маань нэг их том даваа давсан мэт тамхи татаж тухална. “Одоо Шанаатын голыг гарчихвал ч “хоёр яс саллаа даа” гэж өөртэйгөө ярина. Хэрвээ нуурыг урдуур нь тойрсон бол Тэрхийн голыг бидний хөлөглөсөн портер байтугай жийп ч гарахааргүй үертэй байгаа гэж нутгийн хүмүүс анхааруулсан. Ийнхүү бид зорьсон айлдаа нар ханын толгойд буухад ирсэн юм.

Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо бол манай улсын аялал жуулчлалын нэг гол бүс. Тэр байтугай өнгөрсөн онд CNN-ээс аялах шилдэг газруудын тоонд оруулсан байна лээ. Энд зөвхөн Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоог үзээд зогсохгүй хоорондоо түүх домгоор холбоотой олон жижиг нуур, тогоо, агуйнууд байх аж. Тухайлбал, Хоргын тогоог тойрсон долоон тогоо, долоон чулуун гэр байдаг хэмээн нутгийн хүн хэлж байна билээ. Мөн Хоргын тогооны ойролцоо Шар нохойн там, Залуусын агуй, Мөсөн агуй гээд саахалтын зайтай байгалийн өвөрмөц тогтцууд ч байна. Агуй, тогоогоор арвин байдаг нь Хоргын гал уултай холбоотой биз ээ. Хэрвээ Хорго хэмээх галт уул дэлбэрээгүйсэн бол Тэрхийн гол халуун хайлмагт боогдон нуур болон тогтохгүй, дээрх олон агуй, тогоо үүсэхгүй, олон зуун жуулчин зорьж очдог Хоргын тогоо байхгүй байх байжээ.

Ер нь замын хүн бууж саатахгүй байхын аргагүй нутаг юм.

Тэрхийн цагаан нуурын эргийг захалсан зам хүний хөлөөр тасрахгүй. Олонх нь нууран дээр амрах гэж ирж байхад дайрч өнгөрөөд Хөвсгөл, Говь-Алтай руу зорих хүмүүс ч байх. Нутгийн иргэд зах зээлийг нь хараад нуурыг тойрон аялал жуулчлалын бааз байгуулах нь байгуулж, дэн буудал гэдэг шиг үдлээд гарах гэр үйлчилгээг ч ажиллуулаад эхэлжээ. Гэхдээ гэр баазууд нуурын эрэгт тулж байрласан хийгээд амрах гэж ирсэн хүн болгон ус руу ордог зэрэг нь бохирдол үүсэхэд хүргэж байгаа юм билээ.

“Нутгийнхан гадаадын жуулчдаас илүү дотоодынхноосоо айдаг. Учир нь батгана суусан газар өттэй гэдэг шиг монголчуудын буудалласан газар хог хөглөрөөд үлддэг” хэмээн Хөвсгөлийн хөтөч хэлж байсныг санав. Нуурын захаар хэдийн хог хөглөрөөд эхэлжээ.

-Энүүхэнд Ногоон нуур гэж бий. Цаана нь Хөдөө нуур гэж түүнээс ч том нуур байдаг юм. Ер нь цагаан нуураас (Тэрхийн цагаан нуур) гадна олон жижиг нуур бий. Манайх нууран дунд л байдаг айл даа хэмээн зорьж очсон айлын маань хүн хэлсэн. Уг нь энэхүү жижиг нуурууд Тэрхийн цагаан нуурын нэг хэсэг байжээ. Гэвч олон мянган жилийн туршид газрын хэвлий доошилсоор Тэрхийн цагаан нуур тасарч, жижиг нуурууд үлдсэн байна. Өдгөө Тэрхийн цагаан нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол. Харин эх авдаг ганцхан гол байдаг нь Суман гол. Энэхүү гол Тэрхийн цагаан нуурын тэг дундуур нь урсаж гардаг болохоор Суман гол хэмээн нэрлэсэн гэдэг. Үнэхээр л сум шиг ширүүн урсгалтай гол байна билээ.

CYH

Домог ёсоор бол эмгэн өвгөн хоёр худгийнхаа тагийг таглаагүйгээс болж Тэрхийн цагаан нуур үүсэж, улмаар нэгэн баатар эр уулын оройг таслан худгийн амыг тагласан гэдэг. Өдгөө тэрхүү уулын толгой гэмээр толгод нуурын голд байх. Энэ толгойн оройд өөр хаана ч ургадаггүй, санхам хэмээх ховор ургамал ургадаг гэнэ. Энэ нь эмийн болоод бэлгэдлийн чухал ач холбогдолтой ургамал юм билээ. Тухайлбал, үс ургуулах, олгой хатаах зэрэгт эмийн ургамал талаасаа сайн бол санхамыг гэртээ хадгалбал тухайн айл олз омог ихтэй байдаг хэмээн бэлгэддэг ажээ. Энэхүү толгойд өвлийн цагт хүрэхэд хамгийн дөхөм. Учир нь баруунаас зүүн тийш 16 км сунаж тогтсон Тэрхийн цагаан нуур өвөлдөө дун цагаан мөс болж хувирна.

Нарны сүүлчийн шаргал туяа модод сүлбэн хурцаар цацарч байхад Хоргын тогоон дээр гарав. Тэнд тогооны тогтцыг харахаасаа илүү нутгийн нэгэн эмэгтэйн ярьсан Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо, Шар нохойн тамын нэгэн гунигт домогт уусав. Шүлгийн тэгт оруулсан тэрхүү домог яг л Б.Лхагвасүрэн гуайн “Үр могой” шиг айдас, гуниг төрүүлсэн. Тэр эмэгтэй домгийг зүгээр ч нэг ярьсангүй. Суудал дээрээ яльгүй найган, тэнгэрийн хааяа ширтэн ямар гунигтай өгүүлнэ вэ. “ Ангалд амьдаар нь оршуулсан хөгшин ноёны хайртай шар нохой нь тав хоноод нүд аньж гэнэ” гээд л Шар нохойн там хэмээх газрын түүх төгсөв.

Портероор зочилсон айлдаа нэг үнээ саагаад л хөдөлсөн дөө. Харин буцах замдаа дээрх бүгдийг үзэж, сэтгэл мэлмийгээ баясгасаар ирсэн билээ. Монгол нутгийн үзэсгэлэн үнэхээр яндашгүй баян юм билээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn