Шиврээ бороо, сэвэлзүүр салхи, шинэхэн төгөл дагуулсан аялал

Байгалийн үл мартагдах үзэсгэлэн, түүхийн үл давтагдах үнэнийг өгүүлсэн Сайханы хөтөл дээр удаан зогсмоор. Гав ганцаараа. Талын онгон салхинд илбүүлэн, хаа нэгтээ, хэзээ нэгэнтээ болсон дурсамжийг сөхөөд л.
Шиврээ бороо, сэвэлзүүр салхи, шинэхэн төгөл дагуулсан аялал

Ерөнхийлөгчийн зарлигаар мод тарих хөдөлгөөн өрнөж буй энэ үед 12 жилийн өмнө Тужийн нарсыг турьхан байхад албан байгууллагаараа явж мод тарьж байсан талаарх дурсамжаа тэмдэглэн хүргэж байна.

Шөнөжин орсон борооны дараах өглөөг угтахдаа хүн инээм­сэглэхгүй байж чадна гэж үү. Яг л тийм өглөө байлаа. Гэхдээ шөнөжин орсон бороо зогсоо­гүй л. Бороонд үл ялиг жихүүдэс хүрэх ч даарлаа гэвэл тэнгэрийн хурыг тээршээсэн алдаа болно. Энэ өдөр манай хамт олон замд гарахаар тов­олсон. “Босох нь ч босно. Гэхдээ гэр ойрынх, тэр болгон сонсоод байхгүй борооны чимээг чагнаж жаахан хэвтэнэ шүү” гэх шүү юм бодон миний бие хөнжилдөө шургана.

Гадаа гарахад өнөөх утаа­тай, шороотой Улаанбаа­тар нийслэл минь өнгө орчихож. Ажил дээр цуглах болзоотой манайхан ч бороотой замд боогдон цуварна. Юун нөгөө эртлэн хөдлөх. Энэ хүлээлтийн хоромд цонх даган урсах борооны усыг ажин, хамт олныхоо хөгжилдөн бороон дунд гүйлдэхийг нь харж суух амттай байсан. Яг энэ мөчийг удаашруулж харвал аз жаргалын тухай их аятайхан рекламын пауз болох юм шиг. Ер нь замд гарахын өмнө хүмүүс яагаад ийм аз жаргалтай байдаг юм бол? Ингээд бид сэвэлзүүр салхи, шиврээ бороо, шинэхэн, тодхон орчлонг дагуулан замд гарлаа. Бидний очих газар, явах чиглэл тодор­хой. Жил бүр очдог Сэлэнгийн Тужийн нарсандаа очиж, мод тарина.

Эмзэгхэн, турьхан, сийрэгхэн тужийн нарс

Сэлэнгэ хүрэх замын бай­гальд нүд унаж явлаа. Бүр ирээдүйд амьдрах газраа товлосон гээч. Тэр нь Сэлэнгэ мөрний эрэг дээрх хэсэгхэн модтой буйдхан газар. Гол дагасан нов ногоон өнгө, цаахна нь хадтай, модтой уул. Дутуу юм юу ч алга. Сэлэнгэ гэж ерөөсөө мод ургах л дуртай газар юм. Ууланд нь ч, талд нь ч ганц нэгээрээ, бөөнөөрөө мод. Мал цөөтэй болоод ч тэр үү, мод ихтэйгээс ч юм уу талын өнгө сэргэг, цэвэрхэн харагдана. Манай хангай нутагт малын баас хаа сайгүй харлаад л, энд тэнд мал бэлчээд л байдаг шүү дээ.

Дархан-Уул аймгаар дайрч гарлаа. Улаан­баатар шиг элдэв чимэг зүүлтгүй ч барилгууд нь цаанаа л нэг гэрэл гэгээтэй, сайхан хот юм. Хамгийн гол нь нүүгэлтсэн их машин техникийн чимээ байхгүй нь аливаа газрыг амар амгалан болгоод байх шиг. Хамт олноороо яваа болохоор авто­бусдаа ч, талд ч уйдахын завгүй явлаа. Сиймхий гарвал нь зогсож гар бөмбөг тоглоод л. Ингэж явсаар нэг л мэдэхэд Тужийн нарсанд ирэв. Нүд алдам талыг бүчсэн ногоон ой байсан юм гэсэн. Одоо нялх хүүхдийн зулай шиг эмзэгхэн, турьхан, сийрэгхэн харагдана. Хүний гараар устсан зүйл эргээд хүнийхээ гараар амилж байгаа дүр зураг. Ургалт удаан ч үр дүн сайн байгаа нь хамгийн чухал. Үүнд манай хамт олны сэтгэл шингэсэн гэж бодохоор бас л сайхан юм аа. Их том буян энд өрнөж байна. Бид ч ажилдаа орлоо. Шинэ үрийн суулгацаа бие биеэсээ өрсөж суулгах гэж уралдаж яв­саар хэдэн гүвээ даваад арилж өгснөө ч мэдсэнгүй. Суулгац ч дууслаа, буцах дохио ч ирлээ. Энэ өдрийн ажил дуусаж буйг илтгэх мэт нар хэвийж байгаа харагдана. Нар жаргах тэр л шаргалхан агшныг Тужийн нялх нарсан дундаас ажихад нэгэн шинэ мэдрэмж төрсөн.

Төмөр тавагтай шар будаа, таван цулын шөл

Бас л нэг шинэ мэдрэмжийг амтлахаар Цэргийн хуаранд очлоо. Энэ газар бол Хилийн цэргийн дугаар анги. Энд хононо гэдэг ховорхон олдох завшаан учир цэрэг эрсийн тэвхийтэл хураасан давхар орон дээр унтана гэдэг яах аргагүй шинэ мэдрэмж. Эмх цэгц, цэвэрч байдал, үүрэг хариуцлага гэдгийг эндээс л харж болно. Бид зүгээр ч нэг өдөр таарч хоносонгүй. Маргааш нь Ялалтын баяр байсан. Нэг ёсондоо маргаашдаа яарсан цэргүүдийн сэтгэл догдлолтой хамт анх удаа хонож үзэх нь. Орны цагаан хэрэглэл нь хайр­гаар хацар үрж байгаа юм шиг ширүүн санагдсан ч пүрштэй ор цаанаа л тухтай. Маргааш бүрээ, цэргүүдийн жигд алхаа­тай жагсаалын дуунаар л сэрэх байх даа гэж бодсоор унтлаа.

Гэвч тэр бүгд болсонгүй юу, би мэдсэнгүй юу ямар ч гэсэн нар тусчихжээ. Цэргүүдийн хувьд орой, бидний хувьд их эрт босоцгоов. Ахлах цолтнууд лав гоёчихож. Эднийхний олонх нь хаашаа ч юм баярын парадад оролцохоор явсан сурагтай. Харин энэ сарын эхээр татаг­даж ирсэн шинэ цэргүүд гадуур гүйлдэж байна. Одоогоор дүрэмт хувцсаа өмсөх болоогүй юм уу, дээлтэйгээ л гүйлдээд байх юм. Урьд шөнө бидний унтаж, хааш яаш зассан орыг тэд ном журмаар нь засаж байхад нь тэднээс анхны сэтгэгдлийг нь сонсов.

“Төсөөлж байснаас гоё юм байна. Энд ирээд анх сурсан зүйл бол ёслох” гэхээс өөрөөр бишүүрхсэн хүүхэд шиг тэд ерөөсөө өөр зүйл ярьж өгсөнгүй. Нэг л их завгүй ор зассан хүмүүс. Бид хуаранд хонож үзсэн төдийгүй, цэргийн хоолыг идэж үзэх аз таарав. Шар будаа, төмөр тавагтай таван цулын шөл. Тэгээд дунд нь нэг данхтай хар цай, хэдэн зүсэм талх. Танил биш хоол байсан ч амттайг нь гайхан идэв. Дараа нь цэргийн хуарангийн шинэ содон зүйлсийг үзэж, зургаа татуулж, тэр тунгалаг өглөө автобусан­даа суун хөдөллөө.

Байгалийн үл мартагдах үзэсгэлэн, Сайханы хөтөл

Одоо хил давж үзнэ шүү дээ. Алтанбулагийн чөлөөт бүсэд оронгуут хаягаасаа эхлээд оросжоод явчихав. Хүнд тээврийн машинууд хил гарах гээд дугаарлаад зогсчихож. Ченжүүд мөнгөө солих уу гэж гүйлдэнэ. Энд сул шороо ихтэй юм уу, сая салхи хөдөл­ж орхив уу, тэнгэр ёозгүй болоод эхэллээ. Хил, гаалийнхан ч бидэнд царай өгөхгүй янзтай болоод явчихлаа. Хил гаргахгүй юм байх. Уг нь тэнд хилийн зурвас цайраад харагдаад байдаг. “Ингээд харсан чинь тэр цэргийн жагсаал ч дүүрч, зүгээр л хилийн дээс алхаад үзчих юм сан” гэж бодож суув. Гэтэл энэ хүсэл гаа­лийнхны хаврын тэнгэр шиг араншнаас болж талаар болох нь тодорхой боллоо. Манайхан хэдэн зэргээрээ учирлаад бүтээгүй тул буцахаар хөдөлтөл хил гаргахаар болжээ. Гуйхаараа нэг болсон бид гаалийнхны олон аашийг гайхан буцав.

Ингээд бидний төлөвлөгөө өөрчлөгдөж, Сай­ханы хөтөлд очиж нүд, сэтгэлээ баясгахаар шийдлээ. Замын хоёр талаар зассан юм шиг модод зүсэн, уруу газар хурд­лах үнэхээр таатай. Сайханы хөтөл ойртонгуут зам өгсөж, мод өтгөрлөө. Ёстой л оноод нэрлэчихсэн сайхан газар даа. Хөтөл дээрээс Орхон, Сэлэн­гийн бэлчрийг харахад өөрийн эрхгүй нүд алдмаар. Үгээр зүйрлэмгүй байгалийн уран зураг гэж л үүнийг хэлэх байх. Сайханы хөтөл дээр ардын хувьсгалын сүлд дуу болох “Шивээ хиагт”-ыг зохиожээ. Байгалийн үл мартагдах үзэсгэлэн, түүхийн үл давтагдах үнэнийг өгүүлсэн Сайханы хөтөл дээр удаан зогсмоор. Гэхдээ гав ганцаараа. Талын онгон салхинд илбүүлэн, хаа нэгтээ, хэзээ нэгэнтээ болсон дурсамжийг сөхөөд л.

Инээд хөөр дүүрэн аялал маань ингээд өндөрлөлөө. Бяцхан гуниг төрөх шиг. Буцах гэдэг үг дандаа нэг ийм мэдрэмж төрүүлдэг дээ, тэр нь л юм байх. Гэхдээ зөндөө олон гэгээн дурсамжийг сэтгэлдээ зурж үлдээчихээд явж байна.

“Эзэн бидний алтан хөмрөг

Энгүй тансаг байгальдаа хайртай” гэж дуулж ирсэн шигээ дуулсаар буцлаа. Тужийн нарс, Сайханы хөтөл, цэргийн хуа­ран, хилийн зурвас минь түр баяртай. Дараа жил та нар дээр яг л энэ удаагийнх шигээ, сэтгэл, инээд хоёр цалгиулж очно оо.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn