Дурсамж- Хадгийн наадам

Бороонд хөлөрсөн зуны гүн ногоон өвсөн дээгүүр хөл нүцгэн алхаж, саахалтын зайнд сааралтах манан буданг ажиж, газрын чийг, тэнгэрийн хурыг таван мэдрэхүйгээрээ хүртэх шиг сайхан амралт гэж хаана байна.
Дурсамж- Хадгийн наадам

Одоогоос яг 9 жилийн өмнө бичиж байсан тэмдэглэлээ уншигч та бүхэнтэй хуваалцаж байна. Он цагийг нь сонсохнээ хэдий хол ч энд бичсэн дурсамж амьд халуунаараа, шинэ сэргэгээрээ. Наадмын амралт, хөдөө, аялалтай зун бүр “учирдаг” учраас аргагүй биз ээ.

Энэ жилийн наадмын амралт олон хоног үргэлжлэх болохоор хотынхон тэр чигээрээ хөдөөг “дайлаар мордох” нь тодорхой. Тэр тусмаа нутгийн минь замд /Өвөрхангай аймаг Бат-Өлзий сум/ машины цуваа тасрахгүй. Угаасаа ч Хүрхрээ, Төвхөн хийд, Найман нуур үзэх гэсэн хүмүүсийн цуваа жил жилийн зун татардаггүй. Энэ жил улам их байгааг асга, хад ихтэй манай зам дээр ар араасаа бүдчин үл тасрах цуваа батална. Эрин галавын халуун хайлмагаас тогтож үлдсэн тэрхүү асга, хад явж үзээгүй хүнд бол хараал бармаар адармаатай зам. Тэр нь манай сумын үүд гэмээр Үүртийн тохойн ойролцоогоос Хүрхрээ хүртэл бараг 30-40 км үргэлжилнэ. Энэ хэсэг аялал жуулчлалын нэг чухал маршрутад ордог учраас удахгүй засмал зам тавих гэж байгаа юм билээ. Зам дагуу жижиг шонгууд хатгасан байсан.

Үдлээд мордохдоо Хадгийн наадам үзнэ

Улсын наадмыг амдаж аймаг, сумдын наадмууд болдог учраас аялалд гарсан хүмүүс замаараа жижиг бэсрэг наадмуудтай их таарна. Гадаадын жуулчид бол бүр зорьж ирж үздэг. Манай нутагт Хадгийн наадам гэж сумынхаа наадмаас илүү өргөн дэлгэр болдог баяр бий. Анх Хадгийн наадмыг Цохио хэмээн нэрлэдэг байжээ. Одоогийнхоор бол мөрийтэй тоглоомтой адил уралдах мориндоо бооцоо тавьдаг наадаан байж л дээ. Мөнгө цохиж авах гэдэг үгнээс цохио гэдэг нэр бий болж. Яваандаа энэ наадмын хүрээ нь өргөжиж, нэр нь ч өөрчлөгдсөн байна.

Өдгөө манай нутагт өвөл, зунд Хадгийн наадам болдог. Гэхдээ өвөл зөвхөн их насны морь уралддаг бол зун бүх насны морь уралдаж, бөх барилддаг. Тэгэхдээ нэг насны морины байг хоёр хүн дааж гаргадаг заншилтай. Өөрөөр хэлбэл, жил бүр нутгийн хүмүүс хадгаа дамжуулж, ээлжлэн наадмыг зохион байгуулдаг. Гэхдээ зүгээр нэг морь, бөхийн байг гаргаад зогсохгүй, наадамд ирсэн бүх хүнийг айраг, цагаагаар дайлж, Шар тохойн дэнж дээр ёстой нэг дэлгэр наадна даа. Аймаг, улсын наадам шиг бөх, морио үзэх гэж дуран барьж, саравчлахгүй. Барилдах бөхийнхөө хөлд завилж сууж байгаад л “ориг”-оор нь үзнэ шүү дээ.

Нутгийнхан бие биеэ андахгүй болохоор “Чи харж суухаар нэг гараад үзээч. Лав гурван даваатай даа” хэмээн биеэ дэмжин гаргаж байхад барилдах дуртай банди нар нэг сайн шидүүлж аваад инээсээр буцаж суугаа харагдана. Гадаадын хүн хүртэл барилдаж л байх. Засуул нь согтоод алга болчихно, захад суусан нэгийг босгож ирээд ажлыг нь үргэлжлүүлнэ. Энэ мэт хөгжилтэй юм их болно. Өвгөчүүд асрын сүүдэрт тамхилан хол, ойрын сонин ярьж суухад, сөн түшсэн залуучууд тэдэнд айраг аягалан хүндэтгэнэ. Хүүхдүүд барилдаж байгаа ах нарыгаа харж “бяр нь амтагдан” хоорондоо хэрдээ л хүчийг үзэн ноцолдоно. Ер нь Хадгийн наадмаас цаг алсрах тусам бүдгэрч байгаа хэзээний танил, хээгүй монгол төрхийг олж хардаг юм. Тиймдээ ч гадаадын жуулчид зорьж ирж сонирхдог болов уу.

Тухалж суухдаа бороонд хөлөрсөн зуныг ажна

Энэ зун байгальд гарах хүн бүхэнд баяр хүргэе. Учир нь харахгүй, мэдрэхгүй, үнэрлэхгүй бол алдас болохоор тийм “нялх” зуны өнгө, үнэрээр дүүрэн, ер нь бүх юм гайхамшигтай байна. Бороонд хөлөрсөн зуны гүн ногоон өвсөн дээгүүр хөл нүцгэн алхаж, саахалтын зайнд сааралтах манан буданг ажиж, газрын чийг, тэнгэрийн хурыг таван мэдрэхүйгээрээ хүртэх шиг сайхан амралт өөр хаана байх билээ. Голын чимээ, хорхог, айраг дэргэд байх нь мэдээж шүү дээ.

Энэ жил хур арвинтай үнэхээр сайхан зун болж байна. Хэзээ л ингэж газрын чийг хамар сэнхийтэл үнэртэж, манан хажууханд бууж байлаа даа. Цаг сайхан болохоор мал сүрэг, хот айл ч цаанаа нэг налайгаад амар тайван. Ер нь саяхны хэдэн өвөл зуд болж, байгаль өөрийгөө нэг сайн цэвэрлэж авснаас хойш цаг эргээд зөөлрөөд ирсэн шиг санагдана. Газар тавьсан уурга олддоггүй тийм өндөр, сахлаг өвстэй байсан гэж өвгөчүүд ярьдаг байсан үеийг гүйцэхгүй ч хуртай зун жил дараалан айлчилж ирсэн болохоор байгаль улам нялхарч байна.

Дээр хэлсэнчлэн Хүрхрээ буюу Улаан цутгалан орох замыг засмал болгох сургаар тэр хавьд хүмүүс газар авах сонирхолтой болжээ. Хотынхон шиг газрын үнэ цэнийг айхтар ухаараагүй сумынхан хүртэл зам дагуу 0,07 га-гаа авчихвал алсдаа “чулуу” болохыг ойлгосон байна. Угаасаа дотоод, гадаадын жуулчид байнга цувж байдаг учраас зам дагуух бизнес ашигтай. Тэгээд ч Мянганы зам мэтийн их хөлийн газар шиг хоёр талаараа гэр гуанз, дэлгүүр хоршоо гэж энд байхгүй, яг л онгон байгалиараа. Харин айраг, цагаагаа худалдах гэж замд ойр буусан айлууд олонтой. Орхоны хөндийн сав дагуу учраас аялж яваа хүмүүс голын эргээр буудаллаж хоноглох нь илүү аятай амралт болдог. Тэгээд ч зам дагуу үзэх газар ихтэй.

Хустын рашаан хэмээх хусан ой доторх газрын гүнээс ундарч гардаг рашаанаар дайрч өнгөрч болно. Энд хөлөөс толгой хүртэлх бүх төрлийн рашаан тус тусын газраас ундардаг бөгөөд нутгийн хөгшчүүд наадмын дараагаас эхлэн илүү гэрээрээ ирж рашаан уудаг заншилтай. Хустын рашааны дээхэн Усан цэргийн тохой гэж загас барих хоббитой хүмүүсийн жинхэнэ үдэлж хонохоор газар бий. Урьд нь цэргүүд ийшээ шумбан сургуулилт хийдэг байсан учраас ингэж нэрлэсэн юм билээ. Эндээс гол даган дээш явахад мөн Орхоны шахлага гэж бий. Бас л загас элбэгтэй, наранд нөмөртэй, хясаархаг газар. Ингээд л уйдах завгүй явсаар Хүрхрээн дээр хүрнэ. Эндээс Найман нуур руу ч явж болно. Гэхдээ шавар, шалбааг ихтэй үед зүүн талаасаа явж хүрэхэд бэрх. Нутгийн хүмүүс голдуу морь, фургоноор явдаг.

Нутгийн замд дурсамж жирэлзэнэ

Зуны энхэр дурдатгал минь. Хар багаасаа догдлон хүлээж, хүлээсэн өдөр нь болоход харин тугалын бэлчээрээсээ эргэж ирмээргүй болдог сумын наадам минь. ЗИЛ 130 машины тэвш дээр суугаад сумын наадам үзэхээр явахдаа яагаад ч юм гэрээсээ бүр явах гэж байгаа юм шиг уйлчихаж байсан гэнэн нас минь. Энэ бүхэн наадмын өдрүүдэд нутгийн замаас уншигдаж явлаа. Нутаг зүг жилдээ нэг гүйгээд, гуу, жалга болгонд нь нуугдсан дурсамжаа сөхөж үзэх амттай шүү.

Гадаа бороо шивэрч, сэтгэлд дурсамж сэмэрсэн замаар хурдалж явна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn