Миний мэдэх Энэтхэг

...Түүнээс хойш Энэтхэгийн хилийг таван удаа давна гэж зүүдлээ ч үгүй явж. Хэзээ ч ирэхгүй байхдаа гэсэн Силигүридээ дахин хоёр удаа зочилсон юм. Тиймээс “Хэзээ ч гэдэг үгийг хэзээ ч битгий хэлээрэй” гэдэг шиг хүний амьдрал баялаг болохыг амьдралдаа амссан бас мэдсэн...
Лех Ладак
Лех ЛадакХувийн архив

Би Энэтхэгийг үгүйлдэг. Дахин нэг очих сон гэж хаа нэг бодно. Хилийн дээс алхаад анх очсон газар минь Энэтхэг байж таарсан юм. Тэр үед би хүний нутгийг байтугай өөрийн нутгаа ч сайн мэддэггүй энгийн нэгэн оюутан байлаа. 18 нас хүрээд авсан гадаад паспортоо амжиж хэрэглэлгүй “үхүүлэх” нь дээ хэмээн айсан ч хэргийг нь нэг гаргасан жил 2014 он болов.

Улаанбаатараас Бээжин, Бээжингээс Энэтхэгийн нийслэл Нью Дели тэндээсээ Силигүри хэмээх газрыг зорин нислээ. Үзсэн харсан юм бүхэн шинэхэн, адал явдлаар дүүрэн, хөөрч баярлаж яваад Делид хүрэв. Онгоцны цонхоор цэлмэг хөх тэнгэр биш бүрхэг, бүгчим халуун орны саарал тэнгэр үзэгдэнэ. Энэтхэгт би газардлаа, “Үнэр нь ямар содон юм бэ?” гэж өөрийн эрхгүй бодогдов. Нэг тийм хурц, муухай биш хэдий ч анх үнэртэхэд бас таатай биш сонирхолтой үнэр намайг угтлаа.

Ганцаараа бас дураараа сонирхож, сонжиж явсаар орон нутгийн нислэгээ хайж бага зэрэг будилсаар олоод очсон би хүмүүсийг хаа нэг сонжсон шигээ сууна. Энэтхэг кинон дээрх гоолиг туранхай эмэгтэйн оронд махлаг, цайвар царайтай, сахалтай, сари өмссөн 50 гаруй насны нутгийн эмэгтэйг гайхаж нэг, сонирхож нэг хальт харсаар нислэгийн цаг маань болов.

Силигүри дэхь сургалтын байр
Силигүри дэхь сургалтын байрХувийн архив

Миний зорьж буй Силигүри бол Баруун Бенгал хэмээх мужийн томоохон хот бөгөөд "Зүүн хойд Энэтхэгийн гарц" гэгдэнэ. БНХАУ, Балба, Бангладеш, Бутан зэрэг улсын дөрвөн хилийг холбосон Баруун Бенгалд стратегийн чухал ач холбогдолтой худалдаа, тээврийн чухал төвд тооцогддог газар байлаа. Сая гаруй хүнтэй энэ газар Гималайн нурууны бэлд Махананда (Mahananda) болон Теста (Teesta) голын эрэг дээр байрлана. Силигүри нь цай, мод, аялал жуулчлалаараа алдартай. Харин миний төсөөлөлд богино хугацааны сургалтад суун хэдэн сар амьдрахаар зорьж буй гадаад орны гоё хот байв.

Онгоц газардаж, ачаагаа аваад гартал миний төсөөлсөн шиг хээнцэр ганган барилга, том, сайхан хот биш харин “манан будан” татсан, саун шиг бүгчим агаартай, өндөр барилгын бараа сураггүй бөөн “шавалдсан” хүн угтав. Харин дараа нь болсон зүйл миний амьдралдаа хийсэн хамгийн гэнэн бас тэнэг бүр ичмээр явдлын нэг болсон юм.

Намайг тосохоор хүлээж буй 16 орчим насны туранхай хүү тэнд хэр удаан зогссоныг би мэдэхгүй ч хэдэн төгрөг “хөлсөнд” нь өгснөө харин сайн санадаг юм. Харамлаж өгсөндөө бус байгаа мөнгөнийхөө хэрд тааруулсан хэмээн өөрийгөө зөвтгөхийг хүссэн ч 20 рупи буюу 80 төгрөг өгсөн байснаа ойлгоод өөртөө одоо ч уур хүрэх шиг.

Хорин насандаа хилийн дээс алхсан надад байгаа Энэтхэг мөнгө нь 120 рупи байв. 20 рупигээ аваад 100 рупигээ өгөхөөр хамаг байгаагаа өгөх болчихно. Такси нь хэдээр явахыг, хэдэн төгрөг хэнд төлөхийг тэрхэн зуур ойлгож, ухаарах завдал ч гарсангүй. Нөгөө хүүгээс асуухаар “Хэдийг өгөхөө өөрөө мэд” гэнэ. Олны хөл хөдөлгөөн, бүгчим халуун гээд цөөнгүй шалтгааны улмаас өөрт байгаа арай их гэж бодсоноо л өгсөн нь тэр байж. Сүүлд учрыг нь олоод санаа их зовж билээ. Дахиж тэр хүүтэй тааралддаг ч болоосой гэж хэд гурав бодсон юм даг.

Тэр үеийг бодохоор монголд болсон нэг явдал санаанд буудаг юм. Оюутан байхдаа кафед цагийн ажил хийдэг байлаа. Нэг өдөр манай зөөгчийг гадаад хүн чухалчлан дуудаж, цайны мөнгө “гардуулахдаа” арван төгрөг өгчихөөд ихэд додигор гарсан юм. Дараа нь би үүнийг давтана чинээ хэрхэн санах билээ. Ханшийн зөрүү, мөнгөн тэмдгээ ч судалж мэдэхгүй гэнэн бас тэнэг үе минь олон зүйлийг надад ойлгуулжээ.

Силигүри
СилигүриWikipedia

Силигүри ба тэндхийн амьдрал

Жоом нь том бас нисдэг. Шөнө халууцаад унтах үүрэглэхийн завсраар хонохын хажуугаар хаанаас, юу нь мэдэгдэхгүй хорхой, шавж энд тэндгүй булдруу үүстэл хазчихна. Уйлах, инээх хоёрын дунд хоёр долоо хоноод нэг өглөө сэрэхдээ нутгийн “индиан” болчихсон байж билээ.

Силигүрид бидний очдог газар тоотой. Амралтын өдрөөр хотын төвийн хэдэн том дэлгүүрүүдийн нэг “City Centre”-ийг өнжинө гэж бараг байхгүй. Дөрвөн давхар, сэрүүцүүлэгчтэй тэр барилга сэтгэлийг харин сайхан сэргээчихдэг байж билээ. Орохдоо цүнхээ, гарахдаа худалдан авалт хийсэн баримтаа шалгуулна. Тэндхийн супермаркет нь сонирхолтой бас солонгос эзэнтэй бэкери нь амттай. Дэлгүүрт үнэ бичсэн цаас харагдахгүй бөгөөд бүгд бараан дээрээ байрлана. Жигнэмэг нь хямд, үйлчилгээ сайтай, сонголт арвин. Янз бүрийн жигнэмэг хольж идсээр нутаг буцахын цагт нэлээд жин нэмээд авав. Нэг удаа тэнд уртын дуу уянгалж, уйлуулах шахаж билээ. Хаа байсан тэнд уртын дуу сонсоно гэж хэн санах билээ дээ.

City Centre mall
City Centre mallCity centre mall page

Сургууль маань Девиданга (Devidanga) гэдэг газар байрлана. Тэндээс жимсний зах нэг буудлын зайтай. Манго жимс 2,000 гаруй, жижиг багцалсан банана 900 төгрөг гээд төрөл бүрийн жимс, өнгө бүрээрээ алаглах бөгөөд хямд гэж жигтэйхэн. Худалдагчид нь бүгд эрэгтэй. Оёдолчин, цэвэрлэгч, тогооч гээд хаашаа ч харсан эрэгтэй хүн л ажиллана. Надтай нийлээд таван монгол хүн тэнд хамт байсан бөгөөд бид манго жимсний “парти” өрөөндөө харин ч олон хийсэн дээ.

Анх би Энэтхэгийг байсан газраараа дүгнэж, халуун бас бүгчим, хорхой шавж ихтэй, ядуус нь олон, гуйлгачинд нь гутал ч байдаггүй “ядруу” нэгэн орноор дүгнэсэн юм. Гэхдээ л тэр “ядруу” газар намайг өөртөө татсан.

Аймаар зүйл тэнд олон. Сургуулийн хажууд нөгчсөн нэгнээ шатаахыг, оршин байгаадаа ч түүртэж, амьсгал авахад ч ядармаар халуунд “Амь нь хаанаа байна” гэмээр туранхай, өндөр настай хүмүүс аяга хоолны төлөө хөлсөө урсган хүн зөөнө.

Rickshaw-аар зорчиж буй нь
Rickshaw-аар зорчиж буй ньХувийн архив

Ноход нь хүртэл харахаас залхуутай, хашаа байшингийн сүүдэрт хажуулдаж хэвтэх нь хэцүү. Харин ганцхан жаргалтай нь үнээ, тугал юм уу гэж хаа нэг бодогдоно. Хиндү шашинтай тэд үхрийг идэх нь бүү хэл, хүчтэй ч цохиж чадахгүй. Харин эсрэгээрээ шүтнэ, хайрлана бас хамгаална. Үхрээс дор амьдрал олон хүнд заяагдсаныг харах хэцүү бас ойлгоход амаргүй.

Колката хот
Колката хотХувийн архив

Нүд халтирам зураглал, нүд орой дээр гаргам зүйл аль аль нь Энэтхэгт зэрэгцэн оршдог. Тэнгэр газар шиг хар цагаан, бүх зүйлийн хоёр тал тэнд ээлжлэн өрнөнө. Хоёр хоногтой нярай Колката (Kolkata) хотын халуунд аль нэг гудамжинд уйлах ч үгүй унтаж буйг харах гунигтай. Tэр л гудамд ганц тэр нярай биш тээж төрүүлсэн эх нь ч бас өсжээ.

Энд миний мэдэхгүй, ухаан ч хүрэхгүй учир шалтгаан мундахгүй. Зарим хүмүүсийн цоо ширтэхийг, боломж гарвал хэдэн төгрөг илүү авчих сэдлийг, хаа ч хүрсэн дагаж худалдаа наймаагаа хийхийг, завдал гарвал гуйлга гуйхыг, хаа харсан зүгтээ хогоо хаях гээд олон зүйл ойлгомжгүй.

Калимпонг
КалимпонгХувийн архив

Калимпонд нэг удаа

Эхний удаад би Делигээр дамжин өнгөрснөө нэмээд Колката, Калимпон (Kalimpong) хэмээх газруудад очсон юм. Калимпон бол 85 мянга гаруй хүн амтай, уулан дээр байрладаг үзэсгэлэнтэй жижигхэн хот. Бид тэнд очсон анхны баг боллоо хэмээн нутгийн хүмүүс хэлсэн нь сайхан санагдаж билээ.

Өндөрлөг газар тул бидний урьд нь байсан газраас сэрүүхэн байсан нь хамгийн гоё. Уулын бэлд байрлах айлд очихдоо болгоомжтой буухгүй бол хөл алдвал бэртэж гэмтэх нь тодорхой. Настай хүн, хүүхэд, өвчтэй болон согтуу хүнд ээлгүй орчин байна даа хэмээн бодож, харин яаж тэд архи ашгүй уудаггүй юм бэ гэж өмнөөс нь олзуурхан бодож амжина.

Kalimpong
KalimpongNodamicweekends.com

Биднийг Калимпонд амьдардаг манай улсад хайртай, зочлохыг үргэлж мөрөөддөг Амос хэмээх төлөв даруу, сайхан сэтгэлтэй нутгийн ах урьсан юм. Калимпон Силигүригээс 67 км буюу ойролцоогоор автобусаар хоёр цаг орчим явдаг газар. Уул ороож явах ба маш эгц, зарим газраа бартаа ихтэй зам туулна. Доор урсаж буй Теста гол шороогоор урсаж буй гэлтэй аймаар харагдана. Уул тээр дор, үүл миний зэргэлдээ байхыг өмнө нь харж байгаагүй надад үлгэрт гардаг шиг үзэсгэлэнтэй нутаг байж билээ.

“Уулан дээрх хот нуугдаж үл чадна” хэмээх библийн үгийг санагдуулсан тэр газар амттай луувангийн бялуугаараа сэтгэлд минь хамгийн тод үлдсэн юм. Монгол Улсыг зүрхэндээ тээсэн харь нутгийн тэр хүн миний сайхан оронд ирээд хэнийг, ямар улсыг нандигнан яваагаа мэдээсэй бас нэг хараасай гэж би хүсдэг.

Лех Ладак
Лех ЛадакХувийн архив

Энэтхэгт бүтээсэн олон дурсамж Силигүритэй гүн холбогдоно. Харин тэндээс явахдаа би тэгж их уйлна чинээ санаагүй. Дахиад энэ газар ирэхгүй, нөхөрлөж дассан найзуудаа ахин харахгүй гэхээр хачин гунигтай байж билээ.

Гэтэл түүнээс хойш Энэтхэгийн хилийг таван удаа давна гэж зүүдлээ ч үгүй явж. Хэзээ ч ирэхгүй байхдаа гэсэн Силигүридээ дахин хоёр зочилсон юм. Тиймээс “Хэзээ ч гэдэг үгийг хэзээ ч битгий хэлээрэй” гэдэг шиг хүний амьдрал баялаг болохыг амьдралдаа би амссан бас мэдсэн.

Тэр улсыг зорьсондоо туйлын ихээр баярладаг. Баярлалаа, миний хорин нас. Гэнэн бас зоригтой хорин насандаа хайртай. Энэтхэгийг тэгэхэд зориогүй бол өнөөдрийн би их өөр байх байсан.

Лех хотын хааны ордон дээрээс
Лех хотын хааны ордон дээрээсХувийн архив

Энэтхэгийг ойлгосон нь

Анх очсоноос 2 жилийн дараа, оюутан биш сайн дурын ажилтны хувиар миний бие дахин Энэтхэгийг зорив. Энэ удаад арай өөр, туршлагатай бас энэ орны талаарх “мэдлэгтэй”. Гэтэл мэдэх бүү хэл хальт мэдрэх төдий “мэдлэг” хуримтлуулснаа ойлгов.

Энэтхэгт хийгээд хэрэггүй, мэдэхэд илүүдэхгүй цөөнгүй зүйл бий. Ялангуяа нийтийн тээвэрт, онцгойлон галт тэргэнд танихгүй хүний дайлсан хүнснээс идэж болохгүйг нутгийнхан танд сануулна. Дотор нь ямар зорилгоор юу хийснийг хэн ч мэдэхгүй. Тэд ч бас тийн сэтгэлээр хандаж таны сайн санаж өгсөн зүйлээс татгалзана. Бие засахдаа болзошгүй эрсдэлээс сэргийлж байнга хүнтэй хамт явах, мөн гудамжинд ил хийж буй хоол хүнснээс идэх болон гуанзанд тавьсан савтай уснаас уухыг оролдоод ч хэрэггүй. Гэдэс өвдөж, гүйлгэхийн зовлонг хар халуунд мэдрэхийг хэн хүсэх билээ. Байнга лацтай, худалдааны ус ямагт ухаалаг сонголт болдог.

Энэтхэг улс эмэгтэйчүүдэд аюултай. Ялангуяа хол газар нийтийн тээврээр ганцаараа явах нь ухаалаг алхам яавч биш. Хүний хараанд өртөх вий гэж гэгээн цагаан өдөр эмээж, илүү үйлдэл болох вий гэж өмсөх зүүхдээ ч анхаарч аль болох нутгийн хүн шиг бас дээр нь хар цагаан дуугүй ч явах шаардлага тэнд гарна.

Хил хавиар хэлцэл, тохироо ихтэй

“Өвдсөнөөс өлссөн нь дээр” гэдэг үг миний аяллын “уриа” болох үе надад хэд хэд ирсэн юм. Делигээс визний асуудлаас болж Непалийн Катманду явах ёстой болов. Эхний удаад Энэтхэгийн гурван газраар зочлоод өнгөрөхдөө байнга бусадтай явсан бол харин энэ удаа олон газраар ганцаараа явах аюултай бас сонголтгүй шийдвэр гаргах хэрэгтэй боллоо.

Үргэлжлэл бий...

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn