Б.Ууганцэцэг: Харилцаанд үг яриа ердөө 7%-ийг эзэлдэг тул нүдний харц, нүүрний хувирал, дууны өнгө аясдаа анхаараарай

Blindcare старт-апын хамтран үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй мэдрэмжээ илэрхийлэх, ярилцах, бусдыг сонсох, өөрийгөө илэрхийлэх тухай ярилцлаа.
Б.Ууганцэцэг  
Сэтгэл судлаач
Б.Ууганцэцэг Сэтгэл судлаач

- Хүн өөрийн мэдрэмжээ бусадтай хуваалцах, ил гаргах, илэрхийлж байх нь хүний бодол сэтгэлд ямар ач тустай байдаг вэ?

- Өөрийн бодол санаа, сэтгэл мэдрэмжээ бусадтай хуваалцсанаар бид өөрийгөө бусдын нэг хэсэг гэдгээ ойлгож мэдэж байдаг. Мөн өөрийгөө үнэлэх, бусдаас суралцах, ганцаардахгүй байх зэрэг амьдралын чанарт хамгийн чухлаар нөлөөлөх мэдрэмжийг хүлээн авдаг. Бусадтай харилцсанаар бид илүү тайван тогтвортой байдаг. Сэтгэл судлалын олон улсын чиг хандлага ч мөн энэ талаар илүү нарийн судалж байна. Харилцааны үйл явц нь тогтвортой мөн урт хугацаандаа бусадтай харилцаатай байх нь бидний сэтгэцийн эрүүл мэндэд эергээр нөлөөлж аз жаргалыг мэдрүүлж байдаг талаар 75 жилийн хугацаанд үргэлжилсэн урт хугацааны судалгаа харуулсан. Тиймээс өөрийгөө илэрхийлж мэдрэмжээ хуваалцаж байх нь аз жаргалтай байх, стрессээ зөв тайлах гарц юм.

- Хүмүүст сэтгэлзүйн тогтворгүй байдал, өөрийгөө ойлгохгүй байх сэтгэлзүйн шинж тэмдэг илрэхэд түүнийгээ хэн нэгэнд ярьж хэлэхээс айж эмээх, ичих асуудлууд байдаг. Ийм нөхцөлд хэрхэн хандах, харилцах ёстой байдаг вэ?

- Тийм ээ, таны хэлдэгтэй санал нэг байна. Сэтгэл зүйн асуудлаа илэрхийлэхгүй байх нь асуудлыг улам бүр хүндрүүлэх нөхцөл болдог. Манайд хандан ирж байгаа үйлчлүүлэгчдийн судалгаагаар хүмүүс өөрийнх нь нууцыг задруулах, өөрийг нь хүндлэхгүй болох, дараагийн харилцааны үйл явцад ярьсан зүйл нь нөлөөлөх вий гэсэн түгшүүрийн улмаас өөрийгөө илэрхийлдэггүй гэсэн байгаа. Илэрхийлсэн ч тухайн асуудлыг шийдэхэд тусалж чадахгүй гэсэн бодлоос үүдэн өөрийгөө илэрхийлэхээс татгалздаг. Тиймээс хэрвээ ойр дотнын хүмүүс тань танд итгэн асуудлаа ярьсан бол сайтар сонсох, шууд зөвлөгөө өгөхөөс илүүтэйгээр ойлгож нууцыг нь хадгалаарай, сэтгэл санаагаар хамт байгаагаа илэрхийлэхийг хичээгээрэй. Мөн мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчид хандахыг зөвлөж болох юм.

- Та олон жил сэтгэл зүйчээр ажиллаж байна. Танаас ирж тусламж авч байгаа хүмүүс дунд өөрийгөө илэрхийлэх чадвар сул, мэдрэмжээ ил гаргадаггүй хүмүүс хэр их байв. Тэдгээр хүмүүст ямар зөвлөмж, сэтгэлзүйн эмчилгээ үзүүлж байсан бэ ?

- 18 наснаас дээш ганцаарчлан ирж сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдаж байгаа насанд хүрэгчдийн зөвлөгөөг бие хүний сэтгэл зүйн зөвлөгөө гэж нэрлэдэг. Миний хувьд 3-10 насны хүүхдүүд болон 35-аас дээш насны хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Бага насандаа өөрийгөө сул илэрхийлдэг, харилцаанд ажиглагч байдлаар оролцдог хүүхдүүдийн хувьд насанд хүрсэн хойноо энэ загвараа хадгалсаар харилцааны онцлогоо гаргах байдал түгээмэл байдаг.

Бага насандаа гэр бүлийн харилцаанд идэвхтэй оролцож өөрийгөө ойлгуулдаг, гэр бүлийнх нь тухайн хүүхдийг ярих боломж олгодог мөн сонсох цаг гаргадаг хүүхдүүдийн анхаарал төвлөрөх, бусадтай нийцтэй харилцах, хичээл сурлагадаа амжилт гаргах, хостойгоо тогтвортой амьдрах байдал илүү байдаг нь зөвлөгөөний явцад ажиглагддаг. Харин өөрийгөө сул илэрхийлдэг, илэрхийлж байгаа харилцаа, мэдрэмж сэтгэл хөдлөлийг хүлээн аваагүй хариу үйлдэл нь хүнийг дахин харилцах, ярилцах сэдэлгүй болгодог. Тиймээс гэр бүлийн орчиндоо гэр бүлийн гишүүд нэгнээсээ асуулт асуудаг байх, харцаар холбоо тогтоодог байх, гэрт байхдаа хамтдаа суух, ярилцах цагийг тусгайлан гаргах нь чухал юм.

- Бид ажил, гэр бүл, гадуур нийгмийн харилцаанд ч бусдыг сонсох, ойлгох, хүлээн зөвшөөрөх хандлага дутагдаж байгаа мэт санагддаг. Энэ байдал хэн нэгнийг сэтгэл зүйн дарамт, бэрхшээлд өртүүлэх шалтгаан болдог уу?

- Амьд харилцааны дутагдал Ковид-19 гарснаар улам идэвхжиж бид нийгмийн харилцаагаа ямар нэг зүйлээр орлуулах шаардлагатай болсон. Үүний улмаас өөрийн стрессийн түвшин нэмэгдэх, бүтээмж буурах, харилцааны зөрчилд орох, үл тоогдох байдлыг мэдрэх зэрэг сэтгэл зүйн сөрөг үр дагаврыг гаргаж байна. Тиймээс сэтгэл зүйн дарамтад байх, бэрхшээлээ өөрөө тодорхойлж мэдэхгүйгээр тухгүй байдлыг удаан хугацаагаар мэдэрч идэвхгүй амьдралын хэв маягтай болж байна. Харилцаанд бусдыг сонсож хүлээн авах нь нийгмийн харилцааны хамгийн чухал ур чадвар гэж дэлхийн алдартай сэтгэл судлаач Даниел Гольман үзсэн бөгөөд тусгайлан судалгаа хийж ном гаргасан байдаг.

- Сэтгэл судлал, сэтгэц судлал асар ялгаатай судлагдахуун. Сүүлийн үед хольж хутган ойлгох, бичих, ярих хандлагууд ихэслээ. Мэргэжлийн хүний хувьд тайлбарлаач?

- Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь олон тооны судалгаа шинжилгээ хийж түүний үндсэн дээр нийгмийн сэтгэл зүй болон хувь хүний сэтгэл зүйд ямар үйл явц өрнөж буйг судалдаг. Үүний үндсэн дээр сэтгэл зүйн олон төрлийн үйлчилгээ явуулдаг. Үүний нэг нь сэтгэл зүйн зөвлөгөө юм. Сүүлийн жилүүдэд сэтгэл судлалын шинжлэх ухааны практик салбар манайд эрчимтэй хөгжих суурь тавигдаад байна. Нийгмийн хэрэгцээ шаардлага ч үүссэн.

Сэтгэцийн асуудал нь өргөн хүрээтэй ойлголт бөгөөд сэтгэцийн эрүүл мэнд болон тулгамдсан асуудалтай хүмүүсийн хувьд сэтгэл судлаач, сэтгэл зүйчдийн үйлчилгээ чухал үүрэгтэй. Сэтгэцийн эмгэг болон өвчний асуудлыг сэтгэц засалч, сэтгэцийн эмчийн тусламжийг авдаг дэлхийн чиг хандлага байгаа. Мөн манайд 2013 онд шинэчлэн найруулж баталсан Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулдаг.

- Ер нь өөртөө итгэлгүй байх, өөртөө сэтгэл дундуур байх нь юунаас үүдэлтэй вэ?

- Өөрийн үнэлэмж буюу тухайн хүн өөрийгөө хэрхэн юу гэж бодож хүлээн авч байгаа вэ гэдэг бидний сэтгэл зүйн байдалд маш чухал юм. Өөрийгөө сул үнэлэх нь өөрийн үнэлэмжид нөлөөлдөг. Урт хугацаандаа өөртөө итгэлгүй байх нь өөрийгөө гутранги, сул доройгоор мэдрэх үнэлгээ болдог. Бага насны амьдрал болон боловсролын түвшин бүрт тухайн хүнд өгч байгаа мэдрэмж, үнэлгээ нь бидний өөрийн үнэлэмжийг бий болгож байдаг.

Харилцааны явцад бид энэхүү мэдрэмжээрээ өөрийгөө илэрхийлдэг. Тухайлбал, бага насандаа элдэв нэр хоч авч дуудуулах, удаан хугацаагаар хэн нэгнээс хоосон толгойтой, юм боддоггүй, ажилгүй, залхуу гэсэн үгийг сонсох нь өөрийгөө тийм гэдэгт итгэх, шошготой болох эрсдэлийг дагуулж байдаг. Эргээд энэ байдал нь өөрийгөө илэрхийлэх, харилцаандаа идэвхгүй байх ярих гэсэн ч өөрийгөө хэрхэн, яаж ойлгуулахаа мэдэхгүй гарцгүй мэдрэмжийг төрүүлдэг.

- Хүн өөрийн мэдрэмжээ илэрхийлж сурах бодитой арга, дадлууд байдаг уу. Жишээ нь мэдэрсэн зүйлээ бичих, өөртөө итгэлтэй болох гэх мэт ?

- Тиймээ, мэдээж хүн өөрийгөө илэрхийлж харилцаандаа илүү сэтгэл хангалуун байхын тулд энгийн арга аргачлалуудыг хэрэглэж болно. Өөрийн бодоод байгаа зүйлээ цаасан дээр буулгах, зураг болгож харах, power point танилцуулга бэлтгэх, алхах, бусдаас энгийн асуултууд асуух, түүнийгээ тэмдэглэх зэргийг хийж болно. Хамгийн гол нь үүнд яарах хэрэггүй, алгуурхан тогтмол хийх нь чухал юм.

Б.Ууганцэцэг 
Сэтгэл судлаач
Б.Ууганцэцэг Сэтгэл судлаач

- Өөрийгөө илэрхийлэх аргаа өөрчилж байх хэрэгтэй юу.

- Мэдрэмжээ илэрхийлэхдээ өөртөө тухтай дараа нь түүнээсээ болж хямарч шаналахгүй байхад бид анхаардаг. Өөрийгөө харилцаанд олон янзаар илэрхийлж болно, аман яриа, текстэн хэлбэрээр, үйл хөдлөлөөрөө, дуу хоолойн өнгө аясаар зэрэг. Харилцаанд бидний үг яриа ердөө 7 орчим хувийг эзэлдэг. Тиймээс дуу хоолойн өнгө аяс, өөрийн гаргадаг үйл хөдлөл, нүдний харц зэргээ ямар байдаг вэ гэдгээ бусдаас асуух эсвэл өөрийгөө ажиглах байдлаар мэдэх боломжтой юм шүү.

Сэтгэл санааныхаа тэнцвэрт байдлыг хангах, бодох-үйлдэл хийх хоёрыг хослуулж байх хэрэгтэй. Бодоод бодоод бодын шийр дөрөв гэдэг шиг хэт их бодлоос үүсэж хүмүүс сэтгэл зүйн ядралд ордог тул бодож байгаа зүйлээ илэрхийлж, ярьж, суралцаж үйлдэл болгоосой гэж хүсэж байна.

- Таны оролцон бүтээж буй Blindcare аппликэйшний тухай ярилцъя. Blindcare аппликэйшнээ тайлбарлаач?

- Blindcare старт-апыг хамтран үүсгэн байгуулаад ажиллаж байна. Энэхүү сэтгэл зүйн аппликэйшн нь өөрийн мэдрэмжээ илэрхийлж, сулласнаар сэтгэл зүйн тайван тогтвортой байдлыг олох гол зорилготой. Олон улсын чиг хандлагаар сэтгэл судлалын шинжлэх ухааныг хүмүүст илүү ойр хүртээмжтэй болгохын тулд технологи ашиглах цаг үе дээр явж байна. Бид ч гэсэн энэ чиг хандлагаас хоцролгүй нийгмийн сэтгэл зүйд эерэг өөрчлөлт авчрах, хүний сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангахын тулд нэрээ болон зургаа нууцлан хүссэн асуудлаа ярих талбарыг бий болгож байна.

Эхний хувилбар маань өөрийн сэтгэл мэдрэмжээ илэрхийлж мэргэжлийн сэтгэл судлаачаас текстэн мэдээлэл авах боломжтой байгаа бол дараагийн хувилбар нь мэргэжлийн сэтгэл судлаачдаас аудио болон видео, аудио зөвлөгөө авахаар бүтээгдэж байгаа.

- Ямар зорилго, хэрэгцээ шаардлага дээр үндэслэн энэ аппликэйшнийг бүтээх болсон бэ?

- Нийгмийн асуудлыг шийдэх, сэтгэл зүйн хүндрэлтэй асуудлаа ганцаараа бус бусдаас суралцан өөрийгөө ойлгох хэрэгцээнд үндэслэсэн. Мэдрэмжээ бүрэн илэрхийлж сураагүйгээс стресстэй байх, сэтгэл гутралд орох, хосын харилцаандаа сэтгэл хангалуун байж чадахгүйд хүрэх, ажил, сонирхол тогтворгүй байх зэрэг олон асуудал байдгийг энэ салбарт 18 жил ажиллахдаа ойлгож судалсан.

Баярлалаа. Танд амжилт хүсье.

Баярлалаа.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn