Хамгийн аз жаргалтай ард түмний нууц

Финлянд улс олон жил дараалан хамгийн аз жаргалтай улс болсны цаад шалтгааныг судлаачид хүмүүс хоорондын итгэлцэл, тэгш байдалтай холбон тайлбарлаж байна. Учир нь энэ улсын иргэд бие биедээ итгэх итгэлцлийн үзүүлэлтээр ч дэлхийд тэргүүлдэг юм.
Хамгийн аз жаргалтай ард түмний нууц

Дэлхийн аз жаргалын тайлан 2022

НҮБ-аас жил бүр гаргадаг Дэлхийн аз жаргалын тайлан 2022 оны 4 дүгээр сард танилцуулагдсан бөгөөд тус тайланд дурдсанаар Финлянд улс тав дахь жилдээ дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тодорсон бол судалгаанд хамрагдсан 146 орноос Афганистан улс хамгийн сүүлийн байрт бичигджээ. Монгол Улс 68 дугаар байрт бичигдсэн байна.

Уг тайланг гаргахын тулд Gallup хэмээх асуумжийг дэлхийн бүх улс орны хүмүүсээр бөглүүлдэг бөгөөд тэд аз жаргалтай амьдарч байгаа эсэхээ үнэлдэг.

Финланд улс олон жил дараалан хамгийн аз жаргалтай улс болсны цаад шалтгааныг судлаачид хүмүүс хоорондын итгэлцэлтэй холбон тайлбарлаж байна. Учир нь энэ улсын иргэд бие биедээ итгэх итгэлцлийн үзүүлэлтээр ч дэлхийд тэргүүлдэг юм.

Итгэлцэл ба аз жаргал

Хүмүүс өдөр тутмын амьдралдаа бусдын сайн сайхан байдлыг утга учиртайгаар хүлээн зөвшөөрч чаддаг байвал өөрийнх нь амьдралын чанар сайжирдаг ажээ. Эсрэгээрээ бусдын аз жаргалтай байдалд итгэхгүй, хүлээн зөвшөөрч чадахгүйгээр атаархан хорсдог бол тухайн хүний өөрийнх нь ч аз жаргал буурдаг. Энэ төрлийн ерөнхий аз жаргалтай байдал нь хүмүүсийн засгийн газартаа итгэх гэх мэт илүү тодорхой итгэлцлийг ч нэмэгдүүлдэг байна.

Финландын иргэдийн бусад хүмүүст болон төрийн байгууллагуудад итгэх итгэл маш өндөр байдаг. 2019 онд хэвлэгдсэн нэгэн судалгаанд Финландын ард түмэн цагдаа, засгийн газар болон бие биедээ маш их итгэл хүлээлгэдэг талаар дурджээ. Тус судалгаанд оролцсон хүмүүсээс хамгийн их санаа зовдог зүйлийг нь асуухад ердөө 2.8% нь гэмт хэрэг гэж хариулсан нь тэдний бусдадаа итгэх итгэл ямар өндөр түвшинд байдгийг илтгэнэ.

Дэлхийн хамгийн аз жаргалтай улс орнуудын жагсаалтад Финландын араас Дани, Исланд, Швейцар, Нидерланд улсууд бичигджээ. Финландын нэгэн адил эдгээр улсуудын иргэдийн бие биедээ итгэх итгэл туйлын өндөр түвшинд байдаг.

Итгэлцэл өндөртэй эдгээр улс орнуудад амьдардаг хүмүүс бусад хүмүүс хэзээ ч худлаа ярьдаггүй, шударга, маш нинжин сэтгэлтэй гэдэгт итгэлтэй байдаг бөгөөд энэ нь хүмүүсийн хооронд хүчтэй холбоо үүсгэдэг. Хүмүүс ингэж итгэлцлээр холбогдсон байх нь тэднийг илүү аз жаргалтай болгодог нь судалгаагаар батлагдсан юм.

Зарим судалгаагаар нийгмийн гишүүдийн итгэлцэл нь эдийн засгийн өсөлт, ардчилсан хүмүүнлэг нийгэм, нийгмийн эрүүл мэндтэй ч холбоотой байдаг байна.

Харин дэлхийн хамгийн аз жаргалгүй иргэдийг авч үзвэл эсрэг зүй тогтол ажиглагдана. Итгэлцэл султай улсын иргэд бусад хүмүүс тэднийг үргэлж хууран мэхлэх, мөлжих, ашиглахыг оролддог учир үргэлж сэрэмжтэй байх ёстой гэж боддог.

Энэ жил дэлхийн хамгийн аз жаргалтай улсуудын жагсаалтын сүүлийн байранд орсон Афганистан улсын иргэдийн дунд 2019 онд хийсэн судалгаагаар усны чанар, зам, эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн үйлчилгээндээ иргэд сэтгэл хангалуун бус байжээ. Мөн засгийн газар болон бизнесийн хүрээний авлигын асуудал түгээмэл байна гэж хариулж байв.

Сэтгэл хөдлөлийн энерги

Итгэлцэл аз жаргалыг бий болгодог өөр нэг шалтгаан нь бидний сэтгэл хөдлөлийн энерги юм. Хүн бүрд хязгаарлагдмал хэмжээтэй сэтгэл хөдлөлийн энерги бий. Нийгэмд хүмүүс хэдий чинээ бие биедээ итгэж байх тусам өдөр тутмын харилцаанд сэтгэл хөдлөлийн энерги бага зарцуулагдах болно.

Харин нийтийн тээвэрт явахад хэн нэгэн халааснаас гар утсыг минь хулгайлах вий гэх мэтээр байнга санаа зовох шалтгаантай байвал бидний сэтгэл хөдлөлийн энерги сорогдож дуусна. Эсрэгээрээ санаа зовох зүйл бага байх тусам сэтгэл хөдлөлийн энерги бага зарцуулагдах ба энэхүү нөөцөө та гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад, хөршүүдтэйгээ харилцах харилцаагаа сайжруулахад ашиглаж болно гэсэн үг.

Энэ мэтээр сэтгэл зүйн эрч хүчээ харилцаагаа сайжруулахад ашиглах нь илүү аз жаргалтай амьдралыг бий болгодог болохыг Харвардын их сургуулийн судлаачид тогтоосон байдаг аж.

Тэгш бус байдал

Дараагийн чухал асуудал аз жаргалыг тухайн нийгэмд амьдарч буй хүн бүрд хэрхэн жигд хуваарилдаг вэ гэдэгтэй холбоотой. Үүнийг аз жаргалын тэгш байдал гэж нэрлэдэг. Нийгэм дэх аз жаргалын тэгш бус байдал их байвал тухайн нийгэмд амьдарч буй хүмүүсийн амьдралаасаа авах сэтгэл ханамжийн түвшин ч буурдаг байна. Өөрөөр хэлбэл, танай хөршийн гэр бүл аз жаргалгүй амьдарч байвал энэ нь таны аз жаргалтай байдалд ч нөлөөлнө гэсэн үг.

Аз жаргал хүн бүрд тэгш хуваарилагдахгүй байх шалтгаан нь боловсрол, эрүүл мэнд болон төрийн байгууллагуудын үйлчилгээ, авлигын асуудал, цалин орлогын тэгш бус байдал, шударга ёс, хуулийн засаглал гэх мэт маш олон хүчин зүйлсээр тодорхойлогдоно.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn