Хэвшмэл ойлголттой тэмцэх нь: Эрэгтэйчүүдийн айдас

Сэтгэл түгших эмгэг бол дэлхий дахинд хамгийн түгээмэл сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгүүдийн нэг юм. Энэ эмгэгт эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүд өртдөг ч эрэгтэйчүүд ч айж түгшдэг. Нийгэм, биологийн янз бүрийн хүчин зүйлсийн улмаас эрэгтэйчүүд зоригтой, айдаггүй гэх хэвшмэл ойлголт нь эрэгтэйчүүд сэтгэл түгших эмгэгийн улмаас эмнэлэгт хандахгүй байх шалтгаан болдог.
Хэвшмэл ойлголттой тэмцэх нь: Эрэгтэйчүүдийн айдас
Jack Lucas Smith

Сэтгэл түгшилт гэж юу вэ?

Айдсын эмгэг буюу сэтгэл түгшилт (anxiety) нь шалтгаангүй хэт их айдас, түгшүүрээр илэрдэг сэтгэцийн бүлэг эмгэг юм. Үүнд ерөнхий сэтгэл түгшилтийн эмгэг, үймээн самууны эмгэг, нийгмийн түгшүүрийн эмгэг, гэр бүл салалтаас айх эмгэг, албадмал үйлдлийн эмгэг (OCD) болон гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD) зэрэг нийтлэг тохиолддог сэтгэл зүйн асуудлууд хамаардаг.

2019 оны байдлаар дэлхий даяар 301 сая хүн сэтгэл түгших эмгэгтэй амьдарч байсан ба тэдний 58 сая нь хүүхэд, өсвөр насныхан байна. Энэ эмгэгт эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү өртдөг гэж үздэг боловч эрэгтэйчүүдэд ч нөлөөлдөг. Тухайлбал АНУ-д жилд нийт эмэгтэйчүүдийн 23.4% нь сэтгэл түгшилттэй байдаг бол эрэгтэйчүүдийн 14.3% нь сэтгэл түгшилтэд өрдөг байна.

Эр хүн айдаг, шалтгаан нь тодорхойгүй ч байж болно

Хэвшмэл үзлийн дагуу эрэгтэй хүн эмэгтэйчүүдээс илүү зоригтой бөгөөд юунаас ч айх ёсгүй бөгөөд энэхүү хэвшмэл ойлголт нь шинжлэх ухаанд ч гүн шингэсэн байдаг. Жишээ нь, энэ эмгэг эрэгтэйчүүдэд түгээмэл тохиолдсоор байхад сэтгэцийн эрүүл мэндийн ном, сурах бичигт хүртэл эрэгтэйчүүдийн сэтгэл түгшилтийг үл тоомсорлон үлдээсэн байдаг.

Journal of Affective Disorders сэтгүүлд 2021 онд хэвлэгдсэн тойм өгүүллээс үзэхэд сэтгэл түгшилтийн үеийн шинж тэмдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд ялгаатай байдаг байна. Тус судалгааны өгүүлэлд эрэгтэйчүүд сэтгэл түгшилт нь ижил насны эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү хүнд хэлбэрээр тохиолддог бөгөөд толгой өвдөх, хоолны дуршил буурах, бие чичрэх зэрэг бие махбодын шинж тэмдгүүдээс гадна хяналтаа алдах мэдрэмж маш хүчтэй төрдөг тухай дурдсан байна.

Улмаар энэхүү хяналтгүй болох мэдрэмж нь "амьдрал нь бүтэлгүйтсэн" гэсэн ойлголт дээр төвлөрдөг бөгөөд эдгээр шинж тэмдгүүд нь маш тогтвортой, удаан, заримдаа насан туршид нь үргэлжилдэг гэж үзсэн байна. Мөн эрчүүдийн бага зэргийн айдас түгшүүр нь танин мэдэхүйн үйл ажиллагаа буурахад нөлөөлдөг бол хүнд хэлбэрийн сэтгэл түгшилт нь танин мэдэхүйн үйл ажиллагаа бүрэн алдахад ч хүргэж болдог.

Үүнтэй төстэй бусад судалгаануудаас харахад эрэгтэйчүүдийн сэтгэл түгшилт нь тэдний амьдралын чанар, нийгмийн байдалд хүчтэй нөлөөлдөг байна.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэл хөдлөлийг зохицуулах арга зам нь ялгаатай байдаг. Эрэгтэйчүүд хамаг боломжоо дайчлах, асуудлыг өөрийн биеэр даван туулах арга замыг сонгох, улмаар асуудалтайгаа дахин дахин халз тулгарах хандлагатай байдаг бол эмэгтэйчүүд гэр бүл, найз нөхдөөсөө сэтгэл санааны дэмжлэг авах гэх мэтээр асуудлаас зугтаах, зайлсхийх стратегийг сонгодог байна.

Нөхцөл байдлыг өөрийн хяналтад байлгаж чадаж байгаа тохиолдолд асуудалтайгаа нүүр тулах стратеги нь илүү үр дүнтэй байж болох ч хяналтаа алдсан тохиолдолд бүх зүйл нуран унах магадлал өндөртэй. Гэтэл энэ үед эр хүн зоригтой, айдасгүй гэх хэвшмэл ойлголт нь тэднийг өөрийгөө эмчлүүлэхээс, сэтгэлзүйчид очих эсвэл хэн нэгэнд энэ тухайгаа ярихаас зайлсхийх шалтгаан болдог. Ингээд ихэнхдээ эрчүүд сэтгэл түгшилтийн шинж тэмдгийг бууруулах эсвэл хянахын тулд архи, тамхи болон бусад сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэлүүдийг хэрэглэж эхэлдэг. Цаашлаад нөхцөл байдал улам дордсоор, архаг стрессээс үүдэлтэй төрөл бүрийн эмгэгийн томоохон эрсдэлт хүчин зүйл болж, эцэстээ сэтгэл зүйн асуудал нь амиа хорлолтоор төгсөх магадлал маш өндөр байдаг.

Дээр дурдсан шалтгаанаар эрэгтэйчүүд сэтгэл түгших эмгэгтэй болсон тохиолдолд эмнэлгээс тусламж авах, эмчилгээнд хамрагдах магадлал маш бага байдаг. Хэвшмэл ойлголтын дагуу эрэгтэй хүн ​​бэрхшээлийг даван гарч чадахгүй, бусдаас сэтгэл зүйн дэмжлэг хүсэх нь тэдний хувьд ичгэвтэр явдал юм.

Үүнийг батлах нэгэн судалгаа Австралийн сэтгэл судлалын нийгэмлэгийн сэтгүүлд хэвлэгдсэн байна. Тус судалгаагаар залуу эрэгтэйчүүд сэтгэл түгшилтийн улмаас тусламж авахаас татгалздаг нь хувийн нууц, өөрийгөө болон үе тэнгийнхэндээ шүүмжлүүлэх, гутаан доромжлогдохоос зайлсхийх, сэтгэлзүйч тэдэнд тус болж чадахгүй гэсэн хувь хүний таамаглалаас үүдэлтэй гэж дүгнэсэн байна.Түүнчлэн залуу эрэгтэйчүүд сэтгэл түгших эмгэгийн талаар ойлголт дутмаг байдаг болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь эмнэлгийн тусламжийг эрэлхийлэхээс татгалзахад нөлөөлдөг гэж үзжээ.

Айдсаас айх хэрэггүй

Сэтгэлзүйчид эрэгтэйчүүдийг асуудалд илүү идэвхтэй байр сууринаас хандаж, сэтгэл хөдлөлөө зөв удирдаж, бусдад илэрхийлж, стрессээ зохицуулж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх замаар сэтгэл зүйн хувьд илүү тэсвэртэй болж чадна гэж үздэг байна.

Үүний тул найз нөхөд, гэр бүлтэйгээ харилцах эрүүл харилцааг бий болгож, тэдэнд өөрийгөө илэрхийлэх орон зайг бий болгож, шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглэж, чанартай унтаж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж болно. Эдгээр нь сэтгэл хөдлөлөө зөв удирдах, тэнцвэржүүлэх хамгийн сайн аргууд юм.

Түүнчлэн сэтгэл түгшилттэй болсон эрчүүдийг сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаас нь шалтгаалан гутаан доромжлох явдлыг арилгах нь олон олон эрчүүдийг эмчлэхэд тустай. Хэрэв эрэгтэйчүүд энэхүү сэтгэл зүйн асуудлынхаа талаар нийгэмд илэн далангүй ярьж, түүхээ хуваалцаж эхэлбэл энэ нь бусад эрчүүдэд ч өөрийн асуудлаа сэтгэлзүйч болон бусад хүмүүстэй хуваалцахаас “айхгүй” байхад нөлөөлнө.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn