Сэтгэлзүйчийн зөвлөгөө: Бусдад туслах хэрэг байна уу?

Хэн нэгэнтэй ойр дотно байя гэвэл туслах гэж хэт хичээх хэрэггүй.
Сэтгэлзүйчийн зөвлөгөө: Бусдад туслах хэрэг байна уу?

Биднийг бүр бага наснаас л өндөр настан болон бие муутай хүнд туслах ёстой гэж сургаж өсгөсөн. Энэ бол өнөөгийн бидний нийгмийн нэгэн зарчим болжээ. Өлссөн хүнд загас өгөх нь том буян гэх нь ч бий. Гэхдээ Күнзийн сургаалд бол “Тусалъя гэж байгаа бол загас өгөх биш харин загас барих уургыг нь өг” гэдэг.

Зүгээр орж ирсэн мөнгийг хүмүүс гамгүй үрдэг. Байнга зүгээр мөнгө аваад сурчихсан хүмүүс түүндээ бүр дасчихсан, тэгэх ёстой юм шиг боддог болчихсон байх нь бий. Ийм хүмүүс суралцах юм уу ажил хийе гэлгүй дараа дараачийн удаа зүгээр мөнгө авахаа л хүлээж сууна. Үүнийхээ хэрээр бусдаас шууд хамааралтай болдог.

Саявтархан эрдэмтэд дэлхийн олон оронд судалгаа хийжээ. Тэдний судалгааны дүнгээс харвал зарим улсад хүмүүс зүгээр өгсөн гэх мөнгөөр хар тамхи авч татах юм уу эсвэл архи авч уудаггүй, харин хувцас хэрэглэл болон хүүхдүүдийнхээ сурлагад зориулж байжээ. Ялангуяа, Африкийн орнуудад ийм байдал их ажиглагдсан байна.

Мөн тэр хүмүүс тэнэг юм уу залхуу болохоороо ядуу байгаа юм биш гэдгийг ч тогтоожээ. Эцэг эх нь ядуу байсан болохоор багаасаа боловсрол эзэмшээгүй. Боловсрол эзэмшээгүй болохоор өндөр цалинтай ажилд орох боломжгүй. Тиймээс дандаа бага цалинтай ажил хийх учир ядуу байдаг аж. Мөн нийгмийн лифт гэх ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, өсөн дэвжих боломж хаалттай. Тиймээс зарим улс орнуудад загасны уурга бэлэглэх нь өөрөө ёсгүй шахам үйлдэл болдог байна.

Энэ асуудлыг дэлхий, тив гэлгүйгээр бүлэг хүмүүсийн хүрээнд авч үзвэл байнга бүтэлгүйтэж явдаг хүн нэг ажлын газарт заавал байдаг. Өсгий нь хугарчихдаг ч юм уу эсвэл хайртай залуудаа хаягдчих, үгүй бол найз нь мөнгийг нь залилчих жишээтэй. Эцэг эх, хамаатан садан нь ч ойшоодоггүй, дарга нь ч үнэлдэггүй хүмүүс байх. Ийм хүмүүст байнга мөнгө гуйж авдаг хүн байдаг. Тэр хүн нь баян биш ч гэлээ байнга өгдөг. Татгалзахгүй гэдгийг нь мэддэг болохоор авсаар байгаад дасчихсан.

Харин яагаад татгалзалгүй байнга мөнгө өгдөг нь янз бүрийн шалтгаантай байж болно. Ахимаг насны нэгэн эмэгтэй эмнэлэгт хэвтэж буй найздаа байнга эм тан авч өгдөг гэнэ. Өөрөө нэг их баян хүн биш. Тэгсэн хэр нь л чадахаараа тусалдаг. Найздаа маш их хайртайдаа ч биш зүгээр л хэн нэгэнд хэрэгтэй байхыг хүсдэг болохоор тэр. Хүү нь хол байдаг болохоор жилдээ ганц л уулздаг. Бусад цагт түүнийг үгүйлэх хүн байдаггүй. Тиймээс хэрэгтэй байх, үгүйлэгдэхийг хүсэхдээ тусалдаг байж.

Тэр эмэгтэйд тусалж байсанд нь баярлаад ачийг нь хариулах гэтэл их уурлаж, хөндийрсөн гэдэг. Хэргийн учир нь тэр эмэгтэй найзаасаа илүү мэт байх дуртай. Мөн заримдаа найзыгаа ийм сул дорой байгааг харж, дотроо дургүй нь хүрдэг байсан гэнэ. Тиймээс л буцаагаад авсан мөнгөө өгье гэхэд нь уурлажээ. Найзынхаа хэмжээнд хүртэл доош унахгүй гэж бодсондоо тэр шүү дээ.

Зарим хүмүүс бусдад хайрлагдах, нэр хүнд олж авахын тулд тусалдаг. Харин зарим нь төрөлхийн зөөлөн зан авиртай учир юм гуйхад нь татгалзаж чаддаггүй. Тэгж өгсөөр байгаад сүүлдээ татгалзах гэхээр нэг л эвгүй болчихсон байх жишээтэй.

Чин сэтгэлээсээ тусалж буй хүнийг бусдын сул дорой байдал дээр дөрөөлөн өөрийгөө өргөмжлүүлэх, хүндлүүлэх гэснээс ялгах нэг зүйл бол Үгүй гэж хэлж чадах явдал юм. Чин сэтгэлээсээ тусалж байгаа хүн хэзээ ч өөрийгөө “хонины морь” шиг гэж боддоггүй. Туслах ёстой гэдэгтээ эргэлздэггүй учраас үргэлж л гараа сунгадаг. Ийм хүмүүс заримдаа хэн нэгэнтэй хамт онгоцны буудал руу явахын оронд, “Би таксины мөнгийг нь өгчихье. Өөрөө явчих” гэж шулуухан хэлж чаддаг. Учир нь түүнд тэр орой зав байхгүй. Магадгүй зурагтаар нэг сериал үзэх ёстой байсан ч байж болно. Шударга л тэрийгээ хэлнэ.

Сэтгэл зүйн хувьд цоо эрүүл хүн бол хувиа бодсон амьтан гэж бодох вий гэж айлгүйгээр хиймээргүй байгаа зүйлээ “Чадахгүй ээ” гэх юм уу эсвэл “Залхуу хүрээд байна” гэж хэлж чаддаг байдаг. Нэг айлын усны крант эвдэрснийг засах гэж өөрөө чадахгүй байж өдөржин ноцолдохын оронд чаддаг сантехникийг нь шууд дуудчихтай адил юм л даа. Мэдээж, ингэснээрээ бүхнийг чадагчийн дүр төрхөө алдах л биз. Гэвч энэ бол өөрийгөө бусдаас дутуу гэж боддоггүй, харин ч өөрийгөө юу чаддаг, юу чаддаггүйгээ мэддэг хүний зан.

Ямар ч ашиг харалгүйгээр тусалдаг хүмүүс байдаг шүү дээ гэж та хэлэх байх. Тийм ээ, тийм хүмүүс байдаг. Гэхдээ тийм өгөөмөр хүмүүс нэг зүйлийг санаж явах хэрэгтэй. Таны гаргасан өгөөмөр сэтгэлд хариу ирэхгүй шүү.

Найз нөхдийн тухайд бол ангилал бий болчихдог. Нэг нь байнга өгч, нөгөө нь байнга авдаг юм уу нэг нь байнга дааж, нөгөө нь дандаа даалгадаг байхаар эцэг эх, үр хүүхдийн харилцаа ч юм шиг болно. Эсвэл илүү хүчтэй нь сул доройгоо, илүү баян нь ядуугаа даах гэх маягтай. Ингэснээр найз нарын харилцааны тэнцвэр алдагддаг.

Мөн нэг зүйлийг сануулахад, талархах, талархсан сэтгэлээ зайлшгүй илэрхийлэх гэдэг бол хэцүү үүрэг байдаг. Тиймээс хэрвээ та байнга сайн үйлс хийдэг, бусдад тусалдаг бол таны тусыг авсан хүмүүс нэг л дөлж, зугтсан маягтай байдгийг анзаарсан байх. Хүндэлдэг ч гэсэн нэг л зай бариад байдаг. Хүндэлдэг, гэхдээ хайрладаггүй гэвэл онох байх.

Тиймээс хэрвээ та хэн нэгэн хүнтэй хөндий биш ойр дотно байя гэж бодож буй бол туслах гэж хэт хичээх хэрэггүй. Мөн тэр хүнд хариу тус хүргэх боломжийг олгоорой.

Эх сурвалж: www.bbc.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn