Эмх цэгцтэй байдал ба сэтгэцийн эрүүл мэнд

Эмх цэгцтэй байх нь тодорхой байдлыг бий болгох, амьдралын чанарыг сайжруулах, өөртөө итгэх итгэл, тайван уур амьсгал, бүтээмжийг нэмэгдүүлэх гэх мэт олон талын ашиг тустай.
Эмх цэгцтэй байдал ба сэтгэцийн эрүүл мэнд
IStock

Мэргэжилтнүүд эмх цэгцтэй, зохион байгуулалттай орон зай нь сэтгэцийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэдэгтэй санал нэгддэг. Цэвэрхэн гэрт амьдрах нь тодорхой байдлыг бий болгох, амьдралын чанарыг сайжруулах, өөртөө итгэх итгэл, тайван уур амьсгал, бүтээмжийг нэмэгдүүлэх гэх мэт олон талын ашиг тустай.

Гэхдээ та сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарсан эсэхээс үл хамааран зохион байгуулалттай болоход тодорхой хугацаа хэрэгтэй. Цэвэрлэгээ нь хүнээс ер бусын хүчин чармайлт шаардах мэт санагдаж болох ч энгийнээр ойлгох нь зүйтэй. Зүгээр л аяга таваг хураах байсан ч сэтгэл зүйд ач тустай гэдгийг мэдэх нь чухал.

1. Хамгийн багаас эхэл

Цэвэрлэгээний зорилгоо аль болох жижиг, хэрэгжүүлэх боломжтой болго. Үүнийг хийх хоёр арга бий. Нэгдүгээрт, цэвэрлэгээний ажлыг хэмжээ эсвэл хамрах хүрээг нь багасгах замаар хэсэг болгон хуваах. Шүүгээ, номын тавиур эсвэл гал тогоо гэх мэтээр ангилах хэрэгтэй. Хоёрдугаарт, цагийн хязгаар тогтоож, цаг дуусах үед цэвэрлэхээ зогсоо. "Арван таван минутын ялалт" гэсэн арга бий. Утас эсвэл цагаа арван таван минутын тохиргоо дээр тавиад нэг хэсгийг л бүтнээр нь цэвэрлэх зорилго тавь. "Та нэг тавиурыг амжилттай цэвэрлэж, эсвэл нэг шүүгээгээ янзлах үед өөрийгөө аливааг цэгцэлж чадах хүн гэж мэдрэн, цэвэрлэгээгээ үргэлжлүүлэх эрч хүч олж авах болно"

2. Энгийн аргуудаас суралц

Сэтгэлээр унаж, гутарсан эсвэл санаа зовсон үед бүх зүйл төвөгтэй санагддаг. Тийм ч учраас орон зайгаа эмх цэгцтэй байлгах энгийн, хялбар аргуудад суралцах хэрэгтэй. Байнга мартаж эсвэл андуурдаг зүйлсээ тогтсон газарт байрлуулах, тодорхой цэгт тавих нь зүйтэй. Түлхүүрийг хаалганы дэргэдэх жижиг дэгээн дээр өлгөх, нарны шил ашиглаагүй үед өдөр тутмын гар цүнхэнд үлдэх, картууд хэтэвчинд байх гэх мэтээр эд зүйлээ хэрэглэснийхээ дараа яг тэр газартаа буцааж тавих нь чухал.

3. Сонирхолтой зүйл турш

Эмх цэгцтэй байх нь сэтгэлгээг хөгжүүлэх сайхан боломж юм. Цэвэрлэгээг утга учиртай, сонирхолтой болго. Толио арчиж байхдаа өөртөө сайхан үг хэлж, хог шүүрдэхдээ бүжиглэх, номоо цэгцлэхдээ сонирхолтойгоор тоолох гэх мэт олон аргыг туршиж, шинэлэг байдлыг эрхэмлэх хэрэгтэй. Хамгийн энгийн ажил ч аз жаргал мэдрүүлэх боломжтой бөгөөд ийнхүү таашаасан зүйлээ бид дахин хийх магадлалтай болно.

4. Өөрөөсөө асуулт асуу.

Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах зорилго тавин, сэтгэлээ чилээж байгаа бол дараах асуултуудыг өөрөөсөө асуугаад үзээрэй.

Ø Одоогийн орчин маань хамгийн сайхан гэр гэх миний төсөөлөлтэй нийцэж байна уу?

Ø Гэрээ цэвэр байлгах нь өөр хүнд тустай байж чадах уу?

Ø Би энэ зүйлийг худалдаж авах нь зөв үү?

Ø Худалдаж авсан зүйл маань миний өдөр тутмын амьдралд нөлөөлөх үү?

Ø Энэ бараа/тавилга үнэхээр миний гэрт байх хэмжээний үнэ цэнтэй юу?

5. Амжилтаа тэмдэглэ

Та сэтгэл зүйн асуудалтай эсвэл зовнисон үедээ гэрээ цэвэрлэж, цэгцтэй байж чадсан бол өөрийгөө урамшуулах нь зүйтэй. “Энэ нь өчүүхэн зүйл биш” хэмээн өөртөө хэл. Гэр орондоо санаа тавьснаар түүнд зарцуулсан цаг хугацаа, хүчин чармайлтаа үнэлэх боломж нээгдэж, тав тухтай, сайн сайхан амьдрах эрхтэй гэсэн чухал дохиог өөрсдөдөө илгээдэг.

Эх сурвалж: realsimple.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn