Өдрийн турш ажилласан боловч юу ч хийгээгүй мэт санагдаж байна уу?

Бүтээмжийн гажиг (productivity dysmorphia) гэдэг томьёог алдаршуулсан хүн нь зохиолч Анна Кодреа-Радо бөгөөд тэрээр үүнийг "ажлын ачаалал, сэтгэл зүйн хуурамч синдром, айдас түгшүүрийн огтлолцол" гэж тодорхойлсон юм.
Carl Heyerdahl
Carl Heyerdahlunsplash.com

Хэрэв өдрийн турш ажилласан боловч юу ч хийгээгүй мэт санагдаж байгаа бол танд “бүтээмжийн гажиг” (productivity dysmorphia) илэрч байж болох ажээ. Хэдийгээр энэ нь шинжлэх ухаанд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн нэр томьёо биш боловч хувь хүн өөрийн ололт амжилтыг үнэн зөвөөр үнэлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байх, илүү ихийг хийх хүсэл, мэдрэмжийг илэрхийлэхэд өргөн хэрэглэгдэх болжээ.

Энэ нэр томьёог алдаршуулсан хүн нь зохиолч Анна Кодреа-Радо бөгөөд тэрээр үүнийг "ажлын ачаалал, сэтгэл зүйн хуурамч синдром, айдас түгшүүрийн огтлолцол" гэж тодорхойлсон байна.

Бүтээмжийн гажиг гэж юу вэ?

Бүтээмжийн гажиг нь энгийнээр бол хүн өөрийн бүтээмжийг урамшуулж чадахгүй байх явдал юм. Илүү их бүтээмжтэй байхыг хүссэн эрэл хайгуул нь зогсолтгүйгээр улам их зүйл хийхийг өөрөөсөө шаардаж, ололт амжилтаа амтлах, аз жаргалыг мэдрэх боломжийг нь булааж, амьдралын чанарт ч сөргөөр нөлөөлдөг гэж үзэх болов.

Бүтээмжийн гажигтай хүмүүс ажлын өдрүүдэд төлөвлөснөөсөө ихийг хийсэн ч илүү бүтээмжтэй байхыг өөрөөсөө шаарддаг учир амралтын өдрүүдэд ч ажилладаг. Тэд кино үзэж, найзуудтайгаа зугаацаж байхдаа ч өөрийгөө буруутгаж, ажиллаж өнгөрүүлэх ёстой үнэт цагаа дэмий зүйлд үрж байна гэсэн таагүй мэдрэмжээсээ шалтгаалан чөлөөт цагаа тааламжтай өнгөрүүлж чаддаггүй.

Хүмүүс яагаад бүтээмжийн гажигтай болдог вэ?

Өндөр өрсөлдөөнтэй, илүү бүтээмжтэй байхыг тогтмол шаарддаг байгууллагын дотоод соёл хүний хувийн амьдралдаа зарцуулах цагийг идсээр эцэст нь илүү бүтээмжтэй байх байнгын эрэл хайгуулыг хэвийн зүйл болгож орхидог. Удирдлагууд нь ажлын бүтээмжийг хувийн амьдрал, эрүүл мэнд, хувь хүний аз жаргалаасаа дээгүүр тавьдаг ажилтнуудаа шилдэг нь хэмээн магтаж, урамшуулдаг. Ийм байгууллагын хувьд хамгийн бага амралт авч, хамгийн их ажил хийдэг ажилтан хамгийн үнэ цэнтэй. Иймэрхүү төрлийн урамшуулал нь амралт бол муу зүйл, байнга ажил дээрээ байх нь хамгийн зөв зүйл гэсэн сэтгэлгээг ажилтнуудын тархинд суулгадаг.

Ийм төрлийн байгууллагын дотоод соёлыг заримдаа дотоод капитализм (internalized capitalism) гэж нэрлэгддэг бөгөөд ажилтнуудын тархинд суусан “гажиг” сэтгэлгээ нь тэднийг бие махбод болоод сэтгэл зүйн хувьд “эвдэрч”, цаашид ажиллах чадваргүй болж, амрах маш их хэрэгцээтэй байсан ч оюун ухаан, бие махбодоо хүчээр ажиллуулахад хүргэдэг. Энэхүү сэтгэлгээ нь хүмүүсийг амралтын өдрүүдээ, чөлөөт цагаа илүү цагаар ажиллахад зарцуулах, гэр бүлтэйгээ оройн хоолоо идэхийн оронд ажлын компьютерын ард хооллох, амралтаараа аялж явахдаа галт тэрэг, онгоцонд хүртэл гар утас, зөөврийн компьютероосоо уяатай байх шалтгаан болж байна. Цаашлаад энэ нь тодорхой хугацааны дараа ажилтнууд бие махбод, сэтгэл зүйн олон асуудалтай болоход хүргэдэг.

Асуудал нь дарга тэдэнд ийм бай гэж дандаа хэлдэгт биш, харин тэдний тархинд хаа нэгтээ амралтаа өнгөрөөхөөр явсан ч үргэлж өндөр бүтээмжтэй байх хэрэгцээ, үүнийг байнга хийх зуршил тархинд нь үүссэн байдагтай холбоотой. Нөгөө талаас иймэрхүү зуршил нь ажлын амжилтаар нь бусдыг үнэлдэг нийгмийн хандлага, дарамтаас үүдэлтэй ч байж болох юм.

Зарим судалгаанаас үзэхэд нийгмийн зарим бүлгийн хүмүүсийн бүтээмжийн гажигт өртөх магадлал илүү өндөр байдаг байна. Жишээ нь “Америкт корпорацын хар арьст ажилтан байх нь” хэмээх нэгэн судалгаанд хар арьст хүмүүс илүү бүтээмжтэй байхыг хүсдэг тухай дурдсан бол Pew судалгааны төвийн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ажлын байрны тэгш байдлын талаар судалгаанд эмэгтэйчүүд бүтээмжийн гажигтай болох магадлал илүү өндөр байдаг гэж үзжээ.

Асуудлаас хэрхэн гарах вэ?

Юуны түрүүнд өөрийн тархинд үүссэн хэт их ажиллах зуршил, гажиг сэтгэлгээг өөрчлөх нь хамгийн чухал. Үүний тулд ажлаасаа таашаал авч их ажиллах, танд таалагдаж байгаа эсэхээс үл хамааран ажил хийхээс өөр аргагүй байдал зэрэг нь хоорондоо асар их ялгаатайг ойлгох хэрэгтэй. "Хэрэв та амьдрахын тулд дуртай зүйлээ хийдэг бол та амьдралдаа нэг ч өдөр ажиллахгүй гэсэн үг" гэх мэт бидний дунд алдартай эшлэлүүдээс болж хэрэв та дуртай зүйлээ хэзээ ч ядрахгүй, хязгааргүй бүтээмжтэйгээр ажиллаж болно гэсэн итгэл үнэмшил түгж, хэт их ажиллах явдлыг хэвийн үзэгдэл мэт харагдуулдаг болсон ч байж болох талтай.

Байгууллагын дотоод соёл, удирдлагын арга барилаас гадна ямар нэг нэмэлт ажил хийх замаар илүү их орлого олж болно гэх орчин үед хүчтэй дэлгэрч буй чиг хандлага нь хүмүүсийг амралтын өдрүүдээ болон амрах цагаа блог хөтлөх, влог, подкаст хийх, эсвэл өөрийн бизнесийг босгоход зарцуулахад нөлөөлж байж ч болох юм. Ийм төрлийн зөвлөгөөг хэтрүүлэн хэрэгжүүлснээр тодорхой хязгаартай хоногийн 24 цагт амрах зай үлддэггүй. Өөртөө огт амрах цаг үлдээхгүйгээр ингэж ажиллахыг зарим судлаачид "хорт халтуур" гэж нэрлэх болжээ.

Нэмэлт орлого олох боломж хайх нь мэдээж зөв. Гэхдээ өөрийнхөө бүтээмжийг зөв үнэлж, хязгаараа мэдэрч, өөртөө амрах цаг гаргадаг байх нь илүү урт удаан, аж жаргалтай, сэтгэл хангалуун амьдралын үндэс юм.

Бүтээмжийн гажигтай хүмүүст амралтын хоёр өдрийг юу ч хийхгүйгээр өнгөрөөх нь ямар нэг буруу зүйл хийж байгаа мэт санагддаг. Харин амралтын өдөр ч ажил дээрээ ирэхэд илүү тайвширч, зарим талаар илүү таашаал авдаг. Тэгэхээр танд ажиллахаас илүү таашаал өгөх ямар нэг зүйл хэрэгтэй байна гэсэн үг. Түүнийгээ эрж ол.

Сүүлийн жилүүдэд зарим инфлүүнзерүүд амрах нь таны гүйцэтгэлийг сайжруулахгүй бол амрахгүйгээр ажиллах хэрэгтэй гэх зөвлөгөө хүртэл өгч эхэлсэн. Гэтэл энэ нь таны өөрийн амжилтыг олж харж, өөрийгөө урамшуулахад хүндрэл учруулаад зогсохгүй бүх амьдралаа зөвхөн ажилдаа зарцуулах шалтгаан болно. Аливаа ажлыг хийхэд хамгийн чухал зүйл бол тухайн ажлын зорилгод хүрэх явдал юм. Зорилгодоо хүрсэн бол та амарч болно, өөр зүйлд цагаа зарцуулж ч болно. Гэтэл бүтээмжийн гажигтай хүмүүс тухайн ажлын зорилгодоо хүрсэн эсэхээ мэддэггүй, мэдсэн ч сэтгэл ханамжийг мэдэрч чаддаггүй. Тэгэхээр өнөөдөр та ажил дээрээ юу хийх ёстой байсан, түүнийгээ хийж чадсан эсэхээ шалга. Хэрэв тийм бол бүхнийг орхиод гэртээ харь.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn