Ирээдүйдээ санаа зовох хэрэггүй, нас ахих тусмаа та илүү аз жаргалтай болно

Нас ахих тусам эрүүл мэндийн зовуурь шаналгаа нэмэгдэж, нийгэм, эдийн засгийн сорилт бэрхшээлүүд тулгардаг ч 55 наснаас эхлэн хүмүүсийн амьдралаас авах сэтгэл ханамж нэмэгддэг ажээ. Мөн хүний сэтгэл санаа илүү тогтвортой болж эхэлдэг нь тогтоогдсон байдаг.
Ирээдүйдээ санаа зовох хэрэггүй, нас ахих тусмаа та илүү аз жаргалтай болно

Та 70 насандаа өнөөдрийнхөөс илүү аз жаргалтай байж чадах уу?

Өнөөдөр 20, 30 настай залуу хүн ахимаг насныхаа талаар төсөөлбөл сөрөг мэдрэмжүүдээр дүүрэн, хэзээ ч хүрч чадаагүй том зорилгуудынхаа талаар эргэцүүлэн бодож, өөрийгөө зүхэж, амьдралынхаа төгсгөлд ойртож байгаагаас айсан байдалтай байх эсвэл илүү хичээж амьдран, зорьсон бүхнээ биелүүлчихээд, илүү аз жаргалтайгаар амьдралын төгсгөлийг хүлээж байна гэсэн хоёр өөр дүр зураг бууж болох юм.

Ахмад настнууд эрүүл мэндийн асуудал, танин мэдэхүйн түвшин буурах, хань ижлээ алдах, бусдаас хамааралтай болох зэрэг олон тооны сорилт бэрхшээлүүдтэй тулгардаг. Гэвч үнэндээ дэлхий даяар амьдралын сэтгэл ханамж, сэтгэл хөдлөлийн тогтвортой байдал 55 наснаас эхлэн нэмэгдэж эхэлдгийг тогтоосон байдаг. Улмаар 70 наснаас хойш амьдралаас авах сэтгэл ханамж тогтворжих эсвэл бага зэрэг буурах шинж үзүүлдэг бол 90-ээс дээш насанд сэтгэл ханамж нь буурдаг байна.

Эрдэмтэд энэхүү зүй тогтлыг тайлбарлах хоёр өөр тайлбар байж болно гэж үздэг. Эхнийх нь нас ахихтай холбоотой танин мэдэхүйн чадвар буурч эхэлдэг нь хүмүүсийг илүү аз жаргалтай болгодог байж болно гэсэн таамаглал юм. Танин мэдэхүйн чадвар буурснаар муу зүйлийг илүү хурдан мартаж, стресст бага өртөж, хэт их юм бодохгүйгээр, маш энгийн амьдралаар аз жаргалтайгаар амьдардаг байж болно. Өөрөөр хэлбэл, энэ хувилбарын дагуу бага зэрэг тэнэг бол илүү аз жаргалтай байж чадах юм.

Үүний эсрэгээр буюу хөгшин хүмүүс илүү ухаантай болдог учраас илүү аз жаргалтай болдог ч гэж тайлбарлаж болно. Энэ нь дараах хэд хэдэн хүчин зүйлстэй холбоотой.

Нэгдүгээрт, ахмад настнууд аж жаргалтайгаар амьдрах нь хэчнээн чухал болохыг амьдралынхаа туршлагаар мэддэг болсон тул аз жаргалаа хэрхэн дээд хэмжээнд нь хүртэл нэмэгдүүлэхээ илүү сайн мэддэг байх талтай. Сэтгэл хөдлөлийн сонгомол онолын дагуу хүний амьдралын туйлын зорилго амьдралын туршид өөрчлөгдсөөр байдаг. Залуу хүмүүс мэдлэг бий болгох, нийгмийн харилцаа холбоо тогтоох, мөнгө, нэр хүндтэй болох зэрэг урт хугацааны зорилгод гол анхаарлаа хандуулдаг бол хөгшин хүмүүс цаг хугацаагаа хязгаарлагдмал гэдгийг мэддэг тул тухайн цаг мөчдөө анхаарлаа хандуулж, ойрын зорилгоо урьтал болгодог. Өөрөөр хэлбэл, тэд аз жаргал, сэтгэл ханамжийг яг байгаа газраасаа, амьдран буй цаг мөчөөсөө хайдаг байж болох юм.

Цаашилбал, ахмад настнууд амьдралд тулгарсан аливаа саад бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар хангалттай их туршлагатай байдаг. Тэд сэтгэл хөдлөлөө чадварлагаар удирдаж, стресстэй нөхцөл байдлаас зайлсхийхийн тулд урьдчилан төлөвлөж, муу зүйл тохиолдсон ч түүний эерэг талуудыг нь олж харах зэрэг чадварыг залуусаас илүү эзэмшсэн байдаг байх боломжтой.

Энэхүү эсрэг тэсрэг хоёр өөр хувилбарын талаар хийгдсэн судалгааны үр дүнгээс үзвэл аль аль нь боломжтой болохыг, магадгүй эдгээрийн “холимог” ч байж болох дүр зураг ажиглагддаг. Жишээ нь, судалгаагаар танин мэдэхүйн чадвар буурах нь ахмад настнуудыг урьдчилан төлөвлөх чадваргүй болгодог гэж үзсэн бол өөр нэгэн судалгаагаар ахмад настнуудын танин мэдэхүйн чадвар буурсан ч импульсийн хяналт, анхаарал төвлөрөлт зэрэг сэтгэл хөдлөлтэй холбоотой танин мэдэхүйн чадварууд буурдаггүй болохыг тогтоожээ.

Кембрижийн их сургуулийн судлаач Жейсон Стреттон болон түүний хамтрагчид ахмад настнууд хөгшрөх тусам яагаад илүү аз жаргалтай болдгийг ойлгохын тулд Их Британийн өнцөг булан бүрээс 18-88 насны 249 насанд хүрэгчдийн сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл, тархины хэмжээ, танин мэдэхүйн чадварыг хэмжсэн байна. Сэтгэл хөдлөлийг нь тодорхойлохын тулд сөрөг үйл явдлын тухай, төвийг сахисан буюу магадгүй цаг агаарын урьдчилсан мэдээ, эерэг буюу инээж буй хүүхдийн видео бичлэгүүдийг үзүүлж, ямар сэтгэл хөдлөл илэрч байгааг тодорхойлсон байна.

Үр дүнд нь ахмад хүмүүс туршилт эхлэхэд л тодорхой хэмжээний эерэг сэтгэл хөдлөл буюу аз жаргалтай байсан ба эерэг зүйлд илүү хүчтэй эерэг сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл үзүүлж байсан боловч сөрөг зүйлд төдийлөн хариу үйлдэл үзүүлээгүй байна. Таамаглаж байсанчлан өндөр настнуудын танин мэдэхүйн чадвар буурсан бөгөөд тархины хэд хэдэн хэсэгт бор бодис нимгэрсэн байгааг илрүүлэв. Гэхдээ тэдний эерэг сэтгэл хөдлөл нь танин мэдэхүйн бууралт болон тархины эд эсүүд цөөрсөнтэй хамааралгүй байв. Харин ч танин мэдэхүйн чадвар алдалттай хүмүүс илүү сөрөг сэтгэл хөдлөл ихтэй байсан юм. Ерөнхийдөө судалгаанд оролцогчдын нас ахих тусам эерэг сэтгэл хөдлөл нэмэгдэж байжээ.

Эдгээр үр дүнгээс ахмад наснуудын аз жаргалтай байдлын шалтгаан нь танин мэдэхгүйн бууралт биш болохыг харж болно. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хоёр таамаглалаас хоёр дахь нь буюу ахмад хүмүүс илүү ухаантай учраас илүү аз жаргалтай байдаг гэсэн таамаглал илүү үнэн байх магадлалтай.

Товчхондоо, хүн нас ахих тусам эерэг ба сөрөг өдөөлтөд үзүүлэх хариу үйлдэл нь эерэг сэтгэл хөдлөл болж хувирдаг. Ахмад настнууд залуу хүмүүстэй харьцуулахад сөрөг хөдлөлийг бага мэдэрдэг учраас илүү аз жаргалтай болдог аж.

Өвөө эмээ чинь яг одоо уйтгарлаж байгаа бол түүнд уйтгартай байх ямар нэг бодитой шалтгаан (нуруу, үе мөч нь өвдсөн ч байж магадгүй) байгаа учраас уйтгарлаж байгаа юм. Тэд “одоо” цагтаа илүү төвлөрч чаддаг, сэтгэл хөдлөлөө илүү сайн зохицуулж, хэрхэн илүү аз жаргалтай байхаа мэддэг учраас залуусаас илүү аз жаргалтай байдаг.

Иймээс залууст хандаж хэлэхэд ирээдүйд өөрийгөө аз жаргалгүй амьдрах вий гэж санаагаа чилээх огтхон ч хэрэггүй, та ч гэсэн 70 насандаа аз жаргалтай л байх болно.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn