Таны хүүхэд интроверт уу?

Дэлхийн хүн амын 30-50%-ийг интроверт буюу дотогшоо зан чанартай хүмүүс бүрдүүлдэг. Гэвч энэ зан чанарыг буруу мэт үзэж, өөрийгөө болон үр хүүхдээ гадагшаа болгохын тулд хичээдэг нийгэмд бид амьдарч байна. Зарим хүмүүс өөрийгөө интроверт гэдгээ ч мэддэггүй байх нь бий.
Таны хүүхэд интроверт уу?
Getty Images

Дотогшоо чиглэсэн зан чанар бол сул тал эсвэл эмгэг биш

Тодорхойлолтын дагуу интровертууд хүмүүстэй хамт байхдаа хүчээ шавхан, амархан ядардаг бөгөөд эрч хүчээ цэнэглэхийн тулд завсарлага авч, ганцаараа байх хэрэгтэй болдог. Гэхдээ дотогшоо байдал нь сул тал эсвэл эмгэг огт биш, төрөхөөс өгөгддөг өөрчлөгдөшгүй зан араншин юм.

Доктор Марти Олсен Лэйнигийн "Интроверт хүүхдийн далд бэлгүүд" номд бичсэнээр, хүүхдүүд дөрвөн сартайгаас эхлэн дотогшоо эсвэл гадагшаа зан чанартай эсэх шинж тэмдэг нь илэрч эхэлдэг байна. Интровертууд нээлттэй байхад суралцах боломжтой ч төрөлхийн экстроверт хүмүүс шиг болж өөрчлөгдөх боломжгүй.

Сьюзан Кайны дотогшоо чиглэсэн хүмүүсийн давуу тал, хүчийг тайлбарласан "Дуугай" номд өгүүлснээр интроверт хүүхдийг тайван байлгавал илүү их амжилт гаргах магадлалтай гэнэ. Тиймээс таны хүүхэд олон хүүхэдтэй харилцан тоглодоггүй, бусдаас ичдэг бол түүнийг "Битгий ич, хүүхдүүдтэй тогло" гэх зэргээр нийгэмшүүлэх гэж ятгах хэрэггүй. Харин хүүхдийнхээ төрөлхийн зан авирыг зөвөөр хүлээж авч, хөгжүүлж чадвал гадагшаа зан чанартай хүүхдээс ч илүү их амжилтад хүрэх боломжтой.

Хүүхдээ дотогшоо нэгэн эсэхийг хэрхэн мэдэх вэ?

"Интровертуудын нууц амьдрал: Бидний далд ертөнц дотор" номын зохиогч Женн Граннеман интроверт хүүхдүүдээс ажиглагддаг нийтлэг шинж чанарыг ийн нэгтгэжээ.

Дотоод ертөнц

Сэтгэл судлалын ухааны доктор Лэйни интроверт хүүхдүүдийн талаар “Тэд материаллаг ертөнцөөс хол орших цэцэрлэгт хүрээлэндээ төвлөрч, ээдрээтэй бодол, мэдрэмжүүдээ тайлдаг” хэмээн бичжээ. Дотоод ертөнц нь баялаг учраас дотогшоо хүүхдүүд уран сэтгэмжээр тоглож, ганцаараа цагийг өнгөрөөх дуртай байдаг. Тэд өөрийн өрөөнд эсвэл бусад тусгаарлагдмал орчинд унших, зурах, компьютер тоглоом тоглох гэх зэргээр цагийг ихэвчлэн ганцаараа өнгөрүүлдэг.

Сониуч зан

Интровертууд бол төрөлхийн ажиглагчид. Тэд үргэлж гүн гүнзгий асуулт асууж, ертөнцийн талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг. Аливаа зүйлийн утга учир, яагаад ийм байгаа, хэрхэн ажиллаж байна гэх мэтээр гүнзгий түвшинд судлахыг тэмүүлнэ. Бүтээлч байдал, асуудлыг шийдвэрлэх чадварыг нь заримдаа насанд хүрэгчид гайхширч, наснаасаа илүү ухаантай мэтээр дүгнэх нь бий. Тэдний хэтэрхий болгоомжтой зан авирыг сониуч байдал нь түлхэж хөдөлгөдөг ажээ.

Эхлээд ажиглана, дараа нь үйлдэл хийнэ.

Танил бус нөхцөл байдалд ирсэн дотогшоо хүүхдүүд нийгэмшихэд аюулгүй байдлаа мэдрэх хүртлээ асран хамгаалагчтайгаа зууралддаг. Тэд тоглоомын талбай дээрх олон хүүхдийн дунд орохоос болгоомжилж, эргэлзэж байгаа мэт харагдаж болох ч үнэндээ айсан хэрэг биш. Интроверт хүүхдүүд зүгээр л "үсрэхээсээ өмнө харах" хандлагатай байдаг бөгөөд насанд хүрсэн интроверт хүмүүс хүртэл нийгмийн харилцаанд орохоосоо өмнө сэтгэлзүйн хувьд бэлдэх цаг гаргахыг илүүд үздэг.

Өөрийнхөө бөмбөрийн хэмнэлд л жагсана.

Дотогшоо хүүхдүүд олныг дагахаас илүү өөрсдийнхөө жишгээр шийдвэр гаргах хандлагатай байдаг. Тэд алдартай эсвэл загварлаг зүйлийг бус өөрийн сонирхолд тулгуурлан хөгжим, хувцас, ном, хоббигоо сонгодог.

Тэдний "жинхэнэ" зан чанар гарч ирэхэд цаг хугацаа хэрэгтэй.

Интроверт насанд хүрэгчдийн нэгэн адил дотогшоо хүүхдүүд шинэ хүмүүст аажуухан дасдаг бөгөөд та тэдний "жинхэнэ" төрхийг шууд харж чадахгүй. Хэн нэгэнтэй анх уулзахдаа чимээгүй, тайван байж болох ч тухайн хүний ​​дэргэд илүү тухтай байх тусам тэд нээгдэнэ. Хүмүүстэй илүү гүнзгий түвшинд холбогдож, дотоод мөн чанарыг таньж мэдэхийг эрхэмлэдэг тул дотогшоо хүүхдүүд ганц хоёрхон дотнын найзтай байж, бусад бүх хүнийг танил гэж тооцдог. Түүнчлэн, ерөнхийдөө сайн сонсогч, нөгөө хүнийхээ хэлсэн зүйлийг анхаарч, санаж байдаг ч жижиг сажиг ярианаас зайлсхийж, тухайн сэдвийг сонирхохгүй бол нүүр буруулна. Тэд бодол санаагаа нэгтгэхийн тулд ярихдаа өөр тийшээ хардаг ч сонсохдоо нүдээрээ харьцдаг.

Бүлгийн орчин тэднийг ядраадаг.

Интровертууд ганцаараа байхдаа эрч хүчтэй болдог бол олон хүн бужигнасан бүлгийн орчинд эрч хүчээ алдана. Дотогшоо хүүхдүүд сургууль, цэцэрлэг, тоглоомын талбай, төрсөн өдрийн баярын арга хэмжээний дараа ядарч туйлдсан, эсвэл хэт эмзэг болж бухимддаг. Энэ нь тэд үе тэнгийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх дургүй гэсэн үг биш. Зүгээр л интроверт хүмүүст нийгмийн харилцааны дараа алжаал тайлах цаг заавал хэрэгтэй. Хэрэв та экстроверт хүн бол тэдний ганцаараа байх хэрэгцээ танд хачирхалтай санагдаж магадгүй.

Дотогшоо зан чанартай хүүхдэдээ хэрхэн хандах вэ?

Эхэнд дурдсанчлан экстроверт соёл давамгайлсан нийгэмд амьдарч байгаагийн хувьд дотогшоо чиглэсэн зан чанар бүхий хүүхдүүдэд асран хамгаалагчдын дэмжлэг, хандлага тун чухал. “Дуугай” номд интроверт хүмүүсийг цахирмаа цэцэгтэй зүйрлэж болно гэжээ.

Тодруулбал, цахирмаа цэцгийг сайн арчилбал маш сайхан ургадаг мөртлөө жаахан л буруу арчилгаа хийж эхэлбэл тэр дороо үхдэг аж. Үүнтэй адил интроверт хүүхдэд илүү хайр халамж үзүүлэн, гэр бүлийн орчин нь тогтвортой байвал амжилт гаргах магадлал өндөр байдаг.

Интроверт хүмүүсийг бүтэлгүй экстроверт гэж харахын оронд тэдний өвөрмөц давуу тал, авьяас чадварыг үнэлж эхлэх хэрэгтэй.

Хүлээн зөвшөөрөөд тэврээрэй.

Хүүхдээ илүү идэвхтэй нийгмийн амьдралтай болгохоор түлхэх нь тэдний мөн чанарыг өөрчлөх оролдлого гэсэн үг. Энэ нь "чи хангалттай сайн биш" гэсэн мессежийг өгөх бөгөөд тэдний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг унагаахаас гадна хоорондын харилцаагаа ч сүйтгэж болзошгүй юм. Тиймээс тэднийг байгаагаар нь хүлээж ав.

Өөрийгөө илэрхийлэх гарц олоход нь тусал.

Хүн бүрд өөрийгөө илэрхийлэх үндсэн хэрэгцээ бий. Интровертууд өөрийн мэдрэмж, санаа бодлыг шууд ярихгүй учраас зураг зурах, өдрийн тэмдэглэл хөтлөх, иогоор хичээллэх гэх мэт өөрийгөө илэрхийлэх эрүүл гарц олоход нь туслаарай. Хэдийгээр хүүхдэд зарим талаар сөрөг нөлөө үзүүлдэг ч гэлээ сошиал медиа платформууд таны өсвөр насны хүүхдэд сэтгэн бодох, өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөг өгч чадна.

Ганцаараа байх цаг олго.

Экстроверт эцэг эхчүүд гэр бүлээрээ хамтдаа бүхнийг хийхийг хүсдэг ч интроверт хүүхдүүд ганцаардлаар цэнэглэгддэг гэдгийг мартаж болохгүй. Ажигласан зүйлээ боловсруулах тайван цаг тэдэнд хэрэгтэй учраас хүүхдэдээ ганцаараа байх хувийн орон зай өгөөрэй.

Давуу талтай нь ажилла.

Өөрийнх нь сонирхлыг татаагүй сургалт дамжаа, арга хэмжээнд явуулахаар хүчлэх нь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй. Үүний оронд сонирхолд нь нийцүүлж ямар нэг зүйл хийхийг урамшуулан дэмжвэл илүү сайн үр дүн гарна. "Интроверт хүмүүс өөрийгөө нээлттэй болохын тулд өөрт утга учиртай санагдах ажлаа сонгох нь чухал" гэж “Дуугай” номын зохиогч Сьюзан Кайн зөвлөсөн байдаг.

Түлх, гэхдээ зөөлөн.

Тэдэнд өөрийгөө цэнэглэх завсарлага хэрэгтэй ч бүх чөлөөт цагаа ганцаараа өнгөрөөх нь сэтгэлийн хямрал, ганцаардалд хүргэж, өөрийгөө үнэлэх чадваргүй болгож мэднэ. Харилцаагүйгээр амьдрал өрнөх боломжгүйг, шинэ орчин, танихгүй хүмүүст дасаж болно гэдгийг бага багаар ойлгуулж өгөөрэй. Хүүхдэдээ хэлэлгүй шууд сургалт дамжаанд бүртгүүлэн, гэнэт цочирдуулахын оронд энгийн яриа хэрхэн эхлүүлж, хүмүүстэй харилцах талаар зөвлөгөө өгөх зэргээр зөөлөн түлхэх хэрэгтэй.

Хүүхдийнхээ өвөрмөц онцлог, авьяас чадварыг үнэлж сурга.

Тэдний сонсох, анхаарлаа төвлөрүүлэх, ажиглах, бусадтай гүн гүнзгий харилцаа бий болгох чадвар нь үнэлж баршгүй бөгөөд ичиж зовох зүйл биш гэдгийг ойлгуулаарай.

"Экстроверт ертөнцөд дотогшоо хүүхэд өсгөх нь мэдээж хэцүү. Гэсэн хэдий ч, интроверт хандлагыг эдгэрэх ёстой өвчин биш харин ашиглах ёстой хүч гэж үзэх нь амжилтад хүрэх түлхүүр юм" гэж heysigmund сайтын нийтлэлч Синди зөвлөсөн байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn