Цуглуулагчийн сэтгэл зүй

Тэдэнд аливаа эд зүйлсийг хаях эсвэл бусдад өгөх нь үнэхээр хэцүү байдаг. Тэдгээр зүйлс хэр үнэтэй, хэрэгцээтэй байх нь огт хамаагүй. Тэдний хуримтлуулж байгаа зүйлс нь сонин сэтгүүл, хүнс, хайрцаг, уут гэх мэт юу ч байж болно.
Цуглуулагчийн сэтгэл зүй

Загвар зохион бүтээгч Уильям Моррис "Яаж ашиглахаа мэдэхгүй эсвэл үзэсгэлэнтэй гэж боддоггүй зүйлсээ бүү хадгал" гэсэн энгийн дүрмээр амьдардаг байсан гэдэг. Энэ бол ямар ч хэрэггүй новшоор гэрээ дүүргэхээс сэргийлэх маш сайн зарчим юм. Гэвч ихэнх хүмүүс ийм энгийн дүрмийг дагаж мөрдөх дургүй байдаг. Тэр зүйл өөрт нь хэзээ нэгэн цагт хэрэг болж магадгүй эсвэл энэ зүйл хуучны сайхан цаг, дурсамжуудыг нь сэргээдэгтэй холбоотой. Бидний тархинд энэ мэт хэрэгтэй хэрэггүй зүйлсийг цуглуулах зан үйлийг хариуцсан бяцхан хэсэг байдаг нь үүнийг хийх шалтгаан болдог байна.

Сэтгэл зүйн эмгэг

Цуглуулагчийн сэтгэл зүйтэй хүмүүсийн хувьд тэрхүү тархины хэсэг нь тийм ч жижигхэн биш. Түүгээр ч барахгүй өмнө нь үүнийг OCD буюу хэтрүүлэн бодох эмгэгийн нэг хэлбэр гэж үздэг байсан бол одоо бие даасан сэтгэл зүйн эмгэг гэж тооцох болжээ.

Аливаа сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь тархины аль нэг хэвийн үйл ажиллагаа хэт хүчтэй явагдсанаас үүдэлтэй байдаг. Жишээ нь, ярилцлага өгөхдөө сандрах эсвэл аалз хараад айж байвал энэ нь хэвийн үзэгдэл. Харин ямар ч тодорхой шалтгаангүйгээр айдас түгшүүрийг мэдэрч байвал энэ нь сэтгэл түгших эмгэг гэсэн үг.

Цуглуулагчийн сэтгэл зүй ч мөн адил. Тэдэнд аливаа эд зүйлсийг хаях эсвэл бусдад өгөх нь үнэхээр хэцүү байдаг. Тэдгээр зүйлс хэр үнэтэй, хэрэгцээтэй байх нь хамаагүй огт хамаагүй. Тэдний хуримтлуулж байгаа зүйлс нь сонин сэтгүүл, хүнс, хайрцаг, уут гэх мэт юу ч байж болно. Хүн бүр тодорхой хэмжээгээр хэрэгтэй зүйлсээ цуглуулж, хуримтлуулдаг ч хэт туйлширсан ийм зан үйл нь сэтгэл зүйн асуудал үүсгэх хортой байж болзошгүй юм.

Судалгаанаас үзэхэд ийм сэтгэл зүйн асуудал нийт хүн амын 2.5%-д ажиглагддаг бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь ижилхэн тохиолддог байна. Дэлхийн нийт хүн амын 3.8% нь сэтгэл түгшилттэй, 3.7% нь сэтгэл гутралтай, 2.8% нь анхаарал сулрах, хэт хөдөлгөөнт эмгэг (ADHD), 1.4% нь архины хамааралтай байдаг. Эдгээр үзүүлэлттэй харьцуулбал цуглуулагчийн сэтгэл зүйтэй хүмүүс бидний дунд цөөнгүй байдаг бололтой.

Эрүүл мэндийн нөлөө

Энэ нь бусад сэтгэцийн эмгэгүүдтэй нэгэн адил бидний хэвийн ажиллаж амьдрахад хор хөнөөл үзүүлдэг.

1. Сэтгэл зүйн асуудал. Хадгалсан, цуглуулсан эд юмсаа хаях вий гэх бодол маш их зовлон, түгшүүрийг өдөөдөг. Иймээс тухайн зүйл бүрэн бүтэн байгаа эсэхийг дахин шалгах шаардлагатай болдог аж. Хуримтлал нэмэгдэхийн хирээр энэ нь асуудал болж байгааг хүн өөрөө ухамсарлах ба энэ үед өөрийгөө үзэн ядахтай зэрэгцэн хуримтлалаа нэмэгдүүлсээр байдаг. Үүний дагуу сэтгэл зүйн асуудлууд ч хуримтлагдсаар байх болно. Тэд өөрсдийн энэ зуршлыг хэвийн бус гэдгийг мэддэг ч өөрсдийгөө зогсоож чаддаггүй.

Жишээ нь, ийм сэтгэл зүйн асуудалтай нэгэн өвчтөн сэтгэлзүйчид цагаа дэмий зүйлд үрж, хуримтлуулсан зүйлсээ өөрөө ч хянах боломжгүй болсноос болж бүтэлгүйтсэн мэдрэмж төрдөг, уйлдаг, сэтгэл зүйн хувьд өвдөлт мэдэрдэг тухайгаа ярьсан байдаг.

2. Бодит нөхцөл байдал. Их хэмжээний хэрэггүй зүйлс цуглуулснаас амьдрах орчин нь маш эмх замбараагүй, амьдрахад төвөгтэй болдог. Үндсэндээ тэдний хуримтлал болон "хоолны хог хаягдал" хоёрын хооронд тодорхой зааг ялгаа байхгүй болдог. Гэр нь нь цэвэрхэн биш, эмх замбараагүй, төдийгүй эрүүл ахуйн шаардлага хангахгүй болдог тул биеийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлөх магадлалтай.

Гэр нь хүн амьдрах, гишгэх ч боломжгүй учир хуримтлуулагчид ихэвчлэн гэр орныхоо энэ нөхцөл байдлаас ичдэг. Учир нь ийм эмх замбараагүй нөхцөл байдалд ихэнх хүн дургүй гэдгийг сайн мэднэ. Ийм шалтгаанаар ихэвчлэн нийгмээс тусгаарлагдах ба найз нөхөд, гэр бүл нь ч тэднээс хөндийрдөг. Энэ нь тэдний сэтгэл гутралыг гүнзгийрүүлж болох ба дээр дурдсан өөрийгөө үзэн ядах хандлага ч нэмэгддэг.

Эртнээс энэ эмгэгийг OCD-н ангилалд хамааруулан үзэж байсан ч Хартфордын эмнэлэг болон Йелийн их сургуулийн доктор Дэвид Толины явуулсан судалгаагаар OCD болон цуглуулагчийн сэтгэл зүйтэй хүмүүсийн тархи нэлээд ялгаатай ажилладаг болохыг тогтоожээ. Д.Толин нарын туршилтаар цуглуулагчдын тархины инсула болон духны хэсгийг зангилааны бор гадарга (ACC) буюу объектод үзүүлэх сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийг зохицуулдаг хэсгүүд хэвийн бус идэвхжилтэй байгааг илрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, тэдний тархинд аливаа эд зүйлсийг хэр чухал болохыг хариуцдаг хэсгүүд хэвийн ажиллахгүй байна гэсэн үг.

Мэргэжлийн зөвлөгөө

Хэрэв танд өөрт чинь эсвэл хайртай хүмүүсийн чинь хэн нэгэнд нь энэ шинж тэмдэг анзаарагдсан бол хэрхэн туслахыг мэргэжилтнүүд дараах байдлаар зөвлөжээ.

  • Эелдэг бай. Сэтгэцийн цөөн хэдэн эмгэгээс бусдыг нь шүүмжлэх, буруутгах байдлаар эмчлэх боломжгүй байдаг. Бараг бүх сэтгэцийн эмгэгийг ичгүүр, өөрийгөө болон өвчнөө үгүйсгэх нарийн төвөгтэй мэдрэмжүүд дагалддаг. Тиймээс тэднийг буруутгах хэрэггүй, аль болох эелдэг бай.

  • Аюулгүй байдлыг ханга. Хэрэв тэдний гэр хэт их цуглуулгаас шалтгаалан амьдрахад тохиромжгүй болсон, эд зүйлсийн овоолго нурах, гал түймэр гарах, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөл үүссэн бол цуглуулгаас нь нэг ч хаяж үрэгдүүлэхгүйгээр аюулгүй, цэгцтэй болгох нь туслаарай. Шаардлагатай бол мэргэжлийн сэтгэлзүйчдээс тусламж хүсэх хэрэгтэй.

  • Тусламж авахад нь дэмжлэг үзүүл. Дээр дурдсанчлан тэд өөрийгөө сэтгэцийн эмгэгтэй болсон гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. Тийм ч учраас шууд сэтгэцийн эмчид очихыг зөвшөөрдөггүй. Тэднийг тусламж авахыг ятгах хамгийн сайн арга бол "Clutter Image Rating" хэмээх үнэлгээний арга юм. Үүнийг хийхийн тулд тэдэнд янз бүрийн зургуудыг (маш эмх цэгтэйгээс эхлээд байж болох хамгийн эмх цэгцгүй ижил өрөөний зургууд) үзүүлж, аль зураг нь өөрийнх нь гэр, өрөөтэй ижилхэн байгааг асуухад л хандалттай.

Эх сурвалж: ADAA, Journal of Affective Disoreders, EJBM, Archives of General Psychiatry, Mind

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn