Үзэн ядалт хүн төрөлхтний салшгүй хэсэг гэж үү?

Манай нийгэмд үзэн ядалт хэмээх зүйл хаа сайгүй тархсан мэт санагдана. Өдөр бүр нийгмийн сүлжээнээс аль нэг улстөрч эсвэл олны танилыг үзэн ядаж байгаа сэтгэгдэл хаанаас ч олж уншиж болно. Гэхдээ ингэж хэн нэгнийг үзэн ядах нь бидэнд ямар хэрэгтэй вэ. Үүний цаана юу нуугдаж байдаг вэ. Бид юуны төлөө бие биеэ үзэн ядна вэ?
Үзэн ядалт хүн төрөлхтний салшгүй хэсэг гэж үү?
Dan EdgeUnsplash

Нийгмийн харилцааны үүднээс үзэл ядалт гэдэг нь

Монгол хэлний их тайлбар толинд үзэн ядалт гэдэг үгийг “үзэж чадахгүй болох”, “ад шоо үзэх” хэмээн тайлбарласан байдаг. Харин Merriam-Webster толь бичигт англи хэлний үзэн ядалт буюу hate гэдэг үгийг ихэвчлэн айдас, уур хилэнгийн мэдрэмжээс үүдэлтэй хүчтэй дайсагнал, дургүйцэл ба жигшлийг илэрхийлнэ гэжээ.

Амстердамын их сургуулийн профессор Агнета Фишер болон түүний хамтрагчид 2018 онд бичсэн нийтлэлдээ үзэн ядалтыг “хүн төрөлхтний түүхэн дэх хүний мөн чанарын хамгийн хор хөнөөлтэй үзэгдэл” гэж тодорхойлсон байна.

Эрдэмтэд үзэн ядалтыг:

  • Сэтгэл хөдлөлийн хандлага

  • Нэг төрлийн сэтгэл зүйн хам шинж

  • Уур хилэнгийн ерөнхий хэлбэр

  • Бусдын талаарх ерөнхий үнэлгээ, хэм хэмжээний дүгнэлт

  • Бусдын нэр хүндийг унагах сэдэл эсвэл зүгээр л нэг төрлийн сэтгэл хөдлөл гэх мэтээр олон янзаар тайлбарласан байдаг.

Сэтгэлзүйчид үзэн ядалтыг хүний сэтгэл хөдлөлийн нэг хэсэг боловч уур уцаар, уйтгар гуниг гэх мэт шууд илэрдэг сэтгэл хөдлөлөөс илүү урт хугацааны сэтгэл хөдлөл гэдгээрээ нэлээд ялгаатай хэмээн тайлбарладаг. Ерөнхийдөө сэтгэл хөдлөл гэдэг нь аливаа хүн, эд зүйлс, үйл явдал өөрийнх нь хэрэгцээ хангагдсан эсэхэд тохируулах хувь хүний зүгээс үзүүлж буй хариу урвал юм. Хэрэв хувь хүний хэрэгцээ хангагдвал баярлах гэх мэт эерэг сэтгэл хөдлөл илэрдэг бол хангагдаагүй тохиолдолд уурлах, гомдох гэх мэт сөрөг сэтгэл хөдлөл илэрдэг.

Үзэн ядалт нь уур хилэн, жигшил, зэвүүцэл зэрэг бусад сөрөг сэтгэл хөдлөлийн шинж чанарыг агуулдаг боловч хэн нэгэн хүний төрөлхийн мөн чанар, сэдэл, онцлогт анхаарлаа хандуулдгаараа тэднээс эрс ялгаатай юм. Жигших, дайсагнах мэдрэмж нь цаашлаад үзэн ядалтад өртөж буй хүн эсвэл бүлэг хүмүүсийн ялгаварлан гадуурхах, хор хөнөөл учруулах, устгах хүсэл эрмэлзлээр солигддог.

Илүү өргөн хүрээнд авч үзвэл үзэн ядагч болон үзэн ядагдаж буй бүлгийн гишүүд хүссэн хүсээгүй нийгэмд харилцан уялдаатай, хамтран ажиллах шаардлагатай болдог. Бүлгүүд томрохын хэрээр үзэн ядалт нэмэгдсээр эцэстээ дайнд ч хүргэх шалтгаан болох боломжтой.

Дайснаа хүн чанаргүй, хамгийн муу хүмүүс мэтээр цэргүүддээ итгүүлэх нь дайснаа эргэлзээгүйгээр устгахад хүргэдэг цэргийн удирдагчийн хамгийн шалгарсан арга гэж тооцогддог. Дайснаа үнэхээр л хүн биш, үзэн ядалт, жигшил зэвүүцлийг хангалттай хэмжээгээр хүртэх ёстой этгээд гэж тодорхойлдог. Ингэснээр тэд үзэн ядалтыг нэг төрлийн зэвсэг болгон ашиглаж байгаа юм. Энэхүү үзэн ядалтаар бий болсон хүчирхийлэл нь үе удам дамжсан сэтгэл зүйн траума үүсгэдэг учир олон улс үндэстнүүд бие биеэ хэдэн зуун жилээр үзэн ядах шалтгаантай болжээ.

Дайны үед үзэн ядалтаас зайлсхийх нь хэцүү боловч сэтгэлзүйчид аливаа мөргөлдөөн, дайны үед цэргүүдийн энэрэн нигүүлсэхүй, нинжин сэтгэлийг хадгалахад ихээхэн хүчин чармайлт гаргах нь дайны ирээдүйн хор хохирлыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж үздэг байна.

Нейробиологийн үүднээс үзэн ядалт гэдэг нь

2008 онд хийгдсэн нэгэн туршилтаар оролцогчдод "үзэн яддаг" сэдвүүдтэй нь холбоотой зургийг үзүүлэх үед тархины духны дунд хэсгийн атираа, баруун талын путамен, хөдөлгөөнийг хариуцдаг бөөмүүд, духны туйл, инсулагийн дунд хэсэг зэрэг бүтцүүд хүчтэй идэвхжиж байгааг илрүүлжээ. Үзэн ядалт их байх тусам эдгээр хэсгүүд илүү идэвхэжсэн байна.

Өөрөөр хэлбэл, үзэн ядалтыг мэдрэх үед тархины эдгээр хэсгүүд хоорондоо эрчимтэй мэдээлэл солилцдог. Эдгээр идэвхэжсэн хэсгүүд нь үзэн ядалтыг айдас, уур хилэн, түрэмгийлэл зэрэг сэтгэл хөдлөлүүдтэй холбоотой боловч тодорхой ялгаатай болохыг илтгэж байгаа юм. Ялангуяа дистресс, урвалж чанар, хөдөлгөөнийг хариуцдаг, тархины духны хэсгүүд бөөмүүд идэвхжиж байсан нь тухайн хүн үзэн ядаж буй зүйлдээ хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байдаг гэсэн үг.

Сонирхолтой нь үзэн ядалтын үед идэвхжиж байсан путамен болон инсула нь романтик хайр дурлалын үед ч хүчтэй идэвхэждэг. Тэгэхээр энэ нь хайр ба үзэн ядалт яагаад хоорондоо нягт холбоотой байдгийн нэг тайлбар ч байж болох юм.

Өөр нэгэн судалгаагаар харилцан бие биеэ үзэн яддаг бүлгүүдийн гишүүд нөгөө бүлгийн азгүйдлээс таашаал авдаг болохыг тогтоожээ. Эсрэг бүлгийн гишүүд бүтэлгүйтсэн талаар олж мэдэх үед тархины ховдлын судлууд идэвхэжсэн бөгөөд энэ нь шагнал, урамшуулалтай адил тааламжтай мэдрэмжийг хариуцдаг тархины хэсэг юм. Тиймээс үзэн ядалт гэх мэт сөрөг сэтгэл хөдлөл эсвэл үйлдэл нь тааламжтай мэдрэмжийг авах нэг шалтгаан болдог ч байж болзошгүй аж.

Цахим үзэн ядалт

Интернэт хүмүүс амьдралын салшгүй нэг хэсэг болсны зэрэгцээ нийгмийн бүлгүүдийн бие биеэ үзэн ядах гол хэрэгсэл болчихоод байна. 2021 онд Колумб улсын судлаачдын бэлтгэсэн судалгааны өгүүлэлд цахим ертөнц дэх үзэн ядсан үг хэллэгийг "интернэт хэмээх дундын өмчийг ашиглан бүлэг хүмүүст чиглэсэн хүчирхийлэл, түрэмгийлэл эсвэл доромжилсон үг хэллэг ашиглах" гэж тодорхойлсон. Энэ нь үзэл бодол, хүйс, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, тэднийг үзэн ядах шинж чанартай байдаг.

Их Британийн Ditch the Label байгууллагаас гаргасан тайланд АНУ болон Их Британид Ковид-19 цар тахлын эхний хөл хорионы үеэр онлайн үзэн ядалт 38%-аар өссөн болохыг тогтоожээ. Түүнчлэн тус тайланд АНУ болон Их Британид гарсан гэмт хэргийн тоо онлайн үзэн ядалттай шууд хамааралтай байгаа нь ажигласан байна.

Үзэн ядалтыг хэрхэн бууруулах вэ?

Хэн нэгнийг эсвэл бүлэг хүнийг утга учиргүйгээр үзэн ядах нь таны төсөөлснөөс ч илүү сөрөг үр дагаврыг авчирдаг бөгөөд эцсийн эцэст үзэн ядагдаж байгаа хүн биш, та өөрөө л илүү их сөрөг мэдрэмжийг өөртөө хуримтлуулах болно. Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгийн тодорхойлсноор үзэн ядалтын улмаас гэмт хэрэг үйлдсэн хүмүүс ихэвчлэн оношлогдоогүй сэтгэцийн эмгэгтэй болсон байдаг бөгөөд энэ нь түрэмгийлэл, нийгэмд аюултай үйлдэл хийхэд хүргэдэг.

Тэгэхээр үзэн ядалтын хүлээсэнд орж, нийгэмд аюултай ямар нэг буруу зүйл хийхээсээ өмнө үзэн ядалтаа зогсоож, бүхнийг мартаж орхих нь өөрийгөө болон бусдыг хамгаалах хамгийн сайн арга байж болох юм.

Үзэн ядалтын гэмт хэргийн өдөөдөг өөр нэг гол хүчин зүйл бол соёлын өвөрмөц байдалд заналхийлж, гадуурхах явдал юм. Тухайн бүлгийн талаар илүү ихийг олж мэдэх, өрөөсгөл хандлагаа өөрчлөх нь тэднийг үзэн ядахаа болиход тусалж болох юм шүү.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn