Сэтгэлзүйчийн зөвлөгөө: Гэрлэснийхээ дараа хэрхэн урьдынх шигээ эрх чөлөөтэй байх вэ?

Хүүхдүүд ч таны амьдралын утга учир байх албагүй. Мэдээж, үр хүүхэдтэй байх нь аз жаргалтай, сайн сайхан ч гэлээ тэдэнд өөрсдийн гэсэн зам мөр бий.
Сэтгэлзүйчийн зөвлөгөө: Гэрлэснийхээ дараа хэрхэн урьдынх шигээ эрх чөлөөтэй байх вэ?

Бид хэзээ ч яг хуримаа хийсэн тэр хүнтэйгээ хамт амьдардаггүй гэсэн үг бий. Энэ бол гэр бүл болж, хамтдаа амьдарч эхэлснээр олон хүн өөрчлөгддөг гэдгийг хэлж байгаа юм.

Энэ өөрчлөлт дандаа сайн сайханд хүргэдэг болов уу? Гэрлэснийхээ дараагаар эхнэр юм уу нөхрийнхөө нэгэн биеийн нөгөө тал бус харин өмнөх зан чанараа хадгалж, өөрийнхөөрөө байх боломжтой юу? Хүмүүс паспорт дээр л тамга дардаг гэж боддог. Тэгвэл гэрлэлт бол хүний ухамсарт тамга дардаг зүйл юм.

Гэрлэсэн ч гэсэн урьдын адил эрх чөлөөтэй, өөрийгөө хөгжүүлэх гэж хичээхэд саад болдог олон домог мэт удаж тогтсон үзэл бодлууд байдаг. Жишээлбэл, нэг гэрлэсэн л бол насан туршдаа хамт амьдрах ёстой гэнэ. Тиймээс тэвч гэдэг. Мөн гэрлэж байж л хувь хүн болдог ч гэнэ.

Эсвэл өөр жишээ дурдъя л даа. Гэрлэснээр хүний мөрөөдөл, төлөвлөгөө, ирээдүй нь заавал гэр бүлтэй нь нягт холбоотой байх ёстой гэж үздэг. Харамсалтай нь орчин цагийн, мэдлэг боловсрол өндөртэй хүмүүс хүртэл оюун ухаандаа ийм нэгэн тамга даруулчихаад, түүнийгээ мөрдөж яваа.

“Миний эхнэр”, “Миний нөхөр” гэх ойлголтоос эхэлье. Энэ үгс л гэхэд өөрөө өөртөө итгүүлэх, өөрийгөө албадах байдлыг үүсгэж байгаа юм. Гэрлэхээрээ л бид эзэнгүй явж байгаад гэнэт эзэнтэй, хэрэгцээтэй хүн болсон шиг боддог нь том алдаа юм.

Ялангуяа, өөрийгөө доогуур үнэлдэг хүмүүсийн ухамсарт ийм ойлголт бат суусан байдаг. Намайг тоож гэрлэсэн болохоор энэ ач тусыг нь сайхан сэтгэл, хөдөлмөрөөр хариулах ёстой гэж боддог. Ингээд өөртөө баахан ачаа авч, түүнийхээ төлөө зүтгэдэг. Ийм байхад урьдын хүсэл сонирхлоо хөөх ямар цаг гарах билээ?

Нөгөө талаас нь бодвол, “Миний эхнэр” гэх холбоо үгийг эрчүүд шууд утгаар нь ойлгодог. Гэрийн ажил заавал хийх ёстой, тайвшруулж тайтгаруулах ёстой, мөн өөрийнх нь хувьд нээлттэй ном шиг байх ёстой гэж ойлгодог. Эхнэрийнхээ талаар бүхнийг мэдэж байх ёстой гэж үздэг. Хаана байсан, найз хүүхэнтэйгээ юуны талаар ярилцаж зөвлөлдсөн, ээжтэйгээ мөн юу ярилцсан. Яагаад өөртэй нь ярилцаагүй хэр нь заавал тэдэнтэй зөвлөлдөж ярилцах ёстой гэж? Одоо чинь бид хоёр нэг биеийн хоёр тал биз дээ гэх мэтээр эрчүүд хүлээж авдаг. Энэ бол эрх чөлөөтэй байх боломжийг хааж буйн нэг шинж юм.

Ингээд ухамсартаа нэг тамга дарчихсан хүмүүс дараа дараачийнхыгаа дарахад хүрдэг. “Гэрлэчихээд одоо юун сэжигтэй эрх чөлөөний тухай яриад байна вэ” гэж өмнөх үеийнхэн уурлах нь холгүй хэлцгээнэ. Хүмүүс 50 жил хамтдаа амьдарч, бие биеэ хайрласаар ирлээ гэхээр бүхнийг өндөрлөгөөс хардаг мэт бодчихдог. Гэр бүлтэй болчихоод юун эрх чөлөө хүсэмжлээд байна гэж зандарна.

Үнэндээ ингэж олон жил хамт амьдрахдаа нэгэн биеийн нөгөө тал бус зүгээр л нэг нь байхгүй бол юу ч хийж чадахгүй болчихсон их мэдэгчдийг харах тусам гэр бүл болохоос зугтмаар санагдах нь бий. Магадгүй ингэж олон жил хамтдаа амьдарсан зарим хүмүүсийн хувьд ээнэгшин дассан орчиндоо дулаахан сайхан л байдаг биз. Гэвч хөндлөнгөөс харахад дэндүү давчуу, бачимдмаар санагддаг. Тэд бодож тунгаалгүйгээр амьдралын урсгалаар хөвж явсаар өдийг хүрсэн учир эхнэр, нөхрөө хаашаа ч явахгүй гэдэгт итгэдэг байж болно.

Гэтэл хэн нэг нь өөрийнхөө амьдрал, байгаа байдлаа хөндлөнгөөс харж чадвал тэндээс түргэхэн холдмоор санагдаж ч магадгүй юм. Ингээд ахимаг насандаа салж сарнина гэвэл тэрхүү хүнийг будилж байна хэмээн үзэж, ач зээтэйг нь сануулахын зэрэгцээ өөрийнхөө амийг хүртэл егүүтгэнэ гэж айлгана. За тэгээд тус болохгүй бол хөвөнтэй чулуугаар цохино гээч болно доо. Миний амьдрал дээр лав иймэрхүү явдал хэд хэдэн хүнд тохиолдсон юм шүү.

Ингэж байж оргох гэсэн нэгнээ авч үлдсэн хэр нь өөрөө өөрийгөө өөрчлөх, сайжруулах, алдаагаа засах гэдэггүй нь харамсалтай. Харин ч бүр эсрэгээрээ “базалтаа” чангаруулж, гадаад ертөнцийг сонирхох бүрийд нь нам дарж эхэлдэг.

Гэхдээ мэдээж, удаан хугацааны турш сайхан харилцаатайгаар хамтдаа амьдрах боломж байлгүй яахав. Харин үүний тулд нөгөөхөө хэмлэх юм уу дэндүү хийсвэр зүйлд удирдагдалгүй зүгээр л хүндлэх хэрэгтэй. Хэрвээ та хамт амьдарч буй хүнээ хүндэлж байвал, хамгийн гол нь өөрөө өөрийгөө хүндэлж чадвал түүнийг заавал өөртөө юм уу эсвэл хүүхдүүддээ тааруулж амьдрах ёстой гэхгүй.

Мөн одоо гэрлэсэн болохоор оройдоо заавал гэртээ байх ёстой гэсэн үндэслэлээр хүсэл сонирхлыг нь хаахгүй. Хэрвээ та нөхрөө хүндэлдэг бол ажил дээрээ оройтоод ирсэн ч хардах сэтгэл төрөхгүй. Ер нь гэрлэлт бол өөрөө зорилго биш юм шүү дээ, харин сонирхолтой сайхан аялал гэж бодоорой.

Мөн үүнтэй адил хүүхдүүд ч таны амьдралын утга учир байх албагүй. Мэдээж, үр хүүхэдтэй байх нь аз жаргалтай, сайн сайхан ч гэлээ тэдэнд өөрсдийн гэсэн зам мөр бий.

Харин та хоёр зөвхөн аав, ээж хоёр биш бие биедээ сонирхолтой байх хэрэгтэй. Үгүй бол хүүхдүүд том болоод явчихаар та хоёр салах юм уу, эсвэл ач зээ нартаа “даруулах” л үлдэнэ. Хүмүүс олон жил хамтдаа амьдарсандаа залхаж ядардаг биш, харин олон жилийн турш өөрийнхөөрөө байгаагүй, өөр хүний дүрд тоглож, өөр байсандаа ядарч, залхдаг юм.

Магадгүй үлгэр жишээ гэрийн эзэгтэйн багийг олон жил зүүсэндээ залхана. Эсвэл үргэлж инээж хөхөрч байдаг хөгжилтэй нэгэн шиг байх гэж хичээсээр байгаад сүүлдээ залхсан ч байж болох.

Тиймээс удаан үргэлжлэх хамтын амьдралдаа хүн өөрийгөө албадалгүй, дүр эсгэлгүй, гуниглахдаа гуниглаж, ядрах үедээ ядарч, залхуурах үедээ залхуурч байгаагаа нуудаггүй байх хэрэгтэй. Учир нь таныг зүгээр сайн сайхан мэт байж байснаа гэнэт уурлаж, дургүйцэхээр нөгөө хүнд тань мөн сөргөөр нөлөөлнө. Тэгээд “Яг юуг нь би буруу хийчихсэн юм бол” гэж гайхах болно. Эхнэртээ эсвэл нөхөртөө хэт өндөр шаардлага тавих хэрэггүй. Их хүлээлт сэтгэл гонсойход хүргэдэг гэдгийг санаарай.

Ер нь хэн чинь ч үргэлж хурц мэргэн ухаантай, усны крантыг өөрөө засчих чадвартай, их мөнгө олдог, ямар даашинз өмсөхийг нь хэлж өгч чадна гэж амлаагүй шүү дээ. Хэрвээ сэтгэл санаа тань болохгүй байвал мэргэжлийн сэтгэлзүйчид хандсан нь дээр.

Хамгийн гол нь юу вэ гэвэл таны амьдрал хүссэнээр чинь болохгүй байсан ч нөгөөгөө буруутгаж, гомдож, хэт ихийг шаардах хэрэггүй. Харин ч тантай удаан хугацааны турш хамтдаа байсан түүнд талархахыг хичээгээрэй.

Эх сурвалж: www.bbc.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn