Сэтгэлзүйчийн зөвлөгөө: Бусдын нөлөөнд автаж буй эсэхээ хэрхэн таньж мэдэх вэ?

Хоёрхон тамирчин оролцсон уралдаанд түрүүлсэн тамирчныг “Сүүлээсээ хоёрт ирлээ” гэсэн хэр нь ялагдсаныг нь “Хоёрдугаар байр эзэллээ” гэнэ.
Сэтгэлзүйчийн зөвлөгөө: Бусдын нөлөөнд автаж буй эсэхээ хэрхэн таньж мэдэх вэ?

Манипуляци буюу сэтгэл санааны ов мэхэнд автах, бусдын нөлөөнд орох талаар сэтгэлзүйч Елена Савиновагийн зөвлөгөөг хүргэе. Манипуляцийг сэтгэл зүйн дарангуйлал ч гэж үздэг.

Амьдралдаа хүсээгүй зүйлээ хэчнээн олон хийдгээ бид өөрсдөө ч анзаардаггүй. Бүр огт хүсэхээргүй зүйлээ ч нэг л мэдэхэд хийчихдэг. Тэгээд түүнийгээ ашигтай, ирээдүйд үр дүнгээ өгнө, хүн бүр л ингэж байна шүү дээ гэж зөвтгөдөг. Эцэстээ буруу газар очсоныхоо дараагаар л төөрч будилж явснаа ойлгодог.

Яагаад бид буруу газарт очдог вэ гэхээр хөндлөнгийн янз бүрийн нөлөөнд автаж, ов мэхэнд ордог юм. Өөрөө өөрийгөө ч мэдэлгүйгээр нэг л мэдэхэд бусдын нөлөөнд орж, өөр нэгний ашиг сонирхлын төлөө юм хийчихсэн байдаг.

Хүмүүс янз бүрийн ов мэх хэрэглэж, нөлөөндөө автуулдаг. Гэм буруугаа ойлгосон мэт дүр эсгэх, гомдсон мэт жүжиглэх, эсвэл дуугаа хураах, бүдүүлгээр зусардах гэх мэт түгээмэл зан авирыг бид таньж мэдээд сурчихсан.

Гэхдээ таньж мэдэхэд төвөгтэй, хүний ухамсар, оюун санаанд мэдэгдэлгүйгээр нөлөөлдөг арга, үйлдлүүд гэж бас бий. Тиймээс чухал шийдвэр гаргахдаа бусдын нөлөөнд орж буй эсэхээ мэдэж чаддаг байх ёстой. Таны сайхан сэтгэл, бусдыг гэх бодол болон төөрөгдсөн байдлыг тань ашиглах гэсэн хүмүүст боломж өгөх ёсгүй.

Хүмүүс хэн хэнээсээ хүссэн зүйлээ авахын тулд заримдаа “Хэрвээ чи хайрладаг бол ...” гэх зальжин үгсээр бусдыг ашигладаг. Чиний талбайд бөмбөг ороод ирлээ, одоо миний төлөө юу хийж чадахыг чинь харья гэж зарим нь шахамдуулдаг. Ямар нэгэн зүйлийг ариун гэгээн, эрхэм гэж ойлгуулсны дүнд түүний төлөө заавал ямар нэгэн зүйл хийх ёстой гэсэн ойлголтыг төрүүлдэг нь нөлөөндөө автуулах үндэс болдог. Тэр эрхэм, ариун гэгээн гэх зүйлд үр хүүхэд, эцэг эх, ажил төрлийг багтаачихна. Тэгээд эдгээрийн төлөө өчиггүй заавал ямар нэгэн зүйл хий гэдэг. Хайртай, эрхэмлэдэг гэдгээ нотлохын тулд та бусдын хэлснийг хийхэд хүрнэ.

Ийм тохиолдолд хайртай хүнээ хайрлаж, халамжлахад бэлэн байгаагаа хэлэвч тэр хайранд хайртын чинь бүх хамаатан садан багтахгүй шүү гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хайртай ч гэлээ энэ нь түүний төлөө хэрээс хэтэрсэн их мөнгө зарцуулна гэсэн үг биш гэдгийг ч хэлэх хэрэгтэй. Ингэснээрээ та хайр сэтгэл бол наймаа арилжаа биш гэдгийг ойлгуулах болно.

Бие биеэ гомдоохыг хүсэхгүй байгаа хүмүүс нөлөөнд автах нь элбэг. Нэгэнтээ дахин сэргэхээсээ өнгөрсөн харилцааг гомдоохыг хүсээгүйн улмаас цэг тавилгүй сунжруулдаг. Сэтгэлийг нь өвтгөхгүй гэсэндээ тэр шүү дээ. Гэвч үнэн хэрэгтээ ингэж сунжруулснаар сэтгэлийн зовлонгоо уртасгаж, биелүүлэхийн аргагүй амлалтуудаар тэжээдэг. Харин нөгөө хүн харилцаа нь нэгэнт сэргэхээсээ өнгөрснийг мэдэвч хохирогчийн дүрд тоглож, сэтгэл санааны тоглоом хийж, нөлөөндөө оруулдаг.

Ийм нөхцөлд ямар нэгэн тодорхой хугацаа заасан нь дээр. Нэг сараас хагас жилийн хугацаа ч юм уу заагаад, хэрвээ гэрлэх санал ирэхгүй бол харилцаагаа тасална гэж шийдэж болно. Магадгүй таныг алдах нь гэсэн бодол тэр хүнд төрөөд илүү шийдэмгий болох ч юм бил үү.

Дургүй хүргэсэн нэгнийг юм уу өрсөлдөгчөө байнга ёжлох, доог тохуу нь тухайн хүний сэтгэл санааны тайван байдлыг алдагдуулах, уурлаж бухимдуулах гэсэн бодлоос үүдэлтэй байдаг. Зориудаар тэгж уурлуулж бухимдуулчихаад хариуг нь өгөхөөр түрэмгий, ааштай авиртай гэж буруутгана.

“Хөөх, ажилдаа цагтаа ирчихэж байгаа юм уу. Сайн унтаж чадаагүй юм уу даа?” гэх эсвэл “Ийм сайхан бүсгүй төсвийн тооцоо гаргаж чадна гэж үү. Үүний оронд сайхан кофе зуурчих” гэж хэлэхийг сонсоход хүний сэтгэл санаа тэр дороо л “унадаг”. Эсвэл бүр эсрэгээрээ ийм үг сонссон хүн үнэнийг илчлэн харуулахаар “босож” ирдэг.

Иймэрхүү сэтгэл зүйн хүчирхийллийн төрлүүд гэр бүлийн хүрээнд цөөнгүй тохиолддог. Жишээлбэл, эхнэр нь дасгал хөдөлгөөн хийгээд эхэлмэгц нөхөр нь “За дахиад турахаар шийдсэн үү. Өөр хийх юм алга уу?” гэж тоглоом наргиа хийх мэт байдлаар хэлнэ.

Нөхрийнхөө үгэнд дургүй нь хүрсэн бүсгүй дараа нь нөхрөө хоол хийх гэхэд “За за, чиний хоолны хийсний дараа гал тогоогоо угааж цэвэрлээд таардаг” гэх юм уу нэлээн түлчихсэн хоолыг нь “Нүүрсхэн” гэж нэрлэж, ёжилно.

Иймэрхүү хорон үг бол таныг уурлуулсандаа бах таваа ханган, баярлах гэсэн хүслээс л үүдэлтэй. Тиймээс түүнд тийм боломж бүү олго. Ажлын газрынхаа хүнд бол хийх ажлаа мэддэг гэдгээ шулуухан хэлчих хэрэгтэй. Харин гэр бүл, ойрын хүмүүсээ бол харилцан бие биеэ үгээр идэж, ёжлолгүй өнгөрсөн нь дээр. Учир нь сэтгэлийн гүндээ гомдолтой үлдэж, дургүй нь хүрч явах болно шүү.

Харилцан ярианаас зайлсхийх нь сэтгэл зүйгээр хүчирхийлэгчийн бас нэг дуртай арга нь. Таныг өдөж өдчихөөд дургүйцлээ илэрхийлэх гэхээр хэл амтай, омогтой цоллоно. Дуугаа өндөрсгөхөд тань тэр хүнд та ямар ч хамаагүй учраас ийм өнгө аясаар ярилцахгүй гэнэ. Тэгээд таныг эхлээд наад омогт түргэн зан, уур цухлаа эмчил гэж зөвлөнө.

Сэтгэл санааны тань төлөө санаа зовж буй мэт иймэрхүү үг хэлэх тусмаа тэр таныг доромжилж буйгаа сайн мэдэж байгаа. Яг үнэндээ бол өөрийнх нь хэн болохыг дэлгээд тавьчихна гэх айдас түүний дотор хургаж байгаа. Өөнтөглөж, ёжилж суух нь таатай сайхан байгаа учраас энэ байдлаасаа салахыг хүсэхгүй байгаа хэрэг. Таныг л “хийж” байвал түүнд таатай байдаг болохоор тэр шүү дээ.

Тэрнээс таны санаа сэтгэлийн байдал түүнд өчүүхэн ч хамаагүй. Тиймээс ийм байдлаас гарах хамгийн зөв гарц бол харилцахаа болих. Ийм харилцаа хэзээ ч баяр баясгалан авчрахгүй.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч онцлохоор зүйлийг зориудаар үл тоомсорлож, онцлохооргүй зүйлийг өргөж мэдээлэх, мөн сэтгэл санааны зохиомол өөрчлөлтийг үзэгч, уншигчдадаа түгээх нь бий. Жишээлбэл, зөвхөн хоёрхон тамирчин оролцсон уралдаан байлаа гэж бодъё. Тэгтэл түрүүлж ирсэн тамирчныг “Сүүлээсээ хоёрт ирлээ” гэсэн хэр нь ялагдсан тамирчныг “Хоёрдугаар байр эзэллээ” гэж “өргөж” мэдээлнэ.

Мөн маш чухал уралдаан тэмцээнийг зориудаар анзаараагүй мэт өнгөрсөн хэр нь онцын ач холбогдолгүй, жижигхэн уралдаан тэмцээнд их ач холбогдол өгөх нь бий.

Тиймээс бусдын сэтгэл хөдлөл, нөлөөнд автахгүйн тулд тэрхүү мэдээллийг авахаас өмнөх сэтгэл санааны байдлаа одоогийнхтойгоо харьцуулж үзэх хэрэгтэй. Хэрвээ таны байгаа байдал, үзэл бодол эрс өөрчлөгдсөн бол та өөрөө ч мэдэлгүйгээр бусдын нөлөөнд их автсан байна гэсэн үг.

Үүнтэй адил маш сэргэлэн худалдагчийн ятгалгад орж ямар нэгэн барааг нь худалдаж авах гэж байгаа бол эхлээд энэ бараа өөрт тань үнэхээр хэрэгтэй юу, юу авах гэж явж байлаа гэдгээ эргээд санах хэрэгтэй. Магадгүй та түүний ятгалга, рекламын үгст хэт автчихсан ч байж болно шүү дээ.

Аливаа шүүмжлэл хүлээхүйц бодит байдлыг тайвшруулж, унтаа байдалд оруулах нь нөлөөндөө автуулахын эхлэл үндэс нь болдог. Мэхт мэхэндээ гэх үг бий. Бусдын ов мэхэнд орж, зальдуулахгүй, нөлөөнд нь автахгүй байхын тулд ямар арга хэрэглэдгийг нь мэдэж аваад, мэхтийг өөрийнх нь мэхэнд унагах нь дээд зэргийн хариу байх болно.

Эх сурвалж: www.bbc.com/ukrainian

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn