Сэтгэлзүйчийн зөвлөгөө: Эрчүүдийн сэтгэл хямрал ба хэрхэн түүнийг даван туулах вэ?

Эмэгтэйчүүд гэр бүлээ цуцлуулахынхаа өмнөхөн л нөхрийгөө өөрийнхөө өмч биш гэдгийг ойлгодог.
Сэтгэлзүйчийн зөвлөгөө: Эрчүүдийн сэтгэл хямрал ба хэрхэн түүнийг даван туулах вэ?

Эмэгтэйчүүдийг сэтгэл зүйн хувьд эмзэг, байнга янз бүрийн сэтгэл хямралд өртдөг гэж ойлгодог. Гэвч үнэн хэрэгтээ байдал эсрэгээрээ юм.

Эмэгтэйчүүд бол эрчүүдийг бодвол сэтгэл зүйн хувьд илүү уян хатан, үүнийгээ дагаад шинэ орчин нөхцөлд хурдан дасан зохицох чадвартай, санаанд оромгүй болон жирийн бус явдлыг ч хүлээн авахдаа илүү байдаг ажээ.

Миний адил мэргэжилтнүүд буюу сэтгэлзүйчдийн дийлэнх нь эмэгтэйчүүдийг амьдралынхаа туршид хоёр л шилжилтийн үеийг давдаг гэж үздэг юм. Нэг нь, 30 насны хямрал. Өсвөр залуу насны бүсгүйгээс юм үзсэн, амьдрал мэдэх эмэгтэй болох шатны хямрал гэж ойлгож болно. Хоёр дахь нь, 50 насны хямрал буюу ахимаг насны хямрал. Энэ хоёр шилжилт, хямрал бол эмэгтэй хүн нас ахиж, шинэ нөхцөлд дасан зохицохтой холбоотой.

Тэгвэл эрчүүд өсвөр насаа дөнгөж өнгөрөөмөгцөө л арван жил тутамд хямралуудтай нүүр тулдаг байна.

20 насандаа сонголтын хямрал, 30 насандаа хүсэл эрмэлзлийн хямрал, 40 насандаа амжилтын хямрал, 50 насандаа хүлээлт ба үр дүнгийн хямрал, 60 насандаа амьдралыг байгаагаар нь хүлээн авах хямрал, 70 насандаа амьдралаа дүгнэж, туршлагаа хуваалцах хямрал, 80 насандаа хүнд хэрэгцээтэй байхын хямралд ордог.

Азаар хямрал бол өвчин биш юм. Тиймээс ээж нь юм уу эхнэр нь түүнтэй өвчтөнтэй харилцаж буй мэт харилцах хэрэггүй. Тэгээд ч эмэгтэй хүн эр хүний амьдралаар амьдрахгүй учир зөвлөгөө өгөх гэж хэт хичээх хэрэггүй. Мөн нөхөртөө дэм түшиг болохын тулд өдөр тутмын ажлаас хөндийрүүлэх хэрэггүй. Сэтгэлийн зовлонгийн дэргэд өдөр тутмын ажил бол өчүүхэн зүйл шүү дээ.

Тэгээд ч эрчүүд таныг төрсөн эх, үнэнч найз, сэтгэлзүйчийг бүрэн орлоно гэдэгт итгэхгүй. Тэгэхээр зүгээр л эхнэр чигээрээ байсан нь дээр.

Мөн бусдад тохиолдсон явдал, туршлага ч тус болохгүй. Учир нь хямралын үеүдэд хүн өөрийнхөө амьдралын үзэж туулсан явдлуудыг бодож, түүн дээрээ асуулт хариулт бий болгодог. Өмнө нь өөрөөсөө асуудаггүй байсан зүйлдээ хариулах ёстой болдог.

Харин энэ хямралын үеийг өөрөө даван гарсныхаа дараагаар эрэгтэй хүн сэтгэлийн илүү их хүчтэй, хаттай болдог гэж үздэг. Хүүгээ юм уу нөхрөө хаана ажиллах, хэнтэй найзлах, хэнтэй харилцахгүй байх зэрэг асуудлуудыг өмнөөс нь шийдэж өгснөөр ямар нэгэн байдлаар түүнд тус болсон байж болно. Гэвч ингэж хичээн тусалсныхаа улмаас та түүний өөрөө асуудлыг даван туулсан ялагчийн мэдрэмжийг нь мэдрүүлэлгүй өнгөрнө.

Мөн та түүнд тусалсан болохоор үргэлжийн өртэй мэт санагдаж, талархаж явах ёстой болдог. Гэтэл энэ нь бас нэг их сайн зүйл биш шүү дээ. Амьдралд нь их дэм болсон, хэцүү үед нь тусалсан хүмүүсээс хүн ихэвчлэн зайгаа барьж, харилцахаас зайлсхийдэг болчихдог. Гэхдээ алсаас ч болтугай талархаж, хүндэлсэн сэтгэл нь оршсоор байдаг.

Эмэгтэй хүний хувьд эрчүүдэд туслах, асуудлыг нь шийдэж өгөх нь нэг их таарч тохирох үүрэг биш. Ингэж байнга халамжлуулаад байхаар бие биедээ итгэх амин дэм дутагдаж, харилцааны эрүүл саруул байдал алдагддаг.

Мөн асуудалд орсон эр хүнд туслахдаа өөрийнхөө амьдралыг үзэх үзэл бодлыг тулгаж, түүгээр байлгах гэснээс болж асуудыг өөрөө шийдэх боломжийг нь багасгаж байгаа юм.

Ер нь бусдад хэрэгтэй байх хүсэлтэй эмэгтэйчүүд ихэвчлэн өөртөө итгэлгүй хүмүүс байдаг. Тэд хайр сэтгэл, хүндлэлийг тэмцэж, зүтгэж байж олж авдаг гэж ойлгодог. Өөрийг нь байгаагаар нь хэн ч, яасан ч хайрлахгүй гэж боддог учир нөхөр юм уу хүүгийнхээ бүх асуудалд оролцож, бүхнийг хяналтдаа байлгаж, өөрөө хамгийн хэрэгцээтэй хүн байх гэж тэмүүлдэг.

Дутуугийн мэдрэмжийн нөгөө тал нь юу гэвэл хайртай хүнийхээ гаргаж буй үйлдлийг өөрөөсөө шалтгаалж байна гэж эмэгтэйчүүд боддогт оршдог.

Түгээмэл тохиолддог байдлыг авч үзье л дээ. Тэр хоёр 15 жил хамтдаа амьдарч байгаа. Хоёр хүүхэдтэй, хоорондоо хэрэлдэж муудалцдаггүй. Гэвч сүүлийн үед нөхөр нь компьютерт шигдэж, юм ярихаа бараг больжээ.

Эхнэр нь үүнээс гаргалгаа хийхдээ “Тэр надад хайргүй болж” гэх юм уу эсвэл “Өөр хүнтэй болж” гэж бодно. Гэтэл нөхөр нь үнэндээ 40 насны буюу дундаж насны хямралд орчихсон байдаг. Бүхий л юм болж бүтээд, дажгүй сайхан байгаа мэт боловч баярлаж хөөрөхөө больчихсон. Үүнээсээ шалтгаалаад өөрөө өөртэйгөө ярилцаж, өөрийгөө чагнаж, бодол ухаанаа цэгцлэх хэрэгцээ гарч л дээ. Ийм цаг үед нь хэрүүл маргаан хийлгүй, хайртай гэж дахин дахин хэлүүлж, батлуулалгүй, тайван орхих нь зөв юм.

Эмэгтэйчүүд гэр бүлээ цуцлуулахынхаа өмнөхөн л нөхрийгөө өөрийнхөө өмч биш гэдгийг ойлгодог гэж байгаа. Нөхөр тань гэр бүлийн бусад гишүүдийн адил өөрийн гэсэн тусдаа амьдралтай байх эрхтэйг ухаардаг.

Хүүхдүүдийн тухайд бол тэдний өмнөөс сонголт хийснээрээ эмэгтэйчүүд том болоод яваад өгөх вий гэх айдсаа нуудаг. Үүгээрээ бие даасан амьдралаа эхлэхийнх нь өмнө айдас дамжуулдаг. Ийм нөхцөлд хамгийн гол нь хувь хүний зааг хязгаарыг нь битгий даваарай.

Танаас тусламж хүссэн цагт нь туслах хэрэгтэй. Өөрсдөө шийдвэр гаргах боломжийг нь хааж насанд хүрч буй хүмүүсийн өмнөөс хариуцлага үүрэх хэрэггүй. Өөрийнхөө сонирхол, ажилд анхаараарай.

Хэрвээ та аль нэг арван жилийн сэтгэлийн хямралд орчихоод яваа эр хүн бол өөрийнхөө нөхцөл байдлыг битгий хэт хүндрүүлж бод. Өөрийн асуудлуудаасаа болж бусдыг зовоож байна гэх юм уу эсвэл бүгдээрээ миний төлөө санаа зовох ёстой гэх мэт зүйлс бодож, хоёр туйлд савлах хэрэггүй.

Нэг зүйлийг сайн ойлгож ав: Та юу ч хийхгүй байлаа ч гэсэн наад хямрал чинь аяндаа өөрөө арилаад алга болно. Тэгэхээр тэр хүртэл туулж мэдэрч, даван гарснаа та ялалтад тооцож болно.

Эх сурвалж: www.bbc.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn