Сэтгэлзүйчийн зөвлөгөө: Ажлаас үүдсэн сэтгэлийн ядаргааг хэрхэн арилгах вэ?

Юу ч хийхгүй байна гэдэг бол огт юм хийхгүй байхыг хэлж буй болохоос биш ажлаасаа гадуурх зүйлсийг хийхийг хэлэхгүй.
Сэтгэлзүйчийн зөвлөгөө: Ажлаас үүдсэн сэтгэлийн ядаргааг хэрхэн арилгах вэ?

Нэг ажлыг арай өөр ажлаар сольж хийхээрээ хүмүүс түүнийгээ амарч байна гэж буруу ойлгодог. Тиймээс ч амралтаараа баахан ажил товлочихно. Гэртээ засвар хийх, төмс хураах, гадаад хэл сурах, хүүхэд, ач нараа асрах, өндөр настай эцэг эхээ тойлох гээд ажлууд төлөвлөчихдөг.

Энэ бол чухал ажлууд гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэвч хүн өөрөө амарч, тайвшрахын тулд хэсэг хугацаанд юу ч хийхгүй байх ёстой байдаг юм.

Орчин цагийн хүмүүс бид өөрсдийгөө болон бусдыг ажлын амжилтаар нь дүгнэдэг. Ямар ажил хийж яваагаас өөрийгөө хүндлэх, амьдралаа үнэлэх нь шууд хамаардаг болчихсон. Хэн нэгний тухай ойлголт авахын тулд асуудаг хамгийн түгээмэл асуултыг санаарай. Тэр ямар ажил хийдэг вэ гэж асуудаг.

Энэ хандлагад буруу юм байхгүй л дээ. Биднийг бага наснаас л аль болох их зүйл сурч мэдвэл том болоод хэрэгтэй ажил мэргэжлээ сонгож чадна гээд итгүүлчихсэн юм чинь. Мөнгө олох, байр авах, автомашинтай болох гээд хүссэндээ хүрэхийн тулд сайн сурч, сайн ажилтай болох гэж сургасан. Түүнийг амжилт гээд ойлгуулсан. Ингэж амжилтад хүрч байж л амьдралаас таашаал авна гэдэг.

Гэвч амьдрал үзэж туулсан хүмүүс бол энэ бүхэн үнэний зөвхөн нэг хэсэг гэдгийг мэднэ. Хэчнээн хичээн ажиллалаа ч гэлээ өөрийн гэсэн байртай болж чадахгүй нь байна. Бүтэлгүй, азгүйдээ биш. Зүгээр л цалин, байрны үнэ хоёрын зөрүү дэндүү их болохоор тэр. Авлига авч, хүн хуурч сураагүй болохоор цалингаас илүү мөнгө олох боломж байхгүй байдаг.

Гэтэл нэг их тоохооргүй сургуулийн ойшоохооргүй анги төгссөн хүн гэнэт алтаар үнэлэгдэхээр ажилтан болчихсон гялалзаж явах нь таарна. Гадаадын фирмд ажиллаад тэнгэрийн цалин аваад нисэж яваа харагдана. Үүнийг нь дагаад амжилтын бүх үүд хаалга нээгдчихсэн байх нь бий.

Гэлээ ч эцэг эхчүүд болон багш нар нэг л зүйлд дараа дараачийн үеийг сургасаар байгаа. Энэ бол их ажиллавал их цалин авна гэдэг сургаал. Тиймээс л бид үргэлж ямар нэг юм хийж байх нь сайн. Ажилгүй суух, дэмий суух нь муу гээд ойлгочихсон.

Энэ бол оршин тогтнохын төлөө заавал ажиллах ёстой гэсэн ойлголт юм. Нэг талдаа ийм ойлголт хортой. Ажилгүй суугаа хүмүүс өөрийгөө хэнд ч хэрэггүй, өчүүхэн амьтан мэт бодож, голдог. Нэг өдрийг юу ч хийлгүй өнгөрүүлчихвэл хайран цагийг дэмий үрлээ гэж халаглаж эхэлдэг.

Ажлын хэмнэлээсээ гарчихаараа түгшиж эхэлнэ. Ямар нэгэн юм алдчихсан, амжуулаагүй мэт бодогдоно. Ингэж байх зуур нь өөр овжин нэгэн ажлын байрыг нь булаачихна гэж тэвдэнэ.

Хөдөлмөрч хүмүүст байдаг нэг ойлголт бол юм хийхгүй байх нь муу юм мэт түгшүүртэй болчихсон. Цаг хугацаа алдаад, ажлаа алдаад, эцэстээ өөрийгөө алдах мэт тэвдэнэ. Тиймээс ийм түгшүүрт автахгүйн тулд юу ч хамаагүй хийж эхэлдэг. Тэдэнд зүгээр суух ч хэцүү.

Гэтэл энэ нь ядаргааны нэг хэлбэр байж болно. Ажил хийх гэхээр хүч байдаггүй, амрах гэхээр бас амарч чадахгүй. Юу ч хийхгүй байгаадаа түгшээд зүгээр ч амарч чадахаа болино.

Хэрвээ энэ явдал танд танил байвал амрахад гэмгүй шүү. Эсвэл дадсан ажлаасаа түр холдож, юу ч хийхгүй байхыг хичээх хэрэгтэй. Өөрийгөө яг юу хийгээд байгаа, юу хийх ёстойгоо бүрэн ухамсарлатлаа юу ч хийхгүй байгаад үзээрэй. Юу ч хийхгүй байна гэдэг бол огт юм хийхгүй байхыг хэлж буй болохоос биш ажлаасаа гадуурх зүйлсийг хийхийг хэлэхгүй.

Бүхнээс хөндийрч, амрахын тулд эхлээд компьютероо огт асаалгүй, юу ч уншилгүй, найз нартайгаа ч уулзалгүй хоёр хоночих. Ганцаараа, нам гүмд бай. Ямар нэг тодорхой зүйлийн тухай ч бодохгүй байхыг хичээгээрэй.

Хэсэг хугацааны дараа амарч, сэтгэл санаа амгалан болсон цагт юм унших, хөгжим сонсох, шинэ соргог зүйл бодох мэтээр өөрийнхөө хүчийг өөр зүйлд аажим аажмаар гаргаж болно. Үүнийхээ дараагаар ажлынхаа амьдралд эзлэх байр суурийн талаар бодож үзээрэй. Албан тушаалыг чухал зүйл гэж битгий бод. Тэгж бодвол хязгаарлагдмал мэт болдог. Ажлаа зүгээр л орлогын эх үүсвэр гэж бод. Таны авъяас чадварыг илэрхийлэх нэг газар. Тэрнээс амьдралын тань утга учир биш.

Тиймээс та гэнэт ажлаа алдчихвал өөрийгөө алдчихна гэсэн үг биш юм. Мөн бусдад ажлынхаа амжилтаар л үнэлэгдэнэ гэсэн ойлголтоосоо татгалзаарай. Өөрийгөө зөвхөн үүгээр үнэлэх юм бол юу ч амжуулаагүй мэт бодогдож, жижигхэн явцуу хүрээнд өөрийгөө үнэлж, буруутгасаар байх болно. Мөн таныг хэмжээнд нь үнэлээгүй гэх гомдлоосоо салахгүй.

Харин үүний оронд та өөрөө өөртөө үнэтэй, оршин байгаа тань л том баримт гэдгийг бодолдоо суулгах хэрэгтэй. Харин ажил бол таны өөрийгөө илэрхийлж харуулах олон талын зөвхөн ганц хэсэг гэдгийг санаарай.

Эх сурвалж: www.bbc.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn