Сэтгэлзүйчийн зөвлөгөө: Ажил дээрээ болон бусад орчинд сэтгэл хөдлөлийн ядаргаанаас хэрхэн ангижрах вэ?

Ийм хүмүүс үнэндээ бүтэн армиараа бий. Ээжүүд, менежерүүд, багш нар, эмч нар, кассчид, худалдагчид гээд.
Сэтгэлзүйчийн зөвлөгөө: Ажил дээрээ болон бусад орчинд сэтгэл хөдлөлийн ядаргаанаас хэрхэн ангижрах вэ?

Жирийн нэгэн ядаргааг сэтгэлийн хөдлөлийн ядаргаанаас тухайн цаг үед нь ялгаж таньж мэдэхийн тулд хэд хэдэн шинжийг мэдэж байх хэрэгтэй.

Америкийн сэтгэлзүйчдийн дунд “сэтгэл хөдлөлийн ядаргаа” гэх ойлголт анх үүссэн гэдэг. 1960-аад онд Америкт ажилгүй иргэд, согтууруулах ундаанд донтогчдын ар гэрийнхэн болон Вьетнамын дайны ахмад дайчидтай ажиллах нийгмийн ажилтны албан байрууд үүдээ нээжээ.

Тэгэхэд маш олон гашуун зовлонтой түүх, намтрыг сонссон сэтгэлзүйчид сүүлдээ бусдын зовлонд сэтгэл өвдөхөө больж буйгаа мэдэрч эхэлжээ. Хэдийгээр ийм ажилд маш өндөр шалгууртайгаар авсан ч гэлээ үйлчлүүлэгчид нь хангалттай анхаарал тавихгүй байгаа тухай, сэтгэл санаа нь огт зовохгүй, хөндий хүйтэн байгаа тухай гомдол гаргах болжээ.

Тиймээс эхэндээ үүнийг мэргэжлийн ядаргаа, харилцааны стресс гэж үзэж байсан ч 1976 оноос эхлэн Кристина Маслачийн оношилсноор сэтгэл хөдлөлийн ядаргаа гэх ойлголтын хүрээнд авч үзэх болсон байна.

Сэтгэл хөдлөлийн ядаргаа гэдэг нь гэнэт бий болж, мөн гэнэт үгүй болдог зүйл биш. Ядралт, бусад ядаргаанаас ялгаатай нь хэдхэн хоног амраад сэргэчихгүй. Мөн дургүй ажлаа хийж буйтай холбон тайлбарлаж болохгүй. Ямар ч ажил хийдэг байлаа гэсэн зөв амралгүйгээр хэт ажилдаа автах, бусдаас илүү ажилтан байх гэсэндээ ийм байдалд орж болно.

Мөн зөвхөн ажлаас ч шалтгаалахгүй байж болно. Нэг зүйлийг удаан хугацааны турш хийхдээ сэтгэл хөдлөл, хичээл зүтгэлээ ихээр зарцуулсан хүмүүст тохиолдох боломжтой. Мөн маш өндөр хариуцлага үүрсэн хүмүүст ийм явдал тохиолдож болно. Тухайлбал, хэн нэгний эрүүл мэнд, амь нас зөвхөн өөрөөс нь шалтгаалж буй хүмүүст. Бага насны хүүхдүүдээ хараад гэртээ сууж буй ээж юм уу эсвэл хүнд өвчтэй хүнийг асарч буй хүмүүст тохиолдох магадлалтай.

Ер нь хүнтэй харилцаж буй цагт хүн бүр л стресс мэдэрнэ. Тэгэхээр та бид ч гэсэн сэтгэл хөдлөлийн ядаргаанд орох магадлал бий.

Ямар шинж тэмдгүүд илрэх вэ?

Өглөө эрт босохоос дургүй хүрэх, ажилдаа явмааргүй санагдах зэрэг үүнд хамаагүй. Ямар ч эрүүл хүний бие сайхан амарч байхдаа гэнэт босоод явахыг хүсдэггүй. Харин өмнө нь танд аз жаргал, баяр хөөр авчирдаг байсан зүйлс одоо уур цухал төрүүлдэг болсон бол. Таныг л албаар таагүй байдалд оруулах гэж, бүх юм эсрэг байгаа мэт санагдах болсон бол сэтгэл хөдлөлийн ядаргааны шинж тэмдэг илэрч байна гэж ойлгож болно.

Жишээлбэл, гадаа хачин сайхан цаг агаартай байхад ажил дээрээ суух шаардлагатай болдог. Кофе хэтэрхий хатуу юм уу эсвэл хийгээд өгсөн цай хэтэрхий халуун мэт санагдах. Ажлынхан чинь бүгдээрээ чамайг л шоолон инээлдэх мэт санагдах. Хэн нэгэн утсаа сонсоогүйдээ бус харин зориудаар өөрийг нь үл тоомсорлосондоо дуудлагад тань хариулахгүй байгаа мэт санагдах.

Уг нь та үргэлж хөгжилтэй, сэргэлэн цовоо байдаг атал сүүлийн үед инээд хөөр тань хэн нэгнийг элэглэх, гоочлох, ёжлох болж хувирсан байж болно. Ер нь инээд хөөр сэтгэл зүйгээ сул тавьснаас үүддэг бол ёжлох өнгө аяс нь хэн нэгнээс ямар нэгэн зүйлийг хүлээж, шаардсанаас үүддэг. Та ёжилж инээж буй мэт боловч үүгээрээ өөрийнхөө дургүйцлийг нууж байгаа хэрэг юм. Тиймээс ч одоо танд утасны жирийн нэгэн яриа хүртэл стресс авчрах болжээ.

Та ганцаараа, тайван тухтай байхыг хүсэх болсон. Учир нь ажил дээрээ очихоор нэг л гадуурхагдсан, тусгаарлагдсан мэт санагдах болж. Тэгээд чихэвч зүүгээд, ажлынхнаа хараагүй, сонсоогүй мэт болж, ажлын байранд болж буй үйл явдлуудад оролцохоо больсон байна. Ийм хүнийг бусад хүмүүс хачин гэх юм уу эсвэл их зантай гэдэг. Гэвч үнэндээ сэтгэл хөдлөлийн хэт ачаалалдаа дарагдчихсан байгаа нь тэр. Ийм замаар харилцааны стрессээс өөрийгөө хамгаалж байгаа юм.

Мэдээж, ийм авир байдал гаргаад буй хүнийг хамт олон нь сайнаар хэлэхгүй, харилцаа нь сайжрахгүй. Тиймээс аажимдаа ажлаасаа халагдах айдас, ирээдүйгээ бодох түгшүүртэй тулгарах болно.

Ялангуяа, өөрийнхөө яг байгаагаар байж болохгүй, заавал инээж, бүх зүйл сайн сайхан байгаа мэт харагдах ёстой бол бүр дор. Ийм хүмүүс үнэндээ бүтэн армиараа бий. Ээжүүд, менежерүүд, багш нар, эмч нар, кассчид, худалдагчид гээд. Ингэж өөрийнхөө сэтгэл хөдлөлийг байгаагаар нь илэрхийлэх боломжгүйгээр сараас жилийн хугацаанд ажилласан хүмүүс маш их ядарч, юм мартах нь ихсэж, нойргүйдэж, хоолны дуршил буурдаг. Аажимдаа зан чанар нь өөрчлөгдөж, уур цухал ихтэй, бүр догшин түрэмгий ч болох магадлалтай.

Энд маш чухал нэг зүйл нь хувийн хэрэгцээ шаардлагаа умартдаг нь юм. Та удаан хугацааны турш өөрийгөө хойш нь тавьж, өөр нэгний асуудлыг эхэнд тавьсан бол аажимдаа сэтгэл хөдлөлийн ядаргаанд орно. Тэгэхээр хэрвээ та бага насны хүүхэдтэй, эсвэл хүнд өвчтэй ээжтэй байлаа ч гэсэн өөрийнхөө хүч чадлыг зөв хуваарилахыг хичээх хэрэгтэй. Асрагч ав, хүүхэд хардаг хүн хөлсөл. Болохгүй бол хамаатан саднаасаа дуудаж болно шүү дээ.

Сэтгэл хөдлөлийн ядаргаа буюу шаталт нь хүн шинэ үүрэг даалгавар, мэдээлэл, орчинд дасан зохицож чадахгүй байгаагийн үр дагавар юм. Таны оюун ухаан хүлээж авахаас өмнө нөхцөл байдал өөрчлөгдөөд байна гэсэн үг. Та өөрчлөгдөж буй нөхцөл байдалд хариу зөв үйлдэл үзүүлэх аргаа мэдэхгүй байгаа хэрэг.

Тиймээс нэн тэргүүнд хийх ёстой зүйл бол заавал бүх зүйлийг амжуулах гэж улайран зүтгэх хэрэггүй. Бүхнээс илүү, шилдэг байх гэх хэрэггүй. Өөрт тань таатай сайхан байгаа зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүл. Хийх маш олон ажил байлаа гэхэд эхлээд өөрт хэрэгтэйгээ сонго. Мөн амралтыг мартаж болохгүй. Тэгээд нойроо хасахгүй байвал бүх зүйл аяндаа сайхан болно.

Эх сурвалж: www.bbc.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn