Сэтгэлзүйчийн зөвлөгөө: Хэрхэн өөрийгөө хайрлаж сурах вэ?

Бусдад таалагдах гэлгүй, зөвхөн өөрийнхөөрөө байж чадаж буй хүнд өөрийгөө бусдад нотлох ч хэрэг гарахгүй.
Сэтгэлзүйчийн зөвлөгөө: Хэрхэн өөрийгөө хайрлаж сурах вэ?

“Өөрийгөө хайрла!” гэх бүх зовлонгоос ангижруулах шидтэй зөвлөгөөг олон хүн хийсвэр ойлголт гэж үздэг. Энэ нь “Тэвчээртэй байгаарай” юм уу эсвэл “Болгоомжтой байгаарай” гэх түмэнтээ сонссон үгстэй ижил утгатай мэт санагдах учир дургүй хүрэх нь ч бий. Тэртэй тэргүй түмэн бэрхшээлтэй тулгарсан хүнд доромжлоод ч байгаа юм шиг санагдаж болох юм. Гэвч ганц л чухал асуудлыг шийдэж чадаагүйн уршгаар тэр олон асуудал үүссэн байдаг.

“Миний амьдралд зэрэг зэрэг бөөн бэрхшээл тулгарсан болохоор сэтгэлзүйчид хандаж байна л даа” гэж царай зүс сайхантай ч гэлээ ядарч, цөхөрсөн төрхтэй нэгэн эмэгтэй яриагаа эхэлсэн юм. Тэр эмэгтэй өөрийг нь хуурсан гэх нөхөр, хичээлээ хийдэггүй, дуулгаваргүй хүүтэй бас ээжтэйгээ муудалцаад харилцахаа больчихсон. Түүнд сэтгэлзүйч ганц л зөвлөгөө өгсөн нь өөртэйгөө ажилла буюу өөрийгөө хайрла гэжээ. “Аан тийм үү, тэгвэл одоо би энэ бүхнийг хаяад, өөрийгөө хайрлах болно” гэж хэлэхдээ тэр эмэгтэй сэтгэлзүйчийг зөвлөгөө өгөхдөө мөнгө аваагүйд баярлаж байгаа нь илт.

Халамжит хань, сайн ээж байж бүхнийг зөв хийсэн атал яагаад ийм их асуудалтай тулгарснаа тэр мэдэхгүй байлаа. Ийм нөхцөл байдалд орсон бишгүй олон хүн бий. Ер нь бол түгээмэл тохиолддог явдал. Өөрийнхөө хүсэл сонирхлыг бодолгүй зөвхөн бусдын хүсэл шаардлагыг дагаад амьдарчихсан хүмүүст ийм явдал тохиолддог юм.

Тэр эмэгтэйд үнэхээр буруу юм байхгүй мэт санагдах учир яг хаана алдсанаа мэдэхгүй, ойлгохгүй. Бүх юмыг сайхан байгаасай л гэж зүтгэсээр ирсэн атал яг хэнд сайхан байгаа юм бэ гэхээр үр дүн байдаггүй. Ямар ч байсан өөрийгөө мартан өмнөөс нь зүтгэсэн хүмүүст лав сайн сайхан зүйл тохиолдоогүй нь тодорхой байлаа.

Өөрийгөө золиосолдог, өөртөө итгэлгүй хүмүүсийн онцлог шинж чанар нь юу вэ гэвэл амьдралд зөвхөн хувиа бодож болдоггүй гэх үзэл бодолтой байдаг юм. Нэг зүйлийг хэлэхэд, хувиа бодно гэдэг бол өөрийгөө хэт дөвийлгөх үзлээс өөр юм шүү.

Харин хувиа бодох үзлийн үндэс нь бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүй байх вий гэсэн их түгшүүр юм. Ийм хүн бусдад хайрлагдаад байх юм байхгүй гэж өөрийгөө боддог. Гэвч бусдад хүлээн зөвшөөрөгдөх их хүсэлтэй учраас гаднын нөлөөгөөр ач холбогдлоо харуулахыг хичээнэ.

Биднийг бараг бүгдийг нь дуулгавартай, харилцахад амар, бусдад тустай байх ёстой гэж сургаж өсгөсөн. Хэрвээ томчуудын үгийг сонсоогүй, хэлснийг нь хийгээгүй бол ичээж, буруутгадаг. Жишээ болгож хэлэх юм бол, хүүхэд хөлбөмбөг тоглоод дүүгээ хараагүй байх, хичээлээ хийх ёстой атал кино үзээд явчих нь бараг гэмт хэрэг гэж эцэг эхчүүд үзэж, хатуу шийтгэж сургасан. Үүний үр дүнд хүүхдүүд хүссэнээ хийх нь буруу юм байна гэх ойлголттой болсон. Бүр өөрийнхөө хүссэн, таашаал төрүүлэх зүйлийг хийх нь муу зүйл гэж боддог болчихсон.

Харин үргэлж тэвчээртэй байж, бусдын төлөө хичээвэл хүмүүс магтана, үнэлнэ, хайрлана гэдэг ойлголттой. Ийм л байвал чи сайн хүүхэд гээд сургачихсан. Өөрөөр хэлбэл, хайрлагдахын тулд өөрийнхөө хүссэнийг бус харин чамаас шаардаж, хүссэнийг хийх ёстой гээд ойлгуулчихсан.

Хайр дурлал бол зовлон шаналал, хайрлуулахын тулд их зүйл хийх хэрэгтэй, аз жаргалынхаа төлөө тэмцэх ёстой гэх мэт сургамжийн цаана нуугдсан дутуугийн мэдрэмж, айдас хүйдэс хаанаас эхтэй нь одоо л ойлгомжтой болж байна. Хүн өөрөө амьдарч буй хэр нь өөрөө биш юм шиг амьдарсаар байгаа хэрэг. Чиний дууг нь хаачихсан хүсэл, хэрэгжүүлэлгүй орхисон сонирхлууд цаг хугацааг зүгээр л дэмий өнгөрөөгөөд байна шүү дээ гэж чамд бухимдаж, дургүйцлээ дотроос чинь илэрхийлж байгаа нь тэр.

Тиймээс л хүн өөрөө өөрийгөө хайрлаж, өөртэйгөө дахин уулзах хэрэгтэй. Энэ нэг их хэцүү юм биш шүү дээ. Гол зарчим нь зөвхөн өөрийнхөө хүссэнээр л байх. Хэнтэй хамт амьдрах, ямар даашинз өмсөх, өглөөний цайндаа юу идэж, уух гээд бүх шийдвэрийг өөрийнхөө хүсэл сонирхлоо л дагаж гаргах хэрэгтэй.

Ингэхэд эхэндээ мэдээж зөрчил гарч ирнэ. Аргагүй шүү дээ, та өдийг хүртэл зөвхөн өөр хэн нэгний төлөө, танаас хэн нэгэн ямар нэг юм шаардсаныг дагаж амьдарсаар ирсэн юм чинь. Магадгүй танд тэгж амьдрах нэг талдаа тухтай ч байсныг үгүйсгэхгүй. Хүний хүслээр амьдарна гэдэг бол өөрөө шийдвэр гаргахгүй. Өөрөө шийдвэр гаргахгүй болохоор хариуцлагыг нь үүрэхгүй амар байсан хэрэг. Нөхрийнхөө хэлснээр юм уу эцэг эхнийхээ зааварласнаар хийсэн байж л дээ. Ингээд харвал та зөвхөн бусдын хүслийг гүйцэлдүүлэгч л байж.

Нөгөө эмэгтэй маань “Хөөх, би ингэж ерөөсөө бодоогүй юм байна шүү” гэж уулга алдсан нь гэнэт бүхнийг өөр өнцгөөс харсны илрэл байв. Үнэндээ энэ янзаараа амьдрахыг хүсэхээ болиод удсан ч гэлээ шийдвэр гаргаж чадалгүй айсаар өдийг хүрсэн хэрэг. Тиймээс нөхөр яг хуурсан нь нотлогдоогүй атал тэр боломжийг ашиглан “босож” иржээ. Сэтгэлзүйчид ирсний учир нь өөрөө биш өөр хүнээр шийдвэр гаргуулах гэсэн хэрэг.

Ингээд дүндээ тэр эмэгтэй нөхрөөсөө түр хугацаанд тусдаа амьдрахаар шийдэв. Эхнэр нөхрийн асуудлаа шийдэх явцдаа хүүгээ хэт халамжлах нь ч багасжээ. Харин хүү нь одоо хичээлийг нь хэн ч хийж өгөхгүй, өрөөг нь хэн ч цэвэрлэхгүйг ойлгосон учир өөрөө хичээлээ хийж, өрөөгөө цэвэрлэж эхэлсэн байна.

Ээжтэйгээ хэрэлдэж гомдсоноо ч мартаж, утсаар ярьсан юм билээ. Ээж нь түүнийг өөрийнхөө замаар явсангүй, ажлынхаа зам мөрийг хөөсөнгүй, зөвхөн гэрийн эзэгтэй боллоо гэж зэмлэж, түүнээс болж муудалцсан байжээ. Харин охиноо утсаар ярьж, өөрчлөгдөхөөр шийдсэн тухай хэлсний дараагаар зээ хүүгээ түр хугацаанд дэргэдээ байлгаж тус больё гэж хүртэл санал тавьжээ.

Өөрийгөө хайрлахаар шийдсэн хүмүүс нэг зүйл их асуудаг. Хэт өөрийгөө бодохоор гэр бүл, хайртай хүмүүс, найз нөхөд нь хөндийрчихгүй байгаа, яваад өгөхгүй байгаа гэж асуудаг. Гэнэт гоц ухаарсан өөртэйгөө ганцаараа тэр өндөрлөгтөө үлдчих вий гэж түгшиж буйгаа хэлдэг.

Ингэж түгшиж байна гэдэг л хүн өөрийгөө бүрэн хайрлаж чадаагүй байгаагийн нотолгоо юм. Шийдвэрийг бусад хүмүүс яаж хүлээж авах бол, хэн нэгнийг гомдоочихгүй байгаа гэж санаа зовж буй нь тэр.

Тэгэхээр нэг зүйлийг үнэнээр нь шударга хэлчихье. Тийм ээ, таныг тойрох хүмүүсийн хүрээлэл сийрэгжиж, цөөрнө. Өөртөө итгэлгүй байдлыг тань ашиглаад сурчихсан хүмүүс холдон одно. Муур, нохойгоо харуулдаг, цэцгээ услуулдаг, үнэгүй жолооч хийлгэдэг, хүүгүй зээл авдаг хүмүүс танаас холдох болно. Ер нь тэд ямар хэрэгтэй юм бэ?

Өөрөө өөрийгөө сонсож, хайрлаж эхэлснээр та ганцаардахгүйн тулд шүүмжилж, доромжилдог хүмүүсийг тэвчиж харилцдагаа болино. Бусдад хайрлагдахын тулд зовохоо болино. Харилцаа танд баяр баясгалан мэдрүүлж байгаа эсэх нь л хамгийн гол шалгуур болно.

Өөрийгөө хайрлана гэдэг бол өөрийгөө байгаагаар нь хүлээн авна гэсэн үг. Өөрийгөө ухаантай юу, хөөрхөн үү, бусдад сонирхолтой хүн болов уу гэж санаа зовохоо болихыг хэлнэ. Бусдад таалагдах гэлгүй, зөвхөн өөрөө өөрийнхөөрөө байж чадаж буй хүнд өөрийгөө бусдад нотлох ч хэрэг гарахгүй. Харин ч бүр өөртэйгөө байх улам сонирхолтой сайхан болно. Тэгээд бас та амьдралаа өөрөө шийдэж байгаа шигээ найзуудаа ч зөвхөн өөрөө л сонгох болно.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn