Сэтгэлзүйчийн зөвлөгөө: Эрх чөлөө гэж юу вэ?

Хүн шиг байх гэдэг зам хэцүү ч гэлээ хүмүүс ихэвчлэн түүнийг л сонгодог. Жан-Поль Сартрын хэлснээр бол хүний амьдралын утга учрыг амьтныхаас ялгах зүйл нь өөрийгөө хүн гэдгийг дахин дахин нотлоход оршдог гэдэг.
Сэтгэлзүйчийн зөвлөгөө: Эрх чөлөө гэж юу вэ?

Хэн нэгнээс “Та эрх чөлөөтэй хүн мөн үү?” гэж асуухад “Энэ юу асуугаад байгаа юм бол?” гэж хачирхсанаа “Тийм байлгүй яахав” гэж хариулах биз.

Өөрийгөө барлаг, боол гэж үзэх нь доромжлуулахтай ялгаагүй мэт болохоор тэр. Тэгээд ч хүний эрхийн түгээмэл тунхаглалын дагуу бол бид бүгдээрээ үнэхээр эрх чөлөөтэй хүмүүс билээ.

Гэвч энэ бол цэвэр хуулийн талын дүгнэлт. Харин сэтгэл зүйн талаасаа бол бид эрх чөлөөтэй гэж цээжээ дэлдэхийн учир нь бусдад хэрэггүй гэх мэдрэмжээ чөлөөлж, өмгөөлж буй ч хэрэг байж мэднэ.

Яагаад хүний сэтгэл санаа үе үе өөрчлөгдөж, өөрчлөгдөх тусмаа яагаад тийм байдлаасаа салахыг хүсдэг вэ?

Хүмүүс эрх чөлөө гээчийг тодорхойлохдоо үгүйсгэлийн аргыг их хэрэглэдэг. Матерриаллаг талын хувьд хэн нэгнээс хамааралгүй, санхүү болоод гэр бүлийн үүрэг даалгавар, хариуцлагагүй, юу ч хийхгүй байх эрхтэй, хэний ч өмнө тайлан тавих албагүй гэх мэтээр бүгд үгүйсгэл.

Эрх чөлөөг тодорхойлохдоо “Түүнд нэр үгүй, шинж чанар үгүй, түүнийг хэн биш гэдгийг л хэлж болохоос биш хэн гэдгийг нь хэлэх боломжгүй” гэсэнтэй агаар нэгэн байгаа биз. Тэгэхээр бидний төрөлхөөс өгөгдсөн өнөөх эрх чөлөө хэмээх сайхан зүйл маань үнэн хэрэгтээ бас юу ч биш болж таарч байна. Түүнийг харж болохгүй, мэдэрч, барьж болохгүй, тэгсэн хэр нь байхгүй бол маш том гарз тохиолдсон мэт мэдрэмж төрнө.

Жаахан өмнөх үг хүүрнэе л дээ. Эрх чөлөө гэх ойлголт бол хөгжлийн аясаар хожуу бий болсон ганц хүнд л байх мэдрэмж юм. Тиймээс Ламаркын шатаар өгсөж, өдий өндөрлөгт хүрснийхээ дараагаар л хүмүүс эрх чөлөө байгаа, байхгүйг мэдэрч эхэлжээ. Яагаад мэдэрсэн бэ гэвэл бүгд үхнэ, гэхдээ ямар ч байсан үргэлжлүүлэн амьдрах ёстой гэдгийг л хүмүүс ганцаараа ухамсарласан болохоор тэр юм.

Хүн төрөлхтний хөгжлийн түүхийн давтамж болж, өсөж өндийж буй хүүхдүүд 6-7 насандаа ойр дотнынхоо хэн нэгнийг алдсаныхаа дараагаар л “Би ч гэсэн хэзээ нэгэн цагт үгүй болох юм уу?” гэсэн айдаст автдаг. Хэрвээ тэгээд дуусчих юм бол энд байх ямар хэрэг байгаа юм бэ? хэмээн бодохдоо хүүхэд сая л анх удаагаа цаг хугацааны үйлчлэлд өөрийгөө оруулж үздэг.

Ээж маань намайг аргадан, тайтгаруулж, бид бүгдээрээ мөнхөд амьдрах болно гэж хэлж байсныг одоо ч би тодхон санаж байна. Тэгэхэд хоёулаа энэ ярьсандаа итгээгүй ч гэлээ цаг хугацааны эрхээр ямар нэгэн “Үхлийн эсрэг эм” эмч нар зохион бүтээж, гайхамшгийг бүтээж магадгүй гэж найдсансан.

Хүүхдийн бүхнийг өөдрөгөөр харж, туйлд нь хүрэх гэсэн хүсэл сонирхол адил хүний хөгжлийн түүх хэд хэдэн удаа байгалийн мөнхийн хуулийн эсрэг зогсох гэсэн ч бүтэлгүйтсэн байдаг. Бид бүгдээрээ Сизифийн домгийг мэднэ шүү дээ. Уулын орой дээр бул хар чулууг, гаргамагц өнөөх нь өнхрөн унана. Унасан чулууг дахиад л оройд гаргах мөнхийн дуусашгүй даалгавартай байдаг. Энэ нь мөнх амьдрах гэснийх л юм. Үүний хамгийн хэрцгий тал нь юу гэвэл тэгж бул хар чулууг гаргахдаа бус хамгийн гол нь тэр чулуу өнхөрч унахыг эхнээсээ мэдэж буйд л оршдог. Тэгэхээр төгсгөлтэй ч хурц тод, өнгөтэй гэрэлтэй амьдрал дээр үү, эсвэл мөнхийн гэхдээ утгагүй амьдрал дээр үү гэдгийг та шийднэ биз.

Хүний амьдралынх нь төгсгөлийн тухай бодол түүний эрх чөлөөний талаарх ойлголттой ямар учир холбоотой вэ? Шууд ямар холбоо байгааг бодож үзэж болно. Нэгэнтээ төрөх, төрөхгүйгээ бид өөрсдөө шийдэлгүйгээр мэндэлсэн учир энэ дэлхий дээр амьдрах тэр хугацаагаа хэрхэн утгажуулж, өнгөрүүлэх вэ гэх асуудал үүсдэг. Энэ л бидний яахаа мэдэхгүй байгаа тэр эрх чөлөө юм.

Олон давхрын тагтнаас юм уу ангал дээрээс доош харахад толгой эргэх шиг болдгийг бид бүгдээрээ л мэднэ. Өөрсдийгөө тайвшруулах гэсэндээ үүнийг өндрийн синдром гээд нэрлэчихсэн. Артур Шопенгауэрийн хэлснээр бол ийм нөхцөлд хэн нэгэн намайг түлхчихвий гэж айсандаа бус харин өөрөө тэр хоосон руу үсэрчихвий гэж айдаг аж. Өөрт байгаа эрх чөлөөгөө тэгж эдлэхвий гэж айдаг хэрэг.

Жирийн амьдрал дээрээ ч бид өдөр бүр яг түүн шиг үсрэх үү, үлдэх үү гэх шийдвэр байнга гаргаж байдаг. Хүн шиг байх уу, эсвэл алдах уу гэж.

Хүн шиг байх гэдэг зам нь илүү хэцүү ч гэлээ хүмүүс ихэвчлэн түүнийг л сонгодог. Жан-Поль Сартрын хэлснээр бол хүний амьдралын утга учрыг амьтныхаас ялгах зүйл нь өөрийгөө хүн гэдгийг дахин дахин нотлоход оршдог гэдэг.

Бар л гэхэд бар байхын тулд зэрлэг догшин байдаггүй. Тэр зүгээр байгалиас оноосон хөтөлбөрийнхөө дагуу яваа амьтан. Жишээлбэл, бар таашаал мэдрэх гэж юм уу эсвэл эрх мэдэл олох гэж эсвэл ямар нэгэн садист гаж донгийн улмаас бусад амьтдыг барьж иддэг юм биш. Бар зүгээр л идвэл амьдрах учраас л иддэг. Үүн дээр өөрийн нэг бодлоо нэмээд хэлчихье гэж бодлоо. Ан амьтан хүүхэд хоёр хүрээлэн буй дэлхий ертөнцөөсөө өөрсдийгөө хөндийрүүлж, холдуулж ойлгодоггүй болохоор их нийцтэй амьдардаг гэж бодогддог.

“Тогтвортой амьдрал”, “Гэр бүлийн үнэ цэнт зүйлс” гэх мэт ойлголтыг ихэвчлэн “сайн хүмүүс” сонгож, дагаж мөрддөг тул нийгмийн том цул давхарга цогцлоож, түүнийг нь улстөрчид овжин ашиглах боломж үүсдэг. Тэгж ашигласан хэр нь дараа нь “хар масс”, “нэг удаагийн хэрэглээний сонгогчид” гэх үгс сонсдог нь гомдолтой ч юм шиг. Харамсалтай нь олон жилийн турш идэвхтэй санаачилгыг устган үгүй хийж, бүхнийг тэгшитгэх гэсэн бодлогоосоо буцсангүй. Үүнийг сөрөг туршлага гэж ч үзсэнгүй.

Тэгээд ч цаашид ажил олгож, байр орон сууцанд оруулж, цалин өгч, үнэ айхавтар нэмэхгүй хямд чигээр нь байлгавал биологийн хөтөлбөрийнхөө дагуу “Өөр хэнийг сонгох юм бэ?” гээд дуулгавартай, дуугүй дагах залуус ч хангалттай олон байсаар байна. Ийм хүмүүс өөрийн эрх чөлөөгүй байдлынхаа талаар олон янзын тайлбар тавьж, шалтгаан тоочиж дөнгөнө.

Ер нь амьдралаа бүрэн өөрчлөхөд саад болдог хүмүүс бол эхнэр, хүүхэд, нас ахисан эцэг эхчүүд байдаг. Мөн мэдээж, мөнгө. Гэвч энэ бол зөвхөн шалтаг л даа. Юм үзэж, нүд тайлаагүй хүнд бол мөнгө гэдэг өөрчлөлт хийхгүй байх шалтаг нь байдаг. Учир нь юм үзэж, нүд тайлж, амьдралыг мэдэх болсон хүн бол мөнгийг зөвхөн хэрэглээ болохоос зорилго биш гэдгийг ойлгочихсон байдаг. Мөнгө бол мөнгө чигээрээ хүнд аз жаргал авчрахгүй. Зүгээр л амгалан тайван байхад л хэрэг болдог зүйл.

Мөнгө мөн хүний эрх чөлөөг илүү нээж өгдөг. Мэдээж, зөв ашиглавал шүү дээ. Маш их мөнгөтэй хэр нь өөрийгөө хөгжүүлээгүй, таньж мэдээгүй хүмүүс эд хөрөнгөө хэрхэн ашиглахаа ч мэдэхгүй гуньж гутарч, ямар ч зорилго чиглэлгүй болчихсон яваа жишээг бид олныг харсан. Мөн мөнгөний боломжгүй, ядуу тарчгаасаа болоод эрх чөлөөний хаалгыг нээж чадалгүй, архидан согтууралд живж, хар тамхинд донтож буйг ч харцгаасан. Архи, хар тамхи болон бусад хорт зуршлууд бол хүний дотоод хоосорсон чанар дахь зовлон шаналлыг түрхэн хугацаанд мартагнуулавч дараа нь бүр илүү хүчтэй зовлон шаналлыг авчирдаг билээ.

Гэхдээ сүүлийн үед хүмүүс өөрөө л өөрийнхөө амьдралд утга нэмж, илүү сайхан амьдрах боломжтой гэдгийг ойлгож мэдрэх болсон нь сайхан. Тэдгээр хүмүүс мэргэжлээ сольж, ажлаа өөрчилж, хэт удсан газраасаа өндийе гэдэг. Нас ахиж, бусдад хэрэгтэй эсэхдээ эргэлзэх болсон ч гэлээ урьдын адил ажиллаж хөдөлмөрлөж, өөрийгөө олох чадвартайгаа байгаагаа харуулахыг хүсэх болжээ.

Магадгүй зарим талдаа алдсан мэт санагдаж амаргүй л байдаг байх. Гэвч сэтгэлзүйчийн туршлага дээрээ үндэслээд хэлэхэд, ямар нэгэн зүйлийг буруу хийсэндээ харамсах нь амьдралдаа юу ч хийгээгүйгээ хожим мэдрэхээс хавьгүй дээр шүү.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn