Эрчүүдийн нөхөрлөл эмэгтэйчүүдээс ялгаатай юу?

Ихэнх тохиолдолд нөхөрлөл нь 2 хүний нийтлэг сонирхол, харилцан бие биедээ үзүүлэх дэмжлэг, харилцан ойлголцол гэх мэт нийтлэг хүчин зүйлсээс шалтгаалан үүсдэг. Гэхдээ хүйсээс шалтгаалан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нөхөрлөлд хэд хэдэн сонирхолтой ялгаа байдаг байна.
Эрчүүдийн нөхөрлөл эмэгтэйчүүдээс  ялгаатай юу?

1. Эрэгтэйчүүдийн хувьд нөхөрлөл гэдэг нь цагийг зугаатай өнгөрүүлэх "хэрэгсэл" юм. Тиймээс эрчүүдийн нөхөрлөл харьцангуй "сэтгэл хөдлөл" багатай. Иймээс эмэгтэйчүүдийг бодвол сэтгэл хөдлөл, мэдрэмжээ хуваалцах нь бага байдаг байна. Харин эрчүүдийн нөхөрлөл нь хамтын үйл ажиллагаанд суурилдаг. Жишээ нь, эрчүүдэд гольфийн найз эсвэл покерын найзууд, тамхины найзууд гэж бий. Нэгэн судалгаагаар ажил мэргэжил, хүрээллээсээ хамааран эрчүүдийн нөхөрлөл материаллаг, бие биедээ илүү хэрэгтэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд (бие биеийнхээ машиныг хамтарч засах, багаж хэрэгсэл солилцох гэх мэт) чиглэгддэг бол хэсэг бүлэг эрчүүдийн нөхөрлөл спортын арга хэмжээнд оролцох, аялах, зугаацах зэргээр чөлөөт цагаа хуваалцахад чиглэгддэг болохыг тогтоожээ. Харин бүсгүйчүүдийн нөхөрлөл цэвэр сэтгэл хөдлөл дээр суурилдаг.

2. Эрчүүд найз нөхдийн харилцаандаа төдийлөн “засвар үйлчилгээ” хийдэггүй. Бүсгүйчүүд найзуудтайгаа байнга уулзаж, утсаар ярьж, мессеж бичдэг бол эрчүүд эрэгтэй найзуудтайгаа байнга холбоотой байх шаардлагагүй гэж боддог. Эрэгтэйчүүдийн хувьд "дотнын" найзтайгаа уулзахгүй олон жил болох нь энгийн үзэгдэл. Тиймээс ч найзыгаа тэтгэвэрт гарсан эсвэл амьдралд нь ямар нэгэн томоохон өөрчлөлт орсныг хэдэн жилийн дараа мэдэх нь тохиолдол ч байдаг. Гэхдээ эргэн уулзахдаа тэдний нөхөрлөл яг л өмнөх шигээ байдаг нь эмэгтэй хүний нүдээр харахад туйлын сонирхолтой.

3. Эрэгтэйчүүдийн нөхөрлөл нь тийм ч ойр дотно биш, мөн харилцан бие биеэ дэмжих нь бага. Эрчүүд олон дотнын нөхөдтэй байж болох ч зарим эрчүүд "хамгийн сайн найз"-даа хүртэл тийм ч их туслаад байдаггүй. Энэ нь эрчүүдийн бие даасан, бусдаас хамааралгүй байх байгалийн зөн совинтой ч холбоотой байж болох юм. Гэтэл эмэгтэйчүүд байнга л найздаа тусалж, харилцан хуваалцаж байдаг ч тэдний нөхөрлөл эрчүүдийнхээс илүү эмзэг байдаг нь мөн л ихээхэн сонирхолтой үзэгдэл юм.

4. Эрэгтэйчүүд найз нөхдөдөө өс хонзон санах, түүнийгээ удаан хадгалж явах нь бага байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нөхөрлөлд аль алинд нь бие биедээ уурлаж уцаарлах, гомдох тохиолдол цөөнгүй. Магадгүй эрэгтэйчүүд маргаан илүү ширүүн байх нь бий. Бүсгүйчүүд өшөө хорслоо тээж явдаг бол эрчүүдийн хувьд найзын харилцаанд үүссэн хурцадмал байдлыг илүү хурдан даван туулах чадвар өндөртэй байдаг байна. Эрчүүдийн нөхөрлөл илүү бат бөх, удаан үргэлжилдэг шалтгаан нь энэ байж болох юм.

5. Эрчүүд найз нөхөрлөл бол бүхэлдээ хошигнол дээр тогтдог гэж хэлж болно. Тэд байнга л бие биедээ нэр хоч өгч, элдвээр шоглодог. Өөрөөр хэлбэл, энэ нь эрэгтэйчүүдийн нөхөрлөлийн харилцааны хамгийн гол зэвсэг нь болдог. Эмэгтэйчүүдийн нөхөрлөл нь илүү сэтгэл хөдлөл дээр тулгуурладаг учир тэдний харилцаан дундуур нь хошигнол нэмэгдэх нь харилцааг хурцатгах, магадгүй төгсгөлийн цэг ч болж магадгүй.

Эх сурвалж: www.psychologytoday.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn