Дээрэлхүүлэх мэдрэмж авсан хүүхэд сэтгэл зүйн гэмтэл авсан байдаг

Та хэзээ сүүлд сэтгэл зүйдээ анхаарал тавьсан бэ? Хэзээ сүүлд сэтгэл зүйн ярилцлага, эмчилгээ хийлгэсэн бэ?
Дээрэлхүүлэх мэдрэмж авсан хүүхэд сэтгэл зүйн гэмтэл авсан байдаг

Өнөө үед хүүхдийг дээрэлхэх дарамтлах асуудал нь энгийн үзэгдэл мэт түгээмэл болжээ. Насанд хүрсэн хүмүүсийн 35 хүртэлх хувь нь хэзээ нэгэн цагт дээрэлхүүлэх мэдрэмжийг мэдэрч байсан гэж хэлсэн байдаг.

Насанд хүрсэн хойноо бид ерөнхийдөө үүнийг даваад гарчихсан байдаг. Гэхдээ дээрэлхүүлэх нь сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлдэг бөгөөд насан туршдаа үргэлжлэх ч аюултай гэдгийг төдийлөн мэддэггүй. Сэтгэцийн эрүүл мэндийн үүднээс дээрэлхүүлэх нь хүүхдийн хүчирхийлэлтэй адил хор хөнөөлтэй, зарим тохиолдолд илүү аймшигтай үр дагаврыг ч бий болгодог талаар theconversation.com сайтад мэдээлсэн байна.

Дээрэлхүүлсэн хүмүүсийн 20 орчим хувь нь амьдралынхаа хожуу насанд, бүр 50 насандаа сэтгэцийн эрүүл мэндийн ямар нэгэн асуудалтай тулгардаг. Гэмтлийн дараах стрессийн эмгэг нь заримдаа амархан анзаарагддаг бол зарим нь танихад илүү хэцүү байдаг. Эдгээр нь үргэлж бадрах уур хилэнгээс эхлээд насан туршдаа бусад хүмүүсээс дорд байдлаар өөрийгөө мэдрэх гэх мэт олон өөр байдлаар илрэх боломжтой юм байна.

Хэдийгээр бага насны болоод өсвөр насны хүүхдүүдийн дээрэлхүүлэх, гоочлуулах талаар асар их хэмжээний судалгаа хийсэн ч ихэнх нь хөндлөнгийн оролцоо, урьдчилан сэргийлэхэд л чиглэгддэг. Тиймээс бидэнд урт хугацааны үр дагавар, онлайн хүчирхийлэл гэх мэт сэтгэцэд нөлөөлж буй шинэ хэлбэрүүдийн талаар илүү их судалгаа хэрэгтэй болоод байна.

Амьдралынхаа аль нэгэн үед дээрэлхүүлэх мэдрэмж авч байсан бол та удаан хугацааны турш ноцтой үр дагавруудыг мэдэрсээр л байх юм. Судалгаанаас үзэхэд хохирогчид бусад хүмүүсээс илүү хүчтэй түгшүүрийн шинж тэмдэг мэдэрдэг нь батлагдсан байна. Дээрэлхүүлэх, гоочлуулах нь нийгмийн сэтгэлийн түгшүүртэй холбоотой байдаг бөгөөд энэ нь насанд хүрсэн хойно нь ч үргэлжилдэг бөгөөд хувь хүний​​ эмгэгийг ихэсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Сэтгэлийн хямрал нь дээрэлхүүлсэн мэдрэмжийн өөр нэг сөрөг үр дагавар бөгөөд цаашлаад амиа хорлох бодол, бүр амиа хорлох оролдлогод ч хүргэж болзошгүй юм. Тиймээс хэрэв та сэтгэлийн хямрал эсвэл түгшүүртэй тэмцэж, дээрэлхүүлж байсан түүхтэй бол сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.

Монгол Улсын хувьд сургуулийн насны хүүхэдтэй эцэг эхчүүд болон хүүхдүүд хоорондын харилцаа яггүй хөндий байдаг гэхэд хилсдэхгүй. Бид хүүхдийг маань багш нь эсвэл өөр хэн нэгэн насанд хүрсэн хүн ялгаварлаж байна уу? гэдэгт илүү анхаарал хандуулж ангийн бусад сурагчид, ойролцоо насны хүүхдүүдийн дунд ямар зөрчил үүсэж байгаад тийм ч их санаа тавьдаггүй. Гэтэл сургуулийн дотоод уур амьсгалтай холбоотойгоор гадуурхах, дээрэлхэх, гоочлох зэрэг цаанаа хүүхдийн сэтгэлд илүү их түгшүүрийг үүсгэж буй ноцтой асуудлууд гарсаар л байна.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

"Хүүхдээ биечлэн эсвэл онлайнаар аюулгүй байлгах эхний алхам бол асуудлыг мэдэж байх явдал юм" хэмээн unicef.org сайтад мэдээлсэн байна. Энэ талаар дэлгэрэнгүй хүргэе.

1. Хүүхдүүддээ дээрэлхэх, дээрэлхүүлэх гэдэг нь юу болох талаар мэдээлэл хүргэх. Таны хүүхдүүд дээрэлхэх гэж юу болохыг мэдсэнийхээ дараа энэ нь өөрт нь эсвэл өөр хэн нэгэнд тохиолдож байна уу гэдгийг илүү амархан таньж мэдэх болно.

2. Хүүхдүүдтэйгээ илэн далангүй, ойр ойрхон ярилц. Та хүүхдүүдтэйгээ энэ мэт нийгэмд зонхилж байдаг сэтгэл зүйд нөлөөлөх асуудлуудын талаар хэдий чинээ их ярих тусам тэд үүнийг харсан эсвэл мэдэрсэн эсэхээ танд хэлэх нь илүү элбэг байх болно. Хүүхдүүдтэйгээ өдөр бүр танилцаж, тэдний сургууль дээр өнгөрүүлсэн цаг, үйл ажиллагааных нь талаар асууж, зөвхөн хичээл, үйл ажиллагааных нь талаар төдийгүй сэтгэл хөдлөлийнх нь талаар асуугаарай.

3. Хүүхдэдээ эерэг үлгэр дуурайлал болоход нь тусал. Дээрэлхэх хэмээх зөрчилд гурван тал байдаг: хохирогч, буруутан, хөндлөнгийн гэрч. Хүүхдүүд өөрөө золиос биш байсан ч үе тэнгийнхэндээ бүх нийтийг хамарсан, хүндэтгэлтэй, эелдэг байснаар дээрэлхэхээс сэргийлж чадна. Хэрэв тэд дээрэлхэх явдлыг гэрчлэх юм бол тэд хохирогчийн талд байж, дэмжлэг үзүүлж чадах юм.

4. Хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг бий болгоход тусал. Хүүхдээ дугуйланд бүртгүүлэх эсвэл нийгэмдээ хэрэгтэй үйл ажиллагаанд оролцоход нь урамшуул. Энэ нь өөртөө итгэх итгэлийг бий болгохоос гадна ижил сонирхолтой найз нөхөдтэй болоход тусална.

5. Үлгэр жишээ бай. Бусад хүүхдүүд болон насанд хүрэгчдэд хэрхэн эелдэг, хүндэтгэлтэй хандахыг хүүхдэдээ харуул, тэр дундаа хэн нэгэн бусадтай зүй бус харьцаж байгаа үед дуу хоолойгоо илэрхийлж, эргэн тойрныхоо хүмүүст ч мөн адил хандаарай. Хүүхдүүд эцэг эх хэрхэн биеэ авч явах, тэр дундаа цахим ертөнцөд юу нийтлэх зэргийг жишээ болгон амьдралдаа хэрэгжүүлсээр байдаг.

6. Тэдний онлайн дахь туршлагын нэг хэсэг болоорой. Хүүхдийнхээ ашигладаг платформтой танилцаж, онлайн болон оффлайн ертөнц хэрхэн холбогдож байгааг хүүхдэдээ тайлбарлаж, тэдэнд онлайнаар учирч болох янз бүрийн эрсдэлийн талаар анхааруулаарай.

Хэрэв таны хүүхэд дээрэлхүүлж, гоочлуулж байвал та яах ёстой вэ?

Хэрэв та хүүхдээ дээрэлхүүлж байгааг мэдэж байгаа бол түүнд туслахын тулд хэд хэдэн алхам хийж болно:

1. Хүүхдээ илэн далангүй, тайван сонс. Тэднийг дээрэлхүүлж байгаа шалтгааныг хайж, асуудлыг шууд шийдэхийн оронд тэднийг сонсож, дэмжиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхэд анхаарлаа хандуул. Энэ зөрчилд тэдний буруу байгаа юу? үгүй юу? гэдгийг мэдэхийг хичээгээрэй.

2. Та тэдэнд итгэдэг гэдгээ хэлээрэй. Тэд танд хэлсэндээ баяртай байх нь чухал. Энэ нь тэдний буруу биш гэдгийг ойлгуулж өөртөө туслахын тулд чадах бүхнээ хийхэд нь түлхэц өгнө. Хэдий та тусалж байгаа ч хүүхдийн тань хамгийн том туслах бол тэр өөрөө юм.

3. Багш эсвэл сургуулийн нийгмийн ажилтантай нь ярилц. Та болон таны хүүхэд, ганцаараа л энэ дээрэлхүүлж буй асуудлыг шийдвэрлэх гэж хичээх шаардлагагүй. Сургуульд нь дээрэлхэхтэй холбоотой зөрчлийн талаар шийдвэрлэх зарчим эсвэл ёс зүйн дүрэм байгаа эсэхийг асуугаарай.

4. Таны хүүхдэд өөрт нь тулгарч буй энэ зөрчлийг туулан гарах систем хэрэгтэй. Хүүхдийн хувьд дээрэлхүүлж буй сөрөг үр дагаврыг даван туулахад туслах эцэг эхтэй байх нь чухал юм. Тэд тантай хэдийд ч ярьж чадна гэдгээ мэдэж, нөхцөл байдал сайжирна гэдэгт итгэнэ гэдэг хамгийн чухал.

Таны хүүхэд бусдыг дээрэлхэж байвал та яах вэ?

Хэрэв та хүүхдээ бусад хүүхдүүдийг дээрэлхэж байна гэж бодож байгаа эсвэл мэдэж байгаа бол тэднийг муу хүн биш харин хэд хэдэн шалтгааны улмаас ийм үйлдэл хийж байж магадгүй гэдгийг санах нь чухал. Ихэнхдээ бусдыг дээрэлхдэг, гоочилдог хүүхдүүд зүгээр л өөртөө аливаа зүйлсийг тохируулахыг хүсдэг, анхаарал халамж шаарддаг эсвэл ээдрээтэй сэтгэл хөдлөлөө хэрхэн даван туулахаа мэддэггүй гэх зэрэг асуудалд орсон байдаг. Зарим тохиолдолд ийм үйлдэл гаргаж буй хүмүүс өөрсдөө гэр орон эсвэл нийгэм дэх хүчирхийллийн хохирогч, гэрч болсон байдаг. Хүүхдээ дээрэлхэх зэрэг сөрөг үйлдэл хийхийг нь зогсоохын тулд та хэд хэдэн чухал алхмуудыг хийх хэрэгтэй.

1. Харилцах. Таны хүүхэд яагаад ийн жүжиглэж байгааг ойлгох нь тэдэнд яаж туслахаа мэдэхэд тань нэмэр болно. Тэд сургуульдаа өөртөө итгэлгүй байдаг юм шиг санагдаж байна уу? Тэд найз эсвэл ах дүүтэйгээ хэрэлдэж байна уу? Хэрэв тэд өөрсдийн зан авирыг тайлбарлахад бэрхшээлтэй байгаа бол та хүүхэдтэй ажиллахаар бэлтгэгдсэн зөвлөх, нийгмийн ажилтан эсвэл сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөлдөж болно.

2. Үүнийг даван туулах эрүүл аргууд дээр ажилла. Хүүхдийнхээ урмыг хугалсан нөхцөл байдлын талаар үндсэн учир шалтгааныг нь тайлбарлаж ойлгуулах, хариу үйлдэл үзүүлэхэд үр дүнтэй аргуудыг санал болго. Хүүхдэдээ хэрэв чи тухайн хохирогч хүүхдийн оронд дээрэлхүүлж байсан бол юу мэдрэх байсан талаар ярилцаж аль болох үүнийг төсөөлөх тал дээр хүч нэмж ажиллаарай. Хүүхдэдээ онлайнаар бичсэн сэтгэгдлүүд бодит амьдрал дээр сэтгэлийг нь хэрхэн шархлуулдаг гэдгийг сануулаарай.

3. Өөрийгөө шалга. Бусдыг дээрэлхдэг хүүхдүүд ихэвчлэн гэртээ харсан зүйлээ загварчилж байдаг. Тэд таны эсвэл өөр асран хамгаалагчийн бие махбодын болон сэтгэл санааны хувьд хортой зан үйлийн хохирогч болж байна уу гэдгийг анзаараарай. Дотроо тунгааж, хүүхдэдээ юуг хэрхэн үзүүлж байгаагаа шударгаар бод.

4. Үр дагавраа засаж залруулах боломж бий гэдгийг ойлгуулж аль болох өөрөөр нь арга замыг нь олуулах тал дээр та хүүхдээ чин сэтгэлээсээ дэмжээрэй. Хүүхдээ үе тэнгийнхнээсээ уучлалт гуйж, ирээдүйд илүү олон нийтийг хамарсан буюу нийтэч байх арга замыг нь хайж олоход туслаарай.

Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо чухал.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn