Блок (blocked) цэс харилцааны асуудлыг шийдвэрлэхгүй

Цахим орчинд сөрөг мэдээ дамжуулдаг хүмүүсийг найзаасаа хас, өөрийнхөө орон зайг цэвэрлэ, хамгаал, эерэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл гэх мэтийн үгс сүүлдээ даамжраад бухимдуулж буй бүхнийг "блоклох" (blocked) нь зөв мэт ойлгогдох болж. "Блоклох бол буян юм. Хоёр талд стрессийн үүдийг хаана" гэсэн үг ч газар авч харагдана. Гэвч энэ үнэхээр харилцааны асуудал шийдэх арга гэж үү?
Зургийг:
Зургийг:www.quora.com

Мэдээж цахим орчинд тоологдошгүй их мэдээлэл урсаж байгаа болохоор хэрэгтэй, хэрэггүйгээр нь ангилж цагаа аврах нь чухал. Байнга сөрөг мэдээ, мэдрэмжээ шүүлтүүргүй цацаж байдаг хүмүүсийг бол найзаасаа хасах нь зөв байх. Харин нөхөртэйгөө муудахаараа цахим орчинд блок хийчихдэг зарим хүмүүсийг гайхаад байдаг юм. Харилцааны асуудлыг ярилцаад шийдэх ёстой болохоос "харьцахгүй түгжих" нь цаг үрсэн сонголт шиг санагдана. Ярилцаагүйгээс болоод харилцаанд сэв сууж хөндийрөн тэр нь салалтын үндэс болдог тухай сэтгэл зүйч, гэр бүл судлаач нар байнга сануулж байдаг. Нэгэнт салахгүй хүмүүстэйгээ бол эртхэн учраа олж байсан нь дээр.

Найзаасаа хасах (unfriend), дагахаа болих (unfollow), блок (block) цэсүүдийг өөрийгөө хамгаалахад ашиглах хэрэгтэй ч "харилцааны асуудлаа шийдэх арга" болгож бол болохгүй.

Өнгөрсөн жилийн их хөл хорионы үеэр хоббины талаар цуврал бичвэр бичихээр шийдэж, утасны цаанаас янз бүрийн хүмүүстэй харилцаж эхлэв. Танихгүй хүнтэй дэлгэцийн араас ярилцах чинь яггүй ур ухаан, мэдрэмж, таамаглал шаардсан ажил байдаг аж. Фэйсбүүкээр (Facebook) анх удаа хүнд блоклуулж үзлээ. Уг нь тэр хүн эхлээд ярилцлага өгөхийг зөвшөөрсөн ч асуулт явуулах үед хэл үггүй намайг блоклов. "Би тийм их төвөг удсан юм байхдаа" гэж эхлээд бага зэрэг эмзэглэсэн ч, бодоод байхад тэр хүн надад татгалзаж байгаагаа шууд хэлэх зориггүй нэгэн байж. Хүнд "үгүй" гэж шууд хэлэх чинь нэг талаараа соёл юм. Хүлээлт үүсгэж, ажил цалгардуулахгүй. Гэхдээ үүнийгээ хэл үггүй шууд блок хийж илэрхийлэх нь соёлтой санагдаагүй.

Заавал эерэг хүмүүсээр хүрээлүүлэх шаардлагагүй

Саяхныг хүртэл тааламжгүй мэдээ мэдээлэл түгээдэг, нэг тийм сөрөг сэтгэгдэл бий болгодог хүмүүсийг амьдрал дээр, цахим орчинд ч өөрийнхөө хүрээллээс хасдаг хүн байлаа.

Тэр хүнийг байгаагаар нь хүлээж авч чадахгүй, үг үйлдэл нь намайг бачимдуулаад байвал ерөөс харахгүй, харилцахгүй байх нь тухайн хүнийг үгүйсгэхээс илүү дээр гэж үзсэн хэрэг.

Гэтэл энэ чинь буруу юм байна. Өөртөө таалагддаг хүмүүсээр хүрээлэл бий болгох нь нэг талаар өөрийгөө "комфорт зон“ (comfort zone) буюу тааламжит бүсэд оруулж буй хэрэг аж. Үүнээс гарч байж л өсөж хөгждөг гэдэг шүү дээ. Хорвоо дэлхий дээр янз бүрийн л хүмүүс бий. Үзэл бодол, зан чанар ондоо, тоглоом наргиа нийлэхгүй, сонирхол чадвар өөр хүмүүстэй уулзаж, учраа олж сурах нь бидний төлөвшлийг нэг шат ахиулдаг байж мэднэ. Өөрөө стрессдэхгүй, нөлөөнд нь автахгүйгээр бусдыг байгаагаар нь хүлээн авч сурвал эргэн тойрноо заавал эерэг хүмүүсээр хүрээлүүлэх шаардлагагүй төдийгүй хэн нэгнийг блоклох хэрэг гарахгүй биз ээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn