Аз жаргалын тухай эндүүрэл: Эд зүйлс биднийг аз жаргалтай болгох уу?

Үнэтэй, чамин, тренд эд зүйлсийг чухалчилдаг материаллаг үзэлтэй хүмүүсийн амьдралын сэтгэл ханамж материаллаг бус үзэлтэй хүмүүсийнхээс хавь доогуур байгааг судлаачид тодорхойлжээ. Түүнчлэн материаллаг үзэлтэй хүмүүсийн сэтгэцийн эмгэгт өртөх магадлал харьцангуй өндөр байв.
Аз жаргалын тухай эндүүрэл: Эд зүйлс биднийг аз жаргалтай болгох уу?
Vox

“Аз жаргалын тухай эндүүрэл” цуврал нийтлэлдээ материаллаг үзлийг онцолж байна. Материаллаг эд хөрөнгө үнэхээр биднийг аз жаргалтай болгодог эсэх тухай статистик болон үзэл бодлыг хүргэе.

СТАТИСТИК

“Таны хувьд чинээлэг болох нь хэр чухал вэ?”, “Үнэтэй, чамин, тренд эд зүйлсийг хэр хүсэмжилдэг вэ?” гэх мэт асуултаар оюутнуудын материаллаг үзлийг тодорхойлон, 20 жилийн дараа тэдний амьдралын сэтгэл ханамж, сэтгэцийн эмгэгт өртөх магадлалыг судалжээ.

Энэхүү дүрслэл нь судалгааны үр дүнг ерөнхий байдлаар илэрхийлэх ч тоон утга нь бодит биш болно.

Судалгааны үр дүнд үнэтэй, чамин, тренд эд зүйлсийг чухалчилдаг материаллаг үзэлтэй хүмүүсийн амьдралын сэтгэл ханамж материаллаг бус үзэлтэй хүмүүсийнхээс хавь доогуур байгааг судлаачид тодорхойлсон байна. Түүнчлэн материаллаг үзэлтэй хүмүүсийн сэтгэцийн эмгэгт өртөх магадлал харьцангуй өндөр байв.

Эд хөрөнгийн араас хөөцөлдөх нь хүнийг аз жаргалтай болгохгүйгээс гадна улам дордуулдгийг судалгааны үр дүнд онцолсон юм. Өөрийн хэрэгцээнд тулгуурлаж бус тренд, нийгмийн харьцуулалт, хэвшмэл үзлээс үүдэн худалдан авалт хийдэг бол энэ нь хожим таны сайн сайхан байдалд хэрэг болохгүй нь ээ.

ҮЗЭЛ БОДОЛ

Хүмүүс бид эд зүйлс худалдан авахдаа “Нөгөө хэн ёстой гоё тийм юм авчихсан байна билээ. Би юугаараа дутах юм”, “Нэг л хувцсаа өмсдөг гэж хүмүүс бодно” гэж бусдад таалагдах, өөрийгөө батлах гэж эсвэл “Хүмүүс iPhone 13 pro max руу шуураад байна, би л хоцрох нь” гэж трендийг дагах бус хэрэгцээгээ тодорхойлох нь чухал гэж би боддог юм. Миний хувьд аливааг худалдаж авахаас өмнө дараах 3 зүйлийг анхаарахыг эрмэлздэг.

  1. Одоогийн хэрэглэж байгаа эд зүйл маань хэрэгцээг хангаж байгаа бил үү? Бусдыг дагаж шунахайрч, бусдад таалагдах гэж эсвэл хямдралтай учраас л худалдан авах гээгүй биз? Шинийг л авахгүй бол эрсдэлтэй, хэцүү байдалд орох гээд байгаа бил үү?

  2. Үүнийг худалдан авахаар төсөвлөсөн үү? Худалдаад авчихвал бусад төлөвлөсөн чухал худалдан авалтуудад маань үлдэгдэл хүрэлцэх үү? Түр хойшлуулаад, үнэхээр худалдаж авах хэрэгтэйгээ дахиад жаахан бодох уу?

  3. Хэр их хугацаанд хэрэглэх вэ? Хямдхан, чанаргүйг авч богино хугацаанд хэрэглээд хог болгох уу, эсвэл арай үнэтэй ч чанартайг нь аваад удаан хэрэглэх үү?

Эд хөрөнгөд бус туршлагад хөрөнгө оруулах нь урт хугацаандаа бидний сайн сайхан байдалд эерэг нөлөөтэйг олон судалгаагаар баталсан байдаг. /Энэ тухай удахгүй нийтлэлээрээ дэлгэрэнгүй танилцуулна./ Тиймээс одоогийн хэрэглэж байгаа эд зүйлс маань хэрэгцээг хангаж болоод байхад дахин шинийг авахыг оронд мөнгөө шинийг турших, сурах, эрүүл мэнд болон чухал хүмүүстээ зарцуулахыг санал болгоё.

Худалдан авахыг хүсэж буй зүйлсээ жагсаан бичээрэй. Тус бүрийн хувьд дээрх 3 асуултад хариулаарай.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn