Амбиверт хүмүүс гэж хэн бэ? Тэд яагаад бусдаас илүү амжилттай байдаг вэ?

Хүний зан төлөвийг тодорхойлдог экстраверт, интроверт шинжүүдийн алинд нь хамаарахаа мэдэхгүй эргэлздэг бол та амбиверт байх магадлалтай. Судалгаанаас үзэхэд амбиверт хүмүүс бусадтай харьцахдаа ярих, сонсохоо тэнцүүлж чаддаг байна. Түүнчлэн, Harvard Business Review сэтгүүлд бичсэнээр амбиверт хүмүүс хэзээ тууштай байж, хэзээ тулан сонсохоо мэддэг учраас агуу удирдагчид байдаг ажээ.
Амбиверт хүмүүс гэж хэн бэ? Тэд яагаад бусдаас илүү амжилттай байдаг вэ?
@parade.com

Амбивертүүд яагаад гайхалтай гэж?

Пенсильванийн их сургуулийн Вартон сургуулийн дэд профессор Адам Грант борлуулалтад хувь хүний зан чанар хэр нөлөөтэй болохыг судалжээ. Тэрээр гурван сарын турш эрэгтэй, эмэгтэй 300 гаруй борлуулагчаас зан чанарын судалгаа хийхэд гадагшаа болон дотогшоо байдлаараа яг дунд байрласан хүмүүс буюу амбивертүүд хамгийн сайн борлуулагчид болж таарсан юм.

"Амбивертүүд интровертуудаас 24%-аар, экстровертуудаас 32%-аар илүү орлого олсон байна."

Грант судалгааныхаа дараа "Амбиверт хүмүүс зан чанарын хоёр эрс тэс шинж чанаруудын хооронд тэнцвэрийг бий болгодог. Тэд ятгаж, урамшуулахын хажуугаар үйлчлүүлэгчдийг анхааралтай сонсож, хэт итгэлтэй эсвэл сэтгэл хөдөлсөн дүр төрхөөс зайлсхийдэг" гэжээ.

MobileMonkey компанийн гүйцэтгэх захирал Ларри Ким амбивертүүдийн өөр давуу талуудыг онцолсон байна.

  • Уян хатан: Амбиверт хүмүүс үйл явдал, нөхцөл байдалд илүү амархан дасан зохицох чадвартай.

  • Тэнцвэр: 1947 онд "амбиверт" гэсэн нэр томьёог бий болгосон сэтгэл судлаач Ханс Эйзенкийн хэлснээр амбиверт хүн зарим интровертуудын хэт мэдрэмтгий байдал, зарим экстравертуудын нөлөөлөх хандлагын тэнцвэрийг сайн олдог байна.

  • Зөн совин: Нью Йорк Таймс сонины бестселлер зохиолч Даниел Пинк "Амбиверт хүмүүс өөрсдийн төрөлхийн зөн совиндоо найдаж, хэзээ дуугарч, хэзээ амаа хамхихаа, хэзээ шалгаж, хэзээ хариу өгөх, хэзээ түлхэж, хэзээ барихаа мэддэг" гэжээ.

Хэнийг амбиверт гэх вэ?

@flexjobs.com

Сэтгэл санаа, нөхцөл байдал болон зорилгоосоо хамааран дотогшоо болон гадагшаа шинж чанаруудын аль алинд нь хувирч чаддаг хүнийг амбиверт гэнэ. Тэднийг өөрөөр:

  • Тодорхой нөхцөл байдал, хүмүүсийн хүрээнд эсвэл зайлшгүй шаардлагатай үед гадагшаа гарч чаддаг интроверт,

  • Хүмүүстэй харилцахаасаа өмнө өөрийгөө цэнэглэх цаг гаргадаг, ганцаараа байх дуртай экстраверт,

  • Шаардлагатай үед экстраверт нэгэн рүү залгаж чаддаг интроверт

гэж нэрлэж болох юм. Амбивертүүдийн хүмүүст үзүүлэх хариу үйлдэл нь уян хатан. Нөхцөл байдал, ​​сэтгэл санаа, хамт байгаа хүмүүс нь тааламжтай үед амбивертүүд экстраверт болж хувирдаг. Харин эсрэгээрээ бол интровертэд хувирна.

Амбиверт гэдэг нь ангилал биш спектр юм.
Амбиверт гэдэг нь ангилал биш спектр юм.@slideteam.net

Амбиверт хүн үйл явдал, нөхцөл байдал, эргэн тойрныхоо хүмүүсээс хамааран спектрийн дагуу дээш доош гулсдаг.

Өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг харахыг хүсвэл:

Цэнэглэгддэг газар

Хаана өөрийгөө байх газаргүй мэт тухгүй мэдрэмж авч, ямар газарт өөрөөрөө байж, цэцэглэн хөгжиж байна вэ?

  • Шөнийн клуб

  • Ресторан

  • Гэрийн үдэшлэг

  • Хурлын өрөө

  • Ажил хэргийн уулзалт

  • Хурал зөвлөгөөн

  • Кофе шоп

  • Коктейлийн үдэшлэг

  • Танилцах арга хэмжээ

Дээрх жагсаалтыг ашиглан өөрийнхөө хамгийн тухтай байж чаддаг гурван газар, очихоос зугтаадаг гурван газраа олоорой. Өөрийнхөөрөө байж чаддаг, тухтай газраа мэдэж авбал тэндээ цагийг их өнгөрүүлж чадна шүү дээ.

Цэнэглэдэг хүмүүс

Өөрийнхөө амьдралд байгаа доорх хоёр төрлийн хүмүүсийг жагсааж бичнэ үү.

  1. Хэн таны хамгийн сайн хувилбарыг гаргаж ирдэг вэ? Хэнтэй байхдаа та чөлөөтэй, нээлттэй байж экставерт нэгэн болдог вэ?

  2. Харах, харилцахаас эмээдэг эсвэл өөрийгөө "хангалтгүй, хэрэггүй" гэж бодоход хүргэдэг хүмүүс таны амьдралд бий юу?

Таныг цэнэглэдэг хүмүүстэй хамт байхыг хичээгээрэй. Зайлшгүй шалтгаанаар хоёр дахь ангиллын хүмүүстэй уулзахаар бол өмнө эсвэл дараа нь өөрийгөө цэнэглэх цаг гаргах хэрэгтэй.

"Амьдрал дэндүү богинохон учир тааламжгүй орчинд таагүй хүмүүстэй цагийг өнгөрөөхөд дэндүү хайран" гэж science of people сайт зөвлөжээ.

Та өөрийгөө хоёрдмол хандлагатай эсэхдээ одоо ч эргэлзэж байвал:

Рarade сайт сэтгэл судлалын шинжлэх ухаан, Харвардын бизнесийн тойм дээр үндэслэн амбивертүүдийн 25 шинжийг гаргажээ. Эдгээр шинжүүд тантай хэр нийцэж байна вэ?

  1. Үдэшлэгт явах дуртай, гэхдээ дуусгадаггүй. Хангалттай гэж үзвэл орхин явна.

  2. Шинэ хүмүүстэй уулзах дуртай, гэхдээ үргэлж биш. Сэтгэл санааны байдлаас хамааран заримдаа хүнтэй ярилцахыг хүсдэггүй.

  3. Богино яриа өрнүүлэх зүгээр. Хэн нэгэнтэй ярихад заавал их хугацаа шаардлагагүй.

  4. Өдөржин ганцаараа байж, дараа нь оройн хоол идэхээр хүмүүстэй уулзахдаа адилхан баяртай байдаг.

  5. Ганцаараа эсвэл найзтайгаа хамт кино үзэхдээ адилхан аз жаргалтай байж чадна.

  6. Чимээгүй сонсож чадна, гэхдээ хэлэх зүйл байвал заавал дуугарна.

  7. Олон төрлийн нөхөрлөлийн хүрээлэлд тухтай байж чадна. Спорт, номын клуб, дарсны клуб гэх мэт олон бүлэгт хамрагдахдаа баяртай байдаг.

  8. Хүмүүст их цаг гаргадаг ч завсарлага зайлшгүй хэрэг болдог. Өдрийн нэг хэсгийг ганцаараа, зарим цагийг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөвөл хамгийн тааламжтай.

  9. Найзуудтайгаа оройн хоол идэж, хөгжилдсөний дараа гэртээ харьж, ганцаараа байхыг хүсдэг (усанд орох, зурагт үзэх эсвэл ном унших).

  10. Танихгүй хүмүүстэй ярилцахдаа дургүйцдэггүй, гэхдээ заавал хийх үүрэгтэй гэж боддоггүй. Хүмүүс таныг чин сэтгэлээсээ, ярихад хялбар гэдэг.

  11. Ерөнхийдөө аливаа үйл ажиллагаанд дуртай, гэхдээ удаан хугацаагаар биш. Богино үйл ажиллагаа таны хурдыг нэмэгдүүлдэг бөгөөд энэ шалтгааны улмаас та бусад амбивертүүдэд татагдаж магадгүй.

  12. Та тийм ч ичимхий биш. Ихэнх интроверт хүмүүс бусдын анхаарлыг татах дургүй байдаг. Экстравертууд бол эсрэгээрээ. Тэдний дунд амбивертүүд бий.

  13. Олны дунд байхдаа анхаарлын төвд орохгүй ч буланд суудаг хүн биш.

  14. Өөртөө цаг гаргах дуртай ч дандаа ганцаараа байхыг хүсдэггүй.

  15. Ихэнх нөхцөл байдалд жигд зантай байдаг.

  16. Найзууд чинь таныг тогтвортой, тууштай гэж үздэг. Ажил олгогчид таныг найдвартай учраас ажилд авах дуртай. Та олны анхаарлыг татдаггүй, гэхдээ та үнэхээр сайн багийн тоглогч.

  17. Таныг дүрслэхдээ хүмүүс эелдэг, сэтгэл хөдлөл багатай гэх мэт үгс ашигладаг. Уулзалт болгондоо ямар нэг зүйл хэлэх ёстой чалчаа Кэти биш, гэхдээ бас хэнд ч анзаарагддаггүй ханын цэцэг биш.

  18. Сайн сонсож бас ярьж чаддаг учраас хэлэлцээр сайн хийнэ.

  19. Та амархан найз нөхөдтэй болох хандлагатай. Дотнын найз нөхдийн хүрээлэл, танилын хэмжээ дундаж.

  20. Сэтгэл хөдлөлөө сайн хянадаг. Тиймээс уурласан чигээрээ удаан явахгүй.

  21. Нинжин сэтгэлтэй. Ихэнхдээ найз нөхөд, ажлын хамтрагчдаа тусалдаг. Хүмүүс зөвлөгөө авахаар эсвэл зүгээр л сонсох хүн хэрэгтэй үед тан дээр ирдэг.

  22. Урт хугацаагаар, ганцаараа ууланд алхах дуртай. Бас найз нөхөдтэйгөө түүдэг гал тойрон суух ч дуртай.

  23. Та зөөлөн зантай. Олны дунд ганцаараа хашхирахгүй, гэхдээ үргэлж чимээгүй суудаг нэгэн биш.

  24. Найзууд чинь таныг интроверт хандлагатай экстраверт эсвэл экстраверт хандлагатай интроверт гэж хэлдэг байх. Энэ бол амбивертийн сонгодог тодорхойлолт. Зарим өдөр та зүгээр л супер нийгэмшсэн мэт санагддаг бол өөр өдөр өөрийн орон зайнд хэнийг оруулмааргүй санагдана. Энэ хэмнэлийг нэг өдрийн дотор ч нааш цааш эргэлдүүлэх нь танд хэвийн зүйл.

  25. Хүмүүстэй ярилцсаны дараа сэтгэлээр унадаггүй. Та хүмүүстэй ярилцах, гүн гүнзгий яриа өрнүүлэхдээ тэнцвэрийг сайн хадгалдаг бөгөөд хүмүүс тантай ярилцахдаа ядарч туйлддаггүй.

Эцэст нь хувь хүний зан төлөвийн шинжүүдэд зөв, буруу гэсэн ойлголт байхгүй. Хийх ёстой цорын ганц зөв зүйл бол өөрийнхөөрөө амьдарч, үйлдэх. Өөрийнхөө давуу тал дээр ажиллаж, өөрийгөө таньж мэдээрэй.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn