Байгууллагадаа хэрхэн талархлын соёлыг бий болгох вэ?

Өөртөө болоод хамт олондоо чин сэтгэлийн сайхныг мэдрүүлэхийг хүсвэл баярлалаа хэмээх шидэт үгийг чин сэтгэлээсээ илэрхийлж заншаарай.
Байгууллагадаа хэрхэн талархлын соёлыг бий болгох вэ?

Ажлын байран дээрээ хүн бүр үнэлүүлж, хамт олныхоо дунд хүндлэгдсэн нэгэн байхыг эрмэлздэг. Судалгаагаар ажилтнууд талархал хүлээн авсан үедээ сэтгэл ханамжтай, удаан хугацаагаар ажиллах хүсэл эрмэлзэлтэй, илүү урам зоригоор дүүрэн байдгийг тогтоосон байна.

Жишээлбэл, менежер нь ажилтнуудынхаа хийж буй ажилд талархал илэрхийлэх үед энгийн үеэс 80%-аар илүү шаргуу ажилладаг болохыг нэгэн судалгаагаар тогтоожээ.

Түүнчлэн удирдлага нь хамт олондоо талархлаа илэрхийлдэг бол энгийн үеэс 50% илүү амжилттай ажилладаг болохыг онцолсон байна. Эдгээрээс гадна талархал хамт олон, байгууллагад даалууны эффект бий болгодог аж. Талархлаа хэн нэгэнд илэрхийлнэ гэдэг нь тухайн хүнийг урам зоригоор тэтгэж улмаар тухайн хүн бусдад ч бас талархлаа илэрхийлэх сэдлийг төрүүлнэ.

Талархлаа хамт олондоо илэрхийлж чаддаг байх нь тэдэнд барьж болох том бэлэг байтал өнөөгийн нийгэмд маш олон байгууллага, хамт олон талархлын соёлыг бий болгоогүй байгаа билээ. Судалгааны дагуу ажлын байр бол талархлаа илэрхийлж болох хамгийн боломжтой газар юм.

Ажлын байрандаа талархлын соёлыг түгээгч хамт олон болцгоохын тулд юунаас эхлэх вэ?

Уулзалт, хурлаа талархлаар эхэл

Уйтгартай танилцуулга эсвэл ажил дээр болж буй сүүлийн үеийн мэдээгээр эхлүүлэхийн оронд хамт олноосоо талархаж буй зүйлсээ хуваалцахыг хүсээрэй. Энэхүү шийдэл нь хүмүүсийг идэвхжүүлж, стрессийг бууруулдаг байна. Талархлаа илэрхийлж байхад хэн ч санаа зовохгүй нь ойлгомжтой юм. Талархлаа илэрхийлэх нь цусны даралт бууруулах, допамин, окситоциныг чөлөөлөх гэх мэт олон эрүүл мэндийн ач тустай.

Бүтээлч тактик ашигла

Талархлын соёлыг бүрдүүлэхдээ бүтээлч бай. 30 хоногийн талархлын сорилт зарлах гэх мэт бүтээлчээр энэхүү соёлыг бий болгох нь хялбар юм. Энэ аргаар хамт олноо өдөр тутмын жижиг үйлдлүүдэд талархах дадлыг бий болгоход уриалж эхлээрэй. Жишээ нь, нэг өдөр та бусдадаа зориулж сайхан зүйл сэдэж хийхийг санал болгох, дараагийн өдөр нь удирдлагадаа талархаж буй 2 зүйлээ бичиж илгээх гэх мэтээр сэдэлжүүлж болох юм. Мөн сонин содон, бүтээлч ажил хийсэн хүмүүсийг хамт олондоо таниулан өргөмжлөх тусгай талбарыг бий болгох гэх мэт өөр өөр сонирхолтой санал санаачилж хэрэгжүүлэх боломжтой.

Баярлалаа хэмээх шидэт үгийг тордоорой

Талархлаа илэрхийлж байх нь ажилтнуудаа тогтвортой ажиллуулах хамгийн үр дүнтэй арга юм. Workhuman фирмээс явуулсан нэгэн судалгаанд баярлалаа хэмээх талархлын үг хүлээн авсан хүн тухайн компанидаа тууштай ажиллах хүсэл эрмэлзэлтэй байдгийг тогтоосон байна. Ажил дээрээ талархал сонссоноор тухайн хүн ажлаа үнэлүүлж байгаа мэдрэмж авах ба хийж буй ажил нь зорилготой, утга учиртай хэмээн бодох магадлал 3 дахин нэмэгддэг ажээ.

Хамт олныхоо хийж буй ажилд талархахаас гадна байгууллагад оруулж буй бүхий л хувь нэмэр болоод нэмэлтээр хийж буй ажил, хичээл зүтгэлд ч мөн адил талархал илэрхийлж байхаа бүү мартаарай. Талархлын мэйл эсвэл гараар бичсэн талархлын зурвас ч тэдэнд маш сайхан мэдрэмжийг төрүүлэх болно. Баярлалаа хэмээх шидэт үгийг хамт олон дундаа тогтмол хэрэглэснээр байгууллагадаа итгэлцэл, ёс зүйг хамгийн зөв арга замаар бүтээж чадна.

Хичээл зүтгэл хэрхэн өөрчлөлт бий болгодгийг харуул

Хичээл зүтгэлийнхээ үр дүнг хүртэх үед хүмүүст талархал, баярын мэдрэмж төрдөг. Удирдлагууд хамт олныхоо хичээл зүтгэлээр бүтээсэн байгууллагын амжилт дэлхий ертөнцөд хэрхэн сайн нөлөөллийг бий болгож байгааг хуваалцах нь зүйтэй. Ингэснээр хүмүүс ямар чухал, сайн өөрчлөлт гаргахад оролцсоноо ойлгон талархах мэдрэмж авдаг байна. Үүнийг бүтээх өөр нэгэн арга бол харилцагчдын болон хамт олныхоо амжилтыг компанийнхаа вэб болон нийгмийн сүлжээний хуудаст нийтэлж талархлаа илэрхийлэх юм. Эдгээрээс гадна ТББ, орон нутгийн ажлын хөтөлбөрөөр дамжуулан ажилтнуудынхаа сайн дурын ажлыг дэмжиж болох юм.

Үйлдлээрээ үлгэрлэ

Талархлын соёл удирдлагаас эхлэх нь зүйтэй. Энэ бол манлайлагчдад байх ёстой гол ур чадваруудын нэг бөгөөд зорилготой, тогтмол бөгөөд бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй. Жилийн ажлын тайлан хүлээлгүй бүтээмжтэй, хичээл зүтгэлтэй хамт олондоо тухай бүрд нь талархаж бай. Хэрэв удирдлагын баг манлайлж буй ажилтныхаа хичээл зүтгэлийг цаг гаргаж үнэлж талархвал бусад баг хамт олон нь ч мөн урам зориг авч хичээл зүтгэлтэй ажиллах юм.

Талархлыг байгууллагадаа нэвтрүүлэхэд хэзээ ч оройтохгүй. Компанийн соёл бол байгууллагын хамгийн чухал үнэт хөрөнгүүдийн нэг. Чин сэтгэлээсээ талархах соёлын төлөө хичээл зүтгэл, цаг зав зориулснаар хамт олныхоо сэтгэл ханамж, гүйцэтгэл хэмээх арвин, үнэт ургацыг хураана. Дүгнээд хэлэхэд, ямар ч зүйлд шидэт томьёо гэж байдаггүй. Бүх зүйл маш энгийн – хүн бүр үнэлэгдэж, хүндлэгдэхийг л хүсдэг.

Өөртөө болоод хамт олондоо чин сэтгэлийн сайхныг мэдрүүлэхийг хүсвэл баярлалаа хэмээх шидэт үгийг чин сэтгэлээсээ илэрхийлж заншаарай.

Эх сурвалж: Forbes

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn