Таван цагийн дүрэм: Бүтэлгүйтсэн өдрийг хэрхэн илүү үр бүтээмжтэй болгох вэ?

Хүн бүрд яг тэнцүү 24 цаг бий. Энэ хугацааг хэрхэн өнгөрүүлэх нь соёл, ёс заншил, хүйс гэх мэт олон зүйлсээс хамааран өөр өөр байдаг ч бүх хүнд тодорхой хэмжээний чөлөөт цаг үлддэг. Таван цагийн дүрэм гэдэг өдөрт дор хаяж нэг цагийг суралцах, шинэ зүйлсийг турших, эргэцүүлэн бодоход зориулахыг амьдралын хэвшил юм. Энэ бол дэлхийн хамгийн баян, амжилттай яваа хүмүүсийн хэрэглэдэг арга юм.
Olsztyn, Poland
Olsztyn, Poland

Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Нэг хоногт 24 цаг буюу 1,440 минут бий. Дундаж хүн найман цаг унтдаг (Нидерландчууд хамгийн их унтдаг бол Сингапурчууд хамгийн бага унтдаг гэсэн судалгаа бий). Энэ нь 16 цагийг сэрүүн өнгөрөөдөг гэсэн үг. Түүнчлэн өдрийн 7-8 цагийг ажиллаж өнгөрөөдөг тул цаана нь 8-9 цаг үлдэнэ.

Энэхүү 8-9 цагийг ихэнхдээ бид дэлгүүр хэсэх, гэрийн ажил хийх, хүүхдээ асрах, идэж уух гэх мэтээр хувийн амьдралдаа зарцуулдаг. Гэхдээ үүнд соёлын ялгаа маш хүчтэй нөлөөлдөг. Жишээлбэл, Our World in Data сэтгүүлийн мэдээлснээр Франц, Грек, Итали, Испани хүмүүс хоол идэхэд Европын бусад орны хүмүүсээс илүү их цаг зарцуулдаг байна. Гэтэл АНУ-д хүмүүс өдрийн турш хоол идэхэд хамгийн бага буюу дунджаар 63 минут зарцуулдаг ажээ.

Хүмүүсийн гэрийн ажил болон хүүхэд асрахад зарцуулдаг хугацаа нь хүйсийн хувьд асар их ялгаатай байдаг нь гайхах зүйл биш байх. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) “Цалингүй ажил” судалгааны тайланд дурдсанаар дэлхий даяар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2-10 дахин их цагийг энэ мэт цалингүй ажилд зарцуулдаг байна. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрөөхөд зарцуулдаг хугацааг эрс ялгаатай болгож байна. Норвеги, Шинэ Зеланд зэрэг орнуудад энэ ялгаа нь харьцангуй бага байдаг бол Португали, Энэтхэгт эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 50%-аар илүү их чөлөөт цагтай байна.

Эдгээр хүчин зүйлс нөлөөлсөн ч хүн бүрд өөрийн хүссэн зүйлээ хийхэд зарцуулах тодорхой хугацаа бий. Нийт хүмүүсийн талаас илүү хувь нь ажилтай холбоогүйгээр утсаар ярих гэх мэтээр цагийг дэмий үрдэг. Хэрвээ та ийм төрлийн буюу цагийг дэмий өнгөрүүлдэг хүмүүсийн нэг бол ирээдүйн бизнес эрхлэгч, шинийг санаачлагч, амжилтын түүхийн эзэн биш гэдгээ эртхэн ойлгох ёстой.

“Таван цагийн дүрэм”

Сүүлийн хэдэн арван жилийн туршилт "өөрийгөө бүтээсэн" саятнуудын зуршил, амжилтын нууцыг судалж, задлан шинжилдэг бүхэл бүтэн судалгааны бүлгүүд бий болсон. Тэдний судалгааны дүгнэлтүүд хоорондоо төстэй бөгөөд тэдгээр нь "Таван цагийн дүрэм"-тэй шууд холбогддог. Товчхондоо энэ дүрэм нь өдөр бүр нэг цагийг сурч, тунгаан бодож, эргэцүүлэн сэтгэхэд зарцуулах дүрэм юм.

Энэ дүрмийн үүсэл гарал нь Америкийн Нэгдсэн Улсыг үндэслэгчдийн нэг болох Бенжамин Франклинтай холбоотой. Тэрээр өдөр бүр дор хаяж нэг цагийг шинэ зүйл сурахад зориулдаг байв. Франклин илүү их уншиж бичихийн тулд бусдаас эрт босдог байв. Тэр ч байтугай өөрийн гар урчууд, шинжлэх ухааны туршилтын клуб байгуулж байжээ. Өнөөдрийн дэлхийн хамгийн амжилттай хүмүүс болох Илон Маск, Опра Уинфри, Билл Гейтс нар ч таван цагийн дүрмийн зарим хувилбарыг ашиглаж байна.

Таван цагийн дүрмийн гол философи нь өдрийн нэг цагийг боловсролд зориулах нь оюун ухааныг байнга дасгалжуулж, ур чадвараа дээшлүүлж, маш сайн хүмүүжилд сургадаг гэсэн санаа юм. Долоо хоногийн ажлын 5 өдөрт тус бүр нэг цагийг өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулснаар долоо хоногт ердөө л 5 цаг шаардагдах ба энэ нь ирээдүйдээ оруулж буй маш том хөрөнгө оруулалт болдог.

Хэрхэн мөрдөх вэ?

Удаан хугацаагаар ажиллаж нүд чинь ядарч, толгой чинь өвдөж байсан ч гар утсаа эсвэл зурагтын удирдлагыг шүүрэн авахын оронд сонгодог уран зохиолын ном авч унших нь таван минутын дүрмийг хэрэгжүүлэх "эхний алхам" юм. Таван минутын дүрмийг өөрийн амьдралдаа хэрэгжүүлэх 3 үндсэн алхам бий.

Чадах чинээгээрээ суралц: Хэвлэмэл, цаасан ном унших нь шинэ зүйлд суралцах хамгийн нийтлэг арга боловч цорын ганц нь биш юм. Хэрэв та унших тийм ч дуртай биш бол подкаст, аудио ном, гадаад хэлний аудио хичээл зэргийг сонсох нь илүү тохиромжтой ч байж болох юм. Түүнчлэн интернэтэд шинжлэх ухаан, танин мэдэхүйн, энтертайнмент гэх мэт асар өргөн хүрээтэй, сонирхолтой нийтлэлүүд дүүрэн бий.

Туршилт хий: Өөрийгөө хөгжүүлнэ гэдэг нь зөвхөн мэдлэгийг толгойдоо чихнэ гэсэн үг огт биш юм. Амьдралдаа томоохон амжилтад хүрсэн хүмүүс бол санаандгүй ямар нэгэн шидэт эрдэнэсийг олсон юм биш, тэд ямар нэг зүйлийг туршиж, оролдож үзээд бүтэлгүйтсэн, дахин оролдсон, дахин бүтэлгүйтсэн хүмүүс юм. Тим Харфорд "Дасан зохицол: Амжилт яагаад үргэлж бүтэлгүйтлээс эхэлдэг вэ" номдоо "Нэгдүгээрт шинэ санаа олж, түүнийг туршиж үзээрэй. Хоёрдугаарт, ямар нэг шинэ зүйл оролдохдоо бүтэлгүйтлийг даван туулах боломжтой хэмжээнд хүртэл хий. Гуравдугаарт, бусдын санал, дүгнэлтийг сайтар сонсож, алдаанаасаа суралц” гэсэн байдаг. Гэхдээ нэг ижил зүйлсийг биш, өмнө нь оролдож үзэж байгаагүй, өөр зүйлсийг турших хэрэгтэй. Туршилт хийгээд бүтэлгүйтсэн ч бид хангалттай хөгжилдөхийн зэрэгцээгээр маш их зүйлийг сурч байдаг.

Эргэцүүлэн бод: Бүтэлгүйтэл бол таны ирээдүйд хамгийн үнэ цэнтэй зүйлсийн нэг. Ирландын жүжгийн зохиолч, яруу найрагч, зохиолч Сэмюэл Беккет: “Бүтэлгүйтвэл дахин оролд. Дахин бүтэлгүйтвэл дахиад оролд” гэсэн байдаг. Зарим үед бүтэлгүйтэх нь амжилтаас ч илүү үнэ цэнтэй байж болно. Бүтэлгүйтэл бүр нь ялалтад илүү ойртуулж байдаг. Бүтэлгүйтэлд зарцуулсан хугацаа бол шал дэмий өнгөрүүлсэн цаг гэж ойлгож болохгүй. Харин алдаа оноогоо эргэцүүлэн бодох нь алдаанаасаа суралцах, дараагийн удаа алдахгүй байх үнэ цэнтэй туршлага болдог.

Тэгэхээр яагаад 5 цагийн дүрмийг хэрэгжүүлж болохгүй гэж? Ажил дээрээ эсвэл хувийн амьдралдаа тааламжгүй өдрийг өнгөрүүлсэн ч өдрийн нэг цагийг суралцахад зарцуулснаар тэр өдөр дэмий өнгөрүүлсэн биш, үр бүтээлтэй зүйлд зарцуулсан өдөр болж хувирах болно. Үүнийг тогтмол хугацаанд хэрэгжүүлснээр муугаар бодоход дараагийн удаа хүмүүст ярих олон сонирхолтой баримтууд, бүтэлгүйтлийн хөгжилтэй түүхүүдтэй болсон байх болно. Харин сайнаар бодоход энэ нь танд хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө, түүхэнд үлдэх нэр алдрыг бий болгох гол түлхүүр ч болж болох юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn