Компаниа хөгжүүлэхийг хүсвэл дараах гурван төрлийн ажилтныг хал

Хүний хувийн зарим зан чанарууд өнөө цагийн шинэлэг ажлын орчинд тохиромжгүй болсон.
Компаниа хөгжүүлэхийг хүсвэл дараах гурван төрлийн ажилтныг хал
Getty Images

Бид хүүхдүүддээ ихэвчлэн шаргуу хөдөлмөрлө, хэзээ ч битгий бууж өг, амьдралын сайхан зүйлсэд таларх гэж сургадаг. Гэхдээ заримдаа амьдралд хэн нэгнийг ажлаас нь халах шаардлага гардаг гэдгийг ч мөн сургах хэрэгтэй.

Нэгэн бизнес эрхлэгч "Би байгууллага дээрээ аз жаргалтай соёлтой байхыг хүсэж байна. Тиймээс би бүх аз жаргалгүй хүмүүсийг халсан" гэж хэлсэн юм. Тиймээс дараах гурван төрлийн хүний аль нэгтэй нь тулгарсан үед та тэдний арга барилыг өөрчлөх боломжгүй гэдгээ ойлгосон бол эргэлзэх зүйлгүй ажлаас нь хал.

Хохирогчдыг хал

"Тэд биднээс одоо юу хийхийг хүсэж байгаа гэдэгт итгэж байна уу? Бидэнд үүнийг хийх цаг байхгүй. Дээрээс нь би үүний төлөө хангалттай цалин ч авдаггүй. Манай дарга юу ч мэдэхгүй..."

Хохирогч сэтгэхүйтэй хүмүүс асуудлыг давж гарах сорилт гэж хардаггүй, харин асуудлыг үргэлж эрэлхийлж тэндээ байсаар л байдаг. Бид бүгд заримдаа хохирогчийн дүрд тоглож болох ч эдгээр хүмүүсийн хувьд энэ нь амьдралын хэв маяг нь болчихсон. Өөрөөр хэлбэл, хохирогчийн дүрд тоглож эрч хүчээ авдаг. Тэд ихэвчлэн уурлаж, бухимдаж, бүх зүйлд гомдоллодог. Жишээ нь, та бүх зүйл сайхан болж байна гэж бодож байхад тэд аль хэдийн гомдоллох зүйлээ олсон байх болно.

Хохирогчид шинийг санаачилж чаддаггүй, учир нь тэд боломжийг олж хардаггүй. Тиймээс хэрэв та шинэлэг, бүтээлч стратегийн багтай болохыг хүсэж байвал хохирогчдыг багаасаа хассан нь дээр.

Үл итгэгчдийг хал

"Яагаад бид ингэтлээ хичээх ёстой юм бэ? Бид хэчнээн сайхан санаа гаргасан ч дарга хүлээж авахгүй байх. Би түүнийг өмнө нь ингэж байгааг зуун удаа харсан..."

Хенри Форд "Хэрэв та чадна гэж бодож байвал таны зөв, эсвэл чадахгүй гэж бодож байвал бас л таны зөв" гэж хэлсэн байдаг. Итгэх, амжилтад хүрэх хоёрын хоорондын холбоо салшгүй бөгөөд бодитой. Үүнийг агуу удирдагчид ойлгодог учраас байгууллага дотроо аливаад итгэдэг хүмүүсийг олон тэднийг дэмждэг. Харин үл итгэгчдийн багийн уур амьсгалд үзүүлэх нөлөө нь хортой учраас эргэлзэлгүйгээр ажлаас нь халдаг.

Бүхнийг мэддэг хүмүүсийг хал

"Та нар бидний хийж буй бизнесийг ойлгохгүй байна. Манай дүрэм журамд ийм санаа гаргах боломжгүй. Түүнээс гадна үйлчлүүлэгчид ч үүнийг худалдаж авахгүй. Бидэнд энэхүү бүтээгдэхүүнийг хийх технологийн болон дэд бүтцийн боломж байхгүй..."

Шилдэг шинийг санаачлагчид бол мэддэг хүмүүс биш, харин сайн суралцагчид байдаг. Энэхүү зарчмыг ойлгосон удирдагчид аливаа шинэ зүйлд нээлттэй байхын тулд ойлгохгүй байгаа зүйлээ хайж олохыг эрмэлзэж, усан сангийн гүн рүү шууд үсрэх ёстой гэдгийг мэддэг.

Аливаа таамаглал, стратеги, санааг эсэргүүцсэн асуулт асуух нь зөв. Гэхдээ бүгдийг мэддэг хүмүүс ихэвчлэн асуулт асуудаггүй. Харин тэд лекц уншдаг.

Байгууллагад яагаад бүхнийг мэддэг хүмүүсийн карьер амжилттай өсдөгийг ойлгоход тун хялбар. Учир нь сургуульд хамгийн сайн мэддэг нь хамгийн сайн дүн авч, хамгийн сайн коллежид суралцаж, хамгийн сайн цалинг авдаг. Ажил дээрээ аливаа зүйлийг хамгийн хурдан олж чаддаг хүнийг ихэвчлэн байгууллагууд онцолдог. Харамсалтай нь хамгийн ухаалаг, туршлагатай ажилтан нь эцэстээ мэдлэгээ ашиглахдаа яагаад боломжтой гэхээс илүү яагаад боломжгүй гэдгийг тайлбарлах мэргэжилтэн болон хувирдаг.

Эх сурвалж: inc.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn