Ажлын ярилцлагадаа худал хэлж байгааг нь хэрхэн мэдэх вэ?

Ярилцлагад орж буй хүмүүсийн худал хэлдэг дараах нийтлэг таван арга байдаг.
Ажлын ярилцлагадаа худал хэлж байгааг нь хэрхэн мэдэх вэ?
Sora Shimazaki / Pexels

Оффист, гэрээс, аутсорсинг, хагас эсвэл бүтэн цагаар ажиллуулах эсэхээс үл хамааран ажил горилогчтой ярилцлага хийхдээ тэд юу ярьж байна гэдгийг сайн анзаарах хэрэгтэй. Хүнийг ажилд авахдаа ажлын анкет, туршлага, хандлагыг нь харах чухал гэж ихэнх хүмүүс зөвлөдөг. Гэхдээ ярилцлагын үеэр үүнээс илүү зүйлийг олж харах хэрэгтэй болдог.

Ажлын ярилцлага авч буй хүн нь ярилцлага өгч буй хүнээс үргэлж илүү байдаг. Яагаад гэвэл тэд ярилцлагыг хэрхэн яаж авах талаар туршлагатай. Тиймдээ ч байгууллагуудад хүний нөөцийн менежер, алба гэж тусдаа бүтэцтэй болсон.

Чекстер (Checkster) компанийн судалгаагаар ажил хайж буй хүмүүсийн 78% нь худлаа хэлдэг болохыг тогтоожээ. Мөн Массачусеттсийн их сургуулийн сэтгэл судлаач Роберт Фелдман “Бид танихгүй хүнтэй уулзахдаа арван минутад гурван удаа худлаа хэлдэг” гэсэн юм. Товчхондоо ажлын ярилцлагын үеэр хэчнээн шударга хүн байсан ч худлаа хэлэх тохиолдол гардаг.

Яагаад гэвэл хүмүүс хэрэглээний төлбөрөө төлөхийн тулд, гэр бүлээ тэжээхийн тулд ажил хэрэгтэй. Эдгээр шалтгаануудын улмаас зарим хүмүүс ажил олгогчдод сонсохыг хүссэнийг нь хэлдэг. Бид бүгд л амьдрал дээр худлаа хэлдэг, харин юуны талаар худлаа хэлж байна гэдгийг ялгах нь чухал. Жишээ нь, тэд ажлын анкетаа гоёор бичсэн байна уу, өмнө нь ажиллаж байсан компаниа томруулсан гэж байна уу, сул талаа нуугаад давуу талаа хэт өндрөөр бичсэн байна уу, эсвэл авч байсан цалингаа худал хэлж байна уу?

Тэгвэл худлаа хэлж байгааг нь яг яаж мэдэх юм бэ гэж үү. Худал хэлж буйг таних арга нь нүдний хөдөлгөөн, ярьж байхдаа гацах, гарын хөдөлгөөн, хөлөө завилж суух, суухдаа хөл нь аль зүг рүү чиглэсэн байна гэх мэт биеийн хэлэмжээс мэдэж болно гэж зарим хүмүүс боддог. Нэг талаараа тийм. Гэхдээ энэ нь мэргэжлийн байгууллагуудад илүү тохиромжтой арга барил.

Худал ярьж байгааг хялбар аргаар мэдэж болох таван шинж тэмдэг:

  • Асуултын сэдвийг хурдан өөрчилж өөр зүйлд илүү ач холбогдол өгч ярих

  • Гүүгл (Google) дээрх ярилцлагын зөвлөмжүүдийг хэтэрхий их дагах

  • Сул талуудаа давуу тал болгон хувиргаж ярих

  • Өмнөх хамтран ажиллагсад болон ажил олгогчдоо муулах

  • Ажлын анкетаасаа зөрсөн мэдээллийг ярилцлагын үеэр хэлэх

Эцэст нь хэлэхэд ажлын ярилцлагад орж буй хүнээс харах ёстой гол зүйл бол юу ярьж байгааг нь биш, харин юуг ярихгүй нууж байгааг олж мэдэхийг хичээгээрэй.

Эх сурвалж: inc.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn