Гэрлэлт эмэгтэйчүүдэд хохиролтой тусдаг уу?

Лев Толстойн бичсэнээр “Бүх аз жаргалтай гэр бүлүүд адилхан. Харин аз жаргалгүй гэр бүл бүр өөр өөрийнхөөрөө аз жаргалгүй байдаг". Гэвч амьдрал дээр үүний эсрэг жишээ олон дайралддаг аж.
Гэрлэлт эмэгтэйчүүдэд хохиролтой тусдаг уу?
Орчин үеийн нийгмүүд даяаршиж, хил хязгааргүй болон ижилсэж байгаа шиг бидний сэтгэл зүйн асуудлаас үүдэлтэй зовлон, зүдгүүр хүртэл өөр хоорондоо гайхмаар ижилсжээ.

Цар тахал эхэлснээс хойш гэрлэлтээ цуцлуулсан эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгдсэн байна. Эмэгтэйчүүд ингэж гэрлэлтээ дуусгавар болгож байгаагаа тайлбарлахдаа: “Гэрлэлтээ авч үлдэнэ гэдэг маш их золиос шаарддаг. Хэзээ ч зориулсан сэтгэл, зүтгэлдээ тохирсон хайр халамжийг хүртэж байгаагүй” гэсэн нийтлэг шалтгааныг дурддаг.

Зөвхөн эхнэрүүд гэр орны ажил хийж, хүүхдээ өсгөж байгаад эмэгтэйчүүд сэтгэл дундуур байгаа учир салах сонголт хийжээ гэж өнгөц дүгнэж болохгүй. Асуудлыг цааш нь авч үзье. Нөхөр, гэр бүлийн харилцаандаа үнэнч, тууштай байх нь эхнэр бүрийн хийдэг зүйл боловч эргээд түүнд нөхрийнх нь зүгээс тэр бүр хайр халамж, анхаарал ирдэггүй.

Гэр бүл салалтын шалтгаан нь тэр бүр гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаа байдаггүй.
Гэр бүл салалтын шалтгаан нь тэр бүр гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаа байдаггүй.

Энэ байдал эхнэр нөхрийн харилцаанд үл мэдэгдэх хөндийрөл үүсгэдэг. Ар тал нь болж, сэтгэл санааг нь дэмждэггүй, халамжилдаггүй нөхрийнхөө сайн ар тал, сэтгэл санааны дэмжлэг, халамж үзүүлэгч байхыг эмэгтэйчүүд хүсдэггүй. Авч чадаагүй хайр, халамжаа нөхөхийн тулд эмэгтэйчүүд өөрт нь сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж чадах найз нөхөд, гэр бүлийнхэндээ ханддаг.

Анхаарал, халамжаар дутаж байгаа харилцаа удах тусам урт хугацаандаа үл ойлголцол үүсгэх, хүнд хэцүү цагт нэгнээ дэмжиж, туслах боломжгүй болгодог. Нөгөөтээгүүр нэгнээ халамжилж, анхаарч байдаг хосуудын гэрлэлт хүнд хэцүү мөчүүдийг даван гарах тусам улам батжиж байдаг аж.

Халамж, анхаарал хүсдэггүй эмэгтэй хүн битгий хэл амьд амьтан байна гэж үү?
Халамж, анхаарал хүсдэггүй эмэгтэй хүн битгий хэл амьд амьтан байна гэж үү?

Сэтгэлзүйч Тоня Лестерийн хэлж байгаагаар хосууд харилцаагаа эргэж сэргэхгүй гэж үзсэн үеэсээ зөвлөгөө авч эхэлдэг гэнэ. “Над дээр ирж байгаа үйлчлүүлэгчид ихэнхдээ гэрлэлтээ аврах гэхээс илүү салах сайн шалтагтай болохын тулд ирдэг. Нөхрийн хувьд эхнэрийнх нь сэтгэл санаа тавгүй байгаа учир зөвлөгөө авахаар ирсэн гэж боддог болохоос салахаар сэтгэл шулуудсаныг нь мэддэггүй. Энэ тухай нөхөр нь анх удаа сонсоод цочирдож байгаа нь тэдний харилцаа ямар хөндий болсныг илтгэдэг”.

Монголын жишээн дээр салах гэж байгаа хосууд сэтгэлзүйч дээр ч очдоггүй. “Хувийн амьдрал” бол хувийнх л байх ёстой гэж итгэдэг учраас хөндлөнгөөс тусламж авахыг хүсдэггүй. Гаднаас тусалж чадахгүй байгаад биш хосууд тусламж авахыг харилцаагаа авч үлдэхийг хүсэхгүй байгаад л асуудал байна.

Гэр бүлийн хүчирхийллийг үйлдэгч нь дандаа эрэгтэй хүн, хохирогч нь хүүхэд эмэгтэйчүүд гэсэн туйлширсан ойлголт байдаг.
Гэр бүлийн хүчирхийллийг үйлдэгч нь дандаа эрэгтэй хүн, хохирогч нь хүүхэд эмэгтэйчүүд гэсэн туйлширсан ойлголт байдаг.

Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол гэрлэлтдээ сэтгэл хангалуун бус байсаар удаж байна. АНУ-д хийсэн судалгаагаар гэр бүл салалтын 69%-ийг эмэгтэйчүүдийн санаачилгаар цуцлагддаг. Эмэгтэйчүүдийн боловсролын түвшин өндөр байх тусам энэ хувь ихэсдэг.

Монголд хийсэн судалгаагаар 7-9 жил амьдарсан 467, 10 ба түүнээс дээш жил амьдарсан 2,142 хос гэр бүлээ цуцалсан нь 3-5 жил амьдарсан хосуудын салалтаас хоёр дахин их тоо юм. Салж буй гэр бүлүүдийг аваад үзвэл 1-4 хүүхэдтэй, 7-оос дээш жил амьдарсан хосууд ихэвчлэн салсан байдаг.

Өөрөөр хэлбэл, гэр бүлээ цуцлуулж байгаа хосуудын ихэнх нь халамж, анхаарал нэгэндээ тавихаа болиод удаж байгаа хосууд байна. Монголд гэр бүл цуцлуулах санаачилгыг аль хүйсийн хүн гаргаж байгаа нарийвчилсан судалгаа хийгдээгүй байгаа юм.

Эрчүүд өөрийн үнэ цэн, нийгмийн байр сууриа гэр бүлдээ оруулж байгаа материаллаг хувь нэмрээс олж авдаг.

Гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд байгаа нь олон шалтгаантай. Тухайлбал, эрчүүд эмэгтэйчүүдээс илүү гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаанд орох, мансууруулах бодис хэрэглэх, хүчирхийлэл үйлдэх магадлал өндөр байдаг. Гэхдээ энд бид гэр бүлийн харилцаандаа үнэнч хосуудын салалтын тухай ярьж байгаагаа мартаж болохгүй. Ийм төрлийн гэр бүл салалт бол эрэгтэй хүүхдийг “тэжээгч”, эмэгтэй хүүхдийг “халамжлагч” байх ёстой гэж сургаж ирсэн нийгмийн хэм хэмжээний дүр дагавар юм.

Эмэгтэйчүүд эрэгтэй хүн болж төрөх юмсан гэдэг. Гэвч үнэхээр болоод үзвэл тийм ч амар биш болохыг ойлгох болно.
Эмэгтэйчүүд эрэгтэй хүн болж төрөх юмсан гэдэг. Гэвч үнэхээр болоод үзвэл тийм ч амар биш болохыг ойлгох болно.

Эрчүүд гэр бүлээ хэр халамжилж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, анхаарал тавьснаараа үнэлэгдэхийг хүсдэггүй. Эмэгтэйчүүд өөрсдийн гэсэн амжилттай карьертай байсан ч гэр бүлээ анхаарч, халамжилдаг байхаар хүмүүжүүлдэг. Энэ хуваарилалт одоо ч өөрчлөгдөөгүй хэвээр. Харамсалтай нь, яг ийм хоёр хүн гэрлэх үед урьдчилан таамаглаж болох олон асуудалд хүргэдэг ажээ.

Хэрэв чи надад хайртай бол надад туслахыг хүсэх байсан.

Эрэгтэйчүүд гэрийн ажил, хүүхэд өсгөн хүмүүжүүлэх, халамжлах, анхаарал тавих ажилд бага оролцдог. Ихэнхдээ тэдний анхаарах ёстой зүйл бол ажил, амралт, бас ажил байна. Гэр бүлийн гишүүд өдөржингөө гэртээ байхгүй байх үед энэ тэнцвэргүй харилцаа харьцангуй хэвийн үргэлжилдэг. Харин цар тахлын үе энэ хөрсөн харилцааг гэр бүлийн бүх гишүүдэд илчилж өгснийг бид цар тахалтай холбоотой эрс ихэссэн салалт, гэр бүлийн хүчирхийллээс харж болно.

Зарим эмэгтэйчүүдийн хувьд гэрийн ажил тийм ч уйтгартай биш байдаг. Гол асуудал нөхөр нь түүний хийсэн ажлыг үнэлж, анхаарахгүйд л байгаа юм. Лестерт хандсан нэгэн үйлчлүүлэгч эмэгтэй нөхөртөө хандан "Чи намайг яг л галзуу хүн шиг ажиллаж байгааг мэдэж байгаа хэр нь зүгээр л утсаа ухаад суудаг. Хэрэв чи надад хайртай бол надад туслахыг хүсэх байсан".

Нэгнийгээ шимэгчилдэг харилцаа "Чи надад хэрэгтэй учир би чамд хайртай" гэдэг бол хайрын харилцаа "Би чамд хайртай учир чи надад хэрэгтэй" гэдэг -Эрих Фромм "Хайрлах Урлаг"
Нэгнийгээ шимэгчилдэг харилцаа "Чи надад хэрэгтэй учир би чамд хайртай" гэдэг бол хайрын харилцаа "Би чамд хайртай учир чи надад хэрэгтэй" гэдэг -Эрих Фромм "Хайрлах Урлаг"

Шинжлэх ухааны "Nature" сэтгүүлд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд нийгэмд тустай зан үйл хийхдээ допамин их ялгаруулдаг бол эрэгтэйчүүд өөрсдийн ашиг сонирхлын төлөө үйлдэл хийхдээ допамин их ялгаруулдаг болохыг харуулжээ. Энэ нь бидний тархины бүтцийн ялгаа биш, харин нийгмийн нөхцөл байдлаас болсон гэж судлаачид үзэж байна. Бидний тархи баримлын шавар шиг бөгөөд бидний туршлагаас хамааран өөрчлөгддөг. Гэхдээ сайн мэдээ гэвэл яг ийм уян хатан чанар нь бидэнд харилцаагаа аврах өөрчлөлтийг хийх боломжтой болгоно.

Эмэгтэй хүн бусдад анхаараад эрэгтэй хүн зөвхөн өөртөө анхаардаг учраас ийм эрүүл бус харилцаа үүсэж байна гэж шууд ойлгож болохгүй.

Нэг зүйлийг тодруулж хэлэхэд эмэгтэй хүн бусдад анхаараад эрэгтэй хүн зөвхөн өөртөө анхаардаг учраас ийм эрүүл бус харилцаа үүсэж байна гэж шууд ойлгож болохгүй. Судалгаанаас үзвэл эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй адил анхаарал халамж тавих чадвартай байдаг ч үүнийгээ тэр бүр илэрхийлээд байдаггүй.

Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгийн сүүлийн үеийн судалгаагаар судлаачид эмпатик чадвараас илүү эмпатик хүчин чармайлт хамаагүй чухал болохыг тогтоожээ. Судлаачид хосуудад эмпатик хүчин чармайлтаа илүү нэмэгдүүлж, нэгэндээ сэтгэлээ нээхэд нь туслах хэрэгтэй гэж зөвлөсөн байна.

Хайр атаархдаггүй. Хайр агсганадаггүй, ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй, өөрийг эрдэггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй, зүй бус юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хэзээ ч дуусдаггүй.
Библи, 1 Коринт -13

Эрчүүд гэр бүлийн тогтвортой байдал, эрүүл харилцааг эмэгтэйчүүдээс илүү хүсдэг боловч үүнийг хэрхэн хийхээ мэддэггүй. Нийгмээс, гэр бүлээсээ хэрхэн хүсэмжит эр хүн байх тухай сурсан болохоос сайн нөхөр, сайн байх ёстой тухай маш бага зүйлийг сурсан байдаг. Зарим талаараа эрчүүд эмэгтэйчүүдээс илүү сэтгэл санааны асуудалтай байдгийг бид мөн энд мартаж болохгүй юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn