Хүүхэдтэй болох нь биднийг үнэхээр аз жаргалтай болгодог уу?

Жил бүрийн хүүхдийн баяр, алдарт эхийн одон гардуулах үеэр ээжүүдийг хүүхдийн тоогоор ялгаварлах, сургууль цэцэрлэг хүртээмжгүй үед хүн амын өсөлтийг дэмжих нь зөв эсэх гэх мэт олон маргаан дэгддэг билээ. Хүүхэд гэр бүлийн аз жаргалын үндэс гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг ч зарим судлаачид хүүхэд биднийг үнэхээр аз жаргалтай болгодог уу гэдэгт эргэлзсээр байна.
Хүүхэдтэй болох нь биднийг үнэхээр аз жаргалтай болгодог уу?

Хүний амьдрал хэзээ илүү аз жаргалтай, утга учиртай болдог вэ гэсэн асуултад олон хүн хүүхэдтэй болох, хүүхдээ өсгөх үе гэж хариулдаг. Хүүхэд хэрхэн өсөж томорч байгааг, ертөнцийг хэрхэн таньж мэдэж байгааг харах, хүүхэд болон эцэг эхийн хоорондох ямар нэг болзол нөхцөлгүй хайр, харилцан бие биеэ халамжлахад зарцуулах цаг хугацаа нь хүмүүсийн хувьд биологийн болон сэтгэл зүйн хувьд хамгийн том аз жаргал юм. Тийм ч учраас хүүхдээ өсгөх он жилүүд хүмүүсийн амьдралын аз жаргалын “алтан үе” гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг.

Гэтэл хүүхэдтэй болох нь үнэхээр биднийг илүү аз жаргалтай болгодог уу эсвэл энэ нь хүн төрөлхтний нийгмийн соёлд гүн шингэсэн итгэл үнэмшил үү гэдэг асуудал 1970-аад оны үеэс судлаачдын дунд маргаан дэгдээх болжээ.

Монголд гэр бүлгүй эсвэл хүүхэдгүй залуу эмэгтэйчүүдэд үе үе тулгардаг хүүхэд төрүүлэх шахалт буюу “цагаан сарын уламжлалт асуулт” зарим талаар тэдэнд найз нөхөд, гэр бүлийнхнийхээ дарамтаар хүүхэд төрүүлэх шалтгаан болж байгаа мэт санагддаг. Гэвч хүүхэд төрүүлсний дараах нийгмийн бодит байдал нь бусад хүмүүсийн итгэдэг шиг сайн сайхан биш, илүү төвөгтэй байх нь олон.

2003 онд АНУ-ын Гэр бүлийн харилцааны үндэсний зөвлөлөөс хүмүүсийн гэр бүлийн амьдралын сэтгэл ханамжийг тэдний аз жаргалын түвшинтэй харьцуулсан томоохон хэмжээний мета-анализ хийжээ. Тус судалгаанд хүүхэдгүй хосуудын харилцаа илүү романтик бөгөөд аз жаргалыг илүү их мэдэрдэг болохыг тогтоож. Энэхүү ялгаа нялх хүүхэдтэй ээжүүдийн дунд хамгийн тод илэрдэг бол аавуудын хувьд хүүхдийн наснаас үл хамааран гэр бүлийн харилцааны талаарх сэтгэл ханамж нь бага байв. Судлаачид үүнийг хүүхэдтэй болсны дараа тэдний гэр бүлдээ гүйцэтгэх үүрэг хариуцлагын зөрчилдөөн бий болох, хувь хүний эрх чөлөө хязгаарлагдах зэрэгтэй холбоотой байж болзошгүй гэж үзсэн байна.

Норвегийн судлаачид хүүхэдтэй болон хүүхэдгүй хосуудын аз жаргал, сайн сайхан байдлын талаар олон жилийн турш өгөгдөл цуглуулжээ. Тэд цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн гаргасан дүгнэлтээ 2011 онд Social Indicators Research сэтгүүлд хэвлүүлсэн бөгөөд тэдний судалгааны үр дүн олон мянган жилийн турш бидний үнэн гэж итгэж ирсэн хүүхэдтэй аав, ээжүүдийн илүү аз жаргалтай амьдралын талаарх итгэл үнэмшил худлаа ч байж мэднэ гэсэн сонирхолтой дүгнэлт хийхэд хүргэсэн юм.

Тэд энэхүү судалгааныхаа үр дүнд олонх залуусын хувьд хүүхэдгүй байсан үе нь хүүхэдтэй болсны дараах үеэс илүү аз жаргалтай байдаг төдийгүй үе тэнгийн хүүхэдгүй хосууд тэднээс илүү аз жаргалтай амьдардаг гэж үзсэн байдаг.

Мөн 2016 онд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас (OECD) 22 орны иргэдийн эцэг эх болсны дараах амьдрал болон аз жаргалын хоорондын хамаарлыг харьцуулан судалсан байна. Улмаар тэд ихэнх хөгжингүй, аж үйлдвэржсэн нийгэмд эцэг эх болоогүй хүмүүс илүү аз жаргалтай байдаг болохыг тогтоожээ.

Энэ ялгаа АНУ-д хамгийн их ажиглагдсан бөгөөд хүүхэдгүй насанд хүрэгчид эцэг эх болсон хүмүүсээс 12%-аар илүү аз жаргалтай байв. Түүнчлэн Ирланд, Грек, Их Британи, Шинэ Зеланд, Швейцар, Австрали зэрэг бусад 14 улсад ч хүүхэдгүй хүмүүс илүү аз жаргалтай байсан аж. Гэхдээ АНУ шиг их ялгаа ажиглагдаагүй юм.

Яагаад?

Хосууд хүүхэдтэй болсныхоо дараа аз жаргалгүй болж байгаа гол шалтгаан нь хүүхдийн өсгөж хүмүүжүүлэх тааламжтай орчин, гэр бүлийн амьдралыг дэмжсэн төрийн бодлоготой шууд холбоотой. Үүнээс шалтгаалан гэр бүлийг дэмжсэн бодлого хэрэгжүүлдэггүй улс орнуудын эцэг эхчүүд хамгийн их стресст өртдөг.

Эцэг, эх болсон хүмүүс аз жаргалтай байхын тулд хүүхдээ асрах шаардлагатай үед ажлаасаа чөлөөлөгдөх болон санхүүгийн дэмжлэг авах бололцоотой байх хэрэгтэй. Түүнчлэн бага насны хүүхдээ аюулгүй асран хамгаалуулах цэцэрлэг болон бага сургуульд зарцуулах зардал гэр бүлд санхүүгийн дарамт учруулахгүй байх, цаашлаад дунд болон дээд боловсролыг чанартай, тэгш хүртээмжтэйгээр эзэмшүүлэх боломжоор хангагдах ёстой.

Дээр дурдсан OECD-н судалгаанд хамрагдсан улс орнуудыг гэр бүлийг дэмжих төрийн бодлогоор нь харьцуулахад ийм төрлийн бодлогод анхаардаг Португал, Унгар, Испани, Норвег, Швед, Финланд, Франц орнуудад хүүхэдтэй эцэг эхчүүд, ялангуяа эмэгтэйчүүд илүү их аз жаргалтай байсан байна. Тэгэхээр хүн амын өсөлтийг дэмжих, залуу гэр бүлүүдийг хүүхэдтэй болохыг шаардахаасаа өмнө дээр дурдсан гэр бүлийг дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn